Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
Хэргийн индекс | 183/2020/00080/и |
Дугаар | Дугаар 183/ШШ2020/01082 |
Огноо | 2020-04-28 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар Дугаар 183/ШШ2020/01082
2020 оны 04 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2020/01082 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхим хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц ХХК -ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э ХХК-д холбогдох
Түрээсийн гэрээний дутуу төлбөр болон хашааны үнэ 22 400 000 төгрөг, гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 7-р сараас эхлэн Э ХХК-ний захирал М.Л нь миний биетэй хэд хэдэн удаа уулзаж барилга барихад тус болж хойд талын хашаагаа буулган талбай гаргаж өгөөч гэж гуйсан. Оронд нь танай гадна талын фасадын өнгө зүсийг нь сайжруулж хашааг чинь шинэчлэн барьж өгье гэх саналыг удаа дараа тавьсаныг хүлээн авч гэрээний нөхцөлдөө тусган гэрээ байгуулсан. Гэрээний загвар болон нөхцөлийг Э ХХК гаргаж, гарын үсэг тамга дарсан гэрээгээ Г.Д рүү явуулж гарын үсгийг нь зуруулсан байдаг. Гэрээ байгуулагдсан үеэс Ц ХХК-ний төмөр хашаа болон ногоон байгууламжийг буулгаж барилгын талбай гарган газрыг нь ашиглаж эхэлсэн. Ингээд 2016 оны 8-р сарын эхээр ашиглалтанд орох болж гэрээнд заагдсан нөхцөлийн дагуу Ц ХХК-ний хашааг барьж газрыг нь чөлөөлөхийг шаардахад Мэргэжлийн Хяналт хүлээн аваагүй байна, түр хүлээгээч оршин суугчид, албан байгууллагуудын машинуудыг байрлуулмаар байна. Энэ газраа түрээслүүлээч гэхээр нь үргэлжлүүлж Ц ХХК-ийг төлөөлж Г.До-д газар ашиглуулах түрээсийн гэрээг хийх итгэмжлэлийг олгосон. Жилийн хугацаа өнгөрөхөд Э ХХК нь мөн л уг гэрээг сунгая гэдэг санал гуйлт тавьснаар уг гэрээг сунгаж үргэлжлүүлэхээр болсон. 2017.08.15-нд Э ХХК-тай 3 дахь удаагаа газар ашиглах түрээсийн гэрээгээ хийсэн боловч төлбөрөө огт төлөөгүй бөгөөд Ц ХХК-ний газрыг үргэлжлүүлэн ашигласан хэвээр байна. Ц ХХК өөрийн зардлаар 2018 оны 8 дугаар сард төмөр хашаагаа барьсан боловч Э ХХК нь дур мэдэн хүчээр буулгаж авсан байдаг. Ц ХХК дахин өөрийн зардлаар 2019 оны 3 дугаар сард тоосгон хашлага барьсан бөгөөд 2019.05.18-ны өдөр Э ХХК-ны харъяа барилга, орон сууцны М СӨХ-ийн хүсэлтийг хүлээн авч газар түрээслэх гэрээг байгуулаж түрээсийн төлбөрийг авсан. 2020 оны 2 дугаар сард М СӨХ-д газар ашиглуулах түрээсийн гэрээгээ цуцалж газар чөлөөлөх мэдэгдлээ өгсөн. Энэ үеэс Э ХХК-ны М СӨХ, М Цогцолбор барилга, орон сууцны оршин суугчидыг Э ХХК-ны захирал М. Л Ц ХХК-ний эзэмшил газрыг оршин суугчидад хамаарах газар мэтээр буруу ойлголт тараан Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Алба, Хот Байгуулалтын- Хөгжлийн Газар, Хан-Уул дүүргийн Газрын алба, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс зэрэг газруудад худал гүтгэлэг бүхий гомдол гаргасан байна. Эдгээр байгууллагуудаас зохих хууль ёсны хариу авсаныг хавсаргасан болно. Энэ бүгдээс үзэхэд Э ХХК-ны М. Лнь газраа ашиглуулах түрээсийн гэрээний үүргийг биелүүлэхгүй байх зорилгоор гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээ байгуулаагүй гэх байдлаар хандаж байгаад гомдолтой байна. Иймд 2017.08.15-ны өдрөөс 2019.05 сарыг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 11 400 000 төгрөг, 2015 он, 2018 онуудад буулгасан хашааны үнэ болон ажлын хөлс 11 000 000 төгрөг, нийт 22 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь анх үүсэн байгуулагдсан цагаасаа хойш ЦХХК нэртэй хуулийн этгээдтэй ямар нэгэн гэрээ огт байгуулж байгаагүй болно. Гэтэл нэхэмжлэгч нь манай компанитай 2015 оны 7-р сард /нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлд хавсаргасан гэрээ нь огноогүй/ Тохиролцооны гэрээ нэртэй гэрээ байгуулсан мэтээр нотлох баримт болгон гаргаж өгсөн байна. Гэрээ байгуулаагүй учир гэрээгээр тохирсон зүйл гэх яриа үндэслэлгүй болно. Харин манай компани нь барилга барих хугацаанд нэхэмжлэгчийн газрыг ашиглаж байсан бөгөөд амаар тохирч гэрээ байгуулснаа зөвшөөрч байна. Бид дээрх хугацааны ашиглалтын хөлсөнд ЦХХК-ийн оффисын барилгын гадна фасадыг янзалж, будаж, дээврийг шинэчилж өгсөн болно. Нэхэмжлэлд дурдсан хашааны талаар ямар нэгэн тохиролцоо хийгээгүй болно. ЦХХК-ийн эзэмшил газар дээр оршин суугчдын автомашиныг байрлуулах зорилгоор манай компани нь тус компанийн захирал Г.Д дүү Г.До-тэй 2016 оны 8-р сард нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж, сарын 600000 төгрөг өгч байсан бөгөөд гэрээний хугацаа дууссанаар төлбөр төлөлт зогссон, бид хашааг барьж өгсөн болно. Дурдсан гэрээнд хугацаа сунгах асуудал тусгагдаагүй учир гэрээ сунгагдах боломжгүй бөгөөд хугацаа дууссан гэрээг үндэслэж төлбөр шаардах нь үндэслэлгүй болно. Иймд нхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч Э ХХК холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 11 400 000 төгрөг, хашааны үнэ 11 000 000 төгрөг, нийт 22 400 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
2015 оны 7-р сард ЦХХК-ийн эзэмшлийн газрыг Э ХХК нь барилга барих хугацаандаа ашиглахаар харилцан тохиролцож, улмаар хариуцагч нь ашиглалтын хөлсөнд ЦХХК-ийн оффисын барилгын гадна фасадыг янзалж, будаж, дээврийг шинэчилж өгөхөөр харилцан тохиролцсон, түүнчлэн уг тохиролцооны дагуу гэрээ хэрэгжсэн талаар талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж, энэ талаар маргаагүй байна.
Дээрх гэрээ хэрэгжиж дууссаны дараа 2016 оны 8 сарын 15-ны өдөр газар түрээслэх гэрээ 1 жилийн хугацаатайгаар талуудын хооронд бичгийн байгуулагдаж, уг гэрээгээр газрын түрээсийн төлбөрт сарын 600 000 төгрөг төлөхөөр, түүнчлэн гэрээний 5.5-д гэрээ дуусгавар болсон тохиолдолд хашааг хуучин байсан хэвийн байдалд оруулан янзалж өгнө. гэсэн тохиролцоотой байгуулжээ./хх-ийн 37/
Уг гэрээний дагуу 1 жилийн төлбөрт нийт 7 200 000 төгрөгийг авсан талаар нэхэмжлэгч маргаагүй хэдий ч уг гэрээ дахин сунгагдсан, гэрээ нь манайд байхгүй ба хариуцагчид байгаа боловч гаргаж өгөхгүй байна гэж тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 8 сарын 15-ны өдрөөс 2019 оны 5 сарыг хүртэлх хугацааны 19 сарын түрээсийн төлөгдөөгүй төлбөрт 11 400 000 төгрөг гэж, мөн дээрх гэрээнүүдийн дагуу 2 удаа хашаагаа буулгаж барьсан бөгөөд хашааны үнэ болон ажлын хөлсөнд 11 000 000 төгрөг зарцуулсан гэж тайлбарласан болно.
Харин хариуцагч тал дээрх гэрээ байгуулагдсан, түүнчлэн гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг тухай бүрт нь төлж байсан талаарх баримтыг гаргаж ирүүлсэн байх ба гэрээний хугацаа дуусч, гэрээ дуусгавар болсон тул бид газрыг суллан өгч, хашааг барьж өгсөн гэж тайлбар гаргаж маргажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан хариуцагч Э ХХК-ийг гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр өөрөөс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал зэргийг... хохиролд тооцож шаардах эрхтэй хэдий ч энэ талаараа баримтаар нотлоогүй, түүнчлэн талуудын байгуулсан Газар түрээслэх гэрээ-ний хугацаа Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1-д заасан гэрээний хугацаа дууссан бол эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болно. гэснээр гэрээ дуусгавар болсон байна.
Эдгээр байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл хариуцагчаас 19 сарын түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй талаараа болон хашааг буулгаж, барихад гаргасан зардал, түүнчлэн хашааны үнийн талаар баримтаар нотлоогүй байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 294 дүгээр зүйлийн 294.1.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ЦХХК-ийн хариуцагч Э ХХК-иас төлбөрт 22 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 269 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ