| 2026 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 221/МА2026/0049 | Улаанбаатар хот |
Т.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч З.Ганзориг
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Т.Б
Нэхэмжлэгч: Т.Б
Хариуцагч: Зам, тээврийн сайд
Гуравдагч этгээд: Ч.М
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн өдрийн 767 дугаар шийдвэр;
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Т.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б
Гуравдагч этгээд: Ч.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2025/0307/З
ТОДОРХОЙЛОХ нь:
- Нэхэмжлэгч Т.Б нь Зам, тээврийн хөгжлийн сайдын /хуучин нэрээр/ 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар тушаал, мөн тус сайдын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” А/299 дугаартай тушаалыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргажээ.
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 767 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, 2 дахь хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Иргэний нисэхийн тухай /1999 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
- Нэхэмжлэгч Т.Б давж заалдах гомдолдоо:
- Зам, тээврийн хөгжлийн сайд /хуучин нэрээр/ нь Монгол Улсын засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаас Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалын сул орон тоог Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу нөхөх арга хэмжээг яаралтай зохион байгуулах, сул орон тоог нөхөх хүртэл хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгасан. Гэтэл Зам тээврийн хөгжлийн сайд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаартай тушаал гаргаж Ч.М-г сэлгэн ажиллуулах тушаал гаргасан. Зам, тээврийн хөгжлийн сайд нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар 43.3.1-д "байгууллагын даргын албан үүргийг түүний дэд дарга, орлогч түр орлон гүйцэтгэх”, мөн зүйлийн 43.3.2-д "дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх" гэж зааснаар түүнийг шууд түр орлон гүйцэтгэгчээр тушаал гаргах ёстой байсан билээ. Иймд нэхэмжлэгч Т.Б нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан тул Төрийн албаны тухай хуулийн 43.3.1-ний дагуу томилогдох ажилтан байсныг анхан шатны шүүх буруу дүгнэсэн байна. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно" гэсэн заалтыг огт анхаараагүй байна.
- Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн “Засгийн газрын агентлаг” гэсний 2 дахь хэсэгт, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн мөн хуулийн 30 дугаар зүйлийн “Засгийн газрын шийдвэр” гэсний 1-т “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана” гэж заасныг баримтлан Засгийн газрын агентлагийн даргыг “Засгийн газрын тогтоол”-оор томилдог хуулийн зохицуулалттай. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргыг томилох эрх бүхий албан тушаалтан биш Зам, тээврийн хөгжлийн сайд томилж хууль зөрчсөн байхад шүүх үүнийг зөвтгөсөн нь буруу юм. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэгчийг Засгийн газрын тогтоолоор томилж байсныг нотолсон нотлох баримтууд нь хэрэгт авагдсан байгааг шүүгч үнэлээгүй.
- Шүүхийн шийдвэрийн 3.10-д ““ашиг сонирхол байгаа” гэх нөхцөлөө төрийн албанд ажиллах, тэтгэвэрт гарах болон төрийн албаны сонгон шалгаруулалтад оролцох эрх нээгдэнэ” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ” гэсэн дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэгч Т.Б нь Иргэний нисэхийн ерөнхий газрын захиргаа удирдлагын газрын (хэлтсийн) даргаар ажиллаж байсан тул Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн дагуу түр орлон гүйцэтгэгч томилох тушаал гаргах байсныг зөрчиж өөр хүн томилсон. Өнөөдрийг хүртэл Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын сонгон шалгаруулалтыг зарлахгүй байгаа нь эс үйлдэхүйг шүүгч анхаараагүй байна. Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д "Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх..." мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д "Төрийн албаны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ" гэж заасан бөгөөд үүнийг Зам, тээврийн хөгжлийн сайд нь зөрчсөн байгаад огт дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьжээ.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.”, 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.” заасныг зөрчиж хариуцагч Зам, тээврийн яамнаас нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны Б/03, А/299 дүгээр тушаалуудыг хууль бус байсан гэж дүгнэх үндэслэлгүй хэмээн улайм цайм буруу дүгнэжээ. Шүүгч нь "үндэслэх нь" хэсгийн 3.4-т харин маргааны гол үйл баримт болох ... захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоох, нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа эсэхийг тогтоох үндэслэлтэй эсэхийг дүгнэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна" гэж зөв тодорхойлсон боловч бусад "үндэслэх нь" хэсгийн тодорхойлсон үндэслэлүүд нь хууль хэрэглээний болоод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заагдсан заалтуудыг зөрчиж, дүгнэсэн буруу шийдвэр болжээ.
- Мөн хавтаст хэрэгт авагдсан шүүхийн мэтгэлцээнээр хэлэлцэгдсэн “...Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 28-д заасны сонгон шалгаруулалт явагдаагүй, Хамтын хэлэлцээр, хамтын гэрээний дагуу Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад хууль тогтоомжид заасны дагуу урьдчилж мэдэгдээгүй, санал аваагүй гаргасан сайдын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/299 тушаалыг дээрх үндэслэлээр хүчингүй болгох ёстой. Хөдөлмөрийн хууль, ҮЭ эрхийн тухай хууль, Хамтын хэлэлцээр, Хамтын гэрээг зөрчсөн тушаал нь шууд эрх зүйн үйлчлэлгүй байдаг бөгөөд гарсан цагаасаа эхлэн хууль бус тушаал байдаг болохыг шүүх анхаарсангүй.
- Мөн нэхэмжлэгч талын нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч болон гуравдагч этгээдэд гардуулж өгөөгүй. Нэмэгдүүлсэн шаардлагын талаар хариуцагч болон гуравдагч этгээдээс ямар ч хариу тайлбар ирүүлээгүй, бүүр анхан шатны шүүхэд мэтгэлцээн явагдаагүй болно. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ" мөн зүйлийн 6.2-т "мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ" мөн зүйлийн 6.3-т "Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ" гэсэн заалт огт хэрэгжээгүй байхад шүүхийн шийдвэрийн 4.1-ээс 4.7 нь шүүгчийн зохион бичлэг болжээ.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98.1-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тайлбар гаргахын өмнө шүүх хуралдаан даргалагч тэдэнд эрх, үүрэг болон үнэн зөв тайлбар өгөхийг урьдчилан сануулна.” гэж заасныг ноцтой зөрчин Зам, тээврийн хөгжлийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нь /хууль тогтоомжид заасныг/ нийлж сууж байгаад бие биедээ зааж хэлж өгч туслан мэтгэлцэх зарчмыг удаа дараа алдагдуулж байсныг манай өмгөөлөгч хурал даргалагчид сануулах хүртэл уг байдлыг таслан зогоох арга хэмжээг тэр даруй авалгүй шүүх хурлын дэг зөрчих үйлдэл гаргасан.
- Мөн тус шүүх хурлын тэмдэглэл нь 2025 оны 12 дугаар сарын 08-ны өнөөдрийн өдрийн байдлаар гараагүй байгаа нь нэхэмжлэгч талд шүүхийн шийдвэр гардаж авснаас хойш давж заалдах гомдол гаргах хугацааг дуусгахад хүргэж нэхэмжлэгчийн шүүх хурлын тэмдэглэлтэй танилцах эрхийг хангаагүй байна.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Хууль хэрэглээний талаар:
Нэг: Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны Б/03 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар:
-
- Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2/-т “эрхэлсэн асуудлын хүрээн дэх яам болон энэ хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн удирдана;” гэсэн заалт, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлага харилцан тохиролцсоны дагуу, эсхүл тухайн байгууллагын нэгж хооронд ажлын тодорхой чиглэлээр хоёр жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгаж болно.” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн:
Зам тээвэр хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.М-г 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар түр сэлгэн ажиллуулсан нь хууль зөрчөөгүй, дээрх хуулиудаар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан Захиргааны шийдвэр байна.
-
- Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлээр Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журамтай холбогдсон харилцааг зохицуулсан ба харин 44 дүгээр зүйлээр Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах харилцааг тус тусад нь хуульчлан зохицуулсан байна.
- Тухайлбал Зам, тээврийн хөгжлийн сайд нь маргаан бүхий 2023 оны Б/03 дугаар тушаалыг гаргахдаа Иргэний нисэхийн ерөнхий газрыг бодлогын хувьд хариуцан ажиллаж байсан Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга, төрийн жинхэнэ албан хаагч Ч.М-г Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах” гэсэн хуулийн зохицуулалтын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр хугацаанд гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ.
- Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйл. “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд түр сэлгэн ажиллуулах” хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн тохиолдолд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.1-т “байгууллагын даргын албан үүргийг түүний дэд дарга, орлогч түр орлон гүйцэтгэх;”, 43.3.2-т “дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх;” гэсэн хуулийн зохицуулалт хамаарахгүй тул нэхэмжлэгч Т.Б-ын “Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан тул Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.1-д дагуу томилогдох ажилтан байсныг анхан шатны шүүх буруу дүгнэсэн” гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.
- Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн.”, Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Засгийн газар нь тохируулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий агентлагтай байж болно.”, 8 дугаар зүйлийн 8.2-т “Агентлагийн дарга агентлагийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүний үр дүнг сайдын өмнө хариуцан тайлагнана.” гэж тус тус заажээ.
- Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Иргэний нисэхийн ерөнхий газар нь төрийн захиргааны байгууллага байх бөгөөд Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдаас Зам, тээврийн хөгжлийн сайдад Иргэний нисэхийн ерөнхий газрын даргыг сонгон шалгаруулж нөхөх хүртэл хугацаанд түр орлон гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг даалгасан /эрхээ шилжүүлсэн/-ы дагуу Зам, тээврийн хөгжлийн сайд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийг үндэслэн тус яамны газрын даргаар төрийн жинхэнэ албан хаагч болох Ч.М-тай тохиролцон Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар 2023-2025 оны хооронд түр сэлгэн ажиллуулсан нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
- Анхан шатны шүүхээр нэхэмжлэлийг хянан хэлэлцэж байх хугацаанд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.М-г “Төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах гэрээ”-ний хугацаа дууссан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Ч.М тухайн албан тушаалыг сэлгэн ажиллах журмаар түр хийж байсныг нотолж байх ба нэхэмжлэлийн шаардлагад хууль бус байсан болохыг тогтоолгохоор дурдсан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар тушаалын үйлчлэл дуусгавар болсон, уг тушаалыг хууль бус байсан болохыг тогтоох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
- Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудын талаар анхан шатны шүүх “...маргаан бүхий тушаалаар Ч.М-г сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна... уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.” гэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны Б/03 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн, хууль бус байсан болохыг тогтоолгох” гэсэн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.
Хоёр. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны А/299 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар:
-
- Зам, тээврийн хөгжлийн сайд нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” А/299 дүгээр тушаалыг батлахдаа:
Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө;”, Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д “иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зохион байгуулалтын бүтцийг батлах;”, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Агентлагийн орон тооны дээд хязгаарыг Засгийн газар, агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийг Засгийн газраас тогтоосон ерөнхий загварыг баримтлан Монгол Улсын сайд батална.” гэсэн заалтуудыг баримталсан нь Засгийн газрын гишүүн буюу Зам, тээврийн хөгжлийн сайд хуулиар олгогдсон бүрэн эрх хэмжээний хүрээнд гаргасан байх тул нэхэмжлэгчийн зүгээс уг тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.
Гурав. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх гомдлын хувьд;
-
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, …;/эрхтэй/” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Б нь 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр огноолон нэхэмжлэлийн шаардлагаа “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Ч.М-г сэлгэн ажиллуулах тухай” Б/03 тушаал, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний “Зохион байгуулалт бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” А/299 дугаар тушаалуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж ихэсгэснийг шүүх 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан байна.
- Нэхэмжлэгчийн дээрх ихэсгэсэн шаардлагыг хариуцагчид гардуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй /Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 218 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан баримт/, хөтлөөгүй байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа, гуравдагч этгээд Ч.М нар нь хэргийн материалтай 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр танилцсан /3хх-85/, мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хэргийн оролцогчдын хэн аль нь хариу тайлбараа гаргаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна.
- Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0767 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА