Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/819

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Б.Билгүүн,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн*******ид холбогдох эрүүгийн 2305011361689 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *******,*******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,******* /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь хохирогч “барьцаатай зээл олгоно” гэх зарын дагуу 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД” андуудын урд талын автобусны буудал орчимд уулзан 77-97 УБТ улсын дугаартай “Mersedes Benz CLA 45” маркийн тээврийн хэрэгслийн “барьцаалж зээл авъя” гэж хуурч 2 удаагийн гүйлгээгээр нийт 23.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч :

“....2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүк дээр Э.Түшиг гэсэн хаягаас “Барьцаатай зээл олгоно” гэсэн пост оруулсан бөгөөд түүний дагуу Mijgee Ganbaatar гэсэн хаягаас “**** УБТ улсын дугаартай “Mersedes Benz CLA 45” маркийн авто машиныг барьцаалж 23.000.000 төгрөг зээлэх үү” гэж чатаар бичсэн байсан. Тэгээд оройны 19 цагийн үед Баянгол дүүрэг Андуудын урд талын автобусны буудлын баруун урд байрлах нотариат дээр очиж машин худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулан гарч ирээд Баянгол дүүргийн Андуудын автобусны буудлын ар талд миний эзэмшлийн Хас банкны 5003881866 тоот дугаарын данснаас Батхуягийн Үүрцайх гэх хүний Хас банкны ************ тоот данс руу 20.000.000 төгрөгийг 12 дугаар сарын 07-ны өдөр утасны интернэт банкийг ашиглан шилжүүлсэн. Мөн удалгүй өөрийн эзэмшлийн Хаан банкны ********** тоот дугаарын данснаас Батхуягийн Үүрцайх гэх хүний Хас банкны тоот данс руу 3.000.000 төгрөгийг утасныхаа интернэт банк ашиглан тус тус шилжүүлсэн. Хэрвээ 12 дугаар сарын 09-ний өдөр зээлсэн 23.000.000 төгрөгөө авч чадахгүй бол Мижиддорж барьцаанд тавьсан машин буюу “Mersedes Benz CLA 45” маркийн машиныг миний нэр дээр шилжүүлж өгнө гэсэн. Гэтэл өөр хүнд машинаа барьцаалаад мөнгөө өгч чадахгүй болохоороо нэр дээр нь шилжүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Гэрч *******:

“...Би 2022 оны 12 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед Түшигтэй хамт байсан. Бид хоёр 12 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагийн үед уулзаад Түшиг надад “Mersedes Benz CLA 45” маркийн машиныг барьцаалж хүнд 23.000.000 төгрөг зээлэхээр болоод орой 19 цагт уулзахаар болсон гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр хамт “ТБД” андуудын буудлын хойно үл таних залуутай уулзаж автобусны баруун талд байрлах нотариат ороод худалдан худалдан авах гэрээ хийгээд буцаад машинд орж ирэхэд үл таних залуу өөрийгөө намайг Мижиддорж гэдэг гэж хэлж байсан. Тэгээд Түшиг өөрийн эзэмшлийн Хас банкны ********* тоот дугаарын данснаас Батхуягийн Үүрцайх гэх хүний эзэмшлийн Хас банкны тоот дугаарын данс руу 20,000,000 төгрөгийг утасны интернэт банкаараа шилжүүлсэн. Мөн удалгүй Түшиг өөрийн эзэмшлийн Хас банкны ********* тоот дугаарын данснаас Батхуягийн Үүрцайх гэх хүний эзэмшлийн Хас банкны тоот дугаарын данс руу 3,000,000 төгрөгийг утасны интернэт банкаараа шилжүүлсэн. Тэгээд Мижиддорж гэх залуу машинаас буугаад явсан. Бид хоёр гэр рүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

Гэрч *******:

“...2022 оны 12 дугаар сарын 07-ны орой Мижиддорж над руу “Би машинаа барьцаалаад хүнээс 23.000.000 төгрөг авах гэж байгаа юм. Машин авсан хүн маань “Хас” банкны данстай юм байна, надад “Хас” банкны данс байхгүй учраас чи “Хас” банкны дансаа өгөөч” гэж хэлэхээр нь би “Хас” банкны ********* тоот дугаартай дансыг өгсөн. Удалгүй Түшиг гэх хүнээс эхлээд 20.000.000 болон 3.000.000 төгрөгийн орлого орж ирсэн. Тухайн гүйлгээ орж ирснээс хойш ойролцоогоор 30 минутын дараа Мижиддорж надад Түвшинсанаа гэх хүний эзэмшлийн “Хаан” банкны ************ тоот дансыг өгөөд би өөрийн эзэмшлийн “Хас” банкны *************** данснаас 23.000.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0731 дугаартай “Д.Даваасүрэн болон ******* нарын хооронд хийсэн итгэмжлэл /хавтаст хэргийн 25 дахь тал/,

2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3813 дугаартай “******* болон Э.Түшиг нарын хооронд хийсэн “Худалдах, худалдан авах гэрээ” /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

*******ийн гараар бичиж өгсөн “2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ...23 сая төгрөг зээлсэн. 2023 оны 01 дүгээр сарын 23-аар эргэн төлөлт хийхгүй бол машины нэрийг шилжүүлж өгөхөө баталж байна” гэх бичмэл баримт /хавтаст хэргийн 28 дахь тал/,

Хохирогч Э.Түшигээс *******ийн данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 23.000.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хавтаст хэргийн 29 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хохирогч “барьцаатай зээл олгоно” гэх зарын дагуу холбогдож Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД” андуудын автобусны буудал орчимд “77- 97 УБТ улсын дугаартай “Mersedes Benz CLA 45” маркийн тээврийн хэрэгслийн барьцаалж зээл авъя, 2 хоногийн дотор эргүүлж өгнө, төлөхгүй бол машиныг нэр дээр нь шилжүүлж өгнө” гэж хуурч хохирогчоос 2 удаагийн гүйлгээгээр нийт 23.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Э.Түшиг, гэрч Э.Номинчулуун, Б.Үүрцайх нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0731 дугаартай “Д.Даваасүрэн болон ******* нарын хооронд хийсэн итгэмжлэл, “Худалдах, худалдан авах гэрээ”, *******ийн гараар бичиж өгсөн бичмэл баримт, хохирогч Э.Түшигээс *******ийн данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 23.000.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тухайлан тайлбарлавал “Баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах” гэдэг нь бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд хуурамч баримт бичиг баримт, эд зүйл, цахим хэрэгсэл, цахим сүлжээ, цахим мэдээлэл, дууны, дүрсний, техник хэрэгсэл ашиглах, тусгай албаны хувцас, хэрэглэл, цол, тэмдэг хэрэглэж зориудаар төөрөгдүүлэх, дутуу буюу зориулалтын бус, эсхүл хуурамч буюу чанарын доголдолтой эд зүйлээр төлбөр хийх зэргийг ойлгоно.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас хохирогч нарт хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Түшигт 23.000.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч *******той эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 850.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлтгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 850.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305011361689 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 850 /найман зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 850.000 /найман зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдаж, гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ