Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/812

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Онон,

хохирогч *******,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******т холбогдох эрүүгийн 2305027791499 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-нд дууны инженерээр ажилладаг гэх, ам бүл 2, хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух,

- урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 03 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 02 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны 2-р шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 527 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

- Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 327 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийх ял тус тус шийтгүүлж байсан,******* /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 10-р хорооллын урд талын авто зам дээр иргэн *******тай “эгнээ байраараа явсангүй, машины толь эвдэлсэн” гэх шалтгаанаар маргалдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн үед Ганзориг нь миний машины толийг шүргэсэн. Улмаар хараал хэлснээс болж маргалдаж намайг боосон. Одоо хохирол төлбөрт нийт 2.138.300 төгрөг нэхэмжилж байна. Хохирлоо нөхөн төлбөл гомдол, саналгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******ын:

 “...2023 оны 07 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед өөрийн эзэмшлийн 71-27 УБО улсын дугаартай автомашинаар Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хорооллын төв замын 3-р эгнээгээр явж байхад миний өмнө явж байсан автомашин зогссон. Тэгээд би тойрч гараад эргээд 3-р эгнээ хэсэг рүү шилжиж орох гэсэн чинь 3-р эгнээ хэсэгт явж байсан 19-00 УБЛ улсын дугаартай автомашин миний машины толь хэсгийг бага зэрэг шүргээд өнгөрч явах үедээ надад хандаж “пизда минь эгнээгээрээ яв” гэж хэлэхээр нь “дохио өгөөд орох гэж байгаа юм биш үү пизда минь” гэж хэлсэн чинь миний урд зогссон. Тэгээд тухайн автомашиныг унаж явсан үл таних эрэгтэй бууж ирээд машины цонх хэсгээр гараа оруулаад намайг боох үед нь түүний гарыг тавиулах гэж үзсэн боловч тавиулж чадаагүй бөгөөд хэсэг хугацааны дараа боолт орж гар бадаар ч толгой эргээд манарах үед нь би машины хаалгаар түүнийг цааш түлхэж холдуулсан. Би машинаас бууж өөрийн гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх үед намайг боосон үл таних залуу миний гар утсыг булааж аваад хамт явсан үл таних эмэгтэй хүндээ өгөөд бичлэгийг нь устга гэсэн. Би үл таних эмэгтэйгээс өөрийн гар утсаа булааж авах үед тухайн эмэгтэй “аллаа” гэж хэлээд орилсон бөгөөд энэ үед намайг боосон үл таних залуу хүрч ирээд дахин боож машины хамар хэсэг дээр унагаасан. Хажуугаар өнгөрч явсан үл таних эрэгтэй хүрч ирээд надаас тухайн хүнийг холдуулах үед тэр машиндаа суугаад явсан. Үл таних залуу миний машины толь хэсгийг өнгөц шүргэх үедээ намайг муухай үгээр доромжилсон тэгээд намайг тэр ганцаараа зодсон. Тухайн хүн намайг 2 удаа боож унагаасан, гэдэс хэвлий хэсэг рүү цохисон. Тэр хүнээс өөр хүнтэй би маргаагүй, өөр хүн миний эрүүл мэндэд халдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

Гэрч *******:

“...2023 оны 08 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед 10-р хорооллын автомашины төв зам дээр явж байсан чинь манай машины хажуугаар гарч явсан приус маркийн авто машин нөхрийн сууж явсан талын толь хэсгийг нь шүргэж, толийг нь суурь хэсгээр нь ганхуулсан. Нөхөр тухайн машины жолоочид хандаж “эгнээ байраа зөв эзэлж яваач ээ, яаж яваад байгаа юм бэ” гэсэн чинь тухайн машины жолооч манай нөхөр рүү салаавч гаргаж харааж зүхээд явах гэх үед нь манай нөхөр түүний машины урдуур орж зогсоод, машинаас буугаад явсан. Би машинд үлдээд утсаа оролдсон. Хэсэг хугацааны дараа манай нөхөр тухайн машины жолооч хоёр манай машины ард маргаж байгаад тэр залуу утсаа гаргаж ирээд бичлэг хийх үед манай нөхөр булааж аваад цонхоор надад утас өгөх үед тухайн утасны эзэн над дээр хүрч ирээд гар мушгиж утсаа аваад явах үед нь би орилсон. Тухайн хүн утсаа булааж аваад буцаж машины ар хэсэгт очих үед нөхөр түүн дээр очиж түүнийг боож машины хамар дээр хэвтүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9114 дугаартай:

“...*******ын биед хүзүү, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хоолойг дарах шахах боох үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

Хохирогч *******аас шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол төлбөрийн талаарх баримтууд, шүүгдэгч *******ийн ажил хөдөлмөр эрхэлдэг талаарх тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 10-р хорооллын урд талын авто зам дээр иргэн *******тай “эгнээ байраараа явсангүй, машины толь эвдэлсэн” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүний хоолойг боох зэргээр биед нь халдаж хүзүү, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******, гэрч Э.Лхамноржин нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9114 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч  ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч ******* нь эрүүл мэнд, сэтгэл санаа, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон бусад хохирол төлбөрт нийт 2.138.300 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч ******* нь баримтаар тогтоогдсон байгаа 224.300 төгрөгийн хохирлыг хохирогчид төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Харин хохирогч *******ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.914.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэг нь шүүхээс тогтоож өгсөн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Мөн ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзэж торгох ялын хамгийн бага хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 3 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд санаатай гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан атлаа нийгэмшихгүй, хүмүүжихгүй байгаа түүний хувийн байдлыг харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч *******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305027791499 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч *******ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.914.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ