Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/795

 

 

 

    2023          10          11                                     2023/ШЦТ/795

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Ганзаяа,

Улсын яллагч: Ц.Ганцэцэг,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303005410400 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2023 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 19 цаг 21 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зурагтын хуучин эцсийн автобусны буудал дээр Тоёота Акуа маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т заасан, “1.1, 1.3 ...тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэх заалтуудыг тус тус зөрчин, үргэлжилсэн хос шугам даван буцаж эргэх зорилгоор зүүн гар тийш эргэх явцдаа тус замаар чигээрээ хөдөлгөөнд оролцож явсан мопед маркийн цахилгаан дугуйг мөргөж, улмаар зорчигч *** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд: “Манай хүүхдийн хөл хугарсан, мөнгө муутай болохоор хүүхдэдээ эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Одоо 12 дугаар анги төгсөж байгаа болохоор хичээлийн хоцрогдолд орсон. Одоогоор гаргаж өгөх эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хор уршигийн талаар нэхэмжилнэ” гэв.

Насанд хүрээгүй хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...би гэрээсээ 10 цагийн орчимд Jenus Hotel-д хоол хүргэлтийн ажил хийх зорилгоор өөрийн Cygncx маркийн мопедыг жолоодон гарсан. Ажил дээрээ 10 цаг 20 минутын орчим очоод ажлаа хийж хоол хүргэлт хийж байгаад орой 19 цагийн орчимд Баянхошууны эцэс дээр хоол хүргэж өгөхөөр өөрийн Cygncx маркийн мопедыг жолоодон гарсан. Тэгээд зурагтаар хойшоо өгсөөд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 4 урсгалтай замын үргэлжилсэн цагаан шугамын дагуу явж байтал цэнхэр өнгийн Т.Акуа маркийн автомашин зүүн эргэх дохио өгөөд зогсож байсан. Тэгээд би дөхөөд очиход шууд миний урдуур үргэлжилсэн цагаан шугам даваад буцаж эргэх үйлдэл хийж байгаад миний унаж явсан мопедны хойд дугуй хэсэгт мөргөөд би газарт гулсаад унасан. ...би замын хөдөлгөөнд оролцож байхдаа хамгаалах малгай өмссөн мөн зориулалтын бээлий өмссөн байсан. ...ослоос болж миний баруун хөлийн өвдөг, хоёр гарын тохой, мөн баруун хөлийн эрхий хуруу гэмтсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 19/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай хүү Гантулга миний гар утас руу залгаад машинд мөргүүлсэн гэж хэлсэн. ...манай хүү өдрийн 80.000 төгрөгийн ажил хийдэг байсан. Тухайн хэвтрийн дэглэм барьж байх үеийн цалин хөлс, унаж явсан мопедны хохирол төлбөр, мөн хүүхдийн эрүүл мэнд эмчилгэээний төлбөр зардлыг нэхэмжлэх хүсэлттэй мөн тухайн үед барьж явсан гар утасны төлбөрийг нэхэмжлэх хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 27/,

Шинжээчийн 10301 тоот дүгнэлтэд: “...*** биед сээрний 12, бүсэлхийн ½ нугалмын их биеийн шахагдсан хугарал, 2 тохой, баруун өвдөг, нуруунд зулгаралт, баруун тавхайн 1-р хурууны шивнүүрийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. /хх-н 55-56/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5/, зав тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6-10/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 15/, хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-н 24/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 40-48/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 60-62, 71-72, 78-79/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх-н 84-90/, мөрдөгчийн магадлагаа /хх-н 91/, хохирлын баримтууд /хх-н 112-115/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2023 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 19 цаг 21 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зурагтын хуучин эцсийн автобусны буудал дээр Тоёота Акуа маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т заасан, “1.1, 1.3 ...тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэх заалтуудыг тус тус зөрчин, үргэлжилсэн хос шугам даван буцаж эргэх зорилгоор зүүн гар тийш эргэх явцдаа тус замаар чигээрээ хөдөлгөөнд оролцож явсан мопед маркийн цахилгаан дугуйг мөргөж, улмаар зорчигч *** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч *** мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч *** нь насанд хүрээгүй хохирогчийг мопед унаж, замын хөдөлгөөн оролцож явахад нь тээврийн хэрэгслээрээ үргэлжилсэн цагаан шугам даваж эргэн, түүнийг мөргөсөн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу насанд хүрээгүй хохирогч *** эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийг тээврийн хэрэгслээрээ мөргөсөн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч *** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийн хавтаст хэрэгт баримтаар авагдсан эмчилгээний зардлыг төлсөн байна.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “одоогоор эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй, мөнгөгүй тул эмчилгээ хийлгэж чадахгүй байна, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ” гэсэн тул насанд хүрээгүй хохирогч, хууль ёсны төлөөлөгч нь дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн баримттай хохирлыг төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Улсын яллагч шүүхэд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулах талаар санал гаргаагүй тул шүүх нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэг бүхий сидиг хэрэгт хавсаргасугай.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Насанд хүрээгүй хохирогч ***, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь хохирол, хор уршгийн талаархи баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР