Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2020/01015

 

 

 

 

 

 

 

                           2020         03       26                             

                               101/ШШ2020/01015

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн УД000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 00дүгээр хороо, Эмийн ургамал 0 гудамж, 0тоотод оршин суух Борлууд овогт Батжаргалын Бтийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ЦА000 регистрийн дугаартай Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 байр 0 тоотод оршин суух Ожоо овогт Баасандоржийн Бод холбогдох

2,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Бт, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга А.Ичинхорлоо нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутагт дэвсгэрт байрлах “Цанын бааз” гэх нэртэй газарт Сэндэвчин барилгын ажлыг нэхэмжлэгч Б.Бт надаар хийж гүйцэтгүүлсэн юм. Бид ажлын нийт хөлсийг 9,000,000 төгрөг гэж тохиролцсон бөгөөд Б.Бын зүгээс ажлын хөлсөнд 6,750,000 төгрөгийг надад өгсөн. Одоо Б.Б нь надад 2,500,000 төгрөгийг ажлын хөлс өгөх ёстой. Энэхүү хөлсөө өгөхгүй өнөөдрийг хүргэж ирлээ. Ажлын хөлсөө шаардахад удахгүй өгнө, түр хүлээж бай, би өөрөө бусдаас авлагатай тэр авлага орж ирэхээр өгөх болно гэсээр өнөөдрийг хүргэж ирсэн бөгөөд сүүлийн хугацаанд холбоогүй болж холбоо тасарсан юм. Иймд хариуцагч Б.Боос ажлын хөлсөнд 2,250,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бт надад олгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлдээ 9,000,000 төгрөгөөр тохирсон. Түүнээс 6,750,000 төгрөгийг аваад үлдэгдэл 2,250,000 төгрөг шаардаж байна гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Гэтэл Б.Боос яагаад мөнгө нэхэмжилж байгаа хэрхэн яагаад Б.Б хариуцах ёстой гэх үндэслэлээ тайлбарлаж, нотолж байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл “Ориос” ХХК бол хуулийн этгээд Б.Б бол хувь хүн байгаа. Б.Б “Ориос” ХХК хоорондоо хэрхэн яаж холбогдоод байгаа нь тодорхойгүй байна. Мөн нийт 9,000,000 төгрөг гэх асуудал нь өдрийн 250,000 төгрөг гэж тайлбарлаж байна. Тэгэхээр 250,000 төгрөгийг 9,000,000 төгрөгтөө хувааж үзэхэд 36 хоног гарч байгаа. Ингээд 36 хоног ажиллахаар тохиролцож хэд хоног ажиллаж хэд хоног дутуу байсан гэх талаар ямар нэгэн баримт нотолгоо байхгүй. Банкны хуулгаас харахад улаанаар тодруулсан нь хэрэгт хамааралтай хэсэг байх. Улаанаар тэмдэглэсэн гүйлгээнүүдийг нэгтгэж бодоход 6,090,000 төгрөг болж байна. 6,750,000 төгрөг хүлээж авсан гэх баримт мөн адил байхгүй. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа тооцоолол үндэслэлүүд нь тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Бт нь хариуцагч Б.Бод холбогдуулан 2,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тус шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... хариуцагчтай Сонгинохайрхан дүүргийн нутагт дэвсгэрт байрлах “Цанын бааз” гэх нэртэй газарт сэндэвчин барилгын ажлыг өдрийн 250,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд 9.000.000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсний үлдэгдэл хөлсийг гаргуулна” гэж тайлбарласан.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ “... Б.Бттэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон тул энэ харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан тус гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл, талуудын хооронд гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлсэн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан.

Хуульд зааснаар тус гэрээний гол нөхцөлийн тохиролцоо нь “ажил гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэн, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх”, “захиалагч нь ажлын хөлс төлөх үүрэг” харилцан үүсгэхээр тохиролцсон  байх агуулгаар зохицуулсан байна.

Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэх үйл баримтыг нэхэмжлэгчийн Хаан банкин дахь дансанд 6,750,000 төгрөг шилжүүлсэн баримтаар тогтоогдоно гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж хэрэгт хавсаргасан Хаан банкны 5749676991 тоот дансанд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 5024797692 тоот данснаас “майти краны төлбөр эмээлт” 950,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 09-ны өдөр 5062155923 тоот данснаас “эко  майти краны төлбөрт” 800,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 100,000 төгрөг бэлнээр, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “эмээлт майти краны хөлсний урьдчилгаа төлбөр” 1,000,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Бадрахжаргалаас “6 өдрийн цалин” 240,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 5023105207 тоот данснаас “тээврийн зардал кран” 2,500,000 төгрөгийг тус  тус шилжүүлжээ. /х.х-ийн 6-9 дэх талд/

Тус баримтаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулах хүсэл зориг харилцан илэрхийлэгдсэн гэж шууд эргэлзээгүй дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн дансанд дээрх байдлаар шилжүүлсэн төлбөрийн баримтаар хариуцагч нэхэмжлэгчид ажил гүйцэтгүүлсэний хөлс төлсөн  гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 5023105207 тоот данснаас “тээврийн зардал кран” гэсэн утгаар орж ирсэн 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч өөрийн бэр эгчээс шилжүүлсэн авсан гэж шүүх хуралдаанд тайлбарласан.

Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Боос ажлын хөлсөө нэхэхээр “Ориос” ХХК-ийн нягтлантай уулз гэсний дагуу тус компанийн нягтлангаас хэд хэдэн удаа ажлын хөлсөө авч байсан гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн тус тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд иргэн Б.Бт, Б.Б нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй байна гэж үзэв.

Тодруулбал, хуульд зааснаар иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ, хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцох журамтай.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагчаас 2,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг  тус тус удирдлага болгон

 

                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Боос 2,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бтийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Бтөөс урьдчилан төлсөн 50,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ЭНХЖАРГАЛ