Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 119/ШШ2022/0018

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “И” ХХК, захирал Б.Ш

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Г

            Хариуцагч ОАЖСЗДарга Б.З, сумын ЗДО Л.У, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ш, О.Д

            Гуравдагч этгээд Н.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О

            Гуравдагч этгээд “М” дээд сургууль, захирал Ц.Э-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “ОАЖСЗДаргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаартай “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулж, СЗД болон ЗДО нарын газар эзэмших эрхээ хэрэгжүүлж газраа зориулалтын дагуу ашиглах эрхээ хэрэгжүүлэх, газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх үүргээ биелүүлэхэд саад болж буй үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал Б.Ш, түүний өмгөөлөгч М.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш, О.Д, гуравдагч этгээд Н.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,  гуравдагч этгээд “М” дээд сургуулийн захирал Ц.Э-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал Б.Ш нь ОАЖСЗДарга Б.З, сумын ЗДО Л.У нарт холбогдуулан “ОАЖСЗДаргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаартай “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулж, СЗД болон ЗДО нарын газар эзэмших эрхээ хэрэгжүүлж газраа зориулалтын дагуу ашиглах эрхээ хэрэгжүүлэх, газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх үүргээ биелүүлэхэд саад болж буй үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2. Нэхэмжлэгч нь ОАЖСЗДаргын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/73 дугаар захирамжийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр сумын Газрын даамалтай “Газар эзэмшүүлэх гэрээ" байгуулж, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр газар эзэмших эрхийн 000000722 дугаартай гэрчилгээгээр Орхон аймаг, Жаргалант сум, Тариаланчдын 16-д өвлийн хүлэмжний зориулалтаар газар эзэмшсэн.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр сумын Газрын даамал У.А-аас хүлээн авч танилцан, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж зааснаар буюу 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ОАЖСЗДарга Б.З, сумын ЗДО Л.У нарт холбогдуулан “Газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгосон сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, СЗД болон ЗДО нарын газар эзэмших эрхээ хэрэгжүүлж газраа зориулалтын дагуу ашиглах эрхээ хэрэгжүүлэх, газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх үүргээ биелүүлэхэд саад болж буй үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох”-оор шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

1) Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн гэрээнд газрын төлбөрийн нийт хэмжээг 811 890 төгрөг байхаар тогтоосон. Гэтэл уг мөнгөнөөсөө илүү мөнгө төл илүү хэмжээгээр мөнгө төлөхгүй бол газрыг чинь хурааж авна гэж их мөнгө нэхэж гэрээнд заасан газрын төлбөрийг огт төлүүлээгүй. Ингээд газар эзэмших эрхээ ч хэрэгжүүлж чадалгүй, газрын төлбөрөө төлье гэсэн боловч гэрээнд зааснаас их мөнгө төл гэж шаардаж газрын төлбөрийг төлүүлэлгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

2) Компанийн захирал Б.Ш миний бие 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мөн газраа эзэмших эрхээ хэрэгжүүлэх газрын төлбөр төлөх зэрэг асуудлуудыг тодруулах зорилгоор газрын даамал У.А-тай уулзахад надад 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаартай ОАЖСЗДаргын “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгох тухай” гэх шийдвэрийг танилцууллаа. Энэ шийдвэрийг өмнө нь огт мэдээгүй гэнэт л 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн захирамж 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гарч ирж байгааг огт ойлгохгүй байна. Ийм шийдвэр гаргасан байсан юм бол яагаад өмнө нь мэдэгдэлгүй манайхаас нуугаад байсныг огт ойлгохгүй байгаа юм.

3) ОАЖСЗДаргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний А/22 дугаартай захирамжид газраа 2 жил ашиглаагүй гэсэн байх ба манай компани уг газрыг эзэмших шийдвэр гарснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй.   

4) ОАЖСЗДаргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний А/22 дугаартай захирамжийн захирамжлах гэсэн хэсэгт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дугаар заалтыг зөрчсөн гэсэн байгааг зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн заалтыг манай компани огт зөрчөөгүй” гэжээ.

Нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал Б.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оноос хойш явж байж энэ газрыг авсан. Би анх авахдаа өвлийн хүлэмж байгуулна гэж авсан. Үйл ажиллагаа явуулъя гэхээр Засаг дарга болон ЗДО нар байж бай гэсэн хариу өгөөд явж байсан. Тэгээд би дахин очиж ажлаа хийж ашиглая гэхээр ашиглуулахгүй байсан. 2021 оны 01 дүгээр сарын 19-нд энэ захирамж гарсан байгаа юм. Би 4 сард очиж Засаг даргаас асуухад манай газрыг цуцлаагүй гэж байсан. Дахиад асуухад газрууд давхацсан гэж ярьж байсан. Уг нь хогийн цэг ороод 10 гаруй га газар байгаа боловч айл өрхийн эзэмшиж ашиглаж байгаа талбайг хасаад ашигтай талбайгаар харахаар 8-9 га газар байгаа. Би иргэдийн давхацсан газруудыг хасаад үлдсэнийг нь авъя гэж хэлсэн. Зөвхөн миний газрыг болохгүй гээд байх юм, надтай адилхан хүмүүс газар аваад үйл ажиллагаа эрхлээд явж байгаа, ганцхан намайг хааж боогоод байгаад гомдолтой байна. Гэрээнд заасан нэг жилийн газрын төлбөр 811.000 төгрөг байдаг. Газрын төлбөр төлөх гээд очиход 2.700.000 төгрөг бичигдсэн байна энийг төлөхгүй бол болохгүй гэдэг. ЗДО У гэдэг хүн албан тушаалаа хэтрүүлээд хүн юм хийх гэхээр боогоод байдаг юм. Орхон аймгийн Жаргалант сумын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт, Засаг даргын захирамжийг хүчингүй болгох асуудал байгаа. Засаг даргын захирамж хууль зөрчсөн шийдвэр гарсан, сонсох ажиллагаа явуулаагүй, хууль зүйн үндэслэлийн хувьд буруу шийдэлтэй эрх зүйн акт байна. Засаг даргын захирамжийн хууль зүйн үндэслэл дээр Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй бол гэдгийг үндэслэл болсон байдаг. Энэ тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай асуудал яригдах ёстой болохоос биш газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хуулийн зохицуулалт байхгүй байна. Энэ утгаараа Засаг даргын шийдвэр Газрын тухай хуулийг зөрчиж гарсан. Захирамжийн доторх агуулгыг үзэхээр Газрын тухай хуулийн 21.4.3-т заасныг зөрчсөн байх тул гэдэг нь Засаг даргын бүрэн эрхэд хамааралтай асуудал байгаа. Давхацсан гэдэг газар нь иргэн Н.Б-ийн газар байгаа. Н.Б-ийн газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг нь тогтоогддог. Тухайн жилийн төлөвлөгөөг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар баталдаг болохоос биш Газрын тухай хуулийн 21.4.3-т заасан үндэслэлд огт хамаарахгүй. Газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй байхад М дээд сургуульд газар эзэмшүүлсэн явж байдаг. Гуравдагч этгээдийн хэлээд байгаа 2011 оны 68 дугаартай захирамж М дээд сургуульд биш огт өөр этгээдэд газар эзэмшүүлэх асуудал шийдвэрлэсэн байгаа. Нэгэнт хууль зөрчин гарсан захирамж хууль зүйн  үндэслэлгүй, утга агуулгын илэрхий алдаатай, баримталсан хуулийн заалтаасаа өөр шийдвэр, тайлбар гаргадаг асуудал байна. Мөн газрын гэрээнд зааснаас илүү төлбөр авах гэсэн асуудал байна. Өөрөөр хэлбэл газрын төлбөр төлөхийн тулд нэхэмжлэх үүсгэдэг. Гэтэл үндэслэлгүйгээр маш их хэмжээний мөнгө нэхдэг. Тэгээд газрын төлбөр болох гэрээнд зааснаар төлье гэхээр илүү төлөлтөөр төл гэдэг зүй бус шаардлага тавьдаг. Үүнээс болоод газрын төлбөр төлөгдөөгүй асуудал байгаа.

Засаг даргын захирамж Захиргааны ерөнхий хуульд заасан хэд хэдэн шаардлагыг хангаж байх ёстой. Мэдэгдэл өгсөн, мэдэгдэж байсан гээд яриад байна. Мэдэгдэх процесс яаж явагдах вэ гэхээр зөвхөн мэдэгдэхдээ биш сонсох ажиллагааны хүрээнд явах ёстой байсан. Ийм ажиллагаа хийгдээгүй. Захиргааны хууль бус үйлдэл харагдаж байна. Нэг иргэн ногоо тарьж ажил эрхэлье гэхээр иргэд болон Засаг дарга нар нь ирж саад болоод байдаг. Газрын төлбөр төлөөгүй гэж буруутгах үндэслэлгүй байна. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс харахад “Бөөн бургас” гэж төлөвлөгөөнд орсон байгаа. Бөөн бургас гэж зарим хүмүүст өгөөд заримд нь М-ын хажууд гэж яриад байгаа нь илт үндэслэлгүй байна. Өөр Засаг дарга байж байгаад газар эзэмшүүлсэн байна гээд би засаж байна гэж байгаа бол өөр асуудал юм. Гэтэл Б.З Засаг дарга өөрөө тэр газрыг олгож, эзэмшүүлээд 2019 оны 04 сарын 30-ны өдөр гэрээ хийгдээд гэрчилгээ олгогдсон байна. Газрын төлбөртэй холбоотой асуудал байгаа боловч Засаг дарга ийм үндэслэлээр захирамж гаргаагүй. Засаг дарга энэ заалтыг зөрчсөн байна үүгээр хүчингүй болгож байна гэж огт заагаагүй. Энэ тохиолдолд гэрчилгээг хүчингүй болголоо гэсэн хуулийн заалтыг барьчихаад тэгээд тухайн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж хүчингүй болгосон гээд байдаг. Тэгэхээр тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан байгаа тохиолдолд энэ акт үндэслэлгүй. Харин үүнтэй холбоотой дуудлага худалдаа явуулаагүй гэж байгаа бол дуудлага худалдааны төлбөрийг компаниас гаргуулаад төлөх боломжтой. Н.Б-ийн эрхийг хөндөж газар давхацсан гэж яриад байгаа юм. Гэтэл Газрын тухай хуульд зааснаар гэрээ, гэрчилгээний үндсэн дээр газар эзэмшдэг. Гэтэл Н.Б 2021 оны 04 сард гэрчилгээ авсан байгаа юм. Ингэхээр Н.Б-д 2021 оны 04 сард газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгосон байгаа юм. Тийм учраас Б-ийн газар давхацсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Яагаад гэвэл хүчин төгөлдөр гэрчилгээр 2021 оны 04 сард авсан байна. Гэтэл Засаг даргын захирамж 2021 оны 01 сард гарсан байна. М дээд сургуулийн хувьд газар эзэмшүүлэх захирамж байхгүй байхад гэрээ, гэрчилгээ бичиж өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

5. Хариуцагч ОАЖСЗДарга Б.З, сумын ЗДО Л.У нар хариу тайлбартаа: “ОАЖСЗДаргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаар захирамжаар “И” ХХК-д Жаргалант сумын Улаантолгой багийн нутагт байршилтай 135315 метр квадрат газрыг дөрвөн улирлын хүлэмжийн зориулалтаар эзэмшүүлсэн.  Дээрх газар нь:

[1].Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар байсан тул Газрын тухай хуулийн 21.4.3 дахь заалтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгосон.

2. Монгол Улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл 33.1.2-т “Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж шууд олгосон. Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тоггоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасны дагуу Засаг дарга өөрийн гаргасан хууль тогтоомжид нийцээгүй захирамжийг өөрөө хүчингүй болгож цуцалсан.

3. ОАЖСЗДаргын 2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 48 дугаар захирамжаар иргэн Н овогтой Б-д олгосон 28865 квадрат метр газартай давхцуулан олгож уг иргэний газар ззэмших эрхийг зөрчсөн.

4. “И” ХХК нь 2019-2020 оны газрын төлбөр болох 2,706,300 төгрөгийн өртэй байсан бөгөөд өдийг хүртэл төлөөгуй учир уг зөрчлийн дагуу тус компанид газар ззэмших эрхийг хүчингүй болгох тухай 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №02 дугаартай албан бичгээр хугацаатай албан мэдэгдэл С.Д даамал өгсөн боловч хүлээн авахдаа гарын үсгээ зураагүй.

5. Уг компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4 заасны дагуу сонсох ажиллагааг явуулан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даамал У.А 2020 оны 12 дугаар сарын 22-ноос 28-ны өдрийн хооронд “И” ХХК-ний захирал Б.Ш-ын юнителын 88.......... дугаар луу 3 удаа залган газрын гэрээ, гэрчилгээг хүчингүй болгох талаар мэдэгдэхэд мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн.

 2020 оны 06 дугаар сарын 10-ы өдрийн А/111 дугаар захирамжаар “И” ХХК-ийн захирал Б.Ш нь Жаргалант сумын Улаантолгой багийн Мухарбуланд байрлах усалгаатай, төмс хүнсний ногооны зориулалттай 20902м2 газрыг олгосон бөгөөд одоо иргэн Б.Ш нь эзэмшиж байгаа болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч тал 2016 оноос хойш газрыг хөөцөлдөж байна гээд байна. Уг газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд суух шаардлагатай байдаг. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд суулгахдаа 5 ба түүнээс дээш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан иргэн, аж ахуйн нэгжид давуу эрхээр эзэмшүүлнэ гэж байгаа. Мөн Н.Б-ийн газар төлөвлөгөөнд суугаагүй гэж байгаа нь 2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/48 дугаартай захирамжтай байна гэдэг маань 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд суусан хуучин гэрчилгээтэй явж байгаа. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албаны цахим систем 2019 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан газраа баталгаажуулж авч байгаа. Бид нар программд хийхдээ 2011 оны захирамжийг үндэслэж хийж байгаа. Ингэснээр танай газартай давхцал үүссэн. Газрын төлбөр дээр 2019 онд данс өгдөг байсан, уг дансанд гэрээнд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллага төлбөр төлж байгаа. 2020 оноос нэхэмжлэл шууд программаар үүсээд тухайн иргэн, аж ахуй нэгжид нэхэмжлэлээр очдог болсон. Заавал газрын даамал дээр очихгүй нэхэмжлэл үүссэн мөнгөн дүнг төлнө. Манай программ гэрээнд зааснаар төлбөр үүсэж байгаа. Та гэрээний дагуу үүссэн төлбөрийг төлөөд явах боломжтой байсан гэж үзэж байгаа. Сонсох ажиллагаа явуулаагүй гээд байгаа нь өөрөө мэдэгдэл авснаа шүүхийн явцад хүлээн зөвшөөрсөн байсан. Уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш гомдлоо гаргаж явах боломжтой байсан. Сонсох ажиллагаа нь олон нийтэд зарлах, утсаар ярьсныг сонсох үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Тэгэхээр бичгээр мэдэгдэл хүргүүлсэн нь сонсох үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа. Давуу эрх гэж яриад байгаа нь нэхэмжлэгчид давуу эрх үүсэх боломж байхгүй байсан. 2018 онд байгуулагдаад 2019 онд газар авна гэхээр давуу эрх үүсэхгүй байна гэсэн үг. Н.Б гэдэг хүн шинээр газрын гэрчилгээг авсан гээд байна. Уг газрын захирамж гарах үед А5-н жижиг ногоон гэрчилгээтэй байсан. Газрын гэрчилгээ 3 янз байсан бөгөөд хамгийн анх Засаг дарга бичиж өгдөг байсан том хүрэн гэрчилгээ, дараа нь газрын даамал бичиж өгдөг жижиг ногоон гэрчилгээ, одоо цахим буюу L дугаартай гэрчилгээ гэж байгаа” гэв.

Хариуцагч нарын төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОАЖСЗДаргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаартай захирамжийг хэвээр үлдээх саналтай байгаа. Давхцаж байгаа газрыг Н.Б-д өгөөд үлдэгдэл газрыг Б.Ш-т өгөх боломжгүй.” И” ХХК-ийн газар бол хөдөө аж ахуйн газарт багтдаг. Хөдөө аж ахуйн газарт хөдөө аж ахуйн дэвсгэр газар гэж байгаа. Дэвсгэр газрын ангилалд хүлэмж гэж ордог. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлж, ашиглуулдаг. Гэтэл “И” ХХК-ийн газар тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа. Газрын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3-т зааснаар эзэмшүүлэх газрын хэмжээ байдаг. Гэтэл Газрын тухай хуулийн 33.1.2-т зааснаар 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэдэд газар эзэмшүүлэх талаар тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах замаар шийдвэрлэнэ гэсэн байгаа. Ер нь бол тухайн жилийн газар зохион байгуулалтанд тусгагдаад үүний дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгох ёстой байсан газар юм. Тийм учраас Засаг дарга өөрийнхөө захирамжийг хүчингүй болгосон” гэв.

6. Гуравдагч этгээд Н.Б хариу тайлбартаа: “2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 48 дугаартай ЖСЗД-ын захирамжаар М дээд сургуулийн зүүн талд 28865 мкв газар эзэмшсэн. 2011 оноос 28865 мкв газраа хашаажуулж ногоо тарьж ирсэн болно. Иймд “И” ХХК-ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. “И” ХХК-ийн захирал Б.Ш-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх 2011 оноос хойш энэ талбай дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд хогийн цэгийн хажууд байсан болохоор их хохиролтой байсан. Одоо хогийн талбай булагдаад одоо гайгүй болж байгаа. Манай “И” ХХК-ийн газартай давхацсан газрыг чөлөөлж өгнө үү. 2011 онд газар авсан. Тэр үед жижиг ногоон гэрчилгээ өгсөн. Тэр нь 2021 онд шинэчлэгдээд гэрчилгээг сольж авсан байгаа” гэв.

7. Гуравдагч этгээд “М” дээд сургууль хариу тайлбартаа: “1. Ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн "М" дээд сургууль нь сургалт, үйлдвэрлэлийн чиглэлээр ОАЖСЗДаргын 2011 оны 05-р сарын 02-ны өдрийн 68 тоот шийдвэрээр жимс, жимсгэний зориулалттай газрыг авч, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 60-р тогтоолоор батлагдсан "Чацаргана" хөтөлбөрийн тендерт шалгарч, ажлын байр бий болгож, Орхон аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний ногоон ажлын байрны гэрээний дагуу дахин ажлын байрыг нэмэгдүүлж, дээрхи хөтөлбөрийн үр дүнгийн үнэлгээг удаа дараа сайн хийлгэж орон нутагтаа нийгмийн хариуцлагаа биелүүлж ирсэн.

2. Гэтэл 2012 оноос төв зам дагуу манай газрын хонхорт хогийн цэг үүсч, их хэмжээний малын сэг зэмийг хогийн цэг дээр шатааж, чацарганы ургац, агаар хөрсийг бохирдуулж Засгийн газрын төслийг хэрэгжүүлэх боломжгүй болгосон. Төслийн жижүүр аймгийн ХХҮГазарт идэвхитэй ажил хайгч Л.Б-ын хүүхдүүд утаанд хордон эмнэлэгт хүргэгдэж, сургуулийн модон хүлэмж шатаж, онцгой байдал галыг унтрааж, "М" дээд сургуулийн оюутнууд удаа дараа Сумын тамгын газрын хүсэлтээр очиж жимсгэний 2 талбайн салхинд хийссэн нийллэг уутны хаягдлыг цэвэрлэж иргэдийн талархал хүлээснийг баримт нотолно.

Хогийн талбайн тухайд 2018 он хүртэл Орхон аймгийн Засаг дарга, Жаргалант сумын удирдлага, мэргэжлийн хяналтанд шаардлага тавьж, 2019 оны эхээр Тогтвортой хөгжлийн аймгийн зөвлөгөөнд Засаг дарга, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад хогийн цэгийг унтраах, цэвэрлэх санаачилгыг олон нийтийн өмнө биечлэн тавьж, 2020 оноос тэр орчиныг цэвэрлэн одоо хөрс эрүүлжин нөхөгдөх болж байна. Мөн хөрсийг хамгаалах 240 метр блокон хашааг өөрийн хөрөнгөөр барьсан. 2014-2020 оныг хүртэл тус сургууль чацарганаа хурааж аваагүй тул өөрийн худгаа ногоочдод ашиглуулж байгаа билээ.

3. Манай сургууль анхнаасаа Монгол улсын Татварын тухай хууль болон Боловсролын тухай хуульд заасан газрын татвараас чөлөөлөгдөх төрийн дэмжлэгийн дагуу Оюутны сургалт, үйлдвэрлэлийн дадлагыг Дугаар 0201223 гэрчилгээтэй газар дээр явуулж бүтээлч ажил санаачлан хэрэгжүүлсэн.

ОАЖСЗДарга, ЗДО нар холбогдох нэхэмжлэлд хайхрамжгүй хандаж албан тушаалаа буруу ашиглаж байгаа нь УИХ-ын гишүүн Д,Б-ын асуулгаар нотлогдож, захиргааны хууль тогтоомжийг илт зөрчиж байгаа тул Газрын тухай хууль журмын дагуу "М" дээд сургуулийн сургалт, үйлдвэрлэлийн газрын гэрчилгээг шинэчлэх асуудлыг шийдвэрлүүлэх саналтай байна” гэжээ.

Гуравдагч этгээд “М” дээд сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хүсэлтийг шийдвэрлэх тухай 16 дугаар захирамжийг хэвээр үлдээж нэхэмжлэгч Б.Ш-ын гомдлыг хангахгүй орихисугай гэсэн заалтыг дэмжиж байгаа. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаартай захирамжийг дэмжиж байна” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “И” ХХК нь “ОАЖСЗДаргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаартай “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулж, СЗД болон ЗДО нарын газар эзэмших эрхээ хэрэгжүүлж газраа зориулалтын дагуу ашиглах эрхээ хэрэгжүүлэх, газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх үүргээ биелүүлэхэд саад болж буй үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад гуравдагч этгээд “М” дээд сургуулийн захирал Ц.Э-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б-аас ““И” ХХК-д эзэмшүүлсэн газар нь “М” дээд сургуульд эзэмшүүлсэн газартай давхцаж байгаа тул дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах” хүсэлтийг гаргасан бөгөөд дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

3. Гуравдагч этгээдийн талаас гаргасан хүсэлт, хүсэлттэй холбогдуулан бусад хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг сонсмогц Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг даруй шийдвэрлэж,  мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т зааснаар шүүх хуралдааны үед шийдвэрлэсэн асуудлаар шүүгчийн захирамжийг заавал бичгээр гаргах шаардлагагүй тул хуралдааны тэмдэглэлд тусгуулан шийдвэрлэсэн асуудлыг тайлбарлан өгсөн болно.

4. “М” дээд сургуулийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, ”ГМОМОН” ХХК-иар хийлгэсэн газрын кадастрын зураг /1 дүгээр хавтаст хэргийн 140-141 дэх тал/ байдаг хэдий ч уг газрыг эзэмшүүлэх талаар гаргасан Засаг даргын захирамж зөрүүтэй, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газрын мэдээллийн санд газрын байршил, кадастрын мэдээлэл байхгүй гэх үндэслэлээр өмнө томилсон шинжээч дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Иймд уг асуудлаар дахин шинжээч томилох шаардлагагүй гэж шийдвэрлэв.

5. Нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэг. ОАЖСЗДаргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаартай “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд:

5.1. ОАЖСЗДаргын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/73 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “И” ХХК-д 135315 м.кв газрыг “дөрвөн улирлын хүлэмж”-ийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 2102000065 дугаартай “Газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, газар эзэмших эрхийн 000000722 дугаартай гэрчилгээг олгожээ. /1 дүгээр хавтаст хэргийн 7-13 дахь тал/

5.2. “И” ХХК-д газар эзэмшүүлсэн дээрх захирамжийг ОАЖСЗДаргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаар “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч талаас “ОАЖСЗДаргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаартай захирамжид газраа 2 жил ашиглаагүй гэсэн ба манай компани уг газрыг эзэмших шийдвэр гарснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй”, “ОАЖСЗДаргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаартай захирамжийн захирамжлах хэсэгт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т “Энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж заасныг манай компани зөрчөөгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж, маргасан.

5.3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж, мөн хуулийн 37.4-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчилэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно” гэж зааснаар ОАЖСЗДаргын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/73 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж нь “И” ХХК-д газар эзэмшүүлсэн буюу эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актад хамаарна.

5.4. Дээрх эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт буюу ОАЖСЗДаргын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/73 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамж нь /1 дүгээр хавтаст хэргийн 38 дахь тал/ анх батлагдан гарахдаа хууль зөрчиж гарсан болох нь дараах үндэслэлүүдээр тогтоогдож байна.  

5.5. ОАЖСЗДарга нь “И” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т “Энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж тус тус заасныг зөрчиж, Жаргалант сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэхээр тусгагдаагүй газарт газар эзэмшүүлсэн болох нь Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор тогтоогдож байна. /1 дэх хавтаст хэргийн 244-250 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 1-10 дахь тал/

5.6. Тодруулбал, “И” ХХК-д газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын байршлыг Улаан толгой баг, “Тариаланчид” гэх газар “Өвлийн хүлэмж”-ний зориулалттай, 135315 /13.5 га/ м.кв газар гэж тусгасан байх ба уг газар нь Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны  04 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх газар, мөн тариалангийн зориулалт, хүлэмжийн зориулалтаар эзэмшүүлэх газарт тусгагдаагүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан газрын байршил, хэмжээ нь “И” ХХК-д эзэмшүүлсэн газрын байршил, зориулалт, хэмжээтэй тохирохгүй байгаагаар нотлогдсон.

5.7. Мөн “И” ХХК-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасан журмаар буюу газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдох бөгөөд энэ нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журмыг зөрчсөн.

5.8. Тодруулбал, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-т зааснаар тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх газрын хэмжээ нь төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл хэмжээтэй байхаар заасан бөгөөд тус компанид 135315 м.кв газар буюу 13.5 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь давуу эрхээр эзэмшүүлэх газрын хэмжээнээс илүү байх тул Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

5.9. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаар эзэмших хүсэлт гаргасан газар нь бусдын газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байх шаардлагыг зөрчсөн бөгөөд “И” ХХК-д эзэмшүүлсэн дээрх газар нь тус сумын иргэн Н.Б-д эзэмшүүлсэн газартай давхцсан болох нь “ГМОМОН” ХХК-ийн гаргасан ““И” ХХК-д эзэмшүүлсэн 135315 м.кв газар нь иргэн Н.Б-д эзэмшүүлсэн 27084 м.кв газартай кадастрын зургаараа /солбицол/ нийт 22850 м.кв талбай бүхий газар нь давхцсан” гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. /1 дэх хавтаст хэргийн 157-161 дэх тал/

5.10. Мөн хариуцагч болон “М” дээд сургуулиас гаргаж өгсөн нотлох баримтуудаас үзвэл “И” ХХК-д эзэмшүүлсэн газар нь “М” дээд сургуульд эзэмшүүлсэн газартай давхцал үүсгэсэн байж болзошгүй байх тул захиргааны байгууллагаас “И” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа иргэн Н.Б-ийн газартай газрыг давхцуулсан, мөн өөр бусад этгээдийн газар эзэмших эрх тухайн газар дээр үүссэн эсэхийг болон шийдвэр гаргах ажиллагааны бодит нөхцлийг бүрэн тогтоогоогүй газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь буруу байна.

5.11. ОАЖСЗДаргын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/73 дугаартай захирамж нь “И” ХХК-д газар эзэмших эрх олгосон шинжээрээ үйлчлэл нь чиглэсэн этгээддээ эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх боловч газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа холбогдох хуулиудыг дээрх үндэслэлүүдээр зөрчсөн шинжээрээ эрх зүйн зөрчилтэй захиргааны акт буюу эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад хамаарна.  

5.12. Иймд эерэг нөлөөлөл бүхий хууль бус захирааны актыг түүнийг батлан гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтан Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгох эрхтэй бөгөөд тус сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаар захирамжаар /1 дүгээр хавтаст хэргийн 45 дахь тал/ 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/73 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006-12-15/-ийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан журмыг зөрчөөгүй гэж үзлээ.

5.13. Тодруулбал, ЖСЗД-ын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, уг захиргааны акт нь анхнаасаа хууль зөрчиж гарсан захиргааны акт байх тул түүнийг батлан гаргасан эрх бүхий албан тушаалтан хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэсвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006-12-15/-ийн 29 дүгээр зүйлийн 29.3-т / Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно/ гэж, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-т “Хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан;” гэж, 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна.

5.14. ОАЖСЗДаргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаар захирамж нь “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” гэсэн “баримт бичгийн тэргүү” буюу “гарчиг”-тай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 /ж/, 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, 40.3 дахь хэсгийг тус тус үндэслэл болгож, захирамжийн 1 дэх заалтаар ““И” ХХК нь эзэмшил газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй, мөн Газрын тухай хуулийн 21.4.3 дугаар заалтыг зөрчсөн байх тул сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/73 дугаар захирамжийг хүчингүй болгосугай” гэжээ.

5.15. Захиргааны байгууллагаас гаргаж буй шийдвэр, албан бичгийн гарчиг буюу тэргүү нь түүний агуулгыг товч, хураангуй байдлаар илэрхийлдэг бөгөөд энэхүү захирамжийн “тэргүү” хэсгээс харвал “И” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох зорилго бүхий шийдвэр гаргаж байгаа атлаа үндэслэлдээ газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийг захиргааны актын нэг үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлээ буруу тодорхойлжээ.

5.16. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бий болоогүй, тодруулбал, “И” ХХК нь газар эзэмших эрхийн 000000722 дугаартай гэрчилгээг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр авсан бөгөөд үүнээс хойш газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх урьдчилан нөхцөл үүсээгүй байна.

5.17.Тухайн захиргааны актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийг баримталсан нь буруу боловч энэ нь тухайн захиргааны актыг хүчингүй болгох бүрэн үндэслэл болохгүй, уг газар эзэмшүүлсэн шийдвэр нь анхнаасаа хууль зөрчиж гарсан, маргаан бүхий захиргааны актын улмаас “И” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй, уг захиргааны актыг хүчингүй болгосноор түүний газар эзэмших эрх сэргэхгүй, түүний газар эзэмших эрх хуулийн дагуу хамгаалагдах боломжгүй юм. Учир нь: Эзэмших эрх гэдэг нь тухайн этгээдэд хууль болон гэрээгээр олгогдож буй хууль зүйн боломж бөгөөд эзэмших эрх нь хуулийн дагуу /хууль ёсны дагуу/ үүссэн бол өөрөө хуулиар хамгаалагдах эрх, ашиг сонирхлыг үүсгэнэ.

5.18. Харин ОАЖСЗДаргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т “Энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасан үндэслэлээр анх газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй гэж үзнэ.

5.19. Захиргааны байгууллагаас анхнаасаа хууль зөрчиж газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “Газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.3-т заасан “Газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцнэ. Өөрөөр хэлбэл, Захиргааны байгууллагаас газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа газар эзэмшихийг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад адил, тэгш хандаж, аль нэгэн этгээдэд давуу байдал олгохгүй байх, хуульд заасан журмын дагуу газрыг эзэмшүүлэх, хууль зөрчиж газар эзэмшүүлсэн шийдвэрийг цуцлах, үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авч байгаа нь дээрх зарчимд нийцэж байна.   

5.20. “И” ХХК-ийн газар эзэмших эрх нь хуульд заасан журмын дагуу хууль ёсны дагуу үүсээгүй, анхнаасаа хууль зөрчиж газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан үндэслэл тогтоогдсон тул мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмын дагуу захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй.

5.21. Иймд маргаан бүхий захиргааны акт буюу ЖСЗД-ын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаар “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

Хоёр. СЗД болон ЗДО нарын газар эзэмших эрхээ хэрэгжүүлж газраа зориулалтын дагуу ашиглах эрхээ хэрэгжүүлэх, газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх үүргээ биелүүлэхэд саад болж буй үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлий тухайд:

5.22. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн гэрээнд газрын төлбөрийн нийт хэмжээг 811 890 төгрөг байхаар тогтоосон. Гэтэл гэрээнд заасан мөнгөнөөсөө илүү мөнгө төл, төлөхгүй бол газрыг чинь хурааж авна гэж гэрээнд заасан газрын төлбөрийг төлүүлээгүйгээс газар эзэмших эрхээ хэрэгжүүлээгүй” гэж тайлбарласан.

5.23. Нэхэмжлэгч “И” ХХК-ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэж буруутгах үндэслэлгүй, тус компани газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу газар эзэмшиж эхэлснээс хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад ЖСЗД-ын 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаар захирамжид энэ үндэслэлийг зааж шийдвэр гаргасан нь үндэслэлийн хувьд буруу гэдгийг өмнө дурдсан.

5.24. Жаргалант СЗД, ЗДО нараас “И” ХХК-ийг газраа зориулалтын дагуу ашиглах, эзэмшихэд саад учруулсан ямар нэгэн шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулсны улмаас газар эзэмшигч газраа ашиглаагүй, хуульд заасан хоёр жилийн хугацаа буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хугацаа өнгөрсөн гэж үзэх урьдчилсан нөхцөл бүрдээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ авснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байна. Иймд Жаргалант СЗД, ЗДО нарын буруутай үйл ажиллагаанаас болж газраа зориулалтын дагуу эзэмшээгүй 2 жилийн хугацаа өнгөрч түүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдөөгүй байна.

5.25. Харин газрын төлбөрийн хувьд газар эзэмшүүлэх гэрээнд заасан хэмжээнээс илүү хэмжээний төлбөр төлөхийг шаардаж байсан гэх үндэслэлд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байжээ. Тодруулбал, Газар эзэмшүүлэх гэрээнд газрын төлбөрийн хэмжээг улиралд 202972 төгрөг, жилд 811890 төгрөг байхаар тогтоосон боловч, хариуцагчийн тайлбар, түүнд хавсарган ирүүлсэн нотлох баримтаар 2706300 төгрөгийг нэхэмжилж байсан нь гэрээнд заасан хэмжээнээс илүү хэмжээний төлбөр нэхэмжилж байсан болохыг нотолж байна. /1  дүгээр хавтаст хэргийг 32-33, 76 дахь тал/

5.26. Нөгөө талаас газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлөх үүргээ биелүүлээгүй газар эзэмшигчийн буруутай үйлдэл байгаа боловч ЖСЗД-ын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаар захирамжийн үндэслэлд газар эзэмшигч газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр газар эзэмшигчийн газар эзэмших эрхэд халдсан шийдвэр гараагүй байх тул газрын төлбөр төлөх үүргээ биелүүлэхэд саад болсон гэх үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байна.

5.27. Иймд дээрх үндэслэлээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйлдлийг таслан зогсоох эрх зүйн үндэслэл байхгүй, анхнаасаа хууль зөрчиж газар эзэмшүүлсэн шийдвэрээ хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй, уг шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэлээ.  

5.28. Шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлсэн байдлын талаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт...-г батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасан ажиллагаанууд нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн хувьд хийгдэх ажиллагаа бөгөөд анхнаасаа газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн юмуу хуулиар эрх үүсээгүй этгээдийн хувьд заавал хийгдэх ажиллагаа биш юм. Иймд шийдвэр гаргах ажиллагаанд түүнийг оролцуулаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй гэж захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй.

5.29. Захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг зөв тогтоосон, захиргааны байгууллага анх шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн захиргааны акт гаргасан нөхцөл байдлыг тогтоож, хууль бус шийдвэрээ хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

6. Шүүхийн зардлын талаар: Шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 179 дугаар захирамжаар “И” ХХК-д эзэмшүүлсэн газар нь бусдын эзэмших эрх бүхий газартай давхцсан эсэх, давхцалтай бол ямар хэмжээгээр давхцал үүсгэж байгааг тогтоолгохоор “Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл” бүхий Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй хөндлөнгийн мэргэжлийн байгууллага болох “ГМОМОН” ХХК-ийн шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан болно. Шинжээчээс шинжээчийн зардалд 224000 төгрөг нэхэмжилж /1 дүгээр хавтаст хэргийн 162 дахь тал/, баримтаа ирүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчээс шинжээчийн зардлыг гаргуулахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006-12-15/-ийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн ОАЖСЗДарга, ЗДО нарт холбогдуулан гаргасан “ОАЖСЗДаргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаартай “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулж, СЗД болон ЗДО нарын газар эзэмших эрхээ хэрэгжүүлж газраа зориулалтын дагуу ашиглах эрхээ хэрэгжүүлэх, газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх үүргээ биелүүлэхэд саад болж буй үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг баримтлан шинжээчийн зардал 224000 /Хоёр зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг нэхэмжлэгч “И” ХХК-иас гаргуулж, шинжээч “ГМОМОН” ХХК-д олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.УУГАНЦЭЦЭГ