Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 1003

 

 

 

 

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2020/01003

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС          

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,           

Нэхэмжлэгч: М.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Э-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,891,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч М.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин М.А нь 2019 оны 01 сарын 09-ний өдөр 1 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй 2,000,000 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр Ж.Э-ынхүсэлтээр зээлийн хүү, зээлийн хугацааг харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан. Сарын дараа зээлсэн мөнгөө төлөхийг шаардахад, үндсэн зээлийг өгч чадахгүй зээлийн хүүг төлж байя гэж Ж.Э хэлсэн. Зээлийн хүүг тогтмол өгч чадахгүй байсан учир 15 хувийн хүүг 10 хувь болгож буулгасан. Нийт зээлийн хүүнд 2019 оны 02 дугаар сараас 05 дугаар сар хүртэл 2 удаа 200,000 төгрөгөөр, 2 удаа 300,000 төгрөгөөр нийт 1,000,000 төгрөгийг, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үндсэн зээлэнд 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг төлсөн. Ж.Э нь зээлийн үүргээ биелүүлэхгүй байсан тул гэрт 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэрт нь очиж 2,000,000 төгрөгийг 60 хоногийн хугацаанд өдөр бүр 33,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Иймд Үндсэн зээлэнд 2,000,000 төгрөг, алданги 60 хоногоор тооцож 291,720 төгрөг, 10 хувиар тооцож 3 сарын хугацааны зээлийн хүү 600,000 төгрөг нийт 2,891,720 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Ж.Э-ын шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гэж бичсэн. Гэвч тухайн өдөр 2,000,000 төгрөг хариуцагч аваагүй. Нэхэмжлэлийн шаардлагад алдангийг яаж бодсон талаарх тооцоо байхгүй. Талууд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулсны дагуу 2,000,000 төгрөг Ж.Э-ындансанд орж ирсэн нь үнэн. Ж.Э зээлийн төлбөрт 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 300,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 700,000 төгрөгийг тус тус төлсөн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч 2 удаа 200,000 төгрөг, 2 удаа 300,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байх тул нийт 1,700,000 төгрөгийг төлсөн байна. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагчид мөнгө өгөөгүй учир уг зээлийн гэрээ хүчингүй болно. Тиймээс уг гэрээнээс зээл, зээлийн хүү, алданги нэхэмжлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:           

Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Ж.Э-тхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 2,000,000 төгрөг, 3 сарын зээлийн хүү 600,000 төгрөг, 60 хоногийн алданги 291,720 төгрөг нийт 2,891,720 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч 1,500,000 төгрөгөөс бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.           

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв. 

Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Ж.Э-т2019 оны 01 сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна.  

Талууд өөрсдийн хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулсан, гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний агуулгад нийцсэн байх тул хэлцэл хүчин төгөлдөр байна. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 2,000,000 төгрөгийг шилжүүлж, хариуцагч зээлийн хүүгийн төлбөрт нэхэмжлэгчид 2019 оны 02 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 03 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 04 сарын 06-ны өдөр 200,000 төгрөг, 05 сарын 03-ны өдөр хүү 200,000 төгрөг, үндсэн зээл 500,000 төгрөгийг тус тус төлжээ. Энэ талаар зохигч талууд маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан зээлийн гэрээ, төлөлтийн хуваар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 37/

Зээлдэгч Ж.Э гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийн үлдэгдэл 1,500,000 төгрөгийг төлөөгүй тул 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгийг хүүгүй, 60 хоногийн хугацаанд төлөхөөр тохирсон гэрээг бичгээр байгуулсан байна. /хх-ийн 5 дугаар тал/  

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж, 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.  

Нэхэмжлэгч 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээний дагуу 2,000,000 төгрөгийг шилжүүлээгүй учир уг гэрээний дагуу зээл, хүү, алданги шаардах, мөн өмнө нь байгуулсан зээлийн гэрээгээр тохирсон хүүг хугацаанд нь төлсөн байх тул хүү шаардсан нь үндэслэлгүй байна.  

Түүнчлэн 2019 оны 01 сарын 09-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд алдангийг Зээлдэгч нь өдөр бүр төлөх мөнгөө хагацаа хэтрүүлбэл 0.5 хувийн алданги буюу сар бүрийн 10 хувийн хүүг тооцож авна гэж тохирсноос үзвэл хуульд заасан алдангийн зохицуулалт, тохиролцоо тодорхой хийгдсэн гэж үзэх боломжгүй байна.  

Иргэний хуулийн 281 дүгээр 281.1-т заасны дагуу зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээх учир хариуцагч Ж.Э нь нэхэмжлэгч М.Ад зээлийн төлбөрт 1,500,000 төгрөг төлөх үүрэгтэй.  

Иймд хариуцагч Ж.Э-с 1,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,391,720 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ж.Э-с 1,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,391,720 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,218 төгрөг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э-оос улсын тэмдэгтийн хураамжид 38,850 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР