| 2026 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 221/МА2026/0028 | Улаанбаатар хот |
БГД-ын Прокурорын газрын
Хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх
Б.Д-ын дүгнэлттэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: БГД-ын Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Д.О;
Дүгнэлт гаргагч: БГД-ын Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Д
Хариуцагч: БГД-ын Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Т
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 797 дугаар шийдвэр;
Шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагч: БГД-ын Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Д
Хариуцагч БГД-ын Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Т нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс 128/2025/0854/З
ТОДОРХОЙЛОХ нь:
- БГД-ын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Д-оос “БГД-ын Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Т-ын 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 08193ХХ дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 797 дугаар шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх заалт, 1.3 дугаар зүйлийн 2 дахь заалт, 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалт, 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.1, 5.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан БГД-ын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Д-ын дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
- БГД-ын прокурорын газрын ерөнхий прокурор Д.О давж заалдах гомдолдоо:
- Дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Д нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “Татвар төлөгч хүн, хуулийн этгээд... татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд тушаах үүргээ биелүүлээгүй бол... хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байх бөгөөд татварын улсын байцаагч Ш.Т нь “З” СӨХ-д хуулийн этгээдэд оногдуулах торгох шийтгэлийн дүнгээр шийтгэл оногдуулсан. Гэвч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.3-т ““сууц өмчлөгчдийн холбоо” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог” ойлгоно, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.3-т “Сууц өмчлөгчдийн холбоо хуулийн этгээдийн эрхгүй байна...”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дээрх үндэслэлээр эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж анхан шатны шүүхэд хүргүүлсэн боловч анхан шатны шүүх прокурорын дүгнэлтэд дурдагдсан дээрх нөхцөл байдлыг няцаан үгүйсгэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр “хуулийн зохицуулалтыг явцууруулан тайлбарласан прокурорын дүгнэлт үндэслэлгүй тул... шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь буруу” гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр бүхэлдээ ойлгомжгүй байна.
- Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 8.3-т “...энэ хэргийн тухайд зөрчил гаргагч “З” СӨХ нь татварын харилцааг тусгайлан зохицуулсан хуулиар татвар төлөгч бөгөөд тайлан илгээх үүргийг хүлээж байхад “хуулийн этгээдийн эрхгүй байгууллага” тул хуулийн этгээд гэж үзэж шийтгэл оногдуулсан нь буруу гэх дүгнэлтийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй...” байна гэж дүгнэсэн нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
- Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад ““оролцогч” гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг” ойлгоно, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж хуульчилжээ.
- Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0797 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.17, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийг баримтлан прокурорын гомдол гаргав” гэжээ.
ХЯНАВАЛ:
- Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, БГД-ын прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Д.О-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
- Талуудын маргаан зүйл нь “З” Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан “холбогдогч” мөн эсэх, хуулийн этгээдийн эрхгүй сууц өмчлөгчдийн холбоонд Зөрчлийн тухай хуулийг хэрэглэж шийтгэл оногдуулж болох эсэх, татвар төлөгчийн “...татварын тайлангаа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй” гэх зөрчилд татварын улсын байцаагчаас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.3-д заасныг хэрэглэж шийтгэл оногдуулах нь хууль хэрэглээний алдаатай эсэх талаар байна.
- Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т ““сууц өмчлөгчдийн холбоо” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид “орон сууцны байшин” гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог;” гэж тодорхойлжээ.
- Зөрчилд холбогдогч “З” СӨХ нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.47-д ““этгээд” гэж хувь хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага болон тэдгээртэй адилтгах иргэний харилцаанд оролцогчийг;” гэж заасан этгээд буюу “татвар төлөгч” мөн байна.
- Тиймээс татварын төлөгч этгээдийн хувьд СӨХ нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйл. “Татварын тайлан үйлдэх, тушаах.”, 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ:”, 29.1.2-д “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ гаргаж, тогтоосон хугацаанд татварын албанд хүргүүлэх” гэсэн татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелүүлэх, татвар тайлагнах үүрэг хүлээсэн байна.
- Үүнээс үзэхэд, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйл. “Татварын хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг шийдвэрлэх”, 44.1-д “Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.” гэж зааснаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.3-д заасныг хэрэглэж шийтгэлийн арга хэмжээ авах эрхтэй.
- Дээрх хуулийн зохицуулалт болон Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан хуулийн зохицуулалтаар татварын харилцааны оролцогч этгээд “хуулийн этгээдийн эрхгүй” сууц өмчлөгчдийн холбоо нь татварын тайлангаа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй үүргээ хэрэгжүүлээгүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцогдохоор тодорхойлон хуульчлагдсан байна.
- Татварын улсын байцаагч нар нь Татварын хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдийн эрхгүй Сууц өмчлөгчдийн холбоонд шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж тус тус зааснаар шударга ёсны зарчимд нийцнэ.
- Дээрх байдлуудаас үзвэл, “З” СӨХ-ны татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчилд нь Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохоор Татварын ерөнхий хуульд тусгайлан тусгагдсан байх тул нэхэмжлэгчийн “...“З” СӨХ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч болохгүй, хуульд заасан холбогдогчийн эрх эдэлж, үүрэг хүлээх боломжгүй этгээд...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
- Анхан шатны шүүх маргаан бүхий үйл баримтад хамаарах холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, БГД-ын прокурорын газрын хяналтын прокурор Б.Д-ын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 269 дүгээр дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0797 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, БГД-ын прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Д.О-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д заасныг баримтлан дүгнэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЬЯАСҮРЭН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА