Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/775

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ы *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305000001620 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, эмээ нарын хамт Орхон аймгийн ******* дугаар тоотод оршин суух албан ёсны хаягтай, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй,   урьд нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 936 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:УУ*******/, ******* овогт *******ы *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза худалдааны төвийн орчимд таксигаар үйлчлүүлж байхдаа хохирогч Б.*******гийн эзэмшлийн “Самсунг Эс20 плас” /Samsung S20/ загварын гар утсыг “утсаар чинь ярьчхаад өгье" гэж худал хэлж утсыг нь авч явж 680,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Э.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хохирлоо нөхөн төлсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Шүүхээс торгох ял оногдуулж өгнө үү. ” гэв.

Гурав: Эрүүгийн 2305000001620 дугаартай хэргээс

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.*******гийн өгсөн: “Би 2023 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хорооллын ахуйн үйлчилгээний орчмоос 30-35 насны эрэгтэй хүн “таксигаар үйлчлүүлэх гэсэн юм, би танд 300.000 төгрөг өгье өнөөдөр миний ажлыг бүтээлцээд яваад өгөөч” гэхээр нь би өөрийн “Toyota Prius 30” маркийн ******* ХОА улсын дугаартай автомашинаараа тухайн өдөр хаана очно гэсэн газарт нь очиж үйлчилж өгсөн. Орой 18 цагийн орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза худалдааны төвийн урд талд ирээд би үсчин орж үс засах уу хүн их байна уу гэж үзэх гээд үсчний газар руу хамт орох үед “та надад гар утсаа өгөөч би таны утсаар чинь ярьчхаад мөнгийг нь шилжүүлээд өгье” гэхээр нь өөрийн “Samsung S20 Plus” загварын гар утсаа өгсөн. Үсчинд ороод 1 минут орчим болсон байх гарч ирэх үед миний гар утсыг авсан залуу явчихсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...Би одоо харвал сайн танина. Дундаж өндөртэй царай төрхийн хувьд гонзгой нүүртэй, цайвар бор царайтай, үснийхээ дээд хэсэг нь буржгар үстэй 30-35 орчим насны эрэгтэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал)

2. “Ашид Билгүүн” ХХК-ийн “Samsung S20 Plus” загварын гар утас 1 ширхгийг 680.000 төгрөгөөр” үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 18-22 дахь тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Э.*******н өгсөн: “2023 оны 8 дугаар сарын 13-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тухайн өдөр би хүмүүстэй уулзаж гадуур ажил амжуулах хэрэгтэй байсан болохоор такси барьсан юм тухайн таксиг хаанаас зогсоож суусан болохыг сайн санахгүй байна. Тухайн таксины жолооч болох эмэгтэй хүн байсан бөгөөд жолоочтой таксины мөнгө ярилцаж тохиролцоод 100.000 төгрөгт тохирсон юм. Би тухайн такситай хороолол, Зайсан, Хүннү молл гэх мэтчилэн газруудаар явсан юм. Би таксинд суухдаа сэнгүр гэх нэртэй пиво ууж явсан бөгөөд тухайн болсон зүйлүүдээ сайн санахгүй байгаа. 13 цагийн үед такси бариад 16 цагийн үед Гранд Плазагийн хажуу талын байранд очсон таксины жолооч энэ хавьд үсчин мэдэх үү гээд ертөнцийн зүгээр Гранд плазагийн баруун талд байрлах үсчин рүү орсон бөгөөд би тухайн жолоочийн гар утсаар ээжтэйгээ ярьж таксины төлбөрийг өгөхөөр гар утсыг нь авч үлдсэн юм. Гар утсаар ярьж байх үед хажуугаар өнгөрсөн хүн орцны хаалгыг савж хаах үед би утсыг баруун гартаа барьсан байсан бөгөөд орцны хаалга гар цохиод тухайн утсыг нүүрээр нь унагаад хагалчихсан. Би гар утасны эзэнд нь хэлэхээс санаа зовоод гар утас засвар ороод үнийг нь судлах гэсэн боловч засвар олдохгүй байсан буцаад ирэхэд таксины эгч явчихсан байсан болохоор би шууд гэртээ очоод маргааш нь Эрдэнэт хот руу гэр рүүгээ явсан юм. Тухайн утсыг гэр рүүгээ явж байх замдаа гээчихсэн байсан. Гэртээ очоод 1 хонож байхад намайг цагдаагийн байгууллагаас дуудсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал)

4. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 61 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 8 дугаар сарын 13-нд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза худалдааны төвийн орчимд таксигаар үйлчлүүлж байхдаа жолооч Б.*******гийн эзэмшлийн “Samsung S20 Plus” загварын гар утсыг ярьчхаад өгье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч бусдад 680.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Э.******* нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө болох

Б.*******гийн эзэмшлийн 680.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung S20 Plus” загварын гар утсыг залилж авсан болох нь:

хохирогч Б.*******гийн өгсөн: “...Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза худалдааны төвийн урд талд ирээд би үсчин орж үс засах уу хүн их байна уу гэж үзэх гээд үсчний газар руу хамт орох үед та надад гар утсаа өгөөч би таны утсаар чинь ярьчхаад мөнгийг нь шилжүүлээд өгье гэхээр нь өөрийн “Samsung S20 Plus” загварын гар утсаа өгсөн. Үсчинд ороод 1 минут орчим болсон байх гарч ирэх үед миний гар утсыг авсан залуу явчихсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...Би одоо харвал сайн танина. Дундаж өндөртэй царай төрхийн хувьд гонзгүй нүүртэй, цайвар бор царайтай, үснийхээ дээд хэсэг нь буржгар үстэй 30-35 орчим насны эрэгтэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал), “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 18-22 дахь тал), яллагдагч Э.*******н өгсөн: “...жолоочийн гар утсаар ээжтэйгээ ярьж таксины төлбөрийг өгөхөөр гар утсыг нь авч үлдсэн юм. Гар утсаар ярьж байх үед хажуугаар өнгөрсөн хүн орцны хаалгыг савж хаах үед би утсыг баруун гартаа барьсан байсан бөгөөд орцны хаалга гар цохиод тухайн утсыг нүүрээр нь унагаад хагалчихсан...Тухайн утсыг гэр рүүгээ явж байх замдаа гээчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.

Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Э.******* нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, 2023 оны 8 дугаар сарын 13-нд таксины жолооч Б.*******д “утсаар яриад өгье” гэж хэлж худал хэлж аваад хохирогчийн эзэмшлийн “Samsung S20 Plus” загварын 680.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсаар яриад буцааж өгөх гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц үг хэллэг болон үйлдлээр хуурч мэхэлж, итгэлийг нь эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилгын үүднээс өөртөө авсан байна.

Шүүгдэгч Э.*******н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

Иймд шүүгдэгч Э.******* нь “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Тав: Хохирол төлбөрийн талаар.

Хэргийн хохирогч Б.*******д шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байх ба шүүгдэгч Э.******* шүүх хуралдаанаас өмнө хохирогчид учруулсан хохиролоо нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Э.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн агуулга бүхий санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохиролоо мөнгөн хэлбэрээр нөхөн төлж хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн байдлыг харгалзан шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.*******д оногдуулсан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Хэрэгт Э.******* бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                                         ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ы *******г “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.*******д оногдуулсан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6. Хэрэгт Э.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ