Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/668

 

2023          08            18                                             2023/ШЦТ/668

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтлөн,

Улсын яллагч Г.Түвшинбаяр, 

Шүүгдэгч Э.Р******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Боржигин овогт Э******* Р*******ид холбогдох эрүүгийн 2305008520707 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 30 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Миг ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, Булгийн ******* дугаар гудамж, ******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

Боржигин овогт Э******* Р******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Р******* нь “...2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.О******* байрны хэрэглээний зардлаас үүдэн маргалдаж улмаар Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна нүүр болон биеийн бусад хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн алганы 2 дугаар ясны хугарал, духанд шарх, баруун сарвууны 4 дүгээр хуруунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар     

 

 

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Э.Р******* нь “...2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.О******* байрны хэрэглээний зардлаас үүдэн маргалдаж улмаар Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна нүүр болон биеийн бусад хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн алганы 2 дугаар ясны хугарал, духанд шарх, баруун сарвууны 4 дүгээр хуруунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Р*******ийн “…Би гэм буруу дээрээ маргахгүй …” гэх мэдүүлэг, 

 

Эрүүгийн 2305008520707 дугаартай хэргээс:

 

2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 02 дугаар сарын 04-ний Ц.О хохирогчоор өгсөн “...Би 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эхнэрийн хамт гэртээ амарч байхад 00 цаг өнгөрөөгөөд манай хажуу айлын залуу “энэ муу айлын 2 писдаг хөөж гаргана аа” гэж хэлээд шууд манай хаалгыг өшиглөөд ороод ирсэн. Орж ирсэнээ “та 2 пизда мөнгөө аваад зайл” гэж хэлэхээр нь би хүнтэй муудалцаад яахав согтуу хүмүүс шөнөжин агсан тавиад унтуулахгүй юм байна гэж бодоод аккумлятор авч гараад машинаа асаахаар зогсож байхад намайг татахаар нь би эргээд харахад миний дух орчим нэг удаа гараараа цохиод, намайг доош дарахад нь би доошоо унахад намайг хөлөөрөө өшиглөхөд нь би зүүн гараараа хаахад гарын сарвуу “нурах” гэж дуугараад гар сонин болоход миний хувцаснаас зулгаагаад намайг чирээд “чамайг ална аа” гээд орилоод байсан. Тэгсэн эхнэр цонхон дээрээ орилохоор нь би энэ намайг аллаа гэж орилоход тэр залуу намайг тавиад явсан. Хаашаа явсан гэдгийг мэдэхгүй. Би машины аккумлятор машиндаа угсрахаар хаалгыг нь онгойлгоод суудлын доор байх зайнд нь хийгээд тонгойгоод зогсож байхад намайг араас татахаар нь би эргээд харахад миний нүүр лүү цохисон. Нүүр лүү цохих үед нь нүүрэнд гал манарах шиг болоход намайг татаад газар унагаасан. Би босч ирээд яаж байнаа гэхэд миний салтаа орчим өшиглөх гэж оролдоход нь би зүүн гараараа хаахад зүүн гар маань сонин болсон. Тэгээд намайг татаж унагаагаад татаад чирэхэд би зүүн гараараа тулах гээхэд гар хөндүүр оргиж байсан. Намайг чирж байхдаа чамайг алнаа гэсэн. Байшингийн цонхоор манай эхнэр орилох үед Р******* намайг тавиад цаашаа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-11 тал/,    

                                                                                                              

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Я.Э******* гэрчээр өгсөн “... цагдаа дуудаж байхад намайг Р******* түлхээд байсан. Тэр үед манай нөхөр хувцасаа өмсөөд гэрт оруулж ирсэн машиныхаа аккумляторыг аваад гарсан. Тэгсэн Р******* цагдаа дуудлаа гэж уурлаад гэрээс гараад явсан. Манай нөхөр гэрийн тагтны доор “Р******* намайг зодчихлоо” гэж хэлсэн. Би нөхөрөө харахад нүүр хэсэг нь цус болсон, гараа өргөөд гар өвдөөд байна гэж манай нөхөр Одончулуун хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-******* тал/

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Т.О******* гэрчээр өгсөн “... 2023 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө буюу тухайн өдөр нөхөр Р******* болон өөрийн найз Мөнхцэцэгийн хамт Мөнхцэцэгийн гэрт хэдэн шил пиво ууцгаачихаад салцгааж нөхөр бид хоёр 23 цагийн үед гэртээ харьсан. Манай нөхөр түрүүлж гэртээ орсон. Хоолоо хийхээр мах гаргаж тавьчихаад байж байсан чинь манай нөхөр хажуу жижиг өрөөг түрээслэж байсан Одончулуун, Энхмаа нарын өрөөний хаалгыг цохиж улмаас жижигхэн маргалдаж Одончулуун ах гараад явсан, араас нь манай нөхөр гараад л явсан. Тэр хоёрыг яасныг би мэдэхгүй байна. Тэр хоёрыг гарсаны дараа Энхмаа гэнэт орилж чарлаад манай нөхрийг зодчихлоо гэж хэлээд над руу хашгичаад байхаар нь жаахан хэрүүл маргаан хийж байгаад унтахаар хэвтсэн чинь нөгөө эгч 05 цаг өнгөрч байхад цагдаа дагуулж орж нөхөр бид хоёрыг эрүүлжүүлэхэд хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2290 дугаартай “...Ц.О биед зүүн алганы 2 дугаар ясны хугарал, духанд шарх, баруун сарвууны 4 дүгээр хуруунд зулгаралт тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Э.Р*******ийн яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр эхнэрийн хамт найзынхаа гэрт зочилж очоод юм ярьж суунгаа хүний 3 пиво уугаад орой гэр лүүгээ явсан. Гэрийн гадаа ирээд эхнэр гэр лүүгээ түрүүлээд орохоор нь би гадаа машинаас эд зүйл авахаар үлдэж машинаас хувцас эд зүйлээ аваад гэр лүгээ орсон. Гэрт ороход манай эхнэр байрны хажуу өрөө хамт түрээсэлдэг хүнд хандан “нэг байранд амьдарч байж тог, усныхаа мөнгөнөөс хувааж төлөөч” гээж хажуу айлын эгчтэй үүдний өрөөнөөс чанга дуугаар хэлж байсан. Би гэрт орж ирээд хажуу өрөөний хаалгыг жаахан хүчтэй түлхэхэд хаалга нь нэг юманд тээглээд онгойсон. Тэгсэн дотор талаасаа гүйдэг замган түгжээ нь мултраад онгойсон байсан. Намайг өрөөнд ороход айлын Одончулуун ах, Энхмаа эгч 2 орон дотроо хэвтэж байхаар нь би “та нарт өрөөний түрээсийн мөнгийг чинь өгнө манайхаас гарчихаарай” гэж хэлээд өрөөнөөс гарахад байрны хажуу өрөө түрээслэгч Энхмаа эгч “хаалга үүд эвдэллээ цөм өшиглөж орж ирлээ та нарт дандаа ингэж агсан согтуу тавьдаг” гэх зэргээр орилохоор нь би “хаалга өшиглөөгүй түлхэхдээ хүчтэй түлхчихлээ хэн хаалга үүд өшиглөөд байгаа юм” гэсэн боловч уг авахгүй орилоод байхаар нь би гэрээсээ гараад гадаа тамхи татангаа гадуур алхаж байгаад орохоор явж байхад гадаа Одончулуун ах машины хаалгаа онгойлгоод суудал дээрээ суугаад машины нэг юмаа оролдоод байж байхаар нь би татахад тэр дээрээс газар унахдаа Одончулуун ах гараараа тулаад унасан. Би босоод ир гээд хувцаснаас нь зулгааж босгоод цаашаа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 04/1192 дугаартай албан бичиг хавсралтын хамт /хх-ийн 55-56 тал/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 78-81, 83-86 тал/,

 

Хохирогч Ц.Одончулуунаас гаргаж өгсөн эмчилгээний зардлын баримтууд /хх-ийн 65-74 тал/, 

           

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Р*******ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 60 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна шүүгдэгч, хохирогч нар байрны хэрэглээний зардлаас үүдэн маргалдаж нүүр болон биеийн бусад хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодож, улмаар хохирогч Ц.О эрүүл мэндэд “зүүн алганы 2 дугаар ясны хугарал, духанд шарх, баруун сарвууны 4 дүгээр хуруунд зулгаралт” бүхий гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон.

 

Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хохирогчийн мэдүүлэг, гэрч Я.Энхмаа, Т.Отгонцэцэг нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар шүүгдэгч Э.Р******* нь хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан, өөрийн үйлдлийг ухамсарлаж байсан болох нь тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Э.Р******* нь 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.О******* байрны хэрэглээний зардлаас үүдэн маргалдаж улмаар Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна нүүр болон биеийн бусад хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн алганы 2 дугаар ясны хугарал, духанд шарх, баруун сарвууны 4 дүгээр хуруунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2290 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т “...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 2290 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

 

 

Хохирол төлбөрийн тухайд:

 

Хохирогч Ц.Одончулуун нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан эмчилгээний зардалд 1,185,590 /нэг сая нэг зуун наян таван мянга таван зуун ер/-н төгрөгийг шүүгдэгч Э.Р*******оос нэхэмжилснийг  хангаж,  харин 131,150 /нэг зуун гучин нэгэн мянга нэг зуун тавь/-н төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хохирогч Ц.О Иргэний хуулийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд заасны дагуу хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг, ажилгүй байсан хугацааны цалин орлого болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Э.Р******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.Р*******ид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг болон хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хохирогчид учирсан гэмтэл хохирлын шинж байдал зэрэгт шүүх дүгнэлт хийлээ.

 

   Иймд шүүгдэгч Э.Р*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/-н нэгж буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Э.Р*******ийн цагдан хоригдсон гурав хоногийг нэг хоногийн 15,000 төгрөгөөр нийт 45,000 /дөчин таван мянга/ төгрөгөөр тооцож түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 955,000 /есөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Э.Р******* нь оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг даалгаж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Р*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Э******* Р*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Р*******ийг 1000 /нэг мянга /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 / нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Э.Р*******ийн цагдан хоригдсон гурав хоногийг 45,000 /дөчин таван мянга/ төгрөгөөр тооцож түүний биечлэн эдлэх торгох ялыг 955,000 /есөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Э.Р*******ид шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Р******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.О нэхэмжилсэн нийт 1,316,740 /нэг сая гурван зуун арван зургаан мянга долоон зуун дөч/-н төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,185,590 /нэг сая нэг зуун наян таван мянга таван зуун ер/-н төгрөгийг шүүгдэгч Э.Р*******оос гаргуулж Ц.Одончулуунд олгож, үлдэх 131,150 /нэг зуун гучин нэгэн мянга нэг зуун тавь/-н төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ц.Одончулуун нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан бусад гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            7. Гэмт хэргийн улмаас Эрүүл Мэндийн Даатгалын Санд учирсан хохирлыг шүүгдэгч Э.Р*******оос гаргуулах ажиллагааг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг Баянгол Дүүргийн Прокурорын Газарт нээлттэй үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч Э.Р******* нь цагдан хоригдсон хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Э.Р*******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

11. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Р*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ