Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 03

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Яллагдагч: А.Буянцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Халзан овогт Алтанцэцэгийн Буянцогтод холбогдох 201615000357 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, ах, дүү нарын хамт, Өвөрхангай аймгийн Арайхээр сумын 9 дүгээр баг 36-09 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Халзан овогт Алтанцэцэгийн Буянцогт /РД: ЙЖ92042711/

Шүүгдэгч А.Буянцогт нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 36-09 тоотод иргэн Ц.Элбэгжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Ц.Элбэгжаргалын хүзүүн тус газарт нь заазуураар зүсэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Буянцогт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Хохирогчтой сайн дураараа эвлэрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Ц.Элбэгжаргал хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 36-09 тоотод А.Буянцогт гэртээ ирсэн. Тухайн үед би архи уусан согтуу байсан. Буянцогт архи уусан байсан эсэхийг мэдэхгүй. Намайг яагаад архи уугаад байгаа юм бэ? гэж хэлэхэд нь би орон дээр хэвтэж байсан. Тэгээд би өөрийгөө өмөөрөөд миний гэр орон, хашаа гэж ярьж байснаа санаж байна. Тэгээд дүүгийнхээ дургүйг хүргэчихсэн. Дараа нь Номин гэртээ орж ирсэн. Бид хоёр нэлээн хэрэлдсэн. Би архи уучихаараа хүний дургүй хүргэх үг их хэлчихдэг. Тэгээд Номин гэрээс гараад явсны дараа Буянцогт ногоон иштэй заазуураар миний хүзүүг зүсчихсэн. Би заазуурыг нь булааж аваад шургуулага руу хийчихсэн. Тэгтэл А.Буянцогт уурлаад зуух өшиглөөд байсан. Тухайн үед гаднаас цагдаа нар орж ирээд Буянцогтыг аваад явсан. Миний гэмтэл гайгүй. Өвчин зовиур байхгүй. Миний болчимгүй зангаас болж ийм хэрэг боллоо. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 29-30 хуудас/

Гэрч У.Жавзан хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 12 дугаар сарын 09-ний 14 цаг өнгөрч байх үед Буянцогт руу би утсаар залгахад гэртээ байна, том ах согтуу байна, хэрэлдчихсэн машинд сууж байна гэж хэлсэн. Тэгээд намайг хүрээд ирэх юм уу? гэхээр нь би очсон. Очиход дүү нь гадаа байхаар нь гэрт нь шууд ортол тэр Элбэгээ ах нь орон дээр суучихсан, Буянаа зогсчихсон хэрэлдээд байсан. Би Буянцогтыг гараад ир гэхэд дүү машинд байгаа, ороод байж бай гэхээр нь гэрээс гараад гадаа Номинтой хамт нэлээн зогсож байгаад гэрт нь буцаад ороход Буянаа намайг яв, гарч бай, юуг нь хараад байгаа юм бэ? гэхээр нь уур хүрээд тэр чигээрээ зах руу явсан. Тэгтэл Буянаа араас утсаар залгаад Номин чамтай хамт явсан уу? гэхээр нь үгүй, мэдэхгүй гэхэд за за хүрээд ир, явъя гэхээр нь буцаж очоод гэрт нь оролгүй хашааных нь үүднээс гараад ир гээд утсаар залгахад гэрээсээ майктайгаа гарч ирээд хувцсаа өмсөөд гараад ирье гээд буцаад орчихсон. Тэгээд 20 гаран минут болоод гарч ирэхгүй байж байтал цагдаа нар ирээд чи дуудлага өгсөн үү гэхээр нь би өгөөгүй гэж хэлээд хамт гэрт ороход зуух хажуугаараа ойччихсон, үнс нь газраар тарчихсан, Элбэгээ ахын нүүр нь цус болчихсон, Буянаа зуухныхаа хажууд зогсчихсон байсан. Тэгээд цагдаа нар Буянааг аваад явсан. Би эргэж ороод цогтой байж магадгүй гээд үнсэн дээр нь ус асгасан. Элбэгээ ах дээр нь нэмж ус асгаж байсан. /хх-ийн 31 хуудас/

Насанд хүрээгүй гэрч А.Номмн-Эрдэнэ хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:… Би 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13 цаг өнгөрч байх үед гэртээ ирсэн. Гэрт ирэхэд ах Элбэгжаргал зурагт үзээд сууж байсан. Буянцогт ах гадаа машиндаа ганцаараа сууж байсан. Намайг гэрт ороод цаг гаран болсны дараа гаднаас Буянцогт ах орж ирсэн. Тухайн үед Элбэгжаргал ах надад агсам тавиад миний хашаа, миний гэр гээд загнаад байсан. Буянцогт агаа дуугүй бай, одоо унт л даа гэж хэлсэн чинь өөдөөс нь чи муу шалдан банди яадаг юм бэ? гээд хэрэлдээд Элбэгжаргал ах шургуулаганаас хар иштэй хутга гаргаж ирээд алаач чи гээд байсан. Буянцогт ах чам мууг алж яадаг юм. Чи муу бид нарыг багаас нь дээрлэхлээ. Одоо болоо юм биш үү гээд хутгыг нь авахаар нь би боль гээд Буянцогт ахаас хутгыг нь аваад шүүгээнд хийчихсэн. Тэгээд хоорондоо зодолдоод бурхан тахилаа нураачихаар нь гараад хотод байдаг эгч Оюун-Эрдэнэ рүү залгахад цагдаад мэдэгд гээд дуудлага өгүүлсэн. Буянцогт ах архи уучихсан согтуу байсан. /хх-ийн 32 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 381 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Ц.Элбэгжаргалын биед эрүү, хүзүү, зүүн гарын алга хэсэгт зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 35 хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ¹12/37 дугаар үнэлгээний тайлан, шүүгдэгч А.Буянцогтын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Элбэгжаргалын шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт /хх-ийн 1, 7-13, 25-26, 43-44, 48-49, 73-74, 76-79 хуудас/

Шүүгдэгч А.Буянцогтын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1369 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50, 55 хуудас/

Шүүгдэгч А.Буянцогтын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч А.Буянцогт нь согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 36-09 тоотод хохирогч Ц.Элбэгжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хүзүүн тус газар нь заазуураар зүсэж хохирогч Ц.Элбэгжаргалын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч А.Буянцогтын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Элбэгжаргалын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 36-09 тоотод А.Буянцогт бид хоёр нэлээн хэрэлдсэн. Би архи уучихаараа хүний дургүй хүргэх үг их хэлчихдэг. Буянцогт ногоон иштэй заазуураар миний хүзүүг зүсчихсэн. Гэрч У.Жавзангийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний 14 цаг өнгөрч байх үед Буянцогт руу би утсаар залгахад гэртээ байна, том ах согтуу байна, хэрэлдчихсэн гэж хэлсэн. Тэгээд намайг очиход дүү нь гадаа байхаар нь гэрт нь шууд ортол тэр Элбэгээ ах нь орон дээр суучихсан, Буянаа зогсчихсон хэрэлдээд байсан. Цагдаа нар ирээд чи дуудлага өгсөн үү гэхээр нь би өгөөгүй гэж хэлээд хамт гэрт ороход зуух хажуугаараа ойччихсон, үнс нь газраар тарчихсан, Элбэгээ ахын нүүр нь цус болчихсон, Буянаа зуухныхаа хажууд зогсчихсон байсан. Насанд хүрээгүй гэрч А.Номмн-Эрдэний би 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13 цаг өнгөрч байх үед гэртээ ирээд цаг гаран болсны дараа гаднаас Буянцогт ах орж ирэхэд тухайн үед Элбэгжаргал ах надад агсам тавиад миний хашаа, миний гэр гээд загнаад байсан. Буянцогт агаа дуугүй бай, одоо унт л даа гэж хэлсэн чинь өөдөөс нь чи муу шалдан банди яадаг юм бэ? гээд хэрэлдээд Элбэгжаргал ах шургуулаганаас хар иштэй хутга гаргаж ирээд алаач чи гээд байсан гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 381 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ¹12/37 дугаар үнэлгээний тайлан, шүүгдэгч А.Буянцогтын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч А.Буянцогтод холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Буянцогт нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

Хохирогч Ц.Элбэгжаргалын шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр хохирогч шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрсэн болох нь нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч А.Буянцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч А.Буянцогтыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Буянцогт нь согтуугаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д “…Согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй…” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхэг, хар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Шүүгдэгч А.Буянцогтын эзэмшлийн 10.000 төгрөгийн үнэ бүхий Нокиа брэндийн Нокиа 6300 маркийн, хар саарал өнгийн, хуучин гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,  

Шүүгдэгч А.Буянцогт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Халзан овогт Алтанцэцэгийн Буянцогтыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Халзан овогт Алтанцэцэгийн Буянцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүгдэгч А.Буянцогт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн болохыг тус тус дурьдсугай.   

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхэг, хар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч А.Буянцогтын эзэмшлийн 10.000 төгрөгийн үнэ бүхий Нокиа брэндийн Нокиа 6300 маркийн, хар саарал өнгийн, хуучин гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

7..Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Буянцогтод авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Х.ОТГОНЖАРГАЛ