| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 181/2019/03131/И |
| Дугаар | 1104 |
| Огноо | 2020-04-09 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 1104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Э-тхолбогдох,
5,175,754 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э ХХК-ийн төлөөлөгч Ц.П, хариуцагч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э К ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Э нь Э К ХХК-нд 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн цахилгааны инженерээр ажиллаж байсан. Ажиллаж эхлээд 10 сарын дараа буюу 2016 оны 01 дүгээр сарыг дуусгаад 2016 оны 02 дугаар сараас хлэн хилийн чанадад суралцахаар явснаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон. Тэрээр гадагшаа сургуульд сурах хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулалгүйгээр төлж байхыг хүсээд, төгсөөд эргэж ажиллаад цалин хөлснөөсөө буцааж төлж барагдуулна гэсэн тул түүний өмнөөс нийгмийн даатгалыг нь төлсөн. Элөктрикком ХХК нь М.Э-ынхүсэлтийн дагуу мөн бага насны 2 хүүхэдтэй, залуу ажилтандаа дэмжиж, явахын өмнөх буюу 2016 оны 01 дүгээр сард авч байсан цалин 581,818 төгрөгийн жишгийн дагуу сард 500,000 төгрөгийн цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг дараах байдлаар төлж, бичилтийг тэмдэглэн баталгаажуулж байсан. Үүнд: 2016 оны 02 дугаар сараас 2017 оныг дуустал 1 сарын нийгмийн даатгалын шимтгэлд 110,000 төгрөг, нийт 23 сард 2,530,000 төгрөг. Энэ хугацааны ХАОАТ-ын шимтгэлд 1 сарын 38,000 төгрөг, нийт 23 сард 874,000 төгрөг буюу нийт 3,404,000 төгрөг төлсөн. 2018 онд шимтгэлд өөрчлөлт орсноор 12 сарын туршид сарын 120,000 төгрөг, нийт 1,440,000 төгрөг, энэ хугацааны ХАОАТ-ны шимтгэлд 1 сарын 31,167 гөгрөг, нийт 12 сард 374,004 төгрөг буюу нийт 1,814.004 төгрөг төлсөн. 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 3 сарыг дуустал 1 сарын нийгмийн даатгалын шимтгэлд 125,000 төгрөг, нийт 3 сард 375,000 төгрөг. Энэ хугацааны ХАОАТ-ны шимтгэлд 1 сарын 24,250 төгрөг, нийт 3 сард 72,750 төгрөг буюу нийт 447,750 төгрөг төлсөн. Нэгтгэн дүгнэвэл 2016 оны 02 дугаар сараас 2019 оны 3 дугаар сарыг дуустал нийт 38 сарын туршид нийгмийн даатгалын болон ХАОАТ-ын шимтгэлд 5,665,754 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулалгүйгээр төлсөн байна. М.Энь дээрх шимтгэл төлөлттэй танилцаад 1,000,000 төгрөгийг 2019 эны 04 дүгээр сарын 23-нд өдөр тус компанийн ажилтан О.Отгоны данс руу шилжүүлсэн. Энэ төлбөрөөсөө явахдаа зээлсэн 510,000 төгрөгийг нөхөн төлж, үлдэгдэл 490,000 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн зардлаас тодорхой хэсгийг буцааж төлөөд байна. М.Энийгмийн даатгалд төлүүлсэн үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байсан бөгөөд мөнгөө нэхэхэд миний зээл авах эрх 2019 оны 10 дугаар сарын 23-наас нээгдэнэ гэсэн. Тэр үед өгье гэж бодож байна..." гэсэн боловч төлөөгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1., 493 дугаар зүйлийн 493.1.-д заасныг үндэслэн мөн хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-д заасны дагуу нийгмийн даатгалд төлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 5,175,754 төг төлүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөрөө М.Энь нийгмийн даатгалын байгууллагаас үзүүлэх 30 төрлийн үйлчилгээнээс гадна банкнаас зээл авах, гадаад улс руу зорчихоор виз мэдүүлэх зэрэгт нийгмийн даатгал санхүүгийн баталгаа болгож байсан. Иймээс М.Энь "Электрикком ХХК-д ажиллаж байгаад эргэж ажиллаад цалингаасаа буцааж төлнө гэсэн атлаа цалингаа голоод эргэж ажиллаагүй, мөн дараа нь өөр ажилд ажиллаад зээлийн эрх үүсэхээр төлнө гэсэн боловч төлөхгүй байгаа тул нийгмийн даатгалыг биднээр тасалдуулалгүйгээр төлүүлээд тодорхой хэсгийг төлөөд үлдэгдэл 5,175,754 төгрөгийг төлөхгүй байх тул үлдэгдэл мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э К ХХК-ийн төлөөлөгч Ц.Пшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Энь манай байгууллагад цахилгааны инженерээр ажиллаж байх хугацаандаа гадаад улсад суралцахаар болсон тул 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн. М.Э-ынгаргасан хүсэлтийн дагуу суралцаж байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тасалдуулахгүй байх зорилгоор 2016 оны 02 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлд аж ахуйн нэгж болон хувь хүний өмнөөс төлсөн. Мөн зээл 500,000 төгрөг өгч байсан. Хариуцагч 1,000,000 төгрөг төлсөн тул төлбөрийн үлдэгдэл 5,175,754 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Эшүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 2 сараас эхлэн Тайвань улсад өөрийн зардлаар суралцахаар болж "Э К ХХК-иас ажлаас гарах талаар удирдлагадаа хуульд заасан хугацааны дагуу мэдэгдэн. Ажлаас чөлөөлөгдөх тушаал тухайн үед гаргуулан тойрох хуудас зуруулж ажлаа хүлээлгэн өгсөн билээ. "Э К ХХК нь залуу ажилтнаа дэмжих дэмжлэг болгон 510,000 төгрөгийг буцалтгүй тусламж, хандив хэлбэрээр өгсөн. Гэвч шүүх хурал дээр Зээлсэн гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь М.Энадад Дэмжлэг гэж өгсөн мөн би шүүх хуралд тухайн мөнгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин тухайн компани нь уг мөнгийг Хандив, буцалтгүй тусламж зэргээр тайландаа тусган бүртгэж зардал гэж тусгачхаад М.Эминий биеэс мөнгө зээлсэн гээд нэхэмжилж байгаа нь мөн миний тус байгууллагын дансанд шилжүүлсэн нэг сая төгрөгөөс хасаж тооцохыг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс тухайн үед тусгасан тайландаа хэрхэн тусгасан талаарх зээлсэн эсхүл авлага үүсгэсэн гэсэн нотолгоогоо шүүхэд гаргаж өгөхийг хүсч байна. Энэ нь нэгт тухайн байгууллага зээлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага биш, мөн энэ мөнгийг ажлаас гарсан ажилтандаа мөнгө зээлсэн гэхээс илүү ажлаас гарсан ажилтандаа дэмжлэг үзүүлэн өгсөн гэдэг нь илүү логиктой гарч ирж байна. М.Эминий бие нь тухайн байгууллагын Иргэний Хуулийн 492-496-д зохицуулсан үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой хуулийн зүйл заалтууд нь эзний зөвшөөрөлгүй, хууль бусаар олж авсан хөрөнгийг буцааж эзэнд нь олгох зорилготой. Энэ бүлгийн зохицуулалт нь Хөрөнгө шилжүүлэн авсан этгээдээс уг хөрөнгийг эзэнд нь бүр мөсөн авч эзэнд нь авч өгөхөөр зохицуулагддаг. Тиймээс Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1, 493-р зүйлийн 493.1-т заасан үндэслэл байхгүй байгаа нь харагдаж байна. Тиймээс Иргэний хуулийн тусгай ангийн 492-р зүйл, 493-р зүйл, 496-р зүйлээр шаардах эрх үүсэхгүй байна. Нэхэмжлэгч талын хариу тайлбарт буй Ажил олгогчийн 2016.02.01-ны өдрийн 03/2016 дугаартай Чөлөө олгох тухай захирлын хууль зүйн үндэслэлгүй гарсан тушаал нь дараах эрх зүйн зөрчлийг үүсгэсэн байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 32-р зүйлийн 1 дэх хэсэгт заагдсаны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 47-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан цалин хөлс, мөн тус хуулийн 55, 56, 57, 59, 64, 66, 69 зүйлд заасан олговорт Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр заасан байх''-д хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг үндэслэн М.Эминий биеийг ажил хөдөлмөр эрхэлж, гар дээр цалин мөнгө авч ажиллаж байгаагаар тооцон Нийгмийн даатгал болон Татварын тайлангаа хуурамчаар тайлагнасан байна. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3-р зүйл, 3.1.1-т Нягтлан бодох бүртгэлийн Аккурэл суурь гэдэгт Орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээж зөвшөөрч бүртгэх аргыг, тус хуулийн 4-р зүйлийн 4.1.1-т Аж ахуй нэгж байгууллага Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартыг дагаж мөрдөнө, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.1.4-т Аж ахуй нэгж байгууллага нягтлан бодох бүртгэлдээ үнэн зөв байх зарчмыг баримтална гэж заасныг тус тус зөрчсөн. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 17-р зүйлийн 17.1.1-т Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэм буруугийн шууд санаатай үйлдэл байна. М.Эминий Нийгмийн даатгалын шимтгэл нь 2016 оны 02 сараас 2016 оны 12 сар дуустал Хөдөлмөрийн Хөлсний доод хэмжээгээр 192,000 төгрөгөөр тооцоод 19,200*11=211,200 төгрөг, 2017 оны 01 сараас 2017 оны 12 сар дуустал ХХДХ-ээр 240,000 төгрөгөөр тооцоод 24,000*12=288,000 төгрөг 2018 оны 01 сараас 2018 оны 12 сар дуустал ХХДХ-ээр 240,000 төгрөгөөр НДШ ажилтнаас 11% тооцоод 26,400*12= 316,800 төгрөг, 2019 оны 01 сараас 03 сарыг дуустал ХХДХ-г 320,000 төгрөгөөр НДШ ажилтнаас 11.5% тооцоод 36,800*3=110400 төгрөг болж байна. Нийт 38 сарын НДШ нь 926,400 төгрөг болж байгаа. Үүнд тухайн байгууллагад шилжүүлсэн 1,000,000 төгрөгөөс дээрх 38 сарын Нийгмийн даатгалын шимтгэлийг суутгуулан өөрийн 38 сарын Нийгмийн даатгалын шимтгэлийг хүчин төгөлдөр хэвээр тооцуулах хүсэлтэй байна. Мөн М.Эминий бие нь Улсын тэмдэгтийн хураамж болон бусад холбогдох мөнгийг төлөхгүй ба хураалгасан бичиг баримт болох Нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр, Иргэний үнэмлэх бичиг баримтаа авах хүсэлтэй гэдгээ дахин илэрхийлж байна гэжээ.
Хариуцагч М.Эшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 02 дугаар сараас гадаад улсад суралцахаар болсон. Тухайн үед ажиллаж байсан Э К ХХК-ийн удирдлагууддаа гадаад улсад суралцах гэж байгаа талаараа танилцуулж, тойрох хуудсаа зуруулж, ажлаасаа чөлөөлөгдсөн. Тухайн үеийн удирдлагатай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр гадаад улсад суралцаж байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байхаар болсон. 2019 оны 03 дугаар сард төгсөж ирэхэд миний нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр биш ажиллаж байсан мэтээр хэт өндөр дүнгээр төлсөн байсан. 2016 оны 03 дугаар сараас 2019 оны 02 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож бодоход 2019 оны 04 дүгээр сард миний төлсөн 1,000,000 төгрөгт багтаж байх тул нэмж мөнгө төлөх боломжгүй. Өөрийн бичиг баримтуудыг "Э К ХХК-иас авмаар байна гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э К ХХК нь хариуцагч М.Э-тхолбогдуулан 2016 оны 02 дугаар сараас 2019 оны 3 дугаар сарын нийт 38 сар нийгмийн даатгалын болон хүн амын орлогын албан татварын шимтгэлд төлсөн 5,175,754 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 1,000,000 төгрөг төлсөн, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч Э К ХХК нь хариуцагч М.Э-ыг2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн цахилгааны инженерээр хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллуулж байсан байх бөгөөд М.Энь хувийн зардлаар гадаад усад суралцах болсонтой холбоотойгоор ажил олгогчтой гадаадад суралцаж төгсөөд ирэх хүртэл хугацаанд ажил олгогч ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдалгүй төлөх, ажилтан үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан.
Нэхэмжлэгч Э К ХХК нь хариуцагч М.Э-ыггадаадад суралцаад буцаж ирэх хүртэл хугацаанд буюу 2016 оны 02 дугаар сараас 2019 оны 3 дугаар сарыг дуустал нийт 38 сарын хугацаанд ажилтанд 500,000 төгрөгийн цалин олгосноор тооцож, нийгмийн даатгалын болон хүн амын орлогын албан татварын шимтгэлд нийт 5,665,754 төгрөг төлсөн нь М.Э-ынНийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна.
Ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 1/-т зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй.
Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчид 500,000 төгрөгийн цалинг олголгүй, нийгмийн даатгалын болон хүн амын орлогын албан татварын шимтгэлийг 500,000 төгрөгөөс тооцож төлөхөөр талууд тохиролцсон болох нь тогтоогдохгүй байна.
Ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй, 500,000 төгрөгийн цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч буюу нэхэмжлэгч төлөхөөр тохиролцсон нь тогтоогдохгүй байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож НДШ-ийг буцаан төлж, үлдэх хэсгийг төлөхгүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчид 2016 оны 02 сараас 2016 оны 12 сар дуустал Хөдөлмөрийн Хөлсний доод хэмжээ 192,000 төгрөгөөр тооцож 19,200*11=211,200 төгрөг, 2017 оны 01 сараас 2017 оны 12 сар дуустал Хөлсний доод хэмжээ 240,000 төгрөгөөр тооцож 24,000*12=288,000 төгрөг, 2018 оны 01 сараас 2018 оны 12 сар дуустал Хөлсний доод хэмжээ 240,000 төгрөгөөр тооцож НДШ ажилтнаас 11 хувь 26,400*12=316,800 төгрөг, 2019 оны 01 сараас 03 сарыг дуустал Хөлсний доод хэмжээ 320,000 төгрөгөөр тооцож НДШ ажилтнаас 11.5% тооцоод 36,800*3=110400 төгрөг нийт 38 сарын 926,400 төгрөг төлөхөөс 1,000,000 төгрөг төлсөн байна.
Хариуцагчийн төлсөн 1,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч 510,000 төгрөгийг зээл, үлдэх 490,000 төгрөгийг НДШ-д тооцож авсан гэж тайлбарласан боловч үүрэг гүйцэтгэгч нь гүйцэтгэх үүргээ өөрөө тодорхойлно. Нэхэмжлэгч шүүхэд 510,000 төгрөгийн зээлтэй холбоотой шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэнэ.
Иймд хариуцагч М.Э-тхолбогдох 5,175,754 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э К ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492.1.1-т заасан үндэслэлгүй байх тул хариуцагч М.Э-тхолбогдох 5,175,754 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э К ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,762 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР