Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 004

 

Т.Н нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/180 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.Н, З.Б нарт холбогдох эрүүгийн 1913002330210 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, тус аймгийн Прокурорын газрын орлогч прокурор А.Турдыбек, шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Тува, 1964 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал ажилтай, ам бүл-2, хүүгийн хамт Баян-Өлгий аймгийн Ц сумын 9 дүгээр багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Т-ийн Н /РД: БЛ00000000/,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Тува, 1988 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүх нийгэм судлалын багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-4, эцэх, эх, дүүгийн хамт Баян-Өлгий аймгийн Ц сумын 7 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ө овогт З-ийн Б /РД: БЛ00000000/

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Шүүгдэгч Т.Н нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ерөнхий боловсролын  2 дугаар бүрэн дунд сургуулийн захирал ажилтай бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэн З.Б-аас 295,000 төгрөгийн хахууль авч, тус сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар түр томилж, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан,

Шүүгдэгч З.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Т.Н-д 295,000 төгрөгийн хахууль өгч, дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар томилогдон өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/180 дугаар шийтгэх тогтоолоор:  

“1. Шүүгдэгч Т.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авсан” гэмт хэрэг,

Шүүгдэгч З.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.” гэж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч З.Б-ийн давж заалдах гомдолд: “Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг: Хэргийн болсон явдал  

Шүүгдэгч З.Б миний бие дээд боловсролтой түүх, нийгэм судлалын багш мэргэжилтэй, төрөлхийн тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй нэгэн. Тийм учраас тааралдсан ажил болгоныг хийж гүйцэтгээд явах боломжгүй бөгөөд ажил олгогч талаас ч гэсэн намайг гаднаас хараад л ажилд томилж, ажиллуулахаас эрс татгалздаг. Эзэмшсэн мэргэжлийн дагуу багшийн ажил идэвхтэй хайсан боловч багшийн орон тооны ажил олдоогүй ба  Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 2 дугаар дунд сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багш Ц.Ц жирэмсний амралт авсан тул түүний оронд түр хугацаагаар 2019 оны 1 дүгээр сарын 15-аас эхлэн ажиллаж эхэлсэн боловч, тус сургуулийн захирал Т.Н нь томилох тушаал гаргалгүй, саатуулж хахууль өгөхийг шаардаж, хахууль өгөхгүй бол ажилд авахгүй гэж надад болон миний эцэгт утасдаж хясан боогдуулсан. Тийм учраас З.Б би аргагүй байдалд орж хүний оронд түр хугацаагаар ч гэсэн ажиллах үүднээс 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр захирал Т.Н-д 295.000  төгрөгийн хахууль өгснөөр захирал Т.Н нь хахууль авсан өдрийн маргааш нь буюу 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр ажилд томилох тушаалыг 2019 оны  01 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгож ажилд томилсон болгон нөхөж тушаал гаргаж өгсөн. Шүүгдэгч З.Б би тус сургуулийн сургалтын албаны менежер З.Н-нд “захирал Т.Н-д хахууль өгч ажилд томилогдсон явдалд гомдолтой” гэдгийг хэлж, сургуулийн эрх бүхий албан тушаалтанд илчилж хэлээд, тэр талаар сургуулийн менежер З.Н-д бичгээр гомдол бичиж өгсөн болно.

Хоёр: Давж заалдах гомдлын үндэслэл:  

2.1 Шүүгдэгч З.Б миний бие ажил олгогч захирал Т.Н-д 295.000 төгрөгийн хахууль өгч тус сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшийн орон тоонд түр хугацаагаар, хүний оронд томилогдон ажилласан маань Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж байгаа, Эрүүгийн гэмт хэрэг мөн гэдэгт маргахгүй. Харин захирал Т.Н 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд дотуур байрны хүмүүжүүлэгч багшийн орон тоонд ажиллуулсан атлаа хахууль өгөхийг шаардаж ажилд авахгүй, томилох тушаал гаргахгүй гэж хясан боогдуулсан тул аргагүй эрхэнд тухайн үед хахууль өгч, улмаар энэ хэргийг тус сургуулийн сургалтын менежер албан тушаалтан З.Н-нд илчлэн ирсэн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбар хэсэгт заасан “хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч  төрийн үйлчилгээ авсан хүн сайн дураар илчлэн ирсэн бол ялаас чөлөөлнөгэсний дагуу З.Б намайг ялаас чөлөөлөх байсан гэж үзэж гомдол гаргаж байна.

            Сургалтын менежер З.Н-д хахууль өгсөн хэргийг З.Б би өөрөө илчлэн ирж, бичгээр гомдол бичиж өгөөд, түүний дагуу З.Н Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан нь нотлогдож байна. Хэрэв З.Б би уг хэргийг З.Н-д илчлээгүй бол хэрэг огт илрэх боломжгүй.

2.2. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага нь .... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр, хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. гэжээ. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор З.Б надад оногдуулсан 2700 нэгж буюу  2.700.000 төгрөгийн торгох ял нь гэмт хэргийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирохгүй” байна. Учир нь З.Б миний бие төрөлхийн тахир дутуу, биеийн хөдөлмөр эрхлэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй учраас биеийн хөдөлмөр эрхэлж,  торгох ялыг биелүүлэх боломжгүй. Нөгөө талаар мэргэжлийн дагуу багш, сурган хүмүүжүүлэгчээр ажиллах буюу оюуны хөдөлмөр эрхэлж байж торгох ялыг  биелүүлэх гэхээр шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар нийтийн албанд томилох эрхийг 2 жилийн хугацаатай хаасанучраас шүүгдэгч З.Б би тогтоолын 4 дэх заалтад зааснаар торгох ял биелүүлээгүй гэж хорих ялаар сольж шийтгүүлэх бодит нөхцөл байдал бий болоод байна. Надад өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого байхгүй.

2.3. З.Б миний бие хөгжлийн бэрхшээлтэй байгаа байдал миний гаднах төрх, явалт илээр харагдаж байхад анхан шатны шүүхээс торгох ял оноож байгаа нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим”-ын 2 дахь хэсэгт заасан хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг зөрчсөн гэж гомдол гаргаж байна.  

2.4 Шүүгдэгч З.Б миний үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Харин мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, албан тушаалтны эрхшээлд орж хэрэг үйлдсэн, шүүгдэгч Т.Н-ын хахууль шаардсан хууль бус үйлдэл нөлөөлсөн. З.Б би хэргийг илчилсэн, гэмт хэрэг илрүүлэхэд тусалсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч З.Б надад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлөн тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авах бүрэн боломжтой. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй надад торгох ял оногдуулсан нь хэргийн болон хэрэгтэн миний хувийн байдалд тохирохгүй байна.

2.5 Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь ...гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол төлүүлэх зорилготой” билээ. Гэтэл З.Б миний Т.Н-д өгсөн мөнгийг хохиролд тооцож төлүүлээгүй, миний хясан боогдуулж хахууль өгөлгүй нийтийн албанд ажиллах эрхийг сэргээгээгүй нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч З.Б надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн “тайлбархэсэгт дурдсан хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгсөн” явдлыг сайн дураар илчлэн ирснийг үндэслэж ялаас чөлөөлөх , эсвэл мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэн өгөхийг хүсье.” гэжээ. 

                                                             

Шүүгдэгч Т.Н-ын давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүхийн 180 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэг:  Хэргийн болсон явдал  

Шүүгдэгч Т.Н миний бие ам бүл 2 хүүгийн хамт амьдардаг. Хүү унаж тусдаг хөгжлийн бэрхшээлтэй. Дээд боловсролтой бага ангийн багш мэргэжилтэй. Улсад 37 дахь жилдээ ажиллаж байна. Өөрийн биеийн байдал сайн биш хөл өвддөг. Энэ байдлаас болж мөн ар гэрийн байдлаас үүдэн Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдөхийг өөрөө хүсэлт гаргаж Аймгийн засаг даргад 2019 оны 11 дүгээр сарын 06-нд өгсөн.

Хоёр: Давж заалдах гомдлын үндэслэл:  

Шүүгдэгч Т.Н миний бие ажилд түр хугацаагаар З.Б-г томилсон нь үнэн. Дараа нь 295,000 төгрөг хэрэг болж байна мөнгөний боломжтой бол хэдэн төгрөг өгөөч гэж гуйсан. Надад яг хахууль болгож авах бодол байгаагүй. 295,000 төгрөгийг төлж өгч амжаагүй байтал Авилгатай тэмцэх газраас комиссар ирж байцаалт авч та хахууль авсан байна гэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 5.400 нэгжээр торгох, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял нь гэмт хэргийн хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирохгүй байна.  Учир нь өрх толгойлсон ганц бие эрэгтэй, хамт амьдардаг хүү маань унаж тусдаг хөгжлийн бэрхшээлтэй. Дээрх 5,400,000 төгрөгийг төлөхөд хүнд байна. Мөн цалингийн зээлтэй. Эрүүл мэнд болон ар гэрийн гачигдлын улмаас захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн хүсэлт гаргасан. Иймд шүүгдэгч надад оногдож байгаа нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хассан ялыг хөнгөрүүлж 1 жил болгох, 5,400,000 төгрөгийг, гадаадад зорчих эрхийг хасаж өгөх хүсэлт гаргаж байна.” гэжээ.

                       

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч З.Б, Т.Н нарын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйл тогтоогдоогүй, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

           

Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 164 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Т.Н нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал ажилтай бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэн З.Б-аас 295.000 төгрөгийн хахууль авч, тус сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар түр томилж, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан,

шүүгдэгч З.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Т.Н-д 295.000 төгрөгийн хахууль өгч, дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар томилогдон өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдож хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

             

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Т.Н-ын хашиж байгаа албан тушаал буюу Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Тува бага сургууль буюу тус сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал нь нийтийн албан тушаалтан мөн байна. 

Энэхүү гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан хууль бус үйлдлээ гүйцэлдүүлж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хахууль авснаар энэ гэмт хэрэг төгсдөг бөгөөд хахууль өгөх гэмт хэргийн гол шинж нь хахууль өгөгч, авагч нарын харилцан сонирхол нэгдмэл байж, энэхүү хууль бус үйлдэл нь нийгмийн шударга ёсыг зөрчсөнд оршдог.

 

Шүүгдэгч Т.Н, З.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь шүүгдэгч З.Б-аас  яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлд “Би 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр жирэмсний амралтаа авсан дотуур байрны хүмүүжүүлэгч багшийн орон тоонд түр томилогдон 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд ажилласан. Гэхдээ уг орон тоонд намайг түр томилсон тушаалын огноо нь 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гэж бичигдсэн байгаа. Учир нь, Т.Н нь намайг ажилд түр томилох тушаал гаргахгүйгээр 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс ажиллуулж байгаад надаас 2019 оны 1 дүгээр сарын 20-ны ням гарагт 295.000 төгрөгийн хахууль авсны маргааш нь буюу 2019 оны 1 дүгээр сарын 21-ний даваа гарагт намайг түр орон тоонд томилсон тушаал гаргах үедээ огноог нь урагш нөхөж гаргасан. Гэхдээ би Т.Н захиралд хахууль өгөөд ажилд оръё гэж хэлсэн зүйл байхгүй. Эхэндээ Т.Н захирал намайг уг түр орон тоонд авахгүй гэсэн. Тэгэхээр нь би хөдөө явлаа гэж хэлсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа намайг өрөөндөө дуудаж уулзаад “Чамайг ажилд авахаар болчихлоо, чи надад 300.000 төгрөг олж өг” гэж хэлсэн. Тэгээд би нагац ах Г-аас 300.000 төгрөг зээлдэж аваад АТМ-ээс 295.000 төгрөг гаргаж аваад Т.Н захирлын өрөөний үүдэнд очоод утас руу нь залгаж мөнгө аваад сургууль дээр ирчихлээ гэж хэлсэн. Тэгэхэд Т.Н захирал надад манай хүү Г миний өрөөнөөс очиж цүнхээ авна, түүнд өгчихөөрэй гэж хэлсэн юм. Тэгээд би Н захирлын өрөөний үүдэнд түүний хүү Гд “Аавдаа өгчхөөрэй гэж хэлээд” 295.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн.” гэж мэдүүлснээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чин үүргээ хэрэгжүүлсний хариуд шүүгдэгч Т.Н нь 295.000 төгрөг авчээ.

Гэрч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...2019 оны 1 дүгээр сард Б-ийн төрсөн ах О нь надаас яаралтай мөнгө зээлдээч гээд дансны дугаар өгсөн. Тэгээд би О-ын өгсөн данс руу 300.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлж байсан. Би одоо дансны хуулгаас харахад өөрийн ХААН банкны 5192187300 тоот данснаас З.Б-ийн 5192143690 тоот данс руу 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 37 минутанд 300.000 төгрөг шилжүүлсэн байна” гэж мэдүүлснээр шүүгдэгч З.Б-ийн данс руу мөнгө шилжүүлжээ.

Гэрч Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...ямар ч байсан 2019 оны 1 дүгээр сарын сүүлээр амралтын өдөр манай аав Н намайг 2 дугаар сургууль дээр очоод миний өрөөний үүдэнд зогсож бай, чамд нэг эмэгтэй хүн мөнгө авч ирж өгөхөөр аавдаа авч ирээд өг гэж хэлсэн юм. Тэгээд би аавын ажлын өрөөний үүдэнд очоод зогсож байтал манай аавын сургуульд ажилладаг Б гэх хүн надад мөнгө авч ирж өгсөн. Тэгээд би уг мөнгийг тоолж үзэхгүйгээр би аавдаа авч ирээд өгсөн юм” гэж мэдүүлснээр  шүүгдэгч Т.Н нь өөрийн хүүгээр дамжуулж  уг мөнгийг авчээ.

Гэрч З.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...манай сургуульд дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан Б-аас Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар сургуулийн захирал Т.Н нь 2019 оны 1 дүгээр сарын 15-ны үед 300.000 төгрөгийн хахууль авсан гэж сонсоод Авлигатай тэмцэх газарт би өөрийн нэрээр сонссон зүйлээ бичээд өргөдөл гаргасан юм. Б нь түүх нийгмийн багш мэргэжилтэй бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажилласан юм” гэж мэдүүлснээр анх тухайн үйл баримтыг гэрчилж цагдаагийн байгуулагад гомдол гаргажээ.

Гэрч И.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...тэгээд орой нь Н манай утас руу залгаж сайн байна уу ангижаваа, би чиний охин Б-ийг ажилд авах гэж байна, чи надад 300.000 төгрөг өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би Б руу утсаар залгаад чи Над 300.000 төгрөг олж өг гэж хэлсэн. Тэгэхэд миний охин Б тушаал нь гараагүй ч гэсэн уг сургуульд хүний оронд ажиллаад эхэлчихсэн байсан. Тэгээд утсаар яриад 7 хоносны дараа Б надад Н-д 300.000 төгрөг өгсөн гэдгээ надад хэлсэн юм. Ер нь бол шударгаар ярихад уг мөнгийг Н хахууль болгож авсан” гэж мэдүүлснээр шүүгдэгч Т.Н анх албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль нэхжээ.

Гэрч З.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...Миний дүү З.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 20-ны үед над руу 94486285 дугаарын утас руу залгаад надад 300.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхэд би хөдөө мал маллаж байсан болохоор хэн нэгэнтэй уулзаж мөнгө зээлдэх боломжгүй байсан учраас Г ахын 95428084 дугаарын утас руу залгаж 300.000 төгрөгийг зээлдүүлэхийг хүссэн. Тэгэхэд Г ах надад мөнгө зээлдэхээр болоход нь би Б-гийн ХААН банкны дансыг өгч, түүний данс руу мөнгө хийлгүүлсэн юм. Би тухайн үед Б уг 300.000 төгрөгийг юунд зарцуулсныг мэдээгүй. Харин Б 2019 оны зун 6 дугаар сарын үед би уг 300.000 төгрөгийг Н захиралд хахуульд өгөөд ажилд орсон, тэгээд одоо намайг Авлигатай тэмцэх газраас дуудаад байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч З.Б-ийн ХААН банкны 5192143690 дугаартай дансанд 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 5192187300 данснаас 300.000 төгрөг шилжүүлсэн, уг мөнгөнөөс 2 удаагийн үйлдлээр 295.000 төгрөг гаргаж авсан талаарх дансны хуулга зэрэг нотлох баримт, мэдүүлгээр нотлогдож байна.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Т.Н-ыг “хахууль авсан”, шүүгдэгч З.Б-ийг “хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-ыг “нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч З.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Н-ын үйлдэл Эрүүгийн хуулийн 22 дүгээр зүйлийн 22.4.2 дахь заалтад заасан, шүүгдэгч З.Б-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж хэргийн үйл баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтууд, энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад үндэслэсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэж байна.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан үзэж “нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь тохирчээ.

Шүүгдэгч З.Б-ийн хувьд “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгч З.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн дүгнэлт нь шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь:

1. Гэрч И.З-ийн мэдүүлгээр “...тэгээд орой нь Н манай утас руу залгаж сайн байна уу ангижаваа, би чиний охин Б-ийг ажилд авах гэж байна, чи надад 300.000 төгрөг өг гэж” хэлсэн,

Шүүгдэгч З.Б-ийн мэдүүлгээр “Гэхдээ би Т.Н захиралд хахууль өгөөд ажилд оръё гэж хэлсэн зүйл байхгүй. Эхэндээ Т.Н захирал намайг уг түр орон тоонд авахгүй гэсэн. Тэгэхээр нь би хөдөө явлаа гэж хэлсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа намайг өрөөндөө дуудаж уулзаад “Чамайг ажилд авахаар болчихлоо, чи надад 300.000 төгрөг олж өг” гэж хэлсэн мэдүүлгээр тус тус хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгсөн шинж тогтоогджээ.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд “сургуулийн сургалтын менежер албан тушаалтан З.Н-нд илчлэн ирсэн учраас үйлчилгээ авсан хүн сайн дураар илчлэн ирсэн бол ялаас чөлөөлнөгэсний дагуу З.Б намайг ялаас чөлөөлөх байсан гэж үзэж гомдол гаргаж байна” гэжээ.

Гэрч З.Н-ийн “...Зүгээр л бусдаар дамжуулж сонсож байсан. З.Б өөрөө надад хэлж байсан” гэсэн мэдүүлгээр эрх бүхий байгууллага буюу хуульд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахаар заасан байгууллагад өөрийн үйлдлийн талаар мэдэгдсэн гэж ойлгох боломжгүй бөгөөд нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн нь тогтоогдоогүй байна.

Иймд “хахууль өгсөн хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчилж ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлөх” гэсэн гомдол үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч З.Б-д холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг нь сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд” оршино гэж заасан.

Шүүгдэгч З.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан, хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/180 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “торгох ял” гэснийг “торгох ялаар шийтгэж,“ гэж, мөн заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч З.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, түүний нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд хяналт тавихыг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж, мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтаас шүүгдэгч З.Б-д холбогдох хэсгийг  хасаж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ                                                                                               

 Д.МӨНХӨӨ