Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/00869

 

Г.Уын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                                  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/00414 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Уын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Г.Ж-д холбогдох

 

5 242 380 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Ж-д 5000 ам. долларыг өгсөн. Г.У, Г.Ж нар тухайн үедээ ямар нэг бичиг болон гэрээ байгуулаагүй. Хариуцагч намайг 2016 оны 9 дүгээр сард Унгар луу явна гэж хэлсэн. Ингээд 2016 оны 9 дүгээр сард Г.Ж “олон хүний материал болчихоод” 2016 оны 11 сар хүртэл хойшилсон гэж хэлсэн. Г.Ж мөнгийг өгөхгүй, сургуулийн хариу ирнэ гэж хэлдэг байсан. Ингээд 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын хооронд Г.Жгийн эгч гэх Т.Т 2 000 ам. доллар бэлнээр, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1 000 000 төгрөг /тухайн өдрийн Монгол банкны ханшаар 406.01 ам. доллар/, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөг /тухайн өдрийн Монгол банкны ханшаар 407,44 ам. доллар/ буюу нийт 2 813.45 ам. долларыг өгсөн. Үүнээс хойш ямар ч мөнгө өгөөгүй. Г.Ж нь Г.Уыг залилсан гэж үзээд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаснаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний шүүхийн журмаар шийдвэрлэх асуудал гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тул шүүхэд хандсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээ байгуулагдсан. Г.Жгээс 5 000 ам. долларын үлдэгдэл болох 2 186.55 ам. доллар буюу 5 242 380 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ .

 

Хариуцагч Г.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Г.У 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр материалаа 10 000 ам. долларын хамт өгөхөөр нь тэрийг нь Х.Зд аваачиж өгсөн. Гэтэл Х.Згийн хэлж ярьж байсан нь худлаа болж, би олон хүнээс мөнгө, материалыг нь аваад өгсөн байсан учир Цагдаагийн байгууллагад Х.З хууран мэхэлсэн талаар гомдол гаргахад эрүүгийн хэрэг үүсгэж Х.З нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж одоо ялаа эдэлж байгаа. Би Х.З-д итгэж олон хүний мөнгийг аваад өгсөн байсан учир мөнгийг нь боломжийнхоо хэрээр хүмүүст буцааж өгч байсан. Тэдний нэг нь Г.У юм. Түүнээс 10 000 ам. доллар буюу тухайн үеийн ханшаар 19 804 800 төгрөгийг авсан нь үнэн. Г.У-аас авсан мөнгөө цувуулж өгөөд 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Х.З-гийн шүүх хурал орох үед нийт 7 000 ам. долларыг өгсөн байсан. Энэ талаар Г.У мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан байгаа. Түүнээс хойш би 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны 1 000 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөгийг Г.У-д өгсөн. Энэ нь тухайн үеийн буюу 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн долларын ханшаар 1 009 ам.доллар болж байгаа юм. Одоо 1991 ам. долларыг Г.У-д өгөх ёстой. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар долларын ханш өссөн тул 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ханшаар тооцоход 1 991 ам. доллар буюу 3 943 135.68 төгрөгийг Г.У-д төлнө. 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 276 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаар Х.Згоос 119 156 640 төгрөг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн дүнд Г.Уаас авсан мөнгө орсон байгаа. Өнөөдрийн өдрийг хүртэл Х.З ял эдлэж байгаа шалтгаанаар нэг ч төгрөг төлөөгүй. Би хүний өмнөөс өнөөдрийг хүртэл хохирсоор байгаа гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 06 дугаар сарын 08-ний өдөр сургуульд суралцах шаардлагатай хамт 10 000 ам.долларыг Г.Ж-д өгсөн. Ж нь мөнгийг Х.З-д өгсөн. Шүүх хурал болох хүртэл 7 000 ам.долларыг буцаан өгсөн. Мөрдөн байцаалтанд Х.Згоос мэдүүлэг авсан. Шийтгэх тогтоолд тодорхой байгаа. Төлбөрийг яагаад Ж өгнө гэж ярьсан гэхээр 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 276 шийтгэх тогтоолын, тогтоох хэсгийн 6 дах заалтаар Х.З-гоос 110 156 640 төгрөг гаргуулж Ж-д олгохоор шийдвэрлэсэн. 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх, энэ өдрийн долларын ханшаар тооцоолж хохирлын тооцоог гаргасан. Зуучлагч үүргээ биелүүлээгүй гэж ярьж байна. Х.З дээр эрүүгийн хэрэг үүсгээд, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаад, Г.Ж-тэй зээлийн гэрээ хийсэн. Нэхэмжлэл гаргасныг үгүйсгэхгүй. Г.Ж мөнгийг өгнө гэж амласан. Зуучлалын гэрээ биш, мөнгө авсан байдлаа ямар нэгэн баримттай болгохын тулд зээлийн гэрээ хийсэн. Гэрээнд 10 000 ам.долларын асуудал ярьсан. Үүнээс 7 000 ам.доллар төлсөн. 3 000 ам.долларын үлдэгдэл байсан. Үүнээс 2 000 000 төгрөгийг өгсөн. Үүнийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэх үеийн, тухайн үеийн ханшаар хохирлын тооцоог гаргасан. Тооцоход 2 000 000 төгрөг 1 900 ам.доллартай тэнцэж байгаа. Үлдэж байгаа 1 991 ам.долларыг мөн тухайн үеийн ханшаар тооцсон. Энэ нь 3 943 135 төгрөгийг бид Г.У-д төлнө гэдгээ илэрхийлсэн. Нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ханшийн тооцооллоор 2 000 000 төгрөгийг тооцоолоод 3 000 ам.доллараас хасахад үнийн дүнгийн зөрүү гарсан. Шийтгэх тогтоол гарсан үеийн ханшаар хохирол төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байна гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Г.Ж-гээс 5 242 380 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.У-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.У-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98 828 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ж-гээс улсын тэмдэгтийн хураамжид 98 828 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.У-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хариуцагч Г.Ж нь Г Уыг Унгар Улс руу сургуульд явуулахаар тохиролцож мөнгө авсан ; үйл баримтыг дүгнэхэд тэрээр Г.Уыг сургуульд явуулахаар зуучлах, Г.У нь Г.Ж-гээр зуучлуулж үүний төлөө түүнд хөлс төлөхөөр тохиролцсон байх тул талууд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээ байгуулсан гэж үзнэ. Талууд дээр дурьдснаар харилцан тохиролцож нэхэмжлэгч Г У нь зуучлалын гэрээнээс татгалзаж төлбөрөө буцаан шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцнэ" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.У нь 5 000 ам долларыг Г.Ж-д өгсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үйл баримтын талаар үнэн зөв тайлбар гаргаагүй гэх үндэслэл болж байгаа юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "2016 оны 06 сарын 08-ны өдөр 5 000 ам долларыг түүнд өгсөн, Г.У Унгар улс руу явж чадаагүйгээс Г.Ж 2 000 ам доллар, 2 000 000 төгрөг буцаан өгсөн үйл баримт зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан дансны зарлагын хуулбар зэргээр тогтоогдож байна” гэснээс үзэхэд шүүх нэг талыг барьж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, тайлбарт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгт Иргэний хуулийн 410 дугаар 410.1 дэх хэсэгт заасныг дурдаж, Г.У нь Г.Ж-д зуучлалын хөлс төлсөн гэсэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмт хэргээс учирсан хохирлыг зуучлалын хэлцэл хийгдсэн, Г.Ж-д зуучлалын хөлс төлсөн гэж шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн  ам.долларын ханшаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хүлээн зөвшөөрч байгаа үнийн дүнгээр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Г.Ж-д холбогдуулан зуучлалын гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 5 242 380 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч гэрээ байгуулсан өдрийн ханшаар төлөх ёстой гэж маргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг Унгар улсад сургуульд явуулахаар амлаж, хэлцэл байгуулах этгээдтэй холбож өгөхөөр 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 5 000 ам.долларыг өмчлөлдөө шилжүүлэн авсан. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй нь бусдад залилан мэхлүүлснээс гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэж талууд гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогджээ.

 

Хэлцлээр шилжүүлэн авсан мөнгөнөөс Г.Ж 2 000 ам.доллар, 2 000 000 төгрөг буцаан төлсөн үйл баримтад талууд маргаагүй. Гагцхүү төлсөн монгол төгрөгийг тухайн өдрийнх нь ханшаар ам.долларт шилжүүлэн тооцож авсан, одоо нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар үлдэгдэл мөнгөө шаардаж байгаа нь хуульд нийцэх эсэх асуудлаар маргаж байна.

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээ байгуулагдаж, улмаар татгалзсан талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүсэх үеийн буюу буцаан төлөх үеийн ханшаар тооцож ам.долларыг төлүүлэхээр хуулийг тайлбарлан хэрэглэсэн нь зөв байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, өөрөөр хэлбэл ам.доллар авсан бол буцаан ам.долларыг төлөх ёстой юм.

 

Хариуцагч Г.Ж 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын хооронд 2 000 ам. доллар бэлнээр өгсөн, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөгийг Г.У-д өгсөн байх бөгөөд 1 ам.долларын Монгол банкны ханш 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2 462 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2 454 төгрөг байсан нь нийтэд илэрхий үйл баримт тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 406 ам.доллар, 407 ам.доллар буюу нийт 2 813 ам. долларыг буцаан авсан гэх тайлбар үндэслэлтэй байна. / хх-ийн 15-35 дугаар хуудас/

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/00414 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 735 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД