Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 183/2018/02391/И/Н |
Дугаар | 001/ХТ2022/00637 |
Огноо | 2022-05-24 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2022/00637
2022 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 001/ХТ2022/00637 |
Х.Энхбаяр, Э.Алуунгоо нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00437 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 973 дугаар магадлалтай,
Х.Энхбаяр, Э.Алуунгоо нарын нэхэмжлэлтэй,
Т.Бат-Өрнөхөд холбогдох
2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд 319,403,782 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Бат-Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Энхбаяр, Э.Алуунгоо нар нь хариуцагч Т.Бат-Өрнөхөд холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд 319,403,782 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00437 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.4, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан Х.Энхбаяр, Т.Бат-Өрнөх нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай хоёр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Т.Бат-Өрнөхөөс хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан бодит хохиролд 188,076,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Алуунгоод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 131,327,782 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Энхбаяраас төлсөн 432,950 төгрөгийн 46,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 386,000 төгрөгийг төрийн сангийн данснаас, хариуцагч Т.Бат-Өрнөхөөс 46,950 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.Энхбаярт, нэхэмжлэгч Э.Алуунгоогийн төлсөн 1,801,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 386,050 төгрөгийг төрийн сангийн данснаас, хариуцагч Т.Бат-Өрнөхөөс 46,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Алуунгоод олгож, нэхэмжлэгч Х.Энхбаярын хүсэлтээр авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ2018/09328 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 973 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00437 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч Х.Энхбаяр, Э.Алуунгоо нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.01-ний өдрийн 973 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нь зохигчдын хооронд бичгээр байгуулсан зээлийн болон худалдах, худалдан авах гэрээ, Улсын бүртгэлийн байгууллагын лавлагаа, баримтууд, шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгэн нотлох баримтуудад үндэслэн, холбогдох хууль тогтоомжийн дагуу хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх нь үндэслэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Энэхүү иргэний хэрэг нь өмнө 2018-2019 оны хугацаанд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхүүдээр хянан шийдвэрлэгдэж, дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаагдаж байсан. Анхан шатны шүүх нь сая хоёр дахь удаагаа уг хэргийг хянан шийдвэрлэхдээ өмнөх магадлал, тогтоолд дурдагдсан ажиллагаануудыг бүрэн хийж, үйл баримтуудыг бүрэн тогтоосны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэгч нарын шаардах эрхийн үндэслэл тодорхойгүй, хэргийн зарим үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна... гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Х.Энхбаярын хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр Х.Энхбаяр болон Т.Бат-Өрнөх нарын хооронд 2017.02.03-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай, нэхэмжлэгч Э.Алуунгоогийн хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр Х.Энхбаяр болон Т.Бат-Өрнөх нарын хооронд 2017.02.03-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт, 510 дугаар 510.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд 319,403,782 төгрөгийг гаргуулах тухай маш тодорхой үндэслэл, шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Энд магадлалд дурдсан шиг тодорхойгүй, үндэслэлгүй зүйл огтхон ч байхгүй юм. Давж заалдах шатны шүүх нь талуудын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 189, 265 дугаар зүйлд тус тус заасны дагуу анхан шатны шүүх дүгнэж үзэх ёстой байсан гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилго бүхий барьцааны гэрээг заавал бичгээр байгуулж, нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хэрхэн гаргуулахтай холбогдох бусад асуудлыг Иргэний хуулийн 153-160 дугаар зүйлд тодорхой хуульчилсан. Гэтэл зээлдүүлэгч буюу хариуцагч Т.Бат-Өрнөхийн санал, шаардлагаар Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг бөгөөд тус гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Тийм байхад давж заалдах шатны шүүх нь талуудын хооронд байгуулагдсан байгаа хүчин төгөлдөр бус хэлцлийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу дүгнэж үзэх нь зүйтэй гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарласан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн явдал болж байна. Мөн магадлалд дурдсан шиг талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцлийг Иргэний хуулийн 265 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгө буцаан худалдан авах эрхтэй хэлцэл гэж үзэж боломжгүй юм. Учир нь Иргэний хуулийн 265 дугаар зүйлд заасан хэлцэл нь анхнаасаа бодитойгоор хийгдсэн худалдах, худалдан авах гэрээний тухайд хамаарна. Түүнээс биш хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах хуулийн зохицуулалт биш юм. Тэгээд ч Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт Худалдах- худалдан авах гэрээнд заасан бол худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжинэ. гэж заажээ. Тэгвэл Х.Энхбаяр, Т.Бат-Өрнөх нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь 1-рт тус гэрээ бодитойгоор хийгдээгүй, 2-рт тус гэрээнд эд хөрөнгө буцаан худалдан авах талаар ямар нэгэн зүйл заалт байхгүй юм. Иймд талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээтэй холбогдох энэхүү маргаанд магадлалд дурдсан шиг Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 265 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх магадлалдаа ...үл хөдлөх хөрөнгө нь Т.Бат-Өрнөхийн өмчлөлд байхгүй, бусдад худалдагдсан байгаа нөхцөлд хэдий хэмжээний үнийг Т.Бат-өрнөх төлөх ёстой нь тодорхойгүй байна... гэжээ. Тэгвэл тус үл хөдлөх хөрөнгө нь одоо бүр ч байхгүй, Т.Бат-Өрнөх буулгаад аваад явчихсан. Тиймээс нэхэмжлэгч Э.Алуунгоо нь шинжээч томилуулж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Т.Бат-Өрнөх буулгаж авч явсны улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасныг өмнөх удаагийн давж заалдах болон хяналтын шатны шүүхүүд зүйтэй гэж үзсэний улмаас сая анхан шатны шүүх шинжээч томилж, хохирлын хэмжээг тогтоолгуулсан. Шинжээч нь хохирлын хэмжээ 188,076,000 төгрөг болохыг тогтоосон. Тиймээс давж заалдах шатны шүүхийн тус дүгнэлт үндэслэлгүй болох нь харагдаж байна. Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч Э.Алуунгоог Х.Энхбаяр болон Т.Бат-Өрнөх нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш, тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Э.Алуунгоо нь өөрийн өмчлөх эрхэд байсан тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалах эрхийг Х.Энхбаярт олгосон. Х.Энхбаяр нь Т.Бат-Өрнөхтэй зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаанд Э.Алуунгоогийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Гэтэл Т.Бат-Өрнөх нь тус зээлийн гэрээний барьцаа хөрөнгүүдийг хууль бусаар, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөх эрхэд хууль бусаар шилжүүлэн авч, дараа нь хууль бусаар бусдад дамжуулан худалдаж, улмаар буулгаж ачиж явсан. Энэ бүх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бичгэн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Тиймээс Э.Алуунгоо нь тэдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны бөгөөд шударга өмчлөгч нь мөн тул тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдох хууль бус, хүчин төгөлдөр бус хэлцэлтэй холбогдуулан шаардлага гаргах, бусдын хууль бус өмчлөлөөс шаардах, учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах бүрэн эрхтэй гэж ойлгож байна. Тийм байхад давж заалдах шатны шүүх нь Э.Алуунгоогийн өмчлөх эрхэд үндэслэлгүйгээр халдаж, түүний хуулиар олгогдсон эрхийг нь хязгаарлаж байгаад гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх нь тодорхой бус байна, үндэслэлгүй байна гэж магадлалдаа дурдаж байгаа хэрнээ хэрхэн ямар үндэслэл, шалтгаан, нөхцөлөөр, хуулийн ямар зүйл, заалтаар тэгж үзэж байгаа талаар тодорхой дурдахгүй байна. Давж заалдах шатны шүүхийн 973 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.14-ний өдрийн 183/ШШ2020/00437 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Нэхэмжлэгч Х.Энхбаяр нь хариуцагч Т.Бат-Өрнөхөд холбогдуулан 2017.02.03-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн болохыг тогтоолгохоор шаардсан, харин нэхэмжлэгч Х.Алунгоо нь Т.Бат-Өрнөхөөс хууль бусаар нурааж авч явсан агуулахын үнэд 319,403,782 төгрөгийг гаргуулахаар тус тус шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
6. Анхан шатны шүүх Х.Энхбаяр, Т.Бат-Өрнөх нарын хооронд 2017.02.03-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах тухай хоёр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Т.Бат-Өрнөхөөс хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан бодит хохиролд 188,076,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Алуунгоод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 131,327,782 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан байна.
7. ...Т.Бат-Өрнөхөөс Х.Энхбаяр зээл авсан, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаа хөрөнгө шаардсан тул Э.Алуунгоогийн өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан боловч энэ талаарх гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, Т.Бат-Өрнөхийн шаардсанаар худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, зээлийн гэрээ 2 сарын хугацаатай, зээлийн төлбөрийг бүрэн төлснөөр барьцаа хөрөнгө чөлөөлөгдөх тохиролцоог хийсэн боловч энэ үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг халхавчилж хийгдсэн учир хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа. Ингээд Х.Энхбаяр зээлийн төлбөр төлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байхад Т.Бат-Өрнөх нь Э.Алуунгоогийн өмчлөлийн хөрөнгийг буулгаж хохирол учруулсан... гэж нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ тайлбарласан.
8. Хариуцагч нь ...нэхэмжлэгч Х.Энхбаяр зээлийн гэрээний үүрэгт нэг ч удаа төлөлт хийгээгүй тул худалдах-худалдан авах гэрээний зүйл болох хөрөнгийг иргэн Гэрэлт-Одод худалдсан, зээлийн гэрээний үүргийн шаардлага гаргаагүй байгаа нь зээлийн гэрээний үүрэгт хөрөнгө тооцохыг зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлтэй, Т.Бат-Өрнөх уг хөрөнгийг буулгаж нэхэмжлэгчид хохирол учруулаагүй, биет байдлаар нь бусдад худалдсан, одоо энэ хөрөнгийн өмчлөгч нь Баярсайхан болсон байх тул хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.
9. Хэргийн баримтаас үзэхэд Т.Бат-Өрнөх, Х.Энхбаяр нар 2017.02.03-ны өдөр 55,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлвэл анз тооцохоор тохиролцон бичгээр байгуулсан, 55,000,000 төгрөгийг зээлдүүлэгч Т.Бат-Өрнөх зээлдэгч Х.Энхбаярын өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, Х.Энхбаяр зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
2017.02.03-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой Х.Алунгоогийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р багийн Хэрх гүн худаг гудамжны 99 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-1307002214 дугаарт бүртгэлтэй 000381056 дугаарын гэрчилгээтэй 4047 м.кв газар, газар дээр байрлах агуулах, цэвэр усны худгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээгээр Т.Бат-Өрнөхийн өмчлөлд шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Э.Алунгоо нь Х.Энхбаярт дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих, худалдах зэргээр захиран зарцуулах эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд уг итгэмжлэлээр үл хөдлөх хөрөнгө Х.Алунгоогоос Т.Бат-Өрнөхөд шилжсэн байна.
Улмаар уг хөрөнгө Т.Бат-Өрнөхөөс Г.Гэрэлт-Одод, Г.Гэрэлт-Одоос Ч.Баярсайханд шилжсэн, түүнчлэн дээрх худалдагдсан газар дээр байрлаж байсан хүнсний зориулалттай гэх агуулах буулгагдсан үйл баримт тогтоогджээ.
10. Талууд худалдах-худалдан авах гэрээ хуульд нийцсэн эсэх, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг цааш нь бусдад худалдсан хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн эсэх, гэрээний талуудын харилцан хүлээх үүрэг, түүний хэмжээ зэрэгт маргасан, нэхэмжлэгч нарын шаардах эрхийн үндэслэл тодорхойгүй, хэргийн зарим үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн магадлалын үндэслэлийг зөв гэж үзнэ.
11. Нэхэмжлэгч Х.Энхбаяр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоолгосноороо ямар үр дагавар шаардаж буй нь тодорхойгүй, тухайн хөрөнгө Т.Бат-Өрнөхийн өмчлөлд байхгүй, бусдад худалдагдсан байгаа нөхцөлд хэдий хэмжээний үнийг Т.Бат-Өрнөх төлөх нь тодорхойгүй, ... үнэлгээчин газар дээрх агуулахыг үнэлсэн, Т.Бат-Өрнөх, Х.Энхбаяр нарын бие биенийхээ өмнө харилцан хүлээх үүргийн хэмжээг тодорхойлох шаардлага үүсч байгаа..., ... талуудын шаардлага, татгалзал түүний үндэслэлийг тодруулж бүрэн мэтгэлцүүлэх нь зүйтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.
12. Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзэхэд маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус, талууд маргааны зүйл болж буй хөрөнгийн үнэлгээний талаар мэтгэлцээгүй, түүнчлэн тухайн үл хөдлөх эд хөрөнгө Т.Бат-Өрнөхөөс Г.Гэрэлт-Одод, Г.Гэрэлт-Одоос Ч.Баярсайханд шилжсэн байх боловч ямар үндэслэл, үнэлгээтэйгээр шилжсэн нь энэ хэрэгт хамааралтай байж болзошгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн болохыг тогтоолгож, түүний үр дагавар болох үнэ, хохирлыг шаардаж байгаа тохиолдолд талууд маргааны зүйл болж буй хөрөнгийн үнэлгээний талаар бүрэн мэтгэлцэх шаардлагатай байна.
Иймээс хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хууль хэрэглээний дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 973 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 433,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД