Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1250

 

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/01235 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Т-т холбогдох

 

Хохиролд 16 069 905 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Ж.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Г.Т нь тус компанид борлуулагчаар ажилладаг. Тэрээр өөрийн нэр дээрх бараа материалын тооцоог өдөр бүр хариуцсан нягтлан бодогчид тайлан хэлбэрээр өгөх, бараа материалыг зарлагадан харилцагчид шууд борлуулалт хийх, борлуулалтаас үүдсэн санхүүгийн хариуцлагыг өөрөө хүлээх, бараа бүтээгдэхүүний борлуулалтын тайланг гаргаж өгөх гэх мэт үүргийг ажлын байрны тодорхойлолтоор хүлээж, ажил үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Гэтэл тэрээр харилцагч байгууллагуудаас буцаалтын падаантай явуулсан хиамыг байгууллагад авчирч тушаахгүйгээр жижиг дэлгүүрүүдийн жингээр сольж өгсөн, буцаалт руу оруулж авч явсан шинэ бүтээгдэхүүнээсээ илүү гарган борлуулж, борлуулсан орлогоо хувьдаа авдаг болох нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгууллагын санхүүгээс 2016-2017 онд үүссэн төлбөр тооцоог шалгах явцад тогтоогдсон. Г.Т нь 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 16 069 905 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутаасан /сар тус бүрийн үнийн дүнг хавсаргав./ ба санхүүгийн тооцоог өөрт нь танилцуулахад харилцагч байгууллагаас буцаалтаар явуулсан хиамыг хувьдаа ашиглаж байсан болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд нийт 5 000 000 төгрөгийн бараа л ашигласан гэж үнийн дүн дээр зөрүү үүсч, талууд харилцан тохиролцох боломжгүй болсон тул байгууллагад учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд хандаж байгаа болно. Г.Т нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар үнэнчээр хөдөлмөрлөх үүрэгтэй, хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар ...ажил олгогчоос хариуцуулсан ажил, албан тушаалын үүрэгт ажлыг үнэнч шударга, хариуцлагатай гүйцэтгэж, байгууллагын хөрөнгийг зохистой хэмнэлттэй зарцуулах үүргийг тус тус хүлээсэн. Мөн ажил олгогчтой байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эргүүлж төлөөгүй бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж заасан. Г.Төгөлдөрөөс хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа байгууллагад учруулсан хохирол болох 16 069 905 төгрөгийг нөхөн төлүүлж, байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т нь тус компанид ажиллаж байх хугацаандаа нэг ч удаагийн төлбөр тооцоог дутааж байгаагүй. Намайг ажиллаж байх хугацаанд буцаалтын хиамыг баримтын дагуу хүлээн авч байгаагүй, хугацаа нь дууссаны улмаас устгалд оруулах хиамны үнийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Буцаалтын хиамыг би хүлээн авдаггүй, жолооч дэлгүүрүүдээс хүлээн авч компани руу оруулдаг байсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Т-с 16 069 905 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260 407,58 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Компанийн зүгээс Г.Т-ийн байгууллагад учруулсан төлбөрийг нэхэмжилж байхад шүүгч буцаалтын хиамыг авчрахаар нь устгах л байсан тул байгууллагад хохирол учруулаагүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, бодит үнэнд нийцэхгүй шийдвэр болсон. Шүүхийн шийдвэрийн 3 дахь талд ”Нэхэмжлэгч эхний зөрчлийг 2016 оны 11 дүгээр сард гаргасан гэж дүгнэсэн бөгөөд сүүлийн зөрчлийг 2017 оны 10 дугаар сард гаргасан гэж үзсэн байна. Шүүхэд нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бичсэнийг шүүх 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсан байна. Хугацааны хувьд үргэлжилсэн шинжтэй байх бөгөөд гомдол хамаарахгүй зарим хугацааны зөрчлийг ажил олгогч компани мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн нь ойлгомжгүй. Тухайлбал, "гомдол хамаарахгүй зарим хугацааны зөрчил" гэж хэдий хугацааны зөрчлийг хэлж байгаа нь тодорхойгүй  байх  бөгөөд шүүхийн шийдвэрийг тайлбарлаж байхдаа энэ тухай дурдаагүй.

Мөн шүүхийн шийдвэрийн 4 дэх талд "Хохирол арилгуулах буюу эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх нэхэмжлэл гаргасан" гэж нэхэмжлэлийн үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлага хэмээн буруу дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь хоёр өөр ойлголт юм. Нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгч шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдал юм. Нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч шүүхээс юу хүсч байгааг илэрхийлдэг. Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас буцаалтын хиамыг хувьдаа завшиж байгууллагад хуурамч үнийн дүн бүхий падаан авчирч өгснөөс байгууллагад 16 069 905 төгрөгөөр байгууллагыг хохироосон, одоо хиамыг буцаан авчрах боломжгүй тул нийт 16 069 905 төгрөгөөр тооцож байгууллагыг хохиролгүй болго" гэж шаардсан. Шүүхийн шийдвэрийн 5 дахь талд "нэхэмжлэгч нь буцаах ёсгүй барааг /чанарын шаардлага хангасан/ буцаасан талаар, буцаасан барааны падаан авчирч өгөөгүй талаар нэхэмжлэлд дурдаагүй, энэ талаар тайлбар гаргаагүй, шүүхээр шийдүүлэх асуудалгүй байгааг дурдах хэрэгтэй" гэж үндэслэлгүй дүгнэсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн эхний нүүрний доод талд Г.Т-ийг шинэ бүтээгдэхүүнээсээ илүү гарган борлуулж, борлуулсан орлогоо хувьдаа авч байсан тухай дурдсан, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч мөн тайлбарлаж байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ирүүлсэн нотлох баримтын шаардлага хангасан санхүүгийн эх баримтыг үнэлж дүгнээгүй. Иймд анхан шатны шүүхийн  шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч Г.Т-т холбогдуулан хохиролд 16 069 905 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч Г.Т нэхэмжлэгч “О” ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр №37 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Г.Төгөлдөрийг борлуулагчийн албан тушаалд томилж, сарын 500 000 төгрөгийн цалинтайгаар, 1 жилийн хугацаагаар ажиллуулахаар тохиролцсон, мөн өдөр зохигчдын хооронд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ байгуулагдсан болох нь хэргийн 4-6 дугаар талд авагдсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ зэрэг баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин хариуцагч нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа нэхэмжлэгчид хохирол учруулсан эсэх үйл баримтын талаар талууд маргасан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийнн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

            Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн ерөнхий зохицуулалтын агуулгаар бус эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээнд үндэслэн учруулсан хохирол шаардсан боловч хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад 16 069 905 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ирүүлсэн тооцооны баримтуудаар эргэлзээгүй нотлогдоогүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг зөвтгөх боломжтой.

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Г.Т-өөс 16 069 905 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/01235 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Г.Т-с 16 069 905 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “О” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 240 407 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ