Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 005

 

   Д.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.А-д холбогдох эрүүгийн 1913000950198 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Нурсауле, тус аймгийн Прокурорын газрын орлогч прокурор А.Турдыбек, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Бахыт нар оролцов.

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1981 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, аймгийн нэгдсэн эмнэлэгт аж ахуйн дарга ажилтай, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын 04 дүгээр багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Д-ийн А /РД: БЕ00000000/нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өглөөний 10 цагийн үед мэс заслын зөвлөх эмч Б.Б “гадуур хувцастай орлоо, халдвар хамгааллын журам зөрчлөө” гэх үндэслэлээр шаардлага тавихад түүнтэй маргалдаж, улмаар түүний зүүн талын гарын булчин хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолоор “1.Шүүгдэгч Д.А-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ийг 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр гомдлыг гаргаж байна. Хэргийн материалтай танилцахад Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн эсэх нь дараах байдлаар эргэлзээтэй байна. Тодруулбал, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн прокурорын тогтоол, мөрдөгчийн санал, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогч Б.Б-ийн аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагад хандаж гаргаж байсан өргөдөл, урилга, албан томилолт, шийтгэлийн хуудас, хохирогч Д.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч А,  Т, Б, Х, Б, М, Х, Ха нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Д.А хохирогчийн биед халдсан эсэх нь эргэлзээтэй. Хохирогч Б.Б нь Д.А-ийг багалзуурдах байдлаар цамцны захаас нь барьж чирсэн үйлдэл эсхүл Д-ын үйлдлийг таслан зогсохоор ноцолдсоноос болж гар нь гэмтсэн байх магадлалтай. Мөн яллах талын нотлох баримт болж буй гэрч О-ийн мэдүүлэг нь эргэлзээтэй. Учир нь бид мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцаж үзэхэд бодит байдлаас зөрүүтэй худал мэдүүлэг өгсөн байна. Д.А О-тэй уулзахад “тийм зүйл хэлээгүй, мөрдөгч худлаа бичсэн байна, би мэдүүлэгтэй танилцахгүйгээр шууд гарын үсэг зурсан” гэж хэлж байжээ. Д.А тухайн үед гэрч О-ийн хэлсэн зүйлийг өөрийнх нь гар утсанд дуу бичлэг болгож буулган авсан ба уг асуудлыг дахин шалгуулах гэхэд мөрдөгч, прокурор цаашлаад шүүх хүлээж аваагүй. Мөрдөгч, прокурор, шүүхээс тус хэргийг шалгахдаа хэт нэг талыг барьж буюу цагаатгах талын нотлох баримтыг цуглуулахаас татгалзсанаар хэргийн оролцогчид бидний Монгол улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...нотлох баримтыг шалгуулах...” гэж заасан эрх ноцтой зөрчигдөж байна. Нөгөөтээгүүр, Д.А-ийн үйлдэл холбогдлын хувьд Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдсан байхад шүүх анхаараагүй явдалд гомдолтой. Иймд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй тул хүчингүй болгож Д.А-ийг цагаатгаж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                        

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан үйл баримт тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Д.А нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өглөөний 10 цагийн үед мэс заслын зөвлөх эмч Б.Б-ийн “гадуур хувцастай орлоо, халдвар хамгааллын журам зөрчлөө” гэх шаардлагыг  эсэргүүцэн маргалдаж, улмаар түүний зүүн талын гарын булчин хэсэгт гараараа цохиж, хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.

 

Хохирогч Б.Б-ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2, 4 дэх заалтын дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа нь өвчний түүх, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 664 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдсон. Үүнээс гадна гэрч Д.Ө, Б.О, Ж.Т, Х.Х, З.И, Ш.Л, Г.Б,  К.А нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь, тал бүрээс нь хооронд нь харьцуулан үнэлэхэд хэргийн үйл баримт хангалттай тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн хохирогчийн болон гэрч нарын мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаар, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 664 дүгээр дүгнэлтүүдээр шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, энэ талаар анхан шатын шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

Шүүгдэгч Д.А-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анхан шатны шүүх үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар болон шүүх хуралдаанд талуудын гаргасан саналуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000.00 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч тэрээр 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өглөөний 10.00 цагийн үед Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт, мэс заслын зөвлөх эмч Б.Б-ийн зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн маргалдаж, улмаар түүний зүүн талын гарын булчин хэсэгт цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх “шүүгдэгч Д.А-ийг гэмт хэрэг үйлдэхдээ үл ойлголцон маргалдаж, заамдалцсан, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байдал нь болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцжээ. Түүнчлэн хохирогч Б.Б нь энэ үйл баримтаас өмнө биедээ хүндэвтэр гэмтэл автлаа бусадтай маргалдсан, цохиулж зодуулсан, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ дээрх гэмтлийг авсан гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдсан гомдолд “... Миний үйлчлүүлэгч Д.А хохирогч Б.Б-ийг зодоогүй ба Б.Б эхэлж довтлоход өөрийгөө хамгаалах зорилгоор заамдаж авсан тул аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй, цагаатгах саналтай байна” гэжээ. Аргагүй хамгаалалтын тухай ойлголтыг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн амь нас эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж зохицуулсан. Халдлага бодитой байх нь иргэний ашиг сонирхолд хор хохирол учирч байгаа,  эсхүл тийм хор хохирол учрах бодитой шууд аюул тулгарсан, заналхийлэл бий болгосныг ойлгох ба халдлага нь хамгаалалт хийж буй хүний төсөөлөлд биш, харин бодитой оршиж байх ёстой юм. Гэтэл ийм үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй тул түүний энэ гомдол үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй байна.

 

Шүүгдэгч Д.А-ийн давж заалдах гомдолд “Энэ хэргийн хохирогч нь би. Зөвшөөрлийн дагуу бие засах өрөөг засварлаж яваад Б.Б болон түүний хүү Б.Д нарт зодуулсан. Миний биед хөнгөн гэмтэл учирсан байхад дахин шинжилгээ хийж шинжээч нар миний биед гэмтэл учраагүй гэж худлаа дүгнэлт гаргасан явдалд гомдолтой байна” гэжээ. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 110 дугаар дүгнэлтээр шүүгдэгчийн биед хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон боловч энэхүү нөхцөл байдал нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 458 дугаар дүгнэлт, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 665 дугаар шүүх эмнэлгийн давтан магадлан шинжилгээгээр Д.А-ийн биед учирсан “хүзүүний арьсны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь” гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул  гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж нотлох баримтаар үгүйсгэгдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                            Д.МӨНХӨӨ