| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2019/05194/И |
| Дугаар | 101/ШШ2020/01477 |
| Огноо | 2020-04-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2020/01477
| 2020 04 29 | 101/ШШ2020/01477 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ИГФ ХХК
Хариуцагч: С.Д нарт холбогдох
“ИГФ ББСБ” ХХК, Н.М нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээнээс татгалзсаныг тогтоолгох, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр С.Дд олгосон итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал /№06/, хариуцагч С.Д, хариуцагч “ИГФ ББСБ” ХХК-ийн захирал Д.*******, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Батзаяа /№2650/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямгомбо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Н.М нь “*******” ХХК-иас 35,000,000 төгрөгийн зээл авахаар тохиролцсон, Д.******* захирал гэрээгээ хийе гээд гэрээнд гарын үсэг зуруулангуутаа 35,000,000 төгрөгийг одоо дансанд чинь хийчихнэ, барьцааны гэрээгээ хийе өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг , 7 дугаар хороо, 15 дугаар хороолол *******,******* тоот хаягт орших 28 м.кв хоёр өрөө орон сууцаа манай “*******” ХХК-ийн барьцаанд тавьчих, мөн надад болон зээлийн гэрээ, барьцааны гэрээнд огт хамааралгүй өөрийн ажилтан С.Дд миний зээлийн гэрээний барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрх олгох итгэмжлэл хийлгүүлчих гэсээр байгаад хийлгүүлсэн, би С.Дээс мөнгө аваагүй, ямар нэг өөр эдийн засгийн , мөнгө төгрөгийн харилцаанд огт орж байгаагүй хамаагүй хүн, гэвч “*******” ХХК нь ззэлийи гэрээний үүрэг болох 35,000,000 төгрөгөө миний өмчлөлд гэрээний үүргийн дагуу гэрээ хийсэн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгөөгүй, одоо ч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээгээгүй 35,000,000 төгрөгөө гүйцэд өгөөгүй, мөн зээлийн гэрээнд миний үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрлүүлэхгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага хуралдаанд оруулахгүй шууд өөрсдийн өмчлөлд авахаар тусгаж гэрээний стандарт зөрчсөн тул би зээлийн гэрээнээс татгалзаж байна, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Нямцэрэнгийн Мээс *******ийн Дд Н.М миний өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол *******,******* тоот хаягт орших 28 м.кв хоёр өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг С.Дд өгсөн итгэмжлэлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч “ИГФ ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн хувьд “Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, итгэмжлэлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “зээлийн гэрээнээс татгалзах, итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах тухай” болгон өөрчилж байгаагаас дүгнэвэл “*******" ХХК болон иргэн Н.М нарын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 19/34 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо. Тодруулбал гэрээнээс татгалзах тухай ойлголт нь хүчин төгөлдөр гэрээний тухайд яригдах ёстой гэж үзэж байна. “*******” ХХК нь зээлийн гэрээний дагуу Н.Мт 35,000,000 төгрөгийг өөрийнх нь хүсэлтийн дагуу түүний хэлсэн дансанд бүрэн шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлд дурьдсан 35,000,000 төгрөгийг шилжүүлээгүй, гүйцэд өгөөгүй гэсэн нь үндэслэлгүй. “*******” ХХК нь зээлийн гэрээний үүргээ огтхон ч зөрчөөгүй.
Зээлдэгч Н.М нь анх 2019 оны 9 дүгээр сард манай байгууллагад хандан 130,000,000 төгрөгийн зээл хүссэн бөгөөд 115,000,000 төгрөгийн зээлийг түүнд олгохоор шийдвэрлэгдсэн. Харин зээлдэгч Н.М нь 115,000,000 төгрөгийг хоёр хуваан тус бүр зээлийн гэрээ хийж өгөөч гэсэн тул 35,000,000 төгрөгийн 19/34 тоот зээлийн гэрээ, 80,000,000 төгрөгийн 19/35 тоот зээлийн гэрээ тус тус байгуулсан. Манай байгууллагаас дээрх 115,000,000 төгрөгийн зээлийг бүрэн гаргасан бөгөөд зээл олгохдоо үнийн дүнгийн 1 хувийн шимтгэлийг суутган 113,850,000 төгрөгийн олголт хийсэн, тус мөнгийг шилжүүлэхдээ мөн зээлдэгч Н.Мийн хүсэлтийн дагуу түүний хэлсэн дансанд мөнгийг шилжүүлсэн. Зээлдэгч Н.Мийн авсан зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол 38Б байр******* тоот 28м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Нийслэлийн Налайх дүүрэг 1 дүгээр хороо ******* /12607/ гудамж 17 тоот 136.5 м.кв талбай бүхий зуслангийн сууц, мөн дүүргийн 1 дүгээр хороо ******* /12607 / гудамж 17 тоот 604 м.кв талбай бүхий зуслангийн газрыг тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь 2019 оны 10 дугаар сарын 19-нөөс эхлэн зээлийн хүү төлөх ёстой байсан боловч энэ үүргээ огт биелүүлээгүй. Улмаар зээлдэгчийн гар утасны дугаар руу нь залгахаар утсаа авахгүй, мэссэж бичихээр хариу өгөхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй ор сураггүй алга болсон. Түүнчлэн Жуков худалдааны төвд ажилдаг Н.Мийн дүү н.*******тай уулзаж, утсаар ярьж 12 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж хохирлоо гаргуулахаар болсныг эгчдээ мэдэгдэж бидэнтэй холбож өгөөч гэх зэргээр Н.Мт мэдэгдэх арга хэмжээг боломжоороо авсан ч зээлдэгч бидэнтэй холбогдоогүй. Энэ байдлаас дүгнэн цаашид Н.М нь зээл төлөхгүй гэдэг нь тодорхой болсон тул бид түүний өмчийн эд хөрөнгийг худалдан борлуулж хохирлоо гаргуулахаас өөр аргагүйд хүрсэн. Зээлдэгч Н.М нь өөрөө зөвшөөрч зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зарж борлуулж болно гэдгээ манайд мэдэгдэж С.Дд итгэмжлэл олгосон. Энэхүү зээлийн гэрээ байгуулагдах, зээл олгох, итгэмжлэл олгох үйл ажиллагаа нь зээлдэгчийн хүсэлт, зөвшөөрөл, талуудын харилцан тохиролцоонд үндэслэгдэж хийгдсэн бөгөөд ззэлдэгчийг санаатайгаар хуурч мэхэлж, зөвхөн эд хөрөнгийг нь шилжүүлж авах хүсэл зориг бидэнд огт байхгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч С.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.М нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Ү-******* улсын бүртгэлийн дугаартай, 000751090 тоот гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол *******,******* тоот хаягт орших 28 м.кв хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулах, бичиг баримтанд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хийх, холбогдох бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх” бүрэн эрхийг С.Д надад итгэмжлэлээр олгосон. Уг итгэмжлэлийн үр дагаврыг Н.М нь ойлгож зөвшөөрч, нотариатын байгууллагад хамтдаа очиж, гарын үсэг зурж баталгаажуулан хийсэн бөгөөд хүчингүй болгох ямар ч үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ өөрчилсөн болно.
Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч “ИГФ ББСБ” ХХК, С.Д нарт холбогдуулан “ИГФ ББСБ” ХХК, Н.М нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээнээс татгалзсаныг тогтоолгох, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр С.Дд олгосон итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “ИГФ ББСБ” ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 35,000,000 болон 80,000,000 төгрөгийн 2 зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу зарим зээлийг өөрт нь, заримыг нь өөр этгээдүүдэд шилжүүлсэн буюу зээлийн гэрээний дагуу зээл олгох үүргээ биелүүлсэн, 2 зээлийн гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн маргаан бүхий орон сууцыг барьцаалсан, улмаар түүний хүсэлтийн дагуу 10 хоног зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулах итгэмжлэлийг хариуцагч С.Дд олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Н.М нь “ИГФ ББСБ” ХХК-иас зээл авах хүсэлт тавьсаны дагуу зохигчдын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 19/34 болон 19/35 дугаартай “Зээлийн гэрээ”-нүүд байгуулагдаж, 35,000,000 төгрөг болон 80,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, зээл олголтын шимтгэл 1 хувь буюу 1,500,000 төгрөгөөс хэтрэхгүй, хөрөнгө оруулалт хийх зориулалтаар, нийтдээ 115,000,00 төгрөгийг Н.М зээлэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Мөн өдрөө 19/35 дугаартай “Барьцааны гэрээ” байгуулагдаж, Н.М нь Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, ******* /12607/ гудамж, 17 тоот хаягт байрлалтай, 136,5 мкв талбай бүхий зуслангийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах, 604 мкв талбай бүхий зуслангийн зориулалттай газар, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, ******* дугаар байрны******* тоот, 28 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Хариуцагч “ИГФ ББСБ” ХХК нь өөрийн Хаан банкин дахь 5114398766 тоот данснаас 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Мт зээл олгов” гэсэн утгаар тоот дансанд 79,600,000+34,825,000=114,425,000 төгрөгийг шилжүүлсэн байна.
Дээрх тоот данс нь Н.Мийн эзэмшдэг данс биш, харин Э.э гэгчийн данс болох нь Хаан банкны “Депозит дансны хуулга-Иргэн”-аар тогтоогдож байх бөгөөд Н.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгсөн Х.т 86,043,020 төгрөгийн өртэй байсаны дагуу Х.ийн хүсэлтээр түүний охин Э.ийн данс руу хариуцагч “*******” ХХК нь шилжүүлсэн болох нь гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Э.ийн тоот дансанд 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн 114,425,000 төгрөгөөс “*******” ХХК-ийн захирал Д.*******ийн 5065129999 тоот дансанд “Н.М буцаалт” гэсэн утгаар 20,000,000+8,381,980=28,381,980 төгрөгийг шилжүүлж, үүнээс 15,000,000 төгрөгийг 5024803073 тоот дансанд “Мт зээл олгов” гэсэн утгаар шилжүүлжээ.
Мөн Д.*******ийн 5032001068 тоот данснаас 2019 оны 9 дүгээр сарын*******-ны өдөр 5024803073 тоот дансанд “Мт зээл олгов” гэсэн утгаар 7,806,980 /+15,000,000/ төгрөгийг шилжүүлж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Н.М нь нийт 22,806,980 төгрөгийг зээлийн гэрээний дагуу авсан гэх тайлбар гарч ирж байна.
Мөн өдрөө Э.ийн тоот дансанд 5,000,000 төгрөгийг “М зээл, 4,5 сая, ажил 500,0” гэсэн утгаар шилжүүлжээ.
Эдгээрээс дүгнэвэл нэхэмжлэгч Н.Мийн хүсэлтээр хариуцагч “ИГФ ББСБ” ХХК нь нийт 115,000,000 төгрөгийн зээлийг Н.Мийн өртэй байсан Х. /охин Э.ийн данс руу/-т шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг Н.Мт тус ББСБ-ын захирал Д.*******ийн данснаас зээл олголт хийгдсэн байна.
Өөрөөр хэлбэл “ИГФ ББСБ” ХХК нь 2 зээлийн гэрээний үүргийн дагуу зээлийг зээлдэгч Н.Мт шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2 зээлийн гэрээ байгуулсан боловч 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээнээс татгалзаж байх бөгөөд дээр дурьдсанчилан хариуцагч “ИГФ ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээний дагуу зээлийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгох шаардлага үндэслэлгүй байна.
Хариуцагч “ИГФ ББСБ” ХХК нь нэхэмжлэгч Н.Мтэй 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 19/35 дугаартай “Барьцааны гэрээ” байгуулж, нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүд болон Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, ******* дугаар байрны******* тоот, 28 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Уг орон сууцны өмчлөгч нь Н.М болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000751090 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.
Ийнхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зохигчдын хооронд дээрх барьцааны гэрээ байгуулагдсан боловч “ИГФ ББСБ” ХХК-ийн ажилтан С.Дд Н.М нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 3 жилийн хугацаатай “Итгэмжлэл” олгож, дээрх барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах эрхийг олгожээ.
Мөн өдрөө Н.М нь “ИГФ ББСБ” ХХК-д “Н.М миний бие тус байгууллагаас нийт 115,000,000 төгрөгийн зээл авч байгаа бөгөөд тус зээлээ цаг хугацаандаа төлөх бөгөөд хугацаа хоцроод 10 хоносон тохиолдолд барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө болох газар, орон сууц, дэлгүүрийн байшинг зарж борлуулахыг зөвшөөрч байна” гэсэн агуулга бүхий хүсэлтийг гаргасан байна.
Н.Мээс С.Дд дээр дурьдсанчилан итгэмжлэл олгосон байх ба итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нь итгэмжлэлийн дагуу Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, ******* дугаар байрны******* тоот, 28 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бусдад худалдахаар худалдах-худалдан авах гэрээ байгуулж, У.Ууганбат гэгчийн өмчлөлд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шилжиж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан болох нь хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Энэхүү орон сууц өөр этгээдийн өмчлөлд шилжсэн талаар нэхэмжлэгч мэдээгүй, хариуцагч нар нэхэмжлэгчтэй холбоо барих гэсэн боловч холбогдож чадаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг хариуцагч “ИГФ ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалсан байхад тус ББСБ-ын ажилтан хариуцагч С.Дд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан цаг хугацаанд Н.Мээс итгэмжлэл олгуулж, өөрөөс нь зарж борлуулахыг зөвшөөрсөн хүсэлтийг авч байгаа нь хуульд нийцэхгүй, барьцааны эрхийг зөрчиж байна гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд байгуулсан 2 зээлийн гэрээгээр тохирсон гэрээний хугацаа дуусгавар болоогүй, гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээ цуцлагдаагүй байхад ББСБ-ын ажилтанд олгосон итгэмжлэлийн дагуу барьцааны зүйлийг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгож буй нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байна.
“ИГФ ББСБ” ХХК-ийн ажилтан нь С.Д болох талаар зохигчдын хэн алин нь маргаагүй болно.
Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-т “Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч С.Дийн дээрх үйлдэл нь төлөөлүүлэгч Н.Мийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлсэн гэж үзэхээргүй байна.
Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон бол барьцааны эрх дуусгавар болохоор заажээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Мээс хариуцагч С.Дд олгосон 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн итгэмжлэлийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “ИГФ ББСБ” ХХК, Н.М нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээнээс татгалзсаныг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Дээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Мт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ