| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 109/2025/0025/З |
| Дугаар | 221/МА2026/0044 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2026/0044
С.Д-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Зоригтбаатар
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П
Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/345 дугаар захирамжийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.Д, өмгөөлөгч Г.Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, өмгөөлөгч П.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 109/2025/0025/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Д-аас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/345 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 48 дугаар зүйлийн 48.2.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/345 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“...Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2.5-д “Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус заасан байна, 2.6-д Ийнхүү хуульчлан зохицуулсан тохиолдолд нэхэмжлэгч нь газрын маргаан бүхий асуудлаар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж маргаан бүхий аймгийн Засаг даргын шийдвэрийг хянуулахаар зайлшгүй Монгол Улсын ерөнхий сайдад хандаж гомдол гаргаж шийдвэрлүүлэх шаардлагагүй боловч тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс аймгийн Засаг даргын гаргасан шийдвэртэй холбогдуулж шүүхэд шууд нэхэмжлэлийг гаргалгүйгээр дээд шатны албан тушаалтан гэж үзэж Монгол Улсын ерөнхий сайдад хандан гомдол гаргаж шийдвэрлүүлэн хариуг авсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй, маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж, 93.2-т “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэж тус тус заасан.
Монгол Улсын ерөнхий сайд нь аймгийн Засаг даргын шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага биш бөгөөд нэхэмжлэгч нь захиргааны актыг эс зөвшөөрч буй талаарх гомдлоо аймгийн Засаг даргад өөрт нь хандаж шийдвэрлүүлэхээр байсан. Гэтэл нэхэмжлэгч гомдлыг шийдвэрлэх чиг үүрэггүй байгууллагад гомдол гарган, улмаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Монгол Улсын ерөнхий сайд нь ямар нэгэн захиргааны байгууллагад харьяалагддаг хүн биш, харин төрийн гүйцэтгэх засаглалын тэргүүн, Засгийн газрын тэргүүн удирдлага юм.
Мөн Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна” гэж хуульчилж өгсөн байдаг.
Иймд дээрх үндэслэлээр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч С.Д-аас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/345 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Маргаан бүхий захирамжаар “Цэнхэр сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 80 дугаартай захирамжаар иргэн С.Д-д Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Халуун усанд аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлсэн шийдвэрийг аймгийн архивын тасгаас татан үзэхэд Цэнхэр сумын Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай “Эцгийн нэр, нэр өөрчлөх тухай” захирамж байх тул сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарынх 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн хугацааг сунгах тухай” А/219 дугаартай захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
2.2. Анхан шатны шүүх “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2024/0392 магадлалыг үндэслэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сунгаж, шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлж гарсан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/219 дүгээр захирамжийг хууль бус гэж үзэн хүчингүй болгож буй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан зарчмын агуулгад нийцэхгүй, ... хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг нягтлан шалгаж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчим, мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг бодитойгоор хийлгүйгээр дээрх шийдвэрийг гаргасан нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн, ... мөн анх Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ С.Д-д олгох захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд С.Д-ийн зүгээс хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн эсэхийг шүүх шийдвэрлээгүй, гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдоогүй, тухайн баримтыг хуурамч эсэхийг тогтоогоогүй, хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж байгаа тохиолдолд түүнийг шууд буруутган газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох, энэ маргаан бүхий хэрэгт шууд хамааралтай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй...” талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
2.3. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, анх Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар захирамжаар тус сумын Алтан овоо баг, Халуун усанд Шивээт манхан жуулчны баазаас дээш 20 метрийн зайд байрлах 1 га газрыг нэхэмжлэгч С.Д-д аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 0095*** дугаартай гэрчилгээ олгосон бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 000319*** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгосон байна. Үүний дараа Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/180 дугаар захирамжийн хавсралтаар иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газар багтсан бөгөөд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/180 дугаар захирамжийн С.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 622 дугаар магадлалаар хэвээр үлдээснээр анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Улмаар Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргаас дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/82 дугаар захирамжаар 2021 оны А/180 дугаар захирамжийг хүчингүй болгож, анх нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон сумын Засаг даргын 2007 оны А/80 дугаар захирамжийг үндэслэн 0000177*** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2023 оны оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 06546-2023/000** дүгээр газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.
Түүнчлэн нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг сумын Засаг даргад хүргүүлсэн боловч хуульд заасан хугацаанд хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөөгүй байх бөгөөд нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Цэнхэр сумын Засаг даргад даалгуулахаар маргасан байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 392 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Ийнхүү Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/219 дүгээр захирамжаар дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч С.Д-ийн аялал жуулчлалын зориулалттай 10000 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгасан үйл баримтууд тогтоогдож байхад уг захирамжийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.7-д “газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасанд нийцэхгүй.
2.4. Хэдийгээр, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга болон газрын даамал нар нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж тус сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаартай хуурамч захирамжийг ашиглан 1 га газрыг нэр бүхий иргэнд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хууль бусаар эзэмшүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн, хууль бусаар олгосон газраа одоог хүртэл эзэмшүүлж ашиглуулж байгаа” гэх үйлдэл 241200*** дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байх боловч нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хууль бусаар үүссэн болох нь эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр шийдвэрээр эцэслэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг ийнхүү дуусгавар болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй, энэ талаарх анхан шатны шүүх үндэслэлтэй.
2.5. Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно” гэж зааснаас үзэхэд аймгийн Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч түүнийг томилох эрх бүхий Монгол Улсын Ерөнхий сайдад урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар гомдол гаргаж, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 879 дүгээр албан бичгээр өгсөн хариуг хүлээн аваад 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д нийцсэн гэж үзэхээр байх тул “шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангагүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН