| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 136/2017/0006/э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2017-01-12 |
| Зүйл хэсэг | 216.2., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж, Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үлйдэж ирүүлсэн Ө.А холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Ө.А
Шүүгдэгч Ө.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 18-ны орой 18 цагийн орчимд ... байрны гадаах автомашины зогсоол дээрээс .... улсын дугаартай Ниссан Тида маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5.а, 2.5.в, 2.7.а, 7 дугаар бүлгийн 7.17 дахь заалтуудыг зөрчин иргэн Э.Эийн эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 330,000 төгрөгний хохирол учруулан зам тээврийн осол гаргаж осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТО Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч Ө.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : 2016 оны 11 дүгээр сарын 18-нд өглөө 10 цагийн үед ажлаасаа буусан. Урд өдөр нь эхнэртэйгээ маргалдчихсан байсан би эхнэрээ найзындаа байхад нь очиж машины түлхүүрээ аваад машинаа унаад замаараа дэлгүүр орж нэг пиво аваад гэртээ харьсан. Пивоо уучихаад унтаж сэрээд 2 найзыгаа дуудсан тэр 2 ирэхдээ нэг пивотой ирсэн пивоноос нэг нэг татчихаад байж байсан чинь манай найз надруу залгаад зааланд сагсан бөмбөгийн тэмцээн болж байна манай байгууллагын хүмүүс тоглож байна ирж үзэхгүй юм уу гэхээр нь бид 3 тэмцээн үзэхээр гэрээсээ гарсан. Гадаа гарсан чинь Б би ямар сагс сонирхох биш орой ажилтай гээд гэр рүүгээ явсан. Би машинаа асаагаад ухрахдаа гадаа харанхуй болчихсон цас шуурчихсан байсан болохоор ар талд байсан машиныг сайн харалгүй очоод мөргөсөн. Урагшлаад зогссон чинь манай найз чи машин мөргөчихлөө гэхээр нь толиндоо харсан чинь гайгүй юм шиг болохоор нь шууд яваад өгсөн. Манай найз чи машин мөргөчихсөн очоод хар гэхээр нь байшин тойрч машинаа тавьчихаад очсон чинь орцны гадаа баахан хүн зогсож байхаар нь харж зогсож байгаад тэр хүмүүс алга болохоор нь гэр рүүгээ орсон чинь орцны үүдэнд бөөнөөрөө зогсож байсан. Тэр хүмүүс чи машин мөргөөд зугатаачихлаа гэхэд сандарсандаа би машин мөргөөгүй мэдэхгүй гээд гэр рүүгээ орсон. Удалгүй цагдаа нар ирээд машин чинь хаана байна гэхэд машинаа байрны гадаа тавьчихсан байгаа гэсэн. Машинаа журмын хашаанд хийлгэсэн гэсэн мэдүүлэг. Хохирогч Э.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 11 дүгээр сарын 18 ны өдөр ...Машинаа Э ах байрны гадаа зогсоол дээр байрлуулаад бид 3 хамт гэр рүү орсон... гарч ирээд би машиндаа жолоочийн хажуу талын урд хаалгаар машиндаа суух гэхэд машины толь хумигдсан хаалганы гаднах төмөр хонхойж чихэгдсэн цэнхэр будаг наалдсан байсан. Машин зогсоолд байрлуулаад гэррүү орох үед нэг хөх цэнхэр өнгийн Ниссан Тида маркийн автомашин зогсож байсан. Намайг гарч ирээд машинаа харах үед тэр цэнхэр өнгийн Ниссан тида маркийн машин алга болсон байсан... Жолоочийн эсрэг талын урд хаалга хонхойж чихэгдсэн зүүн толь зурагдсан байсан... ...Миний хохирол бүрэн төлөгдсөн. Надад бэлнээр Ө.А гэх залуу 370,000 төгрөг өгсөн ба үлдэгдэл тооцоо байхгүй. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байрныхаа жижүүрийн байрандаа байж байхад 18 цагийн орчимд байрны гадаа орцонд манай байранд байр түрээслэн амьдардаг зүс таних залуу цэнхэр өнгийн машиныг согтуу жолоодож хөдлөөд зогсоол дээр зогсож байсан бор шаргал өнгийн приус 20 машиныг мөргөчихөөд их хүчтэй хөдлөөд явсан. Би хаашаа явсан гэдгийг хараагүй... Ө.А архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... Ө.А 2 залуутай гарч ирээд өөрөө жолоодоод явсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Эийн мөрдөн байцаалтад өгсөн:” ...Би 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би ажил дээрээ байж байхад манай ажлын орлогч дарга Э намайг гуйж миний охин Эийн машиныг жолоодож очоод хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгээд би машиныг аваад... хүүхэдтэй нь авсан эд зүйлийг нь оруулж өгсөн.. тэгээд Э гэрээсээ бичиг баримт аваад буцаад гараад явах гэхэд Э “Ахаа миний машины толь эвхэгдээд хаалга хонхойсон байна” гэж хэлсэн. Тэгээд би харахад хонхойсон, цэнхэр будаг наалдсан байсан. Тэгээд орцны жижүүрээс Э асуухад согтуу залуучууд гараад явсан удалгүй түс тас хийсэн чимээ гарсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч О.Уын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагт надруу Ө.А найз нь гэртээ байна. Өнөөдөр амарч байна хүрээд ирэх үү гэж залгахаар нь би 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво аваад гэррүү нь очиж байхад манай ажлын Б үүдэнд нь зогсож байсан... Тэгээд бид 3 миний аваачсан шар айргыг хувааж уух гэхэд А ганцаараа 2,5 литр сэрүүн пиво уучихсан жаахан халмаг байсан. Тэгээд ганц ганц аяга уучихаад А спортын төв ордонд сагсны тэмцээн болж байна очиж сонирхоё гэхэд Б үзэхгүй гээд... гэррүүгээ харих гээд явсан. А бид 2 заалруу явахаар А машин асаасан. Би урд нь буюу жолоочийн хажууд суусан. А өөрийнхөө цэнхэр өнгийн Ниссан тида маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод ухарч байгаад Приус 20 маркийн зогсоол дээр байсан машиныг мөргөсөн. Ө.А хөдлөхдөө жаахан хүчтэй ухарсан. Тэгээд ослын газрыг орхиод А байшин тойроод өөрийнхөө машиныг нуугаад тавьсан... Ө.А архи согтууруулах ундаа буюу 2,5 литр Сэрүүн нэртэй пиво ганцаараа уучихсан гэсэн халамцуу гэртээ ганцаараа байсан...” гэсэн мэдүүлэг, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-9/, Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэвэр /хх 17-18/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 53/ зэрэг болно.
Шүүгдэгч Ө.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 18-ны орой 18 цагийн орчимд ... байрны гадаах автомашины зогсоол дээрээс .... улсын дугаартай Ниссан Тида маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5.а, 2.5.в, 2.7.а, 7 дугаар бүлгийн 7.17 дахь заалтуудыг зөрчин иргэн Э.Эийн эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 330,000 төгрөгний хохирол учруулан зам тээврийн осол гаргаж осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох хохирогч Э.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ... гарч ирээд би машиндаа суух гээд жолоочийн хажуу талын урд хаалгаар суух гэхэд машины толь хумигдсан хаалганы гаднах төмөр хонхойж чихэгдсэн цэнхэр будаг наалдсан байсан. Машин зогсоолд байрлуулаад гэррүү орох үед нэг хөх цэнхэр өнгийн Ниссан Тида маркийн автомашин зогсож байсан. Намайг гарч ирээд машинаа харах үед тэр цэнхэр өнгийн Ниссан тида маркийн машин алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Уын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагт ... А өөрийнхөө цэнхэр өнгийн Ниссан тида маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод ухарч байгаад Приус 20 маркийн зогсоол дээр байсан машиныг мөргөсөн. Ө.А хөдлөхдөө жаахан хүчтэй ухарсан. Тэгээд ослын газрыг орхиод А байшин тойроод өөрийнхөө машиныг нуугаад тавьсан...гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ө.Аыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Хохирогч Э.Э нь мөрдөн байцаалтын шатанд 330 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүгдэгч Ө.А нь хохирогч Э.Эт мөрдөн байцаалтын шатанд 370 000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчий Ө.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.А нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөхөөр хүсэлт гаргасан байна. Шүүгдэгч Ө.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Ө.Ад урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна. Иймд шүүхээс шүүгдэгч Ө.Ад ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Ө.Аыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ад 1 жил хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ад оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Ө.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч Ө.Ад оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жил 6 сараар тогтоож, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд хяналт тавихыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН
|
|