Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 003

 

    Д.С-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЗ/323 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Д.С-д холбогдох эрүүгийн 1913002740231 дугаартай, 1 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Нурсауле, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Фарида, шүүгдэгч Д.С, хохирогчийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Тува, 1988 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, түүх жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Баян-Өлгий аймгийн Ц сумын ,,, дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Д.С  /РД: 0000000/ нь Д.С нь 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус сумын 3 дугаар багийн иргэн оюуны хүнд хомстолтой Ш.К-ийг өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЗ/323 дугаар шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д.С-д холбогдох 1913002740231 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурорын эсэргүүцэлд: “Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт буцаах тухай шүүгчийн захирамж нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

1.Яллагдагч Д.С нь 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй хохирогч Ш.К-ийг тус аймгийн Цэнгэл сумын 7 дугаар багт байрлах иргэн Х.М-ын эзгүй өвөлжөөнд ганцаараа дагуулж очсон болохыг гэрч С.А-гийн: “...2019 оны 7 дугаар 27-ны өдөр 20 цаг 40 минутын үед миний бие өөрийн мотоциклоор төрсөн ах болох С.Б-ийг Цэнгэл сумын төвд оршин суудаг иргэн Ж гэгч хамаатан ахын гэрт хүргэж өгөөд буцаж явах үед замд Ховд голын эргээр К-ийг урьд өмнө харж байгаагүй, үл таних залуу сугадаж аваад хөтлөөд доошоо явж байсныг харсан. Би тэр залуугийн хажууд зогсож яагаад К-ийг хөтлөөд дагуулаад явж байгаа болохыг асууя гэж бодсон боловч төрөл садангийн хүн болов уу гэж бодоод зогсолгүй явчихсан. Тэр залуу хар өнгийн хувцастай явж байсан. Би тэр залууг урьд өмнө харж байгаагүй танихгүй залуу байсан. Дунд зэргийн нуруутай хар өнгийн савхин богино куртиктэй, жижиг цүнх үүрсэн залуу байсан. Д.С-гийн фото зураг, цүнхний зургийг үзүүлэхэд цүнх нь яг мөн байна” гэж мэдүүлсэн мэдүүлэг, гэрч С.Б-ийн: “...бид нараас нэлээд зайтай газар манай ээжийн талын холын хамаатан болох К-ийн охин Ш овогтой К бараан хар өнгийн хувцастай явж байсныг анзаарч хараад хаашаа явж байгаа бол гэж бодоод өнгөрсөн. Тэгээд би айлд цай ууж сууж байхад 22 цагийн үед К утсаар залгаж миний охин гэрийн хажуугаас алга болсон гэхээр нь би таны охиныг голын эрэгт явж байсныг харсан. Хажууд нь үл таних нэг залуу явж байсан гэж хэлсэн. Дараа нь Ш.К бусдад хүчиндүүлсэн байж болзошгүй гэх асуудал гарч ирснээр уг хэргийг үйлдсэн байж болзошгүй гэх залууг сумын гудамжнаас олж аваад К-гийн гэрт аваачиж энэ залуу чамайг дагуулж аваад явсан залуу мөн үү гэхэд тийм гэж хэлсэн. Тэр залуу би согтуу болохоор сайн санахгүй байна. Би гэрт энэ охиныг хонуулаад явуулсан гэж хэлсэн. Бидний сэжиглэж барьж авсан С гэгч залуу миний мотоциклоор явж байхад К-ийн хажууд явж байсан залуугийн хувцас, гадна байдал нь яг төстэй байсан. К-ийг хар өнгийн хувцастай бидний барьж авсан залуу дагуулаад явж байсныг Ховд голын модон гүүрний манаач Ш.М гэх хүн харсан гэж хэлж байсан. Миний дүү С.А нь намайг айлд мотоциклоор хүргэж өгөөд буцах замд К-ийн хажуугаар ойрхон өнгөрсөн. Хамт явж байсан залууг ойроос харсан гэж хэлж байсан. К болон миний харсан гэх залуу хоёр зэрэгцээд явж байсан" гэх мэдүүлэг, гэрч А.Б-ийн: “...2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн үед гэрээс гарахад манай хөрш айл болох М-ын болон П-ийн айлын хашааны гадна талд нэг эмэгтэй зогсож байсан, би алга болсон гэж байсан К-гийн охин болов уу гэж бодоод эргэлзээд гэрт ороод нөхөр Соёнд К-гийн охин алга болсон гэж байсан биз дээ гадаа түүний охинтой адил охин байна гэхэд чи очоод өөрөөс нь асуугаарай гэсэн. Тэгээд би нөгөө охинд очоод чиний нэр хэн бэ? яах гэж байгаа юм бэ? гэж асуухад тэр нэг юм хэлсэн түүнийг би ойлгосонгүй. Би Ө-ийг таних уу, түүний охин Б гэгчийг таних уу гэхэд толгойгоороо дохихоор нь би нөгөө алга болсон охин мөн юм шиг байна гэж бодсон” гэх мэдүүлэг, гэрч Ш.М-ийн: “...2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байсан байх, өдрийг нь сайн санахгүй байна, орой 20 цагийн үед ажил үүргээ гүйцэтгэж зогсож байхад гүүрний хажуугаар хар царайтай 25-30 орчим насны намхандуу биетэй залуу хажуудаа 20 орчим насны гаднаас нь харахад хөгжлийн бэрхшээлтэй охин хүүхдийг дагуулаад сумын төв рүү чиглэж явсан...Ингээд тус өдрийн шөнө 03 цагийн үед манай байшингийн цонхыг тогших шиг болохоор нь босоход хөгжлийн бэрхшээлтэй К гэгч охин алга болсон талаар хүмүүс хайж ирсэн байсан. Тэгээд би харж үзсэн зүйлээ хэлж өгсөн” гэх мэдүүлэг, Д.С-ийн: “...учир нь би согтуу байхдаа нөгөө охиныг дагуулж ирсэн болов уу? гэж айгаад байсан юм. ...Ингээд тус өдөр орой харанхуй болж байхад миний санаж байгаагаар 20 цагийн үед Мамбет, түүний хүргэн ах нь гэх үл таних залуугийн хамт Цэнгэл сумын төвд тэд нарын мотоциклоор ирээд А гэх хүний дэлгүүрээс өөрийн “Самсунг Жи-5” маркийн гар утсыг барьцаанд тавиад 0.75 литрийн 2 шил “Нутаг" нэртэй архи авч голын эрэгт очиж уусан. Голын эрэгт архи ууж сууж байхад Б ирж бид гуравтай архи уусан. Тэгээд би Б-тай хамт түүний гэр лүү очоод буцаж гараад сумын доод талын гудамжинд оршин суудаг Б-ын гэрийн ойролцоо Тува айлд очсоноо санаж байна. Б гэртээ үлдсэн. Чухам хэний гэрт очсоноо санахгүй байна. Миний таньдаг айл байсан бөгөөд уг айлын хашаан дотор бие засаад зогсож байхад ойролцоо хашаанд үл таних охин тоглож явж байсныг нь харсан. Тэгээд дараа нь ямар үйлдэл хийсэн санахгүй байна. ...М-ын байшинд нөгөө охин бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэдний байшин нь эзгүй байдаг. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тэдний байшинд очиж унтдаг байсан. Надад өөр очих айл байхгүй, мөн тэдний байшин нь эзгүй байдаг учраас очдог байсан. Миний бодож байгаагаар нөгөө охиныг согтуудаа М-ын байшин руу дагуулж ирсэн юм шиг байна. Учир нь би согтуу байхдаа ухаанаа мэдэхгүй, хийсэн үйлдлээ мэдэрдэггүй юм. Миний бодлоор согтуудаа оролдсон байж магадгүй" гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийх үеэр Д.С-ийн Ш.К-ийг хэвтүүлсэн газрыг болон тухайн үед унтсан оронд байсан хөнжил, гудаснуудыг хураагаад тавьсан газрыг үзүүлж байсныг харуулсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургаар, гэрч Ц.А-ийн: “...манай баруун хажуу талд хашаагүй, эзгүй М гэх айлынх байдаг, тэднийх зуны улиралд өвөлжөөндөө байдаггүй” гэх мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа хийх үеэр хохирогч Ш.К нь яллагдагч Д.С-г таньж шууд заасан байдлыг харуулсан тэмдэглэл, гэрэл зураг, шүүх шинжилгээний албаны шинжээч К.Хайратын 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 331 дугаартай дүгнэлт зэрэг болон бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар яллагдагч Д.С нь Ш.К-ийг иргэн Х.М-ын эзгүй өвөлжөөний байшинд ганцаараа дагуулан очиж хүчиндсэн болох нь хангалттай тогтоогдсон байхад шүүгч бусад нотлох баримтуудыг дүгнэж үзээгүй, зөвхөн нотлох баримтаар үнэлээгүй, яллах дүгнэлтэд нотлох баримтаар оруулаагүй 4426 дугаартай шинжээчийн дүгнэлтийг дүгнэж хэргийг буцаах үндэслэл болгосон нь учир дутагдалтай байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч Д.С нь хохирогч Ш.К-ийг иргэн Х.М-ын эзгүй байшинд ганцаараа дагуулан очиж хүчиндсэн болох нь бүрэн тогтоогдсон, тэнд Д.С-ээс өөр эрэгтэй хүн очоогүй болох нь давхар нотлогдсон, Д.С-ийн унтсан гэх буюу ДНХ-гийн шинжилгээ хийлгэсэн хөнжил иргэн Х.М-ын гэрийн эд зүйл болох нь Д.С-ийн мэдүүлгээр нотлогдож байна, мөн тухайн үед Х.М өвөлжөөндөө байгаагүй, зуны улиралд нүүгээд явсан болох нь хөрш айл болох иргэн Ц.А-гийн мэдүүлгээр тогтоогдсон ба энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байх тул шүүгчийн захирамжийн заалт үндэслэлгүй байна.

2. Д.С-д холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурорт 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр буюу урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 1 хоногийн өмнө мэдэгдэж, танилцуулан гарын үсэг зуруулсан, товыг уг хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарт огт мэдэгдээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан 10 дугаартай хэргийн оролцогчдод шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдэж, танилцуулсан тухай баримтаар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт: “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Иймд Д.С-д холбогдох Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЗ/323 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүхийн шүүгч захирамждаа нэг үндэслэлээр мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ.

           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4426 дугаартай дүгнэлтийн  “2 дугаар заалтад, 3 дугаартай цэцэгтэй даавууны гол хэсэг 16 см х 6 см хамарсан бараавтар толбонд эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн.” гэж дүгнэлт гаргасан байна. Энэхүү дүгнэлтээс үзвэл 3 дугаартай цэцэгтэй даавуунд яллагдагч Д.С-ээс өөр хүний эр бэлгийн эс илэрсэн гэж байх тул уг хэрэгт ямар нэгэн шалтгаант холбоотой эсэхийг, өөрөөр хэлбэл, уг хэрэгт өөр холбогдогч байгаа эсэхийг тогтоох шаардлагатай байна.” гэжээ.

            Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэснийг анхан шатны шүүх анхаараагүй байна. 

           

            Хавтаст хэрэгт авагдсан гэрч С.А-гийн “2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 20 цаг 40 минутын үед ... Ховд голын эргээр К-ийг урьд өмнө харж байгаагүй, үл таних залуу сугадаж аваад хөтлөөд доошоо явж байхыг харсан” гэсэн мэдүүлэг,

яллагдагч Д.С-ийн “...М-ын байшинд нөгөө охин бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэдний байшин эзгүй байдаг. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тэдний байшинд очиж унтдаг байсан. Мөн тэдний байшин эзгүй байдаг учраас очдог байсан.” гэсэн мэдүүлэг,

гэрч Ц.А-ийн “манай баруун хажуу талд хашаагүй, эзгүй М гэдэг айлынх байдаг. Тэднийх зуны улиралд өвөлжөөндөө байдаггүй” гэсэн мэдүүлэг зэргийг үнэлэхэд иргэн М-ын байшин эзгүй байдаг бөгөөд шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтээр яллагдагч Д.С-ээс өөр хүний эр бэлгийн эс илэрсэн нь яллагдагч Д.С-ийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд эргэлзээ алга байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүгчийн захирамжид заагдсан нэг үндэслэлийг бүрэн шалгаж тодруулах нь холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаах үндэслэлтэй байна.

 

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЗ/323 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Д.С-д холбогдох 1913002740231 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Д.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                            Д.МӨНХӨӨ