Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2017/0582

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийж,

Нэхэмжлэгч: Иргэн Л.О

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Н-ын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 4/13 дугаар албан шаардлага хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Би 2006 оноос өөрийн төрсөн эгч Л.Б, хүргэн ах 3.Ч-т нартай хамтран Монгол хэв загварын арьсан шаахай /углааш/ хувиараа өрхийн үйлдвэрлэлээр хийх болсон юм. Манай төрсөн ах Ж, нөхөр Л нартай хамт ажилладаг байлаа.

2012 оноос би тусдаа гарч арьсан шаахай хийх болсон юм. Хүргэн ах Ч******* нь намайг бие даан ажиллаж байгааг мэдээд 2013 онд Оюуны өмчийн газарт хандан патентын эрх авахаар хүсэлтээ өгсөн байсан. Тэр үедээ эхнэрийнхээ хамт ирээд та нар бас үүнийг хийж байгаа бол бүгдээрээ хэдээр зарах худалдааны үнийг тохиролцъё гэж байсан. Тэгээд 2013 онд 2307 дугаар патент авсан байсан. Ингээд 2013 оны 12 дугаар сард Оюуны өмчийн газарт миний талаар патент зөрчлөө гэж гомдол гаргасан. Оюуны өмчийн газраас миний хийж борлуулдаг тавчик, манай хүргэн ахын хийсэн 2 талын тавчикнуудыг харьцуулж үзэж байснаа хэлбэрийн хувьд арай өөр, хээ угалз нь ижил юм байна. Манай дүрмээр бол ардын хээ угалзыг өмчилж болдоггүй юм. Та урлаж буй углаашныхаа хээ угалзыг нь өөрчилсөн тавчик хийгээд ир... гэсэн бөгөөд би 200 000 төгрөгөөр өөр хээ гаргуулж тавчик хийгээд Оюуны өмчийн газарт үзүүлэхэд ... шинэ гаргуулсан хээгээр хийж болно... гэсэн юм. Би энэ талаараа бичиг хийж өгөөч, дахин ах эгч маань гомдол санал болж магад гэхэд гомдол гаргасан талд хариу өгнө танд өгөх боломжгүй, та энэ загвар хээгээрээ хийгээд яв гээд л өнгөрсөн. Үүнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд би Хаан банкнаас 7 жилийн хугацаатайгаар зээл авч, амьдрах байр барьж, үлдсэнийг эргэлтийн хөрөнгө болгоод банкнаас жижиг дунд үйлдвэрийн чиглэлээр 1 сая төгрөгийн зээл аваад зээлийн хүү төлж яваа билээ.

Гэтэл хүргэн ах З.Ч нь дахин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан байсан бөгөөд үүний дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Л.Н 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 4/13 дугаар улсын байцаагчийн албан шаардлага надад бичгээр өгч, үйл ажиллагаа явуулахыг зогсоосон. Би шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан боловч надад 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 4/2066 дугаар албан бичгээр шүүхэд ханд гэсэн утга бүхий хариу өгсөн.

Оюуны өмчийн газар нь урьд нь худалдаанд гарч байсан, олны танил болсон, Орос руу хүртэл гаргаж зарж байсан Монгол хээ угалз бүхий арьсан углаашинд З.Ч*******од патент олгосон байсан.

Л.О миний өрхийн үйлдвэрлэлээр хийж буй тавчик нь загвар, хэмжээ, хээ угалз, материал /манайх эмжээрийг шеврогоор, тэднийх арьсаар хийдэг/, эмжээр зэргийн хувьд өөр бегөөд З.Ч-ын тавчикнаас ялгаатайг харгалзан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Л Н-ын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 4/13 дугаар албан шаардлагыг хянан үзэж, хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон өгнө үү гэжээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн З.Ч нь Арьсан углааш нэртэй бүтээгдэхүүний загварыг 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн анхдагч огноотойгоор эрхийн хамгаалалт хийлгэж 2307 дугаар бүхий патентийн гэрчилгээг авсан байна.

Патентийн тухай хуулийн 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн тухайд тайлбар хийх хуулийн үндэслэлгүй байна. Мөн хуулийн 5 дугаар зүйлд заалтаар бүтээгдэхүүний загварын патент олгох шалгуурыг хуульчлан тогтоосон. Уг үйл ажиллагаа нь оюуны өмчийн газарт бүтээгдэхүүний загварыг мэдүүлэг хүлээн авахаас эхлээд мөн чанарын шүүлт хийж тухайн бүтээгдэхүүн оюуны өмчөөр эрхийн хамгаалалт хийгдэх эсэх талаар магадлан дүгнэлт гаргадаг. Нэхэмжлэлд дурдсан Патентийн тухай хуулийн 6 дугаар зүйл нь бүтээгдэхүүний загварын харилцааг зохицуулаагүй.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын газрын хяналтын улсын байцаагч Л.Н миний бие 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн албан шаардлага гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Оюуны өмчийн хяналтын улсын байцаагчийн дүрэм, Оюуны өмчийн хяналтын улсын байцаагчийн ажиллах журам, Патентийн тухай хуупийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг тус тус үндэслэн хяналтын улсын байцаагчийн албан шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн агуулгын хувьд бүтээгдэхүүний загварын патент олгож эрхийн хамгаалалт хийгдэхтэй холбоотой гомдол байна. З.Ч нь Арьсан углааш гэсэн бүтээгдэхүүний загварыг эрх эзэмшиж буй гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулсан болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Л.О-с Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Н-д холбогдуулан гаргасан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Н-ын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 4/13 дугаар албан шаардлага хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэн З.Ч нь Арьсан углааш нэртэй бүтээгдэхүүний загварыг 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр анхдагч огноотойгоор эрхийн хамгаалалт хийлгэж, 2307 дугаар патентын гэрчилгээ авсан бөгөөд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Л.О-д холбогдуулж гомдол[1] гаргасан байна.

Уг гомдлын дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Н 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Бүтээгдэхүүний загварын зөрчил арилгуулах тухай 4/13 дугаар албан шаардлагаар[2] арьсан углааш-ыг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй үйлдвэрлэн борлуулахгүй байхыг мэдэгджээ.

Патентийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Монгол Улсын шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын асуудлыг Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг-оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцан дараах чиг үүргийг гүйцэтгэнэ., 26.1.11-д патентийн асуудалтай холбоотой өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх,, 26.1.13-д оюуны өмчийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих улсын хяналтыг хэрэгжүүлэх, оюуны өмчийн улсын байцаагч ажиллуулах гэж заасны дагуу оюуны өмчийн улсын байцаагч хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй байна.

Хариуцагч улсын байцаагч иргэний гомдлын дагуу шалгалт хийсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид хяналт шалгалтын байгууллага гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилна., 52 дугаар зүйлийн 52.1-д Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ. гэж заасантай нийцэж байна.

Гэвч ийнхүү шалгалт явуулахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх..., 5.7-д Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ, 52 дугаар зүйлийн 52.3-д Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлыг хүрээнд хийнэ гэж заасныг зөрчжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан[3] дээр 2017 оны 01 дүгээр сарын хяналт шалгалттай холбогдох тэмдэглэлээс өөр баримт байхгүй гэдгээ мэдүүлсэн бөгөөд улсын байцаагч эрх бүхий албан тушаалтны удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх үүргээ биелүүлээгүй байна.

Мөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар Л.О-ийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн З.Ч-ын патентийн эрхийг ямар байдлаар зөрчсөн нь тодорхой биш. Ерөнхийдөө харахад адилхан мэт боловч материал, хээ угалз, хэлбэрийн хувьд маш ялгаатай. Улсын байцаагч албан шаардлага гаргахдаа шаардлагатай баримтыг цуглуулж, хооронд нь харьцуулж, шинжлээгүй...[4] гэж маргажээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10-д улсын байцаагч нь ... хяналт шалгалтыг бүрэн гүйцэт хийх үүрэгтэй, 10.9.11-д улсын байцаагч хийсэн хяналт шалгалтын, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах гэж тус тус заасны дагуу улсын байцаагч зөрчлийг хянан шалгахдаа хяналт шалгалтад шаардлагатай баримт материалыг бүрэн цуглуулж, түүнд үндэслэж судалгаа хийх зэрэг ажиллагааг явуулан зөрчлийг тогтоох учиртай. Хариуцагч нь Л.О-ийн үйлдвэрлэж байсан арьсан шаахайг З.Ч-ын эзэмшиж байгаа бүтээгдэхүүний загвартай харьцуулан үзэж, өнгө, хээ, хэлбэр дүрс, материалын хувьд адил эсхүл өөр зэргийг нягтлан тогтоож, холбогдох баримтыг цуглуулсан нь баримтаар тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй., 32 дугаар зүйлийн 32.3-т Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй., 32.8-д Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй бөгөөд өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Л.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Н-ын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 4/13 дугаар албан шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Патентийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.11, 26.1.13, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.7, 52 дугаар зүйлийн 52.3, 10 дугаар зүйлийн 10.9.10, 10.9.11-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Н-ын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 4/13 дугаар албан шаардлагыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.О-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН