Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/727

 

 

 

  2023          09          12                                     2023/ШЦТ/727

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Э.Намуун,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***од холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303002450234 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 09 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын зорчигч тээврийн төв буудлын автомашины зогсоол дээр БНХАУлсын иргэн ***гийн халааснаас Huwai mate 50rs маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 6.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-с Монгол улс руу Замын үүдийн боомтоор бизнес хийх, хөрөнгө оруулах зорилготой 2 найзын хамт орж ирсэн. Тухайн өдөртөө бид 3 Улаанбаатар төмөр замын Замын Үүд, Улаанбаатар чиглэлийн суудлын 275 дугаар галт тэргэнд сууж Улаанбаатар хот руу явсан. 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 09 цаг 20 минутад галт тэрэг Улаанбаатар хотод ирж зогссон. Манай бизнесийн хамтрагч Баасанжав гэх залуу бид нарыг вагоны үүдэн дээрээс тосож аваад өөрийнхөө машин руу суулгахаар машины зогсоол руу алхаж байх үед би өөрийн таньдаг эгч болох Батнасан гэх эмэгтэйтэй гар утсаараа ярьж байгаад таслаад гар утсаа гадуур хувцасныхаа зүүн талын хармаандаа хийсэн. Тэгээд Баасанжавын машинд өөрийнхөө ачааг хийчхээд гар утсаа авах гэтэл хармаанд гар утас маань байхгүй болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн галт тэрэг 09:20 цагийн орчимд зорчигч тээврийн төв буудлын урд байрлах галт тэрэгний 3 дугаар замаар орж ирсэн би хөрөнгө оруулагч нарыг вагоных нь гаднаас тосож аваад машин руугаа дагуулаад явсан. Тэгээд машин дээрээ очоод ачаа тээшийг нь машиндаа хийж байтал *** гэх хөрөнгө оруулагч маань надад миний гар утас байхгүй болчихлоо гэж хэлэхээр нь вокзалын хашаан дотор байсан эргүүлийн цагдаад мэдэгдсэн. Эргүүлийн цагдаад мэдэгдсэний дараа дуудлага мэдээллийн дагуу Төмөр замын цагдаагийн газраас нэг мөрдөгч ирээд хамт камерын бичлэг шүүж үзэхэд саарал цамцтай, маск зүүсэн эрэгтэй хүн бид нарыг дагаж явж байгаад ***н гар утсыг халааснаас нь хулгайлж авсан болохыг мэдсэн. Тухайн өдрийн маргааш буюу 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Төмөр замын цагдаагийн газраас гар утсыг олсон тул ирж явна уу гэж залгасан. 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ***нд гар утсыг буцаан өгч 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 3 хөрөнгө оруулагч маань БНХАУ-руу буцсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 39-40/,

Яллагдагчаар ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 75-76/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, хохирогчийн өргөдөл /хх-н 7/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 9-12/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 19/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 45-49/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 77-101, 103-110, 121/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 09 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 01 дүгэрэ хороо, Улаанбаатар төмөр замын зорчигч тээврийн төв буудлын автомашины зогсоол дээр БНХАУлсын иргэн ***гийн халааснаас Huwai mate 50rs маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 6.100.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***гийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч БНХАУ-н иргэн ***гийн халааснаас гар утсыг нь хулгайлж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хохирогчийн гар утсыг хулгайлсан гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч *** нь гар утсаа буцаан авсан, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулух, шүүгдэгчийн өмгөөлөгч нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн ялын дүгнэлт тус тус гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, удаа дараа хулгайн гэмт хэргээр ял шийтгүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан улсын яллагчийн ялын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр буюу 6 сар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***од оногдуулсан 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын урьд цагдан хоригдсон 18 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР