Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/766

 

 

 

  2023          09          27                                      2023/ШЦТ/766

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Д.Хонгорзул,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205034150072 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь фэйсбүүк цахим орчинд “Аавуудын групп” гэсэн хаягт  “уулзаад хамтраад 1-2 сарын дотор нилээн их хэмжээний мөнгө хийх санаа байна, мэдээж хамт төлбөр тооцоог нь хувааж хийнэ” гэх зар барйшуулан хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогч ***аас 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр нийт 11.250.000 төгрөгийг өөрийн хаан банкны 5002495279 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “Хэрэг болсон үйл явцтай маргахгүй. Өмнө нь хийсэн хэргүүдтэй нэгтгэгдэх байсан. Өмнөх Баянзүрх дүүргийн прокурор Эрдэнэтуяа хэргийг дутуу боогоод тэтгэвэрт гарсан байсан. Тухайн үед болох байлгүй гээд хаясан. Манай өмгөөлөгч сайн мэдлэггүй хүн байсан, тэр үедээ чимээгүй байж байгаад гарчих энэ хэргийг сэргээх юм бол 60 хоног хойшлуулах гээд байна гэсэн. Би яах вэ гэдгээ мэдэхгүй байж байгаад давж заалдах хугацаа өнгөрсөн байсан. Би энэ хэрэг дээр өмгөөлөгчгүй байсан хүмүүсээс ял авах байх гэдгийг сонсоод ядаж хохирлын мөнгийг төлөөд очъё гээд шүүхээс оргосон нь миний буруу” гэв.

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Өргөө-71 хотхоны 142-904 тоот гэртээ фэйсбүүк үзэж байгаад Аавуудын групп фэйсбүүк хаяг дээр “уулзаад хамтраад 1-2 сарын дотор нилээд их хэмжээний мөнгө хийх санаа байна, мэдээж хамт төлбөр тооцоог нь хувааж хийнэ” гэсэн зарын дагуу ***гэсэн хаягтай залуутай чатлаад холбогдоод арилжаа хийдэг ханшийн өсөлт, бууралтаас мөнгө олдог гэж тэр залуу надад хэлсэн. Ханш өсөх гээд байна, өнөөдөр аваад дарчихвал цаашдаа ханш нь өснө энэ 7 хоногтоо мөнгөө татаад авчихна гэхээр нь би 4.800.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд удалгүй 20.000 доллар хийгээд 18.443 доллар өсгөөд 99.22 хувийн амжилттай байна, энийг татаж авах гэсэн чинь 10 хувийн шимтгэл нэхээд байна 2.000 доллар хэрэгтэй байна танд мөнгө байна уу гэхээр нь надад мөнгө байхгүй, би чамд өгсөн мөнгөө буцааж авмаар байна гэсэн чинь хоёулаа энэ мөнгөө татаад авчихвал болох гээд байна, би 1.896.000 төгрөг олчихлоо та үлдсэн мөнгөө олчих гэхээр нь би өөртөө байсан 400.000 төгрөгийг явуулсан. Тэгээд 10 хоногийн дараа байхаа нөгөө залуу чатаар мөнгө байна уу гэхээр нь би дахиад 400.000 төгрөгийг өгсөн. Тэгээд удалгүй нөгөө мөнгөө татаж авах гэсэн чинь мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 950.000 төгрөг шилжүүлсэн, тэгээд бас дараа нь нөгөө залуу 200.000 төгрөг байвал болох гээд байна гэхээр нь би 200.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш гар утсаа авахгүй, чат бичихээр хариу бичихгүй алга болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/,

  

Хохирогчийн өргөдөл /хх-н 2/, хохирогчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 17-23/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 37-51, 57-59/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч *** нь фэйсбүүк цахим орчинд “Аавуудын групп” гэсэн хаягт  “уулзаад хамтраад 1-2 сарын дотор нилээн их хэмжээний мөнгө хийх санаа байна, мэдээж хамт төлбөр тооцоог нь хувааж хийнэ” гэх зар барйшуулан хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогч ***аас 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр нийт 11.250.000 төгрөгийг өөрийн хаан банкны 5002495279 дугаарын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***ын мэдүүлэг, хохирогчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг “уулзаад хамтраад 1-2 сарын дотор нилээн их хэмжээний мөнгө хийх санаа байна, мэдээж хамт төлбөр тооцоог нь хувааж хийнэ” гэх зар байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож нийт 11.250.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хохирогчийг залилсан гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ***ад нийт 11.250.000 төгрөгийн хохирол учирсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хохирол төлөх талаар ажлын 5 хоногийн завсарлага авч хохирогчид 2.000.000 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба үлдэгдэл хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгчээс 9.250.000 төгрөг гаргуулж хохирогч ***ад олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 01 жил, 3 сар хорих ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 01 жил хорих ял оногдуулж, нийт 2 жил 3 сарын хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч 6 сар буюу хамгийн бага хорих ял оногдуулж өгнө үү гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн зарим хохирлыг барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан додд хэмжээгээр буюу 6 сар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргүүдтэй нэгтгэгдэн шийдвэрлэх боломжтой байсан нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр хорих ял оногдуулсан болохыг дурдав.

Шүүгдэгч *** нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 194 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 194 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн тогтоолыг хүчингүй болгож, 01 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан ... шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно”, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхийангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ял дээр урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 194 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн тогтоолыг хүчингүй болгож оногдуулсан 01 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 01 жил 6 сарын хугацаагаар тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т шүүхээс оногдуулсан 01 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний урьд цагдан хоригдсон 24 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 194 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн тогтоолыг хүчингүй болгож 01 жил хорих ял оногдуулсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ял дээр урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 194 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн тогтоолыг хүчингүй болгож оногдуулсан 01 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 01 жил, 6 сарын хугацаагаар тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ***т оногдуулсан 01 жил, 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын урьд цагдан хоригдсон 24 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 9.250.000 төгрөг гаргуулж хохирогч ***ад олгосугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, хорих ял эдэлж дуусах хүртэл хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР