Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/773

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305014971077 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 26-нд Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилтай, ам бүл 5, нөхөр, 05 сартайгаас 6 насны 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *******, ******* д амьдардаг, урьд ял шийтгэлгүй, /РД:ТЕ*******/, ******* овогт *******ийн *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн *******, байрны 0 тоотод оршин суух хохирогч Л.*******н гэрээс түүний эзэмшлийн “Samsung A23” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Г.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр:..Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би 5 сартайгаас 6 насны 3 хүүхэдтэй. Нөхөр маань хүнд өвчтэй учраас хүнд ажил хийх боломжгүй байдаг. Нөхөр бид 2 хийж нийлээд сардаа 400.000 төгрөгийн цалин авдаг. Хохирлоо нөхөн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Гурав: Эрүүгийн 2305014971077 дугаартай хэргээс.

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.*******н хохирогчоор өгсөн: “Би 2023 оны 3 дугаар сарын 29-ний орой 21 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах байрны 0 тоотод байрлах гэртээ ирсэн. Тэгээд гэртээ орж ирээд гар утсаа шүүгээн дээрээ тавиад ариун цэврийн өрөө орчхоод эргээд гарч ирээд гар утсаа авах гэсэн чинь миний гар утас байгаагүй тэгээд тухайн байрны д манай хадам аавынх мөн ******* гээд айл бас *******ийн ээжийнх байдаг юм. Дундаа нэг ариун цэврийн өрөө байдаг бөгөөд намайг ариун цэврийн өрөө орох хооронд манай гэрийн хаалга онгорхой байсан.Тэгээд миний гар утас алга болохоор нь би өөрийнхөө гар утас болох ******* залгахад холбогдох боломжгүй болсон байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 12-13 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.*******н хохирогчоор дахин өгсөн: Энэ талаар таныг үзлэг хийх үед тайлбарласан. Би өөрөө д амьдардаг урт үргэлжилсэн коридор дуусаад зүүн гар талд манай гэр рүү орохын тулд бор хаалгатай үүдний өрөө байдаг түүгээр дамжиж би гэртээ ордог ******* мөн адил гэртээ ордог. Тэр хэсгийг би үүдний өрөө гэдэг ******* мөн адил тэр өрөөг үүдний өрөө гэж нэрлэдэг. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг хөдөө байхад цагдаагийн байгууллагаас дуудаж ирүүлж байна. Би энэ асуудлаар дахин ирж чадахгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ дахин дахин хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.*******ийн яллагдагчаар өгсөн: “Би Баянгол дүүргийн 18 хороо байрны хийдэг ба тус байрныхаа 2 дугаар д амьдардаг. Манай хажуу хаалганд *******гийнх байдаг. Би 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг өнгөрч байхад гэртээ байж байгаад хажуу айл болон *******гийн гэрт нь ороход гэрт нь хүн байхгүй гарах гэхэд үүдний ширээ гэх үү шүүгээний дээр хар өнгийн гар утас байхаар нь авч гарсан. Би утсыг нь аваад нөхрийнхөө эгчийнд очиж хонохоор ярьсан байсан ба шууд явахаар гараад гадаа гараад утсыг нь унтраагаад эгчийнд нь очиж хоноод нөгөө утсаа 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн өдөр Хархорин зах дээр 200.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал)

4. “Ашид Билгүүн” ХХК-ийн “Samsung A23 загварын гар утас 1 ширхгийг 700.000 төгрөгөөр” үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 20-23 дахь тал)

5. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 66-74 дэх тал)

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 40 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Г.******* нь 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн *******, байрны 0 тоот гэртээ орохдоо үүдний хэсэгт байх шүүгээн дээр байсан хохирогч Л.*******н эзэмшлийн Samsung A23 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 хохирогч Л.*******н  өгсөн: “Би 2023 оны 03 дугаар сарын 29-ний орой 21 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах байрны 0 тоотод байрлах гэртээ ирсэн. Тэгээд гэртээ орж ирээд гар утсаа шүүгээн дээрээ тавиад ариун цэврийн өрөө орчхоод эргээд гарч ирээд гар утсаа авах гэсэн чинь миний гар утас байгаагүй...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 12-13 дахь тал), Л.*******н хохирогчоор дахин өгсөн: Энэ талаар таныг үзлэг хийх үед тайлбарласан. Би өөрөө д амьдардаг урт үргэлжилсэн коридор дуусаад зүүн гар талд манай гэр лүү орохын тулд бор хаалгатай үүдний өрөө байдаг түүгээр дамжиж би гэртээ ордог ******* мөн адил гэртээ ордог. Тэр хэсгийг би үүдний өрөө гэдэг ******* мөн адил төр өрөөг үүдний өрөө гэж нэрлэдэг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал), “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 20-23 дахь тал), Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 66-74 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.*******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би Баянгол дүүргийн 18 хороо байрны хийдэг ба тус байрныхаа 2 дугаар д амьдардаг. Манай хажуу хаалганд *******гийнх байдаг. Би 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг өнгөрч байхад гэртээ байж байгаад хажуу айл болон *******гийн гэрт нь ороход гэрт нь хүн байхгүй гарах гэхэд үүдний ширээ гэх үү шүүгээний дээр хар өнгийн гар утас байхаар нь авч гарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал) давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар тооцох үндэслэл болно.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал гаргасныг шүүгдэгч хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар  маргаж, мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэж байна.

 Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.    

Шүүгдэгч Г.*******ийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцогдоно. Иймд Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хохирлын тухайд шүүгдэгч Г.******* нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогч Л.Есүйдэйд 700.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж хавтаст хэргийн 76 дахь талд мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч Г.*******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.*******ийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх” санал дүгнэлтийг гаргалаа.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч Г.******* нь дээрх гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан 700.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал зэргийг нь харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн хуулийн энэхүү зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнсэв.

Эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн Шүүх, шүүгдэгч Г.*******т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.******* тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан  “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэв.

Хэрэгт Г.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

1..******* овогт *******ийн *******ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Г.******* тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Г.*******т мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Хэрэгт Г.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ