Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 04

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: А.Намдаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Шүүгдэгч: А.Лувсанжамъян нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Алтантуяагийн Лувсанжамъянд холбогдох 201615000343 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнес эдийн засгийн менежмент мэргэжилтэй, Жем трейд ХХК-нд маркетингийн ажилтан ажилтай, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Улаанбаатар хот БЗД 27 дугаар хороо Сэлбэ 25-662 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Алтантуяагийн Лувсанжамъян /РД: УХ91050750/

Шүүгдэгч А.Лувсанжамъян нь согтуурсан үедээ 2016 оны өдөр 11 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өшгөг” зочид буудалд иргэн Ц.Сайнбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь эрүү ясны ооч хэсгийн зөрүүгүй хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч А.Лувсанжамъян шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Би 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймагт шалгалтаар ирсэн. Тухайн үед “Өшгөг” буудалд байрлаж байгаад Ц.Сайнбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг цохисон. Тухайн үед Ц.Сайнбаярын уруулаас цус гарсан байсан. Би маргааш өглөө нь Баянхонгор аймаг руу явах ажилтай байсан. Тэгээд Баянхонгор аймаг явахаасаа өмнө Ц.Сайнбаярын гэрт нь очиж уулзаад эрүү чинь эвгүй болсон байна, эмнэлэгт үзүүлээд надтай холбогдоорой гэж хэлчихээд явсан. Тэгээд Баянхонгор аймагт очтол Ц.Сайнбаяраас дуудлага ирсэн байхаар нь Ц.Сайнбаяртай утсаар ярихад эмнэлэгт үзүүлчихлээ, эрүү хугарсан байна гэсэн. Тэгээд би яаралтай Улаанбаатар хот явж үзүүлэх хэрэгтэй гээд би өөрөө Баянхонгор аймгаас буцаад Улаанбаатар хот руу яваад Ц.Сайнбаяр Өвөрхангай аймгаас яаралтай үзүүлэх хэрэгтэй гэсэн бичиг аваад Улаанбаатар хот явсан. Тэгээд Улаанбаатар хотод очоод эмнэлгээр дагуулж яваад шаардлагатай эмчилгээг хийлгэсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр зөрүүгүй хугарал гэж гарсан байсан. Би хэргийн материалтай танилцсан. Хохирол төлбөрт эхлээд эмчилгээний зардалд 250.000 төгрөг, дараа нь 1.098.000 төгрөгийг хохирогчид тус тус төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Ц.Сайнбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай дарга нар ирээд миний ажлыг шалгасан. Тэгээд ажил дуусаад орой 20 цагийн үед Өшгөг зочид буудлын 104 дүгээр өрөөнд байрласан. Тэндээ хоол захиалаад 0.5 литрийн цагаан архи 1 шилийг аваад ажлаа ярьж жаахан байя гээд суусан. Авсан архиа ууж дуусгаад ахиад нэг шил архи авчирахаар нь би гараад 0.5 литрийн 1 шил цагаан архи авчирсан. Тэрийгээ ууж дуусгаад юм ярьж сууж байгаад Лувсанжамъян миний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тухайн үед миний амнаас их цус гарсан. Би шүд уначихлаа гэж бодсон. Тэгтэл Лхамсүрэн яаж байна аа та хоёр яагаад цохилцож байгаа юм бэ гээд намайг 00-ийн өрөө рүү аваад орсон. Би тэнд цусаа угаачихаад гэр рүүгээ явсан. Лхамсүрэн бид хоёр бол гайгүй байсан. Лувсанжамъян нэлээн согтсон байсан. Өмнө нь би чамайг жолооч гэж боддог байсан гээд хэлчихсэн юм тэрэнд тоглоом даагаагүй бухимдсандаа цохисон байх. Түүнээс санаатайгаар намайг цохиогүй гэж бодож байна. Миний эрүүн тус газар гараараа нэг л удаа цохисон. Өөрөөр цохиж зодсон юм бол байхгүй. Намайг шүүх эмнэлгийн шинжээч эмч үзээд ясны ооч хэсэгт ташуу зөрүү хугарал үүссэн байна гэсэн. Эмчилгээний зардал, үүнээс болж надаас гарсан бусад зардлыг төлүүлмээр байна. /хх-ийн 32 хуудас/

Гэрч Н.Лхамсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 21 цагийн үед Өшгөг буудалд байрлаж тэндээ хоол идээд Ц.Сайнбаяр Лувсанжамъян бид гурав хоёр шил архи хувааж уусан. Тэгтэл 23 цагийн үед Сайнбаяр Лувсанжамъян хоёр ярилцаж сууж байгаад Лувсанжамъян Сайнбаярыг нэг цохисон. Хоорондоо болохоор цохилт даах уу, хоёулаа нэг нэгийгээ нэг нэг цохьчих уу гэж ярилцаж байсан. Тэр үед тэр хоёрыг хоорондоо тоглож л байна гэж бодсон. Лувсанжамъян Сайнбаярыг цохисны дараа Сайнбаяр шүд сонин болчихлоо гээд амнаас нь буюу доод үүдэн шүднээс нь цус гарч байсан. Намайг харахад доод уруул нь дотор талдаа бага зэрэг язарчихсан цус гарч байсан. Тэгээд Сайнбаяр 00-ийн өрөө ороод цусаа угаахаар нь би харахад шүд нь унасан зүйл харагдаагүй, буйлнаас нь цус гарч байсан. Сайнбаяр ярихдаа Лувсанжамъянг цохино гэж бодоогүй байсан чинь цохьчихлоо гээд гараад яваад өгсөн. Би араас нь гараад харахад Сайнбаяр явчихсан байсан. Тэгээд Лувсанжамъянг унт гээд хэвтүүлсэн. Лувсанжамъян Сайнбаярыг эрүүн тус газар нь гараараа цохисон. /хх-ийн 33-34 хуудас/

Гэрч Г.Дэлгэрмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Тэр өдөр Сайнбаяр шөнийн 00 цагийн үед гэртээ ирсэн. Хотоос ажил шалгаж ирсэн дарга нартайгаа хамт байж байгаад ирлээ гээд халамцуу амнаас нь цус гарсан, хүнд цохиулчихсан гээд орж ирсэн. Хэнд цохиулсан юм гэхэд хотоос ирсэн Лувсанжамъян юм ууж сууж байгаад цохьчихсон гэж хэлсэн. Маргааш нь эмнэлэгт очоод зураг авахуулахад эрүү нь хугарчихсан байсан. Тэгээд тэр өдрөө хот руу эмчилгээ хийлгэхээр явсан. Зүс харж байсан залуу байсан. Өмнө нь манайд нэг удаа ирж байсан. /хх-ийн 35 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15557 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:... Ц.Сайнбаярын биед эрүү ясны ооч хэсгийн зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ц.Сайнбаяр нь архаг хууч өвчингүй. /хх-ийн 42 хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд, амбулаторын карт болон рэнтген зураг, CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирлын баримтууд, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №12/35 дугаар үнэлгээний тайлан, шүүгдэгч А.Лувсанжамъянгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Сайнбаярын хохирол төлбөрт 1.098.000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт /хх-ийн 1, 10-22, 24-27, 48, 50 хуудас/

Шүүгдэгч А.Лувсанжамъянгийн хувийн байдлыг тогтоосон Улаанбаатар хот БЗД-ийн 27 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52-53, 71 хуудас/

Шүүгдэгч А.Лувсанжамъянгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч А.Лувсанжамъян нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Өшгөг” зочид буудалд хохирогч Ц.Сайнбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар цохиж хохирогч Ц.Сайнбаярын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч А.Лувсанжамъянгийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Сайнбаярын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай дарга нар ирээд миний ажлыг шалгаад ажил дуусаад орой 20 цагийн үед Өшгөг зочид буудлын 104 дүгээр өрөөнд байрлаж 0.5 литрийн цагаан архи 2 шилийг ууж дуусгаад юм ярьж сууж байгаад Лувсанжамъян миний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Өмнө нь би чамайг жолооч гэж боддог байсан гээд хэлчихсэн юм тэрэнд тоглоом даагаагүй бухимдсандаа цохисон. Гэрч Н.Лхамсүрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 21 цагийн үед Өшгөг буудалд Ц.Сайнбаяр Лувсанжамъян бид гурав хоёр шил архи хувааж уусан. Тэгтэл 23 цагийн үед Сайнбаяр Лувсанжамъян хоёр ярилцаж сууж байгаад Лувсанжамъян Сайнбаярыг нэг цохисон. Хоорондоо болохоор цохилт даах уу, хоёулаа нэг нэгийгээ нэг нэг цохьчих уу гэж ярилцаж байсан. Лувсанжамъян Сайнбаярыг эрүүн тус газар нь гараараа цохисон. Гэрч Г.Дэлгэрмаагийн Сайнбаяр шөнийн 00 цагийн үед гэртээ ирэхдээ халамцуу амнаас нь цус гарсан, хүнд цохиулчихсан гээд орж ирсэн. Хотоос ирсэн Лувсанжамъян юм ууж сууж байгаад цохьчихсон гэж хэлсэн гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15557 дугаар шинжээчийн дүгнэлт, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд, амбулаторын карт болон рэнтген зураг, CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирлын баримтууд, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №12/35 дугаар үнэлгээний тайлан, шүүгдэгч А.Лувсанжамъянгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч А.Лувсанжамъянд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Лувсанжамъян нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд ял оногдуулсан болно.

Шүүгдэгч А.Лувсанжамъян нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ц.Сайнбаярт эмчилгээний зардалд 250.000 төгрөг төлсөн гэж байгаа боловч энэ талаархи нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болохыг дурьдав.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг болон хохирогч Ц.Сайнбаярын амбулаторын картын хуулбарын хамт хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээж, хохирогч Ц.Сайнбаярын амбулаторын карт 1 ширхэг, рентгэн зураг 2 ширхэгийг хохирогчид буцаан олгож,

Шүүгдэгч А.Лувсанжамъянгийн эзэмшлийн 180.000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн U-6 маркийн, хар өнгийн, хуучин гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч А.Лувсанжамъян нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Сайнбаярт 1.098.000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1.Боржигон овогт Алтантуяагийн Лувсанжамъянг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч А.Лувсанжамъянд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Лувсанжамъянд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг болон хохирогч Ц.Сайнбаярын амбулаторын картын хуулбарын хамт хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээж, хохирогч Ц.Сайнбаярын амбулаторын карт 1 ширхэг, рентгэн зураг 2 ширхэгийг хохирогчид буцаан олгосугай.

5.Шүүгдэгч А.Лувсанжамъян нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Сайнбаярт 1.098.000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч А.Лувсанжамъянгийн эзэмшлийн 180.000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн U-6 маркийн, хар өнгийн, хуучин гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч А.Лувсанжамъянд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч А.Лувсанжамъянгийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг шүүгдэгч А.Лувсанжамъянд мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Лувсанжамъянд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Х.ОТГОНЖАРГАЛ