| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2020/01238/И |
| Дугаар | 101/ШШ2020/01788 |
| Огноо | 2020-05-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2020/01788
| 2020 05 19 | 101/ШШ2020/01788 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 00 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Бага тойруу, 0 хаягт байрлах “Т банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн УП000регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, товчоо 0 гудамж, 00 тоотод оршин суух, Олхонууд овогт Алтангэрэлийн Мд холбогдох,
13,658,774.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанцэцэг, хариуцагч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.М нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр Т банк Мөнгөн завъяа тооцооны төвөөс 18.111 тоот барьцаат зээлийн гэрээ цалингийн зээл үндсэн дээр 13,500,000 төгрөгийг сарын 1,7 хувь, жилийн 20,4 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр дуусна. Гэвч зээлдэгч нь зээл авснаас хойш гэрээний үүргээ зөрчиж цалигийн зээлийн төлбөрийг нийт 216 хоног хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан байна. 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 11,994,404.83 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 1,648,841.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 5,528.73 төгрөг буюу нийт 13,658,774.98 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Банк зээлдэгчтэй удаа дараа гэрт нь очиж уулзах гэсэн боловч зээлдэгч гэртээ байхгүй байсан. Харилцагчтай утсаар удаа дараа холбогдох гэсэн боловч утсаа авахгүй зээлээ төлөхгүй зээл зөрчилтэй байсаар Монгол банкны ангилал буурсан. Зээлдэгч А.М нь Т банкнаас авсан цалингийн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасан үүргийн хүрээнд зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүй гэж тооцох ба дээрх гэрээний аливаа заалтыг зөрчсөн бол Зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэж ба зээлийн хэвийн төлөгдөхгүй тохиолдолд шүүхэд хандах талаар хугацаатай мэдэгдлүүдийг өгсөн. Иймд хариуцагч А.Мын Т банктай байгуулсан Зээлийн гэрээг цуцалж гэрээгээр хүлээсэн үүрэг болох цалингийн зээлийн төлбөрийн үлдэгдэл үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл нийт 13,658,774.98 төгрөгийг гаргуулан Т банкинд олгуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх дээр асуудалтай байгаагаас шалтгаалаад цалингийн зээлээ төлөх боломжгүй болсон. Одоо ажилд орж байгаа учраас зээлийн төлөлтөө хийгээд хэвийн үргэлжлүүлэх хүсэлттэй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т банк” ХХК нь хариуцагч А.Мд холбогдуулан 13,658,774.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 18.111 дугаартай “Цалингийн зээл”-ийн гэрээний үүргийн дагуу хангуулна гэж тодорхойлсон.
“Т банк” ХХК нь А.Мтой 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 18.111 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж 13,500,000 төгрөгийг 60 сарын хугацаатай жилийн 20.40 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан тус гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 7-9 дахь талд/
Тус гэрээнд зохигчдын илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулга зэрэг нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ”-ний агуулгад нийцсэн хүчин төгөлдөр байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
Хариуцагч А.М нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2019 оны 7 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /х.х-ийн 10-11 дэх талд/
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж, 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тус тус зээлийн гэрээний үүргийг биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлж байснаас гадна сар бүр утсаар сануулж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчид үүргийг гүйцэтгэх талаар урьдчилан сануулж байсан гэж үзнэ. /х.х-ийн 13-17 дахь талд/
Иймд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зохицуулсан бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн зөрчил гарсан үндэслэлээр зээлдүүлэгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлдэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь зээлийн төлбөрөөс 3,606,945.41 төгрөгийг төлснөөс 1,505,595.17 төгрөгийг үндсэн зээл, 2,099,689.28 төгрөгийг зээлийн хүү, 1660.96 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тооцсон нь үндэслэлтэй байх тул зээлийн гэрээний дагуу үлдэгдэл 11,994,404.83 төгрөг, зээлийн хүү 1,648,841.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,528.73 төгрөг нийт 13,658,774.98 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй. /х.х-ийн 12 дахь талд/
Тус тооцоолол нь зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.1.4, 2.2.7 дахь хэсэгт тохиролцсон үүрэг болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэсэн зохицуулалт мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хүү буюу хэтэрсэн хугацааны хүү тооцон шаардах эрхтэй гэж заасантай нийцэж байна.
Дурдсан үндэслэлээр, нэхэмжлэгч “Т банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Моос 13,658,774.98 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т банк” ХХК-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 226,244 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Моос 226,244 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Т банк” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ