| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 161/2019/0000/Э |
| Дугаар | 006 |
| Огноо | 2020-02-17 |
| Зүйл хэсэг | 22.6.2., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 006
Т.А нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.А, К.Б нарт холбогдох эрүүгийн 1913003510247 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгч Т.А, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч К.Ержан нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Нурсауле, тус аймгийн Прокурорын газрын орлогч прокурор А.Турдыбек, шүүгдэгч Т.А, шүүгдэгч К.Б-ийн өмгөөлөгч К.Ержан нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1973 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн А сумын нэгдсэн халаалтыг хариуцсан инженер ажилтай, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн А сумын 01 дүгээр багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овогт Т-ийн А/РД: БА00000000/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1974 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн А сумын 04 дүгээр багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, И овогт К-ын Б /РД: БА00000000/ нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 12-ны өдрүүдэд Монгол алтайн нурууны тусгай хамгаалалттай газрын Ёлтын сав газрын “Шар гэр” хэмээх газраас хууль бусаар 74 ширхэг хуурай шинэс мод, 6 ширхэг нойтон шинэс мод бэлтгэж, тээвэрлэн байгаль орчинд 693,694 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолоор “1. Т.А, К.Б нарыг бүлэглэж, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Т.А, К.Б нарын тус бүрд хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.А, К.Б нарт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А, К.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 5. Шүүгдэгч Т.А, К.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч К.Б-ийн 3ил-131 загварын 0731 БӨА Улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр нь үлдээсүгэй. 7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 3ил-131 загварын 0731 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Т.А-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн төмөр хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхэг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын цагдаагийн төлөөлөгчийн хэсэгт байгаа хууль бусаар бэлтгэсэн 80 ширхэг /хуурай шинэс мод 5.3997 м.куб, нойтон шинэс мод 0.301 м.куб/ модыг тус тус улсын орлого болгосугай.” гэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.А-ын давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар ял шийтгэгдэн эрүүгийн хариуцлага хүлээсэн Т.А би Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаар бүхий шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Т.А намайг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт К.Б, Т.А нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2.081.082 төгрөгийг төрийн сангийн дансанд бэлнээр төлж өгч хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд К.Б,Т.А нар бусдад төлөх төлбөргүй гэж тодорхой тусгаж өгөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөлтэй, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөлгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн атлаа надад 2 жилийн хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хариуцлага хүндэдсэн гэж үзнэ. Бид зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн нь үнэн хэдий ч энэ нь гэмт хэрэг болно гэж төсөөлөлгүй, хуулийн дутмаг мэдлэгтэй байдлын улмаас хайхрамжгүй хандаж ар гэрээ авч явах амьдралын шаардлагаас улбаалан зөвшөөрөлгүй мод бэлтгэж гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмт хэргийг улмаас учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатанд сайн дураар төлж өтсөн. Иймд надад хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж өгөхийг хүсье.” гэжээ.
Шүүгдэгч К.Б, түүний өмгөөлөгч К.Ержан нарын давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1.Анхан шатны шүүх К.Б-ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэн ийнхүү гэрчийн мэдүүлгүүдийг үндэслэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх юм. Гэтэл мод бэлдэлцэж ачиж ирсэн гэх гэрчүүд болох Ж.Е, Е.О, Ө.Е, А.Д нар мэдүүлэхдээ бүгдээрээ тэдэнд мод бэлтгэхэд туслах саналыг Т.А тавьж тэд түүнээс ажлын хөлс аван тусалж А-ын модыг бэлтгэхэд К.Б-ийн машинаар ачиж ирсэн талаар мэдүүлж Б-ийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үүрэг, оролцоог тодорхой хэлсэн байх бөгөөд К.Б тэдний хэнтэй ч уулзаж модонд хамт явахыг санал болгоогүй байх юм. Үүнээс үзэхэд мод бэлтгэх бүх ажиллагааг Т.А голлон зохион байгуулж гүйцэтгэсэн гэдэг нь тодорхой байна. Шүүх А, Б нар бүлэглэн мод бэлтгэсэн буюу бүлэглэн гүйцэтгэгч гэж дүгнэсэн байдалд өмгөөлөгчийн хувьд ч маргахгүй байгаа хэдий ч тэдний гэмт хэрэгт оролцсон үүрэг, оролцооны талаар огт анхааралгүй ялгамжгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэж улмаар К.Б-ийн машиныг улсын орлого болгож буй нь хуульд нийцэхгүй явдал гэж үзнэ. Учир нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг А, Б нар тэнцүү хувааж төлсөн бөгөөд К.Б-ийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үүрэг, оролцоо Т.А-аас харьцангуй бага түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөлүүд байсаар байтал шүүх энэ талаар огт анхааралгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнд гомдолтой. К.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг А-тай тэнцүү хэмжээгээр хувааж төлж өгсөн боловч түүнтэй ижил хэмжээний эрүүгийн хариуцлага хүлээснээс гадна машинаа хураалган хохирч өөрөөсөө үүрэг, оролцоо ихтэй гэмт хэргийг удирдан гүйцэтгэгч Т.А-аас илүү цээрлэл хүлээж, эрх зүйн байдал нь доордож буй нь хуульд нийцэмгүй зүйл юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж заасан байх бөгөөд нөхцөл байдал дээрх байдлаар тодорхой байхад шүүх үүнийг анхааран үзэж энэхүү заалтыг хэрэгжүүлэн К.Б-ийн гэмт хэрэгт үйлдэхэд оролцсон үүрэг, оролцоог анхааран үзэж түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах бүрэн боломжтой байсаар байтал огт анхааралгүй шийдвэрлэсэн нь буруу юм. 2. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт К.Б, Т.А нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2.081.082 төгрөгийг төрийн сангийн дансанд бэлнээр төлж өгч хохирлыг бүрэн барагдуулсан тул К.Б, Т.А нар бусдад төлөх төлбөргүй гэж тодорхой тусгаж өгсөн атлаа Эрүүгийн 7.5 дугаар зүйлийн 1.3 дахь дэх хэсэгт заасныг баримтлан мод тээвэрлэхэд ашигласан К.Б-ийн эзэмшлийн 131 маркийн 0731 улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг улсын орлого болгож байгаа нь хуулийг буруу хэрэглэж байгаа хэлбэр юм. Учир нь: Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсэг, 4 дэх хэсэгт тус тус зааснаас үзэхэд тухайн тээврийн хэрэгслийг зөвхөн хохирлыг барагдуулах зорилгоор хураан авахаар хуульчилсан байна. Манай нөхцөлд тээврийн хэрэгслийг 1.800.000-2.000.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан машиныг хураасан тохиолдолд хохиролд төлсөн 2.081.082 төгрөгөөс хураасан тээврийн хэрэгслийн орлогоос хохиролд хүрээгүй хэсгийг авч үлдэн үлдсэн хэсгийг буцаан олгохоор нөхцөл үүсээд байна. Иймд нэгэнт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн тохиолдолд машиныг давхар хуураах хууль зүйн үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2,6,7 дугаар хэсгүүдэд өөрчлөлт оруулан К.Б-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүний эзэмшлийн Зил-131 маркийн 0731 дугаар бүхий тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгосон хэсгийг хүчингүй болгож өөрт нь үлдээхээр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Т.А, К.Б, түүний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан үйл баримт тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Т.А, К.Б нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 12-ны өдрүүдэд Монгол алтайн нурууны улсын тусгай хамгаалалтай газрын Ёлтын сав газрын “Шар гэр” хэмээх газраас хууль бусаар хуурай 74 ширхэг, нойтон 6 ширхэг шинэс мод бэлтгэж, тээвэрлэн байгаль орчинд 693.694.00 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Т.А, К.Б нарыг бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан зэргийг, түүнчлэн шүүх хуралдаанд гаргасан талуудын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 24.6 дугаар зүйлийн 12 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтыг баримтлан шүүгдэгч Т.А, К.Б нарын тус бүрд хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.А, К.Б нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, СД бичлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Ш.П, Ж.Е, Е.О, Ө.Е, А.Д нарын мэдүүлэг, модны экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар бүрэн, хангалттай тогтоогджээ.
Иргэний нэхэмжлэгч М.Ж-ын “...уг дүгнэлтэд дурдсанаар нийт 693.694 төгрөгийн бодит хохирол учирсан байна. Иймд 693.694 төгрөгийн бодит хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нийт 2.081.082 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлгээр хохирлын нийт тооцоог гаргасан бөгөөд хохирлын 2.081.082 төгрөгийг шүүгдэгч Т.А, К.Б нар бүрэн төлж барагдуулжээ.
Гэрч А.Д-ын “...2019 оны 10 дугаар сарын 10-нд Ёлт руу яваад 2019 оны 10 дугаар сарын 12-нд Ёлтоос Б ахын машинаар А-ын модыг ачиж ирж байх замдаа сумын хэсгийн төлөөлөгч зогсоож шалгахад Б ахын тээврийн хэрэгслээр ачуулаад ирж байсан А-ын модны зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээ, эрхийн бичиг, хилийн заставаас авах ёстой зөвшөөрөл зэрэг бичиг баримтыг шалгахад нэг ч бичиг баримт байхгүй байсан. ...А, Б хоёр хэлэхдээ “бид нар Улсын тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэх эрхийн бичиг болон зөвшөөрөл авчихсан байгаа, та нар санаа зовох шаардлагагүй гэсэн”. Миний бие Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас эрхийн бичиггүй мод бэлтгэж болохгүй гэдгийг сайн мэддэг учраас А, Б нараас Ёлт руу явахаас өмнө асуусан юм.” гэх мэдүүлэг, гэрч Ү.Б-ийн “...Алтай сумын иргэдэд 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн модны гарал үүслийн гэрчилгээ бичиж байсан. Уг гарал үүслийн гэрчилгээнд зөвхөн ойгоос түлээний модны болон ой цэвэрлэх зорилгоор гарал үүслийн гэрчилгээ олгосон. Түүнээс биш ямар нэгэн нойтон мод огтлох, гарал үүслийн гэрчилгээ бичүүлж авахгүй ойгоос мод бэлтгэж, тээвэрлэх зөвшөөрөл олгогдохгүй. Би хүн, хуулийн этгээдэд заавал гарал үүслийн гэрчилгээ авч явах, мөн хилийн анги салбаруудаас хилийн зурвас нэвтрэх талаар хүн бүр зөвшөөрөл авч явах талаар байнга сануулж хэлж байсан.” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Т.А, К.Б нар нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойгоос мод бэлтгэсэн нь нотлогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлсэн болно.
Шүүгдэгч К.Б-ийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 12-ны өдрүүдэд Монгол алтайн нурууны улсын тусгай хамгаалалтай газрын Ёлтын сав газрын “Шар гэр” хэмээх газраас Т.А-ын хууль бусаар бэлтгэсэн 74 ширхэг хуурай, 6 ширхэг нойтон модыг зөвхөн тээвэрлэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” хэмээн хуульчилсан байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч Ү.Б, Ш.Пүрэв, Ж.Е, Е.О, Ө.Е, А.Д нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Т.А, К.Б нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн газар нутаг нь Монгол Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тогтоолоор “Алтай Таван богдын байгалийн цогцолборт газар”-аар улсын тусгай хамгаалалтад авагдсан газар байна.
Шүүгдэгч Т.А, К.Б нарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтын дагуу “бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Т.А нь “анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэнийг 1 жил болгож өгнө үү.” гэж гомдол гаргажээ.
Шүүгдэгч Т.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч тус бүрийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд нь тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч К.Б-ийн Зил-131 маркийн, 0731 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч К.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн Зил-131 загварын 0731 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Т.А-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн төмөр хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхэг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын цагдаагийн хэсэгт байгаа хууль бусаар бэлтгэсэн 80 ширхэг /хуурай шинэс мод 5.3997 м куб, нойтон шинэс мод 0.301 м куб/ модыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хууль ёсны, үндэслэлтэй болжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж хуульчилсан учраас шүүгдэгч нарын хохиролд төлсөн 2.080.000.00 /хоёр сая наян мянга/ төгрөгийг Монгол алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Төрийн сан дахь 100020013005 дугаар данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд олгуулахаар шийтгэх тогтоолд нэмэлт оруулж, шүүгдэгч Т.А, шүүгдэгч К.Б, түүний өмгөөлөгч К.Ержан нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “51. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч нарын хохиролд төлсөн 2.080.000.00 /хоёр сая наян мянга/ төгрөгийг Монгол алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Төрийн сан дахь 100020013005 дугаар данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.А, шүүгдэгч К.Б болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
Д.МӨНХӨӨ