Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/814

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч П.Отгонбаатар,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 2205000002520 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхнэр хамт *******, “Мишээл Экспо” 94-а-93 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 14-р хороо, “Номин” худалдааны төвийн орчим ******* нүүрэн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******:

“... “Номин” их дэлгүүрийн булангаар хойшоо эргэтэл үл таних хоёр залуу зогсож байсан. Тэгээд л шууд өөдөөс яасан яасан гэнээ гээд эргэж хараад дайраад байсан. Тэр үед надаас тамхи асуудаг үл таних хоёр ах маргаанд оролцоогүй хойшоо өнгөрөөд яваад өгсөн. Нэг залуу нь шууд намайг цохиод авсан би газар унаад хэсэг хэвтэж байгаад боссон. Босоод дүүгээ “агаан дүү огт зодолдож болохгүй шүү” гэж хэлээд орилсон. Намайг унаад босоод ирэх үед манай дүү зодолдоогүй нэг залуутай заамдалцаад хоёр гарыг нь барьчихсан зогсож байсан. Намайг цохиж унагаасан залуу над руу ахиж дайраад тэгэхэд нь би тэвэрч аваад “Номин” их дэлгүүрийн урд очоод “хөгшөөн одоо больё найзыгаа аваад явчих” гэхэд өөдөөс “за” гэж хэлээд бид хоёр зодоон болсон газар эргээд очсон. Би очоод дүүгээ салгаж аваад зогсож байсан. Намайг цохидог залуугийн найз нь намайг цохидог залууг тэвэрч аваад “Номин” их дэлгүүрийн урд зам хөндлөн гүйгээд өгсөн. Тэр хоёр залууг явсны дараа би биед байгаа эд зүйлсээ үзэхэд миний гар утас, мөнгөн гинж байхгүй байсан. Би гар утас руугаа залгахад миний дуудлагыг аваад “гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир” гэхээр нь би яваад очсон. Очоод залгахад “за за тоглосон юмаа би “Өргөө” дээр байна Өргөө дээр хүрээд ир” гэсэн. Би өргөө дээр очоод залгахад “мөнгөө яах юм одоо мөнгөө өгөх юм байгаа биз дээ” гэхээр нь би “утсаа авч байж мөнгөө өгнө” гэсэн чинь тэр хоёр залуу “гар утасныхаа кодыг хэл” гэхэд нь би “юу гэж кодоо таньж мэдэхгүй хүнд хэлэх вэ” гэхэд “тэгвэл утсыг чинь эндээ савчхаад явлаа” гэхэд нь би “тэгээ тэг би ер нь шийдвэрлэдэг газраар нь явлаа” гэж хэлээд утсаа утас руугаа залгахад миний гар утас холбогдохгүй байсан. Уг хүмүүс надаас эд зүйлийг маань авах гэж заналхийлсэн дарамталсан, довтолсон асуудал огт байхгүй. Харин зодоон маргааны дунд миний утас гинж цаг алга болсон. Энэ хүмүүс бол надаас халаас ухаж утас, эд зүйлийг аваагүй. Зодооны дунд унасан зүйлийг авсан гэж бодож байна. Зодооны дараа утсаа авах гээд өөрийнхөө утас руу залгахад өөрсдийнхөө байгаа газрын хэлээд “ирж утсаа ав” гэж байснаа сүүлдээ “мөнгө өгөөд авах” яриа болоод сүүлдээ миний утас унтарсан. Би өөрийнхөө гар утсыг цагдаагийн газарт гомдол гаргаад хэд хоногийн дараа хүлээн авсан. Миний утас цэнхэр өнгийн “Самсунг А-53” маркийн утас байсан. Би өөрийнхөө утсыг яг тэр чигт нь цагдаагийн газраас хүлээн авсан. Миний утсыг сольсон, орлуулсан өгсөн асуудал бол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 174-175 дэх тал/,

Гэрч *******:

“...ногоон саарал өнгийн богино үстэй залуу Анхбаяр ахыг шууд цохиод зодоод эхэлсэн ба нөгөө хамт явсан залуу нь хэд хэдэн удаа намайг цохиод авсан бөгөөд тэр үед Анхаа ах “больё эвээр учраа ольё” гээд салаад явсан чинь Анхаа “утас болон гинж байхгүй байна” гээд байсан бөгөөд тэр ногоон үстэй залуу нь Анхаа ахтай тэврэлдэж аваад байсан санагдаж байна. Анхаа ахын нүд нь хөхөрч хавдаад доод зовхи нь сэтэрсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

Гэрч *******:

“...Хорооллын “Номин” их дэлгүүрийн хойшоо эргээд алхаж байхад хойно алхаж байсан 4 залуу “энэ хоёр бацаан” гээд бид хоёрыг дуудаад байсан. Тэгэхээр нь эргэж хараад “яасан гэнээ” гээд муудалцсан. Тэгээд Төрболд намхан хар куртиктэй залуутай муудалцаад нэг цохисон. Тэгээд ер нь нэг нэгнээ хорьж цагдаад хэрэлдээд байж байсан. Манай найз хойно явж байсан нэг өндөр залуутай муудалцаж байгаад “Номин” их дэлгүүрийн урд зогсоод юм яриад байх шиг байсан. Би хойно нь ганцаараа үлдээд газар нэг цэнхэр утас байхаар нь газраас аваад “энэ хэний утас вэ” гэхэд бүгд л “мэдэхгүй” гээд байсан тэгэхээр нь би аваад халаасандаа хийчихсэн. Би найз дээрээ очоод “явъя” гэхэд хойно явж байсан намхан залуу бас “болъё” гэж хэлээд би найзыгаа аваад зам гараад явсан. Зам гараад явж байхад гар утас дугараад авахад миний өөдөөс “гар утсаа авъя наана чинь хэрэгтэй юм байгаа” гэж хэлсэн. Би “25-р эмийн сан руу уруудаж байна ирээд аваа хүлээж байя” гэж хэлсэн. Хүлээгээд ирэхгүй байхаар нь найзтайгаа яваад өгсөн. Уг гар утсыг хүмүүсийн гар утас гэж бодоогүй утас дуугарахаар нь аваад Төрболдод өгөөд “КFС” хажууд хүлээгээд ирэхгүй байсан колонкийн нэр хэлээд байсан тэгээд ирэхгүй удаад байсан тэгээд дахин залгаад “та хоёр намайг хэн гэдгийг мэдэх үү” гээд байхаар нь дахин маргаан зодоон болох юм байна гэж бодоод би “буцаагаад өгнө” гэж бодоод яваад өгсөн. Тэгээд маргааш нь цагдаагаас залгаад цагдаад гар утсыг нь авч ирж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32, 42-43 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14610 дугаартай шинжээчийн:

“...******* биед зүүн нүдний этмойд хөндийд дээд хана, ухархайн дотор ханын хугарал, зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хөмсөг, доод зовхины зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх нүүрэн үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 62-63 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 14-р хороо “Номин” худалдааны төвийн орчим ******* нүүрэн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Г.Анхбаяр, гэрч О.Түвшинбуян, У.Батхонгор нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14610 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч  ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирол төлбөрт 600.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч *******той эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаанд “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Хан-Уул дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн 2205000002520 тоот дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад “яллагдагч ******* болон түүнтэй хамт явж байсан гэрч У.Батхонгор нар нь хохирогч ******* эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэж, улмаар түүний эд хөрөнгө буюу гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд  байгааг мэдсээр байж авч явсан, тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн зэрэг нөхцөл байдал байхад прокурор дээрх үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийлгүй яллагдагч *******од холбогдох “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй” гэж үзэж хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр прокурорт буцааж, хэргийг прокурорт очих хүртэл яллагдагч *******од урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн. 

Гэвч яллагдагч ******* нь оршин суугаа газрын хаяг, холбоо барих утасны дугаар өөрчлөгдсөн талаар шүүхэд даруй мэдэгдэх үүргээ зөрчиж, шүүхээс дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, хаана нь байгаа нь мэдэгдэхгүй, албадан ирүүлэх боломжгүй, улмаар шүүхээс оргон зайлсан гэж үзсэн тул түүнийг эрэн сурвалжилж олж тогтоосон өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.  

Прокуророос дээрх шүүгчийн захирамжид дурдсан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулж “яллагдагч *******, гэрч У.Батхонгор нар нь хохирогч ******* эзэмшлийн гар утсыг авах ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй, олж авсан утсаа шамшигдуулан, захиран зарцуулахгүйгээр цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан” гэж дүгнэжээ.

Харин яллагдагч *******ыг эрэн сурвалжлах тухай шүүгчийн захирамжид заасны дагуу 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олж тогтоон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл энэ хэрэгт нийт 46 хоног цагдан хоригдсон байна.

Иймд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаанд “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Хан-Уул дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 46 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож түүний биечлэн эдлэх ялыг 14 хоногийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Хан-Уул дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205000002520 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Хан-Уул дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 46 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож түүний биечлэн эдлэх ялыг 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Хан-Уул дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдаж, гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ