Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/778

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч П.Отгонбаатар,

иргэдийн төлөөлөгч Л.Ганцоож,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205027700694 тоот, 2 хавтас хэргийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашин засвар гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, *******,******* тоотод оршин суух хаягтай,

- урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 453 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял,

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 259 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.300.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, ******* /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sway night” нэртэй бааранд хохирогч ******* биед халдаж эрүүл мэндэд нь гавлын баруун зулай, чамархай ясны далд хугарал, дагз баруун чамархайн дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэн, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн голомтлог няцрал, зүүн дал ясны сэртэнгийн далд хугарал, хүзүүнд цус хуралт, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл,

- Мөн 2023 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sway night” нэртэй бааранд хохирогч хэвлий хэсэгт нь хөлөөрөө дэвсэж, өвдөглөж, гараараа цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун зүүн дэлбэнгийн зааг эд холбоосны урагдал нойр булчирхайн няцрал, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий амь насанд аюултай гэмтлийг тус тус учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөлтэй үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******:

“...Би 2022 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sway night” нэртэй бааранд найз нарын хамт орсон. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад ширээн дээр сууж байхад найз Бат-Очир “гар утсаа алга болгочихлоо” гэж хэлсэн. Тэгээд ар талын ширээн дээр очоод хүмүүсээс гар утсаа асуугаад юм ярьж байхад шар царайтай хамгаалагч ирээд “танай найз хэрүүл маргаан үүсгээд байна” гэхээр нь Бат-Очир дээр очоод “гаръя” гэхэд “утсаа олж аваад гарна” гэж хэлэхэд Бат-Очир, Ариунбат бид гурвыг баарны үүдний хэсэг рүү дагуулаад гарсан. ...нэг махлагдуу шар царайтай хамгаалагч нь намайг “чи яасан их олон үгтэй юм” гэж хэлээд хоёр гараараа цээж рүү түлхсэн. Тэгснээ “нааш ир ийшээ ороодох” гээд намайг дагуулаад шилэн хаалгатай тамхины өрөө рүү оруулсан. Тэр үед тэр тамхины өрөөний гэрэл унтраатай харанхуй байсан бөгөөд нөгөө шар махлаг хамгаалагч нь миний мөгөөрсөн хоолойг хоёр гараараа базаад багалзуурдахад миний толгой эргээд ухаан алдсан. Тэгээд нэг мэдсэн чинь би баарны гадаа Ариунбат миний хажууд зогсож байсан ба “Бат-Очирыг дотроос аваад ирье” гээд дотогшоо орсон. Би тэр үед дахиад ухаан алдаад сэрэхэд Батболд гэх найзындаа ухаан орсон ба сэрсэн чинь миний айфоне 11 про загварын гар утас, бор өнгийн арьсан хэтэвчтэй Солонгос улсын мөнгөн дэвсгэрт 140.000 вон байснаас 40.000 вон нь алга болсон байсан. 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэмтэл дээр очоод үзүүлсэн чинь миний зүүн эгэм, зүүн мөр орчмоор өвчин орсон байсан томографт үзүүл гэсэн. Тэгээд би гэмтэл дээр үзүүлчхээд төрсөн эгч Энхсүхийн гэрт очиж хоноод маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр миний толгой өвдөөд эргээд байхаар болсон явдлаа төрсөн эгч Энхсүхэд хэлэхэд “хамт эмнэлэг явж үзүүлье” гээд гэмтлийн эмнэлэг дээр буцаж ирээд томографын шинжилгээ өгсөн ба гэмтлийн эмнэлэг “толгойндоо цус хуралттай мөн яс цуурсан байна” гээд намайг шууд хэвтэх шаардлагатай гэхээр нь “гэрт очиж хувцсаа бэлдээд маргааш ирж хэвтье” гээд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж болсон явдлын талаар гомдол гаргасан. Би Энхсайханд боолгуулаад ухаан алдсан. Тэгээд ухаан алдаад миний оюун ухаан орон гаран байхад Энхсайхан гээд хамгаалагч нь намайг гараараа толгойн тус газар руу нэлээд хэдэн удаа цохиод байсан. Тухайн өрөөнд харанхуй байсан бөгөөд намайг Энхсайхан гэх хүн цохсон гэдгийг би яаж мэдэж байна вэ гэвэл шингэн хоолойтой биерхүү махлаг өндөр намаараа надархуу шар царайтай хүн байсан. Тэгээд нэг сэртэл гадаа сэрсэн. Гадаа сэрэхэд миний зүүн талын гар хөдөлж болохгүй байсан нэлээд хөндүүртэй байсан бөгөөд толгой нэлээн дүнгэнэсэн зовуурьтай байсан дагз нэлээд хатгаж өвдөж байсан. ...Би тухайн баарны тамхины өрөөд орохоосоо өмнө хэн нэг хүнтэй маргалдаж цохиулсан зүйл байхгүй хэн нэг хүн тухайн баарны тамхины өрөөнд орохоос өмнө миний биед халдаагүй. Энхсайхан гэх залуу намайг өргөж байгаад пилтан шалан дээр тархиар минь хүчтэй савж унагаан миний биед гэмтэл учруулсан. Би шалан дээр унахдаа толгойгоороо хүчтэй унасан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 19-20, 24-25, 31 дэх тал/,

Гэрч *******:

“...би цуг гараад тамхины өрөө рүү түрүүлж ороод гэрлийг нь унтраасан. Тэгээд би тамхины өрөөний гэрлийг унтраачхаад тамхины өрөөнөөс гарахад Энхсайхан улаан цамцтай залууг тамхины өрөө рүү дагуулж орсон. Тэгээд би тамхины өрөөний үүдэнд хэсэг зогсож байгаад тамхи татах гээд тамхины өрөө рүү ороход Улаан цамцтай залуу Энхсайханыг цохиод байсан. Тэгэхээр нь Энхсайхан тухайн улаан цамцтай залууг өргөж аваад газарт унагаасан. Тэгэхэд нь би тамхины өрөөнөөс гарч яваад тамхины өрөөнд Пүрэвдалай, Энхсайхан болон Улаан цамцтай залуу үлдсэн...” гэсэн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 43 дахь тал/,

Гэрч *******:

“...Энхсайхан улаан цамцтай эрэгтэйг нь “хоёулаа ярилцъя” гэж хэлээд дагуулаад тамхины өрөө рүү орсон. Тамхины өрөө рүү Энхсайхан тэр залуутай орохоос өмнө манай зохион байгуулагч Отгонжаргал тамхины өрөө рүү түрүүлж ороод тамхины өрөөний гэрлийг унтраасан, яагаад гэрэл унтраасныг нь мэдэхгүй. Тамхины өрөөнд Энхсайхан улаан цамцтай залуу 2 ороод маргалдаад Энхсайхан тухайн залууг өргөж аваад газарт шидчихсэн, тэр үед би тамхины өрөөний үүдэнд байсан бөгөөд тухайн улаан цамцтай залууг газарт унах үед нь би очоод татаж босгоод тэр залуу найзуудтайгаа гараад явсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45 дахь тал/,

Гэрч *******:

“...Энхбаатартай Энхсайхан гээд хамгаалагч нь юм ярьж байгаад тамхины өрөө рүү дагуулаад орсон. Тэгэхэд нь би бас араас нь Энхбаатарыг дагаад орсон. Тэгтэл Энхбаатарыг Энхсайхан гээд хамгаалагч нь учир зүггүй боож аваад унагаасан. Тэгээд Энхбаатар газар ухаан алдаж унаад хэсэг хэвтэж байгаад бостол Энхсайхан гээд хамгаалагч нь Энхбаатарыг доошоо тонгойлгож байгаад дээгүүр нь баглаж бариад дээш өргөж байгаад пилтан шалан дээр толгойгоор нь савчихсан. Тэгээд Энхбаатар унаад босож ирээгүй ухаан алдаад уначихсан. Тэр үед би Энхсайхан гэх хамгаалагчтай маргалдаад “чи манай найзыг яаж байгаа юм бэ ухаан алдуулчихлаа шүү дээ” гээд нэлээд удаан маргалдаад байж байх хооронд Энхбаатар босож ирээд би Энхбаатарыг аваад буцаж ширээндээ сууж байгаад баарнаас гараад замынхаа хойд талаар Номин их дэлгүүр лүү алхаад Номингоос хойшоогоо Энхболдын замаар яваад найз Батболдын гэрт очсон. Тэгээд маргааш өглөө нь бид нар Гэмтлийн эмнэлэг орж Энхбаатарыг үзүүлэхэд далны яс хугарсан байсан. Тухайн бааранд байсан Энхсайхан гэх хамгаалагч Энхбаатарын биед гэмтэл учруулсан. Гэмтлийг учруулахдаа Энхсайхан гэх хамгаалагч гараараа хэд хэдэн удаа Энхбаатарын нүүрэн тус газар цохисон мөн 2 гараараа боож ухаан алдуулсан бас толгойгоор нь пилтан шал хүчтэй мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

Гэрч :

“...би тэр хоёрыг хайгаад баарны үүдний хэсэгт очиход Энхбаатарыг нэг хамгаалагч цаашаа тамхины өрөө рүү аваад орж байсан. Тэгээд би араас нь орох гэтэл үүдэнд нь 2-3 хамгаалагч зогсчхоод оруулахгүй байсан. Тэгээд би тэмцэлдэж байгаад араас нь тамхины өрөө рүү ороход Энхбаатар, Энхсайхан гэдэг нэртэй гэсэн байх нэг махлаг шар хамгаалагчийн урд ухаан алдаад уначихсан байсан. Тэгэхээр нь би Энхбаатарыг дуудаж сэрээхэд босоод иртэл Энхбаатарыг Энхсайхан гэх хамгаалагч нь дээш өргөж байгаад тарихаар нь пилтан шалан дээр хүчтэй савчихсан. Тэгээд Энхбаатар дахиад ухаан алдаад уначихаар нь би Энхбаатарыг сэрээх гэтэл миний араас нэг хүн боогоод би ухаан алдаад унасан. Энхбаатар тамхины өрөөнөөс гарч ирэхдээ явж чадахгүй байсан бас бие нь нэлээн зовуурьтай байсан. Тухайн үедээ нэлээн зовуурьтай байсан гэхдээ ил харагдахаар гэмтэл бол байгаагүй сүүлт эмнэлэгт үзүүлснийх нь дараа сонсоход нэлээн хүнд гэмтсэн байсан. Энхбаатарын биед гэмтэл учруулсан хүн гэвэл махлагдуу шар царайтай Энхсайхан гээд хамгаалагч учруулсан гэж би бодож байна. Энхбаатарыг тэр хамгаалагч барьж аваад савахдаа толгойгоор нь маш хүчтэй савсан би бол тэрийг харсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11568 дугаартай:

“...******* биед гавлын баруун зулай, чамархай ясны далд хугарал, дагз баруун чамархайн дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэн, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн голомтлог няцрал, зүүн дал ясны сэртэнгийн далд хугарал, хүзүүнд цус хуралт, зүүх мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тархины гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 72-89 дэх тал/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 90-96 тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Г.Энхбаатарын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 470 дугаартай:

“...******* бие учирсан гавлын баруун зулай, чамархай ясны далд хугарал, дагз, баруун чамархайн дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэн, зүүн дал ясны сэртэнгийн далд хугарал, хүзүүнд цус хуралт, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд хэрэг учрал болсон гэх 2022 оны 08 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн, эдгэрэлтээс хамаарна. Гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. ******* биед учирсан гавлын баруун зулай чамархайн ясны далд хугарал, дагз, баруун чамархайн дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хураа баруун чамархайн дэлбэн зүүн духны дэлбэнгийн тархины эдийн голомтлог няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн дал ясны сэртэнгийн далд хугарал, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хүзүүний цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №11568 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлд цохигдох, хатуу зүйл дээр шидэгдэж унах аль аль үед үүссэн боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 219-222 дахь тал/,

Иргэний хариуцагч “Санкомичид” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Тунгалагтуяагийн:

“...2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө манай “Sway night” нэртэй бааранд ямар үйл явдал болж өнгөрсөн гэдгийг мэдэхгүй байна. Манай компанид архивлагдсан ирцийн бүртгэлийг үзэхэд 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Энхсайхан нь хамгаалагчийн ажил үүргээ гүйцэтгэж, ирсэн гэж бүртгэгдсэн байна. Манай байгууллага *******ы бусдад учруулсан хохирлоос одоогоор 5.000.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан байгаа...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч :

“...хамгаалагч нар нь биднийг ёс бусаар хэлж бид нарын дунд маргаан болсон. Намайг нэг хамгаалагч нь хойноос хоёр удаа боосон хэн гэдгийг би мэдээгүй царайг нь харж чадаагүй арай ухаан алдаагүй. Надтай маргалдаж байсан нэг хамгаалагч нь “хоёулаа юм ярья” гэж хэлсэн тэгээд олон өрөөтэй урт коридорт очиж юм ярьж байхад араас Жанцанноров хамгаалагч залуутай юм ярьсан. Намайг зоддог хамгаалагч нааш ирж “хоёулаа юм ярья” гэж хэлээд дагуулж цааш явж өрөөний үүдээр намайг хөл тавьж түлхэж унагаж дээрээс дэвссэн. Миний бие сонин болсон тэгтэл дээрээс тохойлдоод байх шиг байсан миний дуу гарахаа байсан. Би босож чадахгүй бааранд нэлээд удаан эмч хүлээж суусан ухаан балартсан нүдээ ч нээж чадахгүй байдалтай байсан. ******* нэртэй хамгаалагч намайг түлхэж унагааж дээрээс хэвлий хэсэгт хөлөөрөө дэвсэж өвдөглөсөн, мөн гараараа цохисон тэрнээс болж миний элэг холбоос хэсгээр ханзарч нойр булчирхай цус хуралт бяцралт үүссэн байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 234-235 дахь тал/,

Гэрч :

“...Азаа бид хоёр Мөнхболдыг хамгаалагч нараас салгаад байж байтал нэг хамгаалагч нь Мөнхболдыг дуудаад “нааш ир хоёулаа ярилцъя” гэхэд Мөнхболд тухайн хамгаалагч дээр яваад очтол нөгөө хамгаалагч Мөнхболдыг нэг хаалгаар оруулаад нарийнхан коридор руу дагуулаад явчихаар нь би хэсэг хүлээж байгаад орсон хаалга руу ортол урт коридорт Мөнхболд цуг орсон хамгаалагч залуутайгаа маргалдаад зогсож байсан. Мөнхболдыг коридорын цааш дагуулж явсан хамгаалагч Мөнхболдыг нэг өрөө рүү түлхээд оруулчих шиг болохоор нь би араас нь орох гээд алхаж явтал өрөөн дотроос Мөнхболдын “ёоё” гэх дуу гарсан бөгөөд хамт орсон хамгаалагч нь “чи ямар овоо юм” гэж хэлж байсан. Тэгээд намайг өрөөнд яваад ортол Мөнхболд өрөөний дотор талд үүдний шалан дээр дээшээ харсан байдалтай газар хэвтчихсэн, хамт орсон хамгаалагч нь баруун талд зогсоод дээрээс нь тонгойчихсон зогсож байхаар нь би хамгаалагч залууг Мөнхболдоос салгаж холдуулаад Мөнхболд дээр буцаж ирээд цээжнээс нь өргөөд босгох гэхэд Мөнхболд “найз нь босож чадахгүй байна, миний гэдэс эвгүй болчихлоо” гэж хэлээд газраас босож чадахгүй газар нэлээн удаан сууж байгаад сүүлдээ намайг “түргэн дуудаад өг” гэхээр нь би түргэн дуудсан чинь дуудлагын дагуу түргэний эмч ирж үзээд Мөнхболдыг “дотор гэмтэл авсан байж магадгүй ГССҮТ-т очиж үзүүл” гэж хэлчхээд яваад өгөхөөр нь Мөнхболдыг өрөө рүү дагуулж орж зодсон хамгаалагч болон надтай хамт коридорт үлдсэн хамгаалагч залуу хоёр өөрсдийнхөө машинаар Мөнхболд, Азаа бид гурвыг ГССҮТ хүргэж өгчхөөд яваад өгсөн. Тэгээд эмч нар Мөнхболдыг үзээд эхоны зураг аваад элэг нь гэмтсэн байна гээд хагалгаад оруулсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 237-238 дахь тал/,

Гэрч *******:

“...цаана байх караокены өрөөний хаалга онгойход цээж нүцгэн залуу унах шиг болсон. Би яваад очиход цээж нүцгэн залуу газар дээшээ өндийж байгаа харагдсан Энхсайхан “чи тэгвэл аварга арслангуудаа дууд” гэж хэлээд нэг алгадсан. Би “боль боль” гэж хэлээд болиулахад цээж нүцгэн залуу гэдэс рүү өвдөөд байна гэж хэлсэн. Би түргэн дуудчих гэж хэлээд түргэн дуудсан боловч түргэний эмч ирэхгүй нэлээд удсан нөгөө цээж нүцгэн залуугийн цанх татсан юм болов уу гэж бодоод ус өгсөн тэгсэн хөлрөөд нэг сонин байхаар нь Энхсайханы хамт тэр залууг эмнэлэг хүргэж өгөхөөр болж өөрийн хувийн машинаар Гэмтэл Согог судлалын төв рүү хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 248-250 дахь тал/,

Гэрч :

“...*******аас цээж нүцгэн залууг яасан талаар асуухад би “цээжин дээр нэг өвдөглөж хоёр алгадсан” гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. Эмч ирэхгүй удаад байхаар нь “эмнэлэг авч яв” гэж хэлээд Энхсайхан Пүрэвдалай хоёр нөгөө залуугийн хамт явуулсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3799 дугаартай:

“... биед хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун зүүн дэлбэнгийн зааг эд холбоосны урагдал нойр булчирхайн няцрал, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтлүүд тогтоогдоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамраана. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн:

“...Хэвлийн талын шугамаар мэс заслын оёдол бүхий шархтай, хэвлийн доод баруун зүүн талд урсгуур тавигдаж авагдсан мэс заслын оёдол бүхий шархтай шарханд ариун боолт хийсэн байсан нэг удаагийн хүчтэй үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой Хэвлийн орчим өвдөглөсөн үед үүсэж болох юм...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 17-23 дахь тал/,

Хохирогч ******* дахин өгсөн:

“...Би гар утасныхаа имей кодыг ор тас мартчихсан байгаа тул мэдэхгүй байна. Тухайн гар утас нь Солонгос улсаас орж ирэхдээ өмнө нь ашиглагдаж байсан болохоор хайрцаг савгүй орж ирдэг бөгөөд тийм учир имей кодоо олох боломж байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Д.Энхбаатар, Д.Мөнхболд нарын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр түүнээс олон хүний” эсрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч ******* нь хохирогч Д.Энхбаатарт 7.500.000 төгрөгийг, хохирогч Д.Мөнхболдод 3.000.000 төгрөгийг тус тус хохирол төлбөрт нөхөн төлж барагдуулсан болно” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн хувьд маргаангүй, хохирогч нарт хохирол төлбөр төлсөн. Цаашид гарах эмчилгээний төлбөрийг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа...” гэсэн дүгнэлтийг,

Иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2022 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sway night” нэртэй бааранд хохирогч ******* биед халдаж эрүүл мэндэд нь гавлын баруун зулай, чамархай ясны далд хугарал, дагз баруун чамархайн дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэн, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн голомтлог няцрал, зүүн дал ясны сэртэнгийн далд хугарал, хүзүүнд цус хуралт, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Энхбаатар, гэрч О.Отгонжаргал, Т.Пүрэвдалай, Ө.Бат-Очир, О.Ариунбат нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11568 дугаартай дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Г.Энхбаатарын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 470 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

- 2023 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sway night” нэртэй бааранд хохирогч хэвлий хэсэгт нь хөлөөрөө дэвсэж, өвдөглөж, гараараа цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл элэгний баруун зүүн дэлбэнгийн зааг эд холбоосны урагдал нойр булчирхайн няцрал, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Мөнхболд, гэрч Ш.Жанцанноров, Т.Пүрэвдалай, Б.Энх-Од нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3799 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй чөлөөтэй байдлын эсрэг чиглэсэн идэвхтэй үйлдлийг санаатайгаар хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Түүнчлэн шүүгдэгч ******* нь хохирогч ******* биед халдаж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан цаг хугацаанд хохирогч ******* биед байсан гэх “40.000 вон, “Айфон-11 про” загварын гар утас алдагдсан, дээрх хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн бөгөөд шүүхээс энэ талаарх ажиллагааг хийх шаардлагатай гэж үзсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасныг дагуу шүүх хуралдааныг хойшлуулж дээрх ажиллагааг нэмж хийхийг даалгасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг хийхэд хохирогчийн биед байсан гэх эд зүйл шүүгдэгч *******ы үйлдлийн улмаас алдагдсан нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч Д.Энхбаатар нь гар утсаа хэзээ, хаана, хэрхэн алга болсон талаарх мэдээллийн эх сурвалжаа тодорхой зааж чадаагүй болно.  

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр, түүнээс олон хүний” эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд “Санкомичид” ХХК-н /ерөнхий менежер М.Тунгалагтуяа/-г иргэний хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчөөгүй. Учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан бөгөөд ******* нь дээрх байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хамгаалалтын ажил үүрэг гүйцэтгэж байсан байх тул *******ыг ажил үүргээ гүйцэтгэх явцад хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан хохирлыг ажил олгогч нь хуульд заасны дагуу хариуцах үүрэг бүхий этгээд байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мөнхболдын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь 3.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс баримтаар нэмж хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.

Түүнчлэн хохирогч ******* эрүүл мэндэд мөн энэ гэмт хэргийн улмаас хүнд хохирол учирсан, уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийсэн зардал болон бусад хохирол төлбөрт иргэний хариуцагчаас 5.000.000 төгрөг, шүүгдэгч *******аас 2.500.000 төгрөг, нийт 7.500.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан бөгөөд хохирогч Д.Энхбаатар нь “гомдол саналгүй” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Харин хохирогч Д.Энхбаатар, Д.Мөнхболд нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг, мөн иргэний хариуцагч “Санкомичид” ХХК нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргаагүй, хохирогч нарт учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх” эсэхийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тухай зохицуулалт ба  шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзаж “хорих ялыг хөнгөрүүлэх” нь зүйтэй гэж шүүх үзэв.  

Иймд эрүүгийн хариуцлагыг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205027700694 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 2 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Санкомичид” ХХК нь өөрт учирсан хохирлын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Энхбаатар, Б.Мөнхболд нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 2 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нар, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  М.ДАЛАЙХҮҮ

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        О.ЖАНЧИВНЯМБУУ

 

          ШҮҮГЧ                                                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ