Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/772

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Т.Баянмөнх,

хохирогч *******, түүний өмгөөлөгч Э.Золжаргал,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2305013471450 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгчийн хамт******* тоотод оршин суух,

- урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан, *******, /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13:00 цагийн үед Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Хас” банкны 79-р салбар буюу “Тумбааш” тооцооны төвөөр үйлчлүүлж байх явцдаа тухайн банкны ажилтнуудтай “үйлчилгээ удаан үзүүлсэн” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэх үед тухайн банканд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан иргэн *******ийг уг тооцооны төвийн гадна хөлөөрөө дэгээдэж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэмтэл авч улмаар “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д түнхний хиймэл үе суулгах мэс засалд орсон. 2 жилийн хугацаанд таягтай байхыг зөвлөсөн. Одоогоор надад эмчилгээ хийлгэсэн талаарх баримт байхгүй. Эмчийн зөвлөмжийн дагуу нөхөн сэргээх эмчилгээнд явах шаардлагатай байна. Мөн сэтгэл санааны болон ажилгүй байсан хугацааныхаа цалин нэхэмжилнэ. Нийт хохирол төлбөрт 25.648.520 төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Баянгол дүүргийн 15-р хороо, “Хас” банкны салбарын гадна иргэн *******ийг 2023.03.23-ны өдөр үл таних хүн гэмтээсэн гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 08 дахь тал/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах бүжгийн ордны 1-р давхарт байрлах “Хас” банкны “Тумбааш” салбарын гадна хаалганы хэсэг болох 20см өндөр см өндөр 2 гишгүүр цемент шал байх бөгөөд гадна хаалга дотор талаас гадна чигт түлхэгдэж онгойдог 2 хавтас бүхий хаалга байв. ...хэрэг учрал болсон гэх “Хас” банкны “Тумбааш” тооцооны салбарын үүд нь хэсэг шат руу чиглэж харсан камер байхгүй байх бөгөөд тус банкны салбар дотоод үйл ажиллагааг хянах хяналтын 9 ширхэг камер хэвийн ажиллаж байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 09-12 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... “Хас” банкны “Тумбааш” салбарын 2023.03.23 өдрийн 12 цаг 59 минут 24 секундэд холбогдогч ******* болох №1 нь цагаан өнгийн гадуур хувцас болон малгайтай 1 дугаарын цонхонд очиж үйлчилгээ авахаар сууж байна. “Хас” банкны захирал буюу бор өнгийн пиджактай №3-ыг 12 цаг 02 минут 47 секундэд салбарын захирал Тулгатай маргалдаж холбогдогч ******* баруун хөлөөрөө өвдөглөж байгаа дүрс 13 цаг 03 минут 21 секундэд холбогдогч ******* салбарын захирлын өрөөнд орж буй дүрс 13 цаг 03 минут 26 секундэд хохирогч Түмэндэлгэр болох №2 нь цэнхэр өнгийн хамгаалагчийн цамцтай холбогдогч Ганбаяртай хамт хаалгаар гарч буй дүрс бичлэг 13 цаг 04 минут 43 секундэд хохирогч Түмэндэлгэр нь буцаж орж ирэхдээ доголоод орж ирэн сандал дээр сууж буй харагдана. Холбогдогч Ганбаярыг түлхэн гарахдаа хамтдаа шатнаас унаж хөлөө хугалсан хяналтын камерт харагдаж байгаа болно...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-19 дэх тал/,

Хохирогч *******ийн:

“... би 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13-14 цагийн үед Баянгол дүүргийн 15-р хороо, “Хас” банкны 79-р салбарт ажиллаж байхад үл таних 25-30 орчим насны залуухан хүүхэд орж ирээд салбараар үйлчлүүлж байгаад 40.000 төгрөг авчхаад согтуу байсан бөгөөд тухайн үедээ “та нар ямар удаан үйлчилдэг юм, даргаа дууд” гэх зэргээр орилоод байсан, тэр үед нь би “чи залуу хүн байж боль” гэж байхад цаанаас дарга гарч ирсэн чинь даргыг өшиглөхөөр нь би тэр хүнийг заамдан гадаа гарахад намайг унагаах гэж барьж байгаад дэгээдээд хамт газар унасан. Тэгээд би дээр нь гарч суучхаад хөдөлгөхгүй байж байтал тэр залуу “намайг цохь л доо” гээд байсан бөгөөд би тухайн үед гар хүрээгүй, гадаа явж байсан хүмүүс “хөгшин хүн зодлоо” гээд тэр залууг холдуулаад би босоод явах гэсэн их эвгүй болохоор нь гайхаад гүрийж байгаад ажил руугаа ороход манай дарга “эвгүй байна” гээд ГССҮТ-д очиж хэвтсэн. Тэгэхэд зүүн хөлийн түнхний бүтэн хиймэл үе суулгах мэс засалд орсон. Миний зүүн дунд чөмөгний хүзүүний хугарал, зүүн гуяны цус хуралт, зүүн сарвууны чигчий хурууны шарх гэмтэл, зүүн түнхний бүтэн хиймэл үе суулгах мэс засалд орсон. Миний биед учирсан гэмтлийг Баянгол дүүргийн 15-р хороо, “Хас” банкны 79-р салбарын гадна 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 13-14 цагийн орчимд манай ажилд өмнө нь ажиллаж байсан залуу Ганбаяр нь намайг заамдаж байгаад дэгээдэж унагаахад бид 2 хамт газар өнхөрч унасан, тэгээд би босоод явах гэсэн эвгүй байгаад байхаар нь би ГССҮТ-д хандсан юм. Би эрүүл мэнд, сэтгэл санаа, бие махбод, санхүүгийн гээд бүх зүйлээрээ хохирч байна. Би тэр залууг байгууллагын хаалгаар гаргахдаа баруун гараараа өмднийх нь захнаас атгаад зүүн гараараа цамцны энгэрээс нь заамдаад гарсан. Гарангуут тэр залуу миний баруун хөлийг зүүн хөлөөрөө дэгээ ороогоод цээж рүү мөрөөрөө түлхсэн тэгээд бид хэсэгхэн хугацаанд догонцож байгаад хамт газар давхралдаж унасан. Унасан даруйдаа би эргээд тэр залуугийн дээр гарахад хажуугаар явж байсан хүмүүс салгахад тэр залуу босоод гүйгээд яваад өгсөн. Тэр үед миний зүүн түнх их өвдөж байсан, тэгээд дотогшоо ороод үүдний сандал дээр сууж байгаад гэмтлийн эмнэлэг явсан. Миний биед гар хүрээгүй үүдээр аваад гарч байх үед эсэргүүцээд хөл дэгээдээд хамт давхралдаад унасан. Архи үнэртэж байсан. Эрүүл байсан хүнийг ийм болгосонд гомдож байна. Цаашид хөл дээрээ бүрэн гүйцэт босохын тулд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх хэрэгтэй байгаа болохоор миний эмчилгээний асуудлыг бүрэн шийдэж өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39, 42-43 дэх тал/,

Гэрч *******:

“...2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр би “Хас” банкны “Тумбааш” дахь салбар дээр теллерээр ажиллаж байхад өдрийн 12 цагийн орчимд над дээр үйлчлүүлж байсан үйлчлүүлэгч ажиллагаа ихтэй гүйлгээ хийлгүүлж байсан. Тэгсэн чинь тэр хүний дараагийн дугаар авсан 30 орчим насны цагаан өнгийн саравчтай малгайтай, цагаан өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хүн “хурдан ажлаа хий” гэж их бухимдалтай өндөр дуугаар зандарсан шинжтэй надад хэлсэн. Тэгэхээр нь ямар нэгэн юм хэлэлгүй “ямар хүн юм болдоо” гээд тэр хүн рүү харсан чинь тэр залуу “муухай хараад байна уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөн адил ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэр залуу данснаасаа бэлэн мөнгө болох 40.000 төгрөг зарлагдуулж гаргуулсан. Би үйлчилгээгээ үзүүлж дуусгаад баримт дээр тамга дарж байхад тэр залуу “чи яагаад байгаа юм уурлаад байгаа юм уу” гээд өндөр дуугаар хэлж байхад салбарын захирал Тулга хүрч ирээд тэр залууд хандаж “та яагаад манай ажилтантай хувийн харьцаа үүсгээд байгаа юм бэ” гэж хэлээд “та үйлчилгээгээ авсан бол гарчих уу” гэж хэлсэн. Тэр үед тэр залуу босоод зогссон байдалтай захиралтай маргалдаад байсан. Тэр залууг хараад байхад захирлын өөдөөс цохих гээд байгаа бололтой янз бүрийн үйлдэл хийгээд байсан. Хүмүүс ихтэй, байдал хурцдах шинжтэй үед хамгаалагч ах Түмэндэлгэр хүрч ирээд тэр залууг аваад гарсан. Удалгүй хамгаалагч ах ганцаараа орж ирэхдээ хөл доголсон явж чадахгүй надаар түшүүлж ширээн дээрээ очиж суусан. Захирал хүрч ирээд “яасан юу болсон” гэж асуугаад түргэн тусламж дуудсан. Банкны ажилчин бид нар ямар ч тохиолдолд үйлчлүүлэгч нартай зүй зохистой харьцах ёстой байдаг. Түмэндэлгэр ах “саяны залууг аваад үүдээр гараад давхралдаад уначихлаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

Гэрч *******:

“...Би “Хас” банкны “Тумбааш” салбарын захирал албан тушаалтай. 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр намайг ажил дээрээ байхад гэнэт үйлчилгээний зааланд “хурдан гүйлгээ хийгээч, ямар их уддаг юм” гэж үл таних хүн орилж шаардлага тавьсан. Тухайн үед би юу болсон талаар тодруулах гэж очсон. Хоёр теллер дээр хоёр үйлчлүүлэгч суусан байсан. Хүлээлгийн зааланд 3-4 хүн хүлээгээд сууж байсан тэр орилж шаардлага тавьдаг хүн 4 дэх хүн байсан. Би тэр хүн дээр очоод “ямар гүйлгээнээс шалтгаалаад удах удахгүй тохиолдол байдаг та хүлээж байгаад үйлчилгээгээ аваарай” гэж хэлээд явсан. Тэр хүн хэсэг хугацааны дараа ахиад орилж эхэлсэн, өөрийн гүйлгээгээ хийлгэж дуусаад эрэгтэй теллерийн өөдөөс харж зогсоод “чи над руу муухай харлаа” гэх зүйлээр шалтаглан орилж байсан. Тэр өдрийн гэрээт харуул хамгаалалтын “Тамган” ХХК-ны хамгаалалтын ажилтан Түмэндэлгэр тэр залуугийн хажууд байдлыг ажиглаад чимээгүй зогсож байсан. Би өрөөнөөсөө гарч очоод яасан юу болсон энэ хүний гүйлгээ болсон эсэх талаар теллер Сумьяабазараас асуухад “гүйлгээ нь хийгдээд болсон” гэж хариулсан. Тэгээд би тэр хүнд хандаж “таны гүйлгээ болсон байна танд өөр шийдвэрлэх асуудал байхгүй бол явчих” гэж хэлсэн. Тэгэхэд гарахгүй хүлээлгийн сандал дээр суучихсан. Тэгэхээр нь асуудал үүсэх гээд байгаа тул “хамгаалалтын шуурхай бүлэг дуудаж асуудлыг шийд” гэж тэнд байгаа хүмүүст сонсогдохоор хамгаалагч Түмэндэлгэрт хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу “өө тэгвэл бүгдийг нь дууд тэр Болдбаяр энэ тэрээ дууд” гээд маргалдаж эхэлсэн. Тэгсэн чинь хамгаалагч Түмэндэлгэр тэр залууд хандаж “чи ингэж болохгүй шаардлага биелүүл” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу над руу ойртоод ирсэн тэр залуугийн амнаас архи үнэртэж байсан тэгэхээр нь “цаашаа бай” гээд гараараа түлхсэн. Тэр залуу намайг өшиглөх гэж оролдсон тэр үед хамгаалагч Түмэндэлгэр тэр залуугийн нуруунаас нь түлхээд хаалгаар гадагш авч гарсан. Хамгаалагч Түмэндэлгэр 60 настай хүн тиймээс би санаа зовоод араас нь гартал тэр хоёр хоёулаа газар унасан өнхөрч байсан. Тэгээд тэр хавьд явж байсан хүмүүс салгаад би хамгаалагч ахыг түшээд босгоход “хөл руу юм орчих шиг боллоо” гээд нэг хөл дээрээ доголж байсан. Тэгээд хүлээлгийн зааланд суулгаад хэсэг харж байгаад хөл нь өвдөөд байхаар нь гэмтлийн эмнэлэг руу авч явсан. Тэр залуу амны хаалт зүүсэн 168 см орчим өндөртэй туранхай, саравчтай малгайтай, хувцсыг нь одоо сайн санахгүй байна ямар байсан содон шинж тэмдэг нь хүзүүн дээрээ зүүлт шиг доошоо харсан шивээстэй байсан. Архи уусан үнэртэж байсан. Салбар дотор хяналтын камертай, гадаа зөвхөн үүдний орох, гарах хэсгийг харуулсан камертай. Тэр залуу ахтайгаа өмнө нь “Тамган” хамгаалалтын албанд ажиллаж байсан юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4397 дугаартай шинжээчийн:

“...*******ийн биед зүүн дунд чөмөгний хүзүүний хугарал, зүүн гуяны цус хуралт, зүүн сарвууны чигчий хурууны шарх гэмтэл, зүүн түнхний бүтэн хиймэл үе суулгах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.2-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 61-63 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн биед нь халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч *******аас 846.595 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгох” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “...Шүүгдэгчийн гэм буруугийн хувьд тусгайлан гаргах саналгүй. Шүүгдэгч нь сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаалах боловсруулах үйлдвэр эрхэлдэг гэж мэдүүлж байх боловч энэ хугацаанд хохирол төлбөр төлөөгүй, хохирогчоос уучлалт гуйсан, хийсэн үйлдэлдээ харамсаж байгаа зүйл байхгүй байна. Хохирогчийн гаргаж өгсөн баримтын хүрээнд хохирол төлбөрийг шийдвэрлэх боломжтой...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаангүй. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулна. Цаашид гарах эмчилгээний зардлыг мөн төлөхөө илэрхийлж байгаа” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.   

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 13:00 цагийн үед Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Хас” банкны 79-р салбар буюу “Тумбааш” тооцооны төвөөр үйлчлүүлэх явцдаа тухайн банкны ажилтнуудтай “үйлчилгээ удаан үзүүлсэн” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан иргэн *******ийг уг тооцооны төвийн гадна хөлөөрөө дэгээдэж, газарт түлхэж унагасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч *******, гэрч М.Сумъяабазар, Т.Тулга нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4397 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй чөлөөтэй байдлын эсрэг чиглэсэн идэвхтэй үйлдлийг санаатайгаар хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардал, сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн сэргээх эмчилгээнд явах болон бусад гэм хорын хохирол төлбөрт нийт 25.648.520 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан хохирол төлбөрт баримтаар тогтоогдож байгаа 846.595 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч *******т олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24.801.925 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Харин шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлагын талаар хэлэлцэх шүүх хуралдаан эхлэхээс өмнө хохирогч *******т 1.500.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгчийн хувьд баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлж барагдуулах нь чухал тул *******ыг нийгмээс тусгаарлахгүйгээр түүнд 10.000 нэгжтэйн тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдал, түүнчлэн хэдийгээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг арилгасан гэж үзэхгүй боловч хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан хохирол төлбөрт баримтаар тогтоогдож байгаа хохирлыг нөхөн төлсөн, мөн хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин орлоготой зэргийг харгалзан нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгчийг нийгмээс тусгаарлан нийгэмшүүлэх шаардлагагүй буюу хорих ял оногдуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305013471450 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ