Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2026/0040

 

“М А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, түрээсийн гэрээ байгуулахыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Хариуцагчийн төлөөлөгч Д.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 109/2025/0054/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М А” ХХК-иас Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан “Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, түрээсийн гэрээ байгуулахыг даалгах”-аар маргасан байна.

2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч “М А” ХХК-ийн гаргасан “Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, түрээсийн гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            “... 3.1. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдэл хүчингүй гэж үзсэн атлаа Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан шийдвэр гаргахдаа сонгох боломжийг хэрэглэх эрхтэй гэж үзсэн нь нэхэмжлэгч талд зөрүүтэй ойлгомжгүй байдлаар хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Сонгох боломж нь нэгэнт зарлагдаад материалаа ирүүлсэн байгууллагуудаас аль нэгийг сонгох, сонгохгүй байх тухайд хэрэглэгдэх хуулийн зохицуулалт болохоос биш нэгэнт шалгарсан байгууллагыг дахин сонгон шалгаруулахаар шийдвэр гаргах талаар тухайлсан заалт биш гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д зааснаар нэгэнт маргаан үүссэн тохиолдолд шүүх шалгах үүрэгтэй.

            3.2. Хэрэгт авагдсан “М А” ХХК болон Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Х.Г-тай байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн түрээсийн гэрээтэй холбоотой эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасан нотлох баримтыг шинжлэн судалж мэтгэлцэх, 7 дугаар зүйлийн 7.1-д заасан нотлох баримтыг бүрэн үнэлэх, 7.2-д заасан хэрэгт ач холбогдол бүхий баримт гаргах өгөх, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн үнэлэх зарчмуудыг зөрчсөн.

            3.3. Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын 8 дахь хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн тухайн байранд манай эмийн сангаас гадна өөр түрээслэгч үйл ажиллагаа явуулахаар байгаа тул сонгон шалгаруулалтаар биш түрээсийн гэрээгээр зохицуулахаар байна.

            3.4. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлтэд зааснаар ажлын хэсгийн гишүүд туршлагагүй, эрх зүйн мэдлэг дутмаг эсэх асуудлыг тодруулахаар ажилласан жил, боловсролын зэрэг гэх мэт асуудлыг тодруулж гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг хэрэгт авхуулсан бөгөөд ийм нөхцөл байдал тогтоогдоогүй.

            3.5. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны аливаа шийдвэрийг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдээс тайлбар, саналыг авдаг. Гэтэл ямар үндэслэлээр анхны сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож байгааг мэдэгдэж баримт нөхцөл байдлыг тогтоож, тодруулаагүй шууд сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй байна.

            3.6. Мөн дахин сонгон шалгаруулалт зарласны дараа Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүгээс 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 626 дугаар албан бичгээр танай газартай урьд байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №1 дугаартай гэрээг хүртэл шууд цуцалсан бөгөөд аливаа захиргааны акт, гэрээг байгуулсан этгээд нь цуцлах болохоос биш байгуулаагүй албан тушаалтан мэдэгдэл өгөөд цуцалж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж гомдолтой байна.

            3.7. Засгийн газрын 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134 дугаартай тогтоолын хавсралт “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын 10 дахь хэсэгт “... түрээслэгчийг сонгон шалгаруулах журмыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар батална” гэж заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн 2.3.6, 2.3.8 дахь хэсэгт сонгон шалгаруулалтын мэдэгдэл хүргүүлж түрээсийн гэрээний төслийг бэлтгэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлэх тухай зохицуулалт байна.

            3.8. Манай компани нь Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зарласан сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан бөгөөд энэ тухай мэдэгдлийг хүлээн авч түрээсийн гэрээ байгуулах ёстой атал 2 сарын дараа шууд үндэслэл заалгүй сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, өмнөх хийсэн гэрээг хүчингүй болгож байгаа нь хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй, ашиг сонирхлыг зөрчилтэй үйлдэл гэж үзэхээр байна.

            3.9. Засгийн газрын 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134 дугаартай тогтоолын хавсралт “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын 10 дахь хэсэгт “…түрээслэгчийг сонгон шалгаруулах журмыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт батална” гэж заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн 2.3.6, 2.3.8 дахь хэсэгт сонгон шалгаруулалтын мэдэгдэл хүргүүлж түрээсийн гэрээний төслийг бэлтгэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлэх тухай зохицуулалт байна.

            3.10. Манай компани нь Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зарласан сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан бөгөөд энэ тухай мэдэгдлийг хүлээн авч түрээсийн гэрээ байгуулах ёстой атал 2 дараа дахин шууд үндэслэл заалгүй сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, өмнөх хийсэн гэрээг хүчингүй болгож байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

            Иймд хэргийг бүхэлд нь дахин хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “М А” ХХК-иас “Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, түрээсийн гэрээ байгуулахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинээр баригдсан барилга нь 2025 оны 1 сард ашиглалтад орсон бөгөөд үүдний нэг давхрын хэсэгт хөрөнгө, мөнгө дутаж байгаа учраас нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулаач гэсэн хүсэлтийг гаргаж байсан, манай компанийн хувьд хөрөнгө санхүүжилт шаардлагатай үед мөнгө санхүүг саадгүй олгож өгсөн, эмнэлгийн зүгээс танай эмийн санг байршуулна гэж гэрээ байгуулсан, ...сонгон шалгаруулалт явуулахгүй бол болохгүй гэсэн учраас 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр сонгон шалгаруулалт явуулснаас хойш 4 хоногийн дараа танай компани шалгарлаа гэх хариуг өгсөн, ...ажлын хэсгийн хүмүүсийн мэдлэг, боловсрол дутаж байгаа бол үүнд “М А” ХХК буруугүй, хуулийн мэдлэг дутуу гэх үндэслэлээр сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй, ... эхний сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдсан...” гэж тайлбарлан маргажээ.

2.2. Маргаан бүхий Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалаар Нэгдсэн эмнэлгийн үндсэн хөрөнгийн талбай түрээслэх сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн саналыг үндэслэн сонгон шалгаруулалтыг хүчингүй болсонд тооцсон байх ба анхан шатны шүүх “... сонгон шалгаруулалтыг эрхлэн явуулсан ажлын хэсэг нь өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгож энэ талаар байгууллагын удирдлагад мэдэгдэж, холбогдох баримтыг хүргүүлсэн болох нь тогтоогдож буй нөхцөлд эл үндэслэлээр тухайн эд хөрөнгийн түрээслэгч байгууллага буюу Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга /түр орлон гүйцэтгэгч/ нь сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсоныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан зарчмын агуулгад нийцсэн” талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2.3. Учир нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн 4-д “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг дараах нөхцөлд хүчингүйд тооцно” гээд 4.3-д “Ажлын хэсгийн гишүүд нь түрээслэгчийн сонгон шалгаруулалтад оролцож буй иргэн, хуулийн этгээдэд давуу байдал үүсгэсэн нь тодорхой болсон, сонгон шалгаруулалтыг дүгнэх маягтын дагуу үнэлгээг хийгээгүй”, 4.4-д “Сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох эсэх асуудлыг тухайн түрээслэгч байгууллага шийдвэрлэнэ” гэж заажээ.

2.4. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нэгдсэн эмнэлгийн үндсэн хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх 51 дүгээр тогтоолд заасан шалгуур үзүүлэлтийг сонгон шалгаруулалтын зард бүрэн тусгаагүй, өмнөх хийгдсэн гэрээ цуцлагдсан эсэх нь тодорхойгүй, сонгон шалгаруулалтад томилогдсон комиссын гишүүд орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах хууль эрх зүйн мэдлэг дутмаг, туршлагагүй. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах хурлын шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, сонгон шалгаруулалт дахин явуулах, ... сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дахин томилох хүсэлт” гаргахаар шийдвэрлэж, улмаар энэ талаарх хүсэлтээ 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 281 дүгээр албан бичгээр Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлсэн, түүнчлэн Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газраас хүсэлтийг судлан үзээд 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 103 дугаар албан бичгээр “...Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтын жишиг баримт бичгийн 4 дүгээр зүйлд зааснаар сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох асуудлыг тухайн байгууллага шийдвэрлэхээр тусгагдсан байна. Иймд дээрх журамд заасны дагуу асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй” талаар хариу ирүүлсэн байхаас гадна сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүд сонгон шалгаруулалтад оролцсон Наран эмийн сан, М А, Д, Х эмийн сангуудаас ирүүлсэн материалуудыг үнэлэх явцдаа үнэлгээний хуудаст гарын үсэг зураагүй зэрэг үйл баримтууд хангалттай тогтоогдож буй энэ тохиолдолд сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсон хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй.

2.5. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчээс ““М А” ХХК болон Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Х.Г-тай байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн түрээсийн гэрээтэй холбоотой эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэж маргах боловч Архангай аймгийн нэгдсэн эмнэлгээс тус эмнэлгийн 1 давхрын 36 м.кв талбайг эмийн сангийн зориулалтаар түрээслүүлэхээр 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр материал хүлээн авахаар зарласан шийдвэртэй маргаагүйгээс гадна уг сонгон шалгаруулалтад оролцож, манай компани шалгарсан, уг сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлаж буй нь өөр хоорондоо зөрчилдөж байх тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

2.6. Мөн Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүгээс 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 626 дугаартай албан бичгээр танай газартай урьд байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №1 гэрээг шууд цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг зөрчсөн үйлдэл гэж тайлбарлах боловч уг гэрээг хүчингүй болгосон Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын аливаа шийдвэрийг эс зөвшөөрч тухайлан маргаагүй бөгөөд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.

Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ нь зөвхөн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогддог бөгөөд маргаан бүхий актын хувьд хариуцагч сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй тул шүүхийн хяналт үүгээр хязгаарлагдана.

 

Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

 

 

                      ШҮҮГЧ                                                            Н.ХОНИНХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН