| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2022/0552/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1196 |
| Огноо | 2023-09-13 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1196
2023 09 13 2023/ШЦТ/1196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Б.Бээжин, шүүгч Д.Шинэхүү нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
улсын яллагч К.Чимгээ,
иргэдийн төлөөлөгч Б.Цэнд-Аюуш,
шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ****** овогт ******-н ******-д холбогдох “2106 00000 1343” дугаартай хэргийг шүүх 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны 4 дүгээр сарын 9-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, Эрдэнэмандал 20 дугаар гудамжны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар *******, ******* овогтой *******-н *******.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан-Өлгий” оршуулгын газрын Бунхны орчим хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн *******-тэй маргалдсаны улмаас ахуйн хэрэглээний хутга буюу зэвсэг хэрэглэн цээжин тус газар нь хутгалж, улмаар эрүүл мэндэд нь цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, шингэн, шингэж /700.0 мл/ хуралдалт уушгины эдийн няцрал, авчилт, зүүн 6 дугаар хавирганы цуурал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-1-2/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-12/, хохирогч *******-y өгсөн мэдүүлэг /хх-16-17, 20-21, 212/, гэрч *******-ын өгсөн мэдүүлэг /хх-39-40/, гэрч В.Наранбаатарын өгсөн мэдүүлэг /хх-42-43/, гэрч *******-ын өгсөн мэдүүлэг /хх-44-45/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 02/336 дугаар дүгнэлт /хх-97-98/, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-107-108/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 5707 дугаар дүгнэлт /хх-113-114/, мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн хохирлын баримт /хх-128-134/, шинжээч эмч *******-ын өгсөн мэдүүлэг /хх-203-205/, шүүгдэгч *******-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-81/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ******* нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* оршуулгын газрын Бунхны орчим хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн *******-тэй маргалдсаны улмаас ахуйн хэрэглээний хутга буюу зэвсэг хэрэглэн цээжин тус газар нь хутгалж, улмаар эрүүл мэндэд нь цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, шингэн, шингэж /700.0 мл/ хуралдалт уушгины эдийн няцрал, авчилт, зүүн 6 дугаар хавирганы цуурал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч *******-ийн өгсөн: “... 2021 оны 6 дугаар сарын 25-ны өглөө Улиастайд байдаг найз *******-ын гэрт байсан. *******-ын хамт бунхны тэнд хүнээс мөнгө мөнгө авна гэж очсон. Бунхны хажууд зүүн талд байдаг дэлгүүрээс 1 шил архи аваад бунхны саадын баруун талд гудамжинд уух гээд явж байтал 40-45 орчим настай, саарал өнгийн кепкэн малгайтай, дээгүүрээ хар савхитай, бор саарал даавуун өмдтэй, 2 мөртэй цэнхэр хартай үүргэвчтэй залуу архи уусан байдалтай байхаар нь би “яасан үхэх гэж байна уу? 100 грамм татах уу?” гэхэд “тэгье” гэхээр нь “за гурвуулаа хүнээс холдож байгаад ууя” гээд хүнсний дэлгүүрээс хойд зүгт 100 метр явж байгаад гудамжинд суугаад ууж байтал жижиг зүйлээс болж үл таних залуутай муудалцаад нөгөө залуу цүнхний урд талаасаа хутга гаргаж ирээд миний зүүн хавирга хэсэгт нэг удаа хатгаад би гудамж дагаж хойд зүгт зугтаагаад, нөгөө залуу араас хутгаа шидсэн. Тухайн үед ******* мөн адил зугтаасан. Миний зүүн хавирга хавьцаа хутгалсан. Эмч нар уушгинд нэвтэрсэн байна гэж хэлсэн. Намайг хутгалсан залууг өмнө нь харж байгаагүй. Баруун гартаа 1 илүү буюу 6 хуруутай байсан. Зургийг нь анх цагдаа нар харуулахад намайг хутгалсан залуу мөн байсан. Би эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна....” гэх мэдүүлэг /хх-16-17/, ... Тэр залуу намайг хальт харахад хутга бариад зогсож байсан ба миний зүүн суганы доод талаас цус гарахаар нь яг намайг хутгалчих шиг болохоор нь би *******-т “намайг хутгалчих шиг боллоо, зугтаарай” гэж хэлээд зугтсан. Тэгээд зугтаж байхдаа эргээд харахад нөгөө залуу хутгаа шидээд араас нь орилоод байсан. Намайг хутгалдаг залуу нэг том утастай байсан. Яг ямар утас байсан талаар мэдэхгүй байна. ******* бид хоёр улиастай явж байхад *******-т намайг хутгалдаг залуугийн утас бол байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх-20-21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ************-ын өгсөн: “... 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ******* бид нар бунхны хажууд явж байгаад *******-той таарсан. *******, *******-тэй хамт дорноговьд ажилладаг байсан гэсэн. ******* хажуудаа нэг согтуу эмэгтэйтэй орж байсан бөгөөд бид 4 бунхан өнгөрөөд 1 км газар яваад нэг айлын хашааны үүдэнд очиж архи ууж байхад цаанаас 34-42 орчим насны /хар савхин куртиктэй, цагаан канттай адидасын өмд, хар пүүз, саарал малгайтай, 2 мөрөвчтэй хар шунхтай/ залуу архи уусан байдалтай явж байхаар нь “зуу татах уу?” гэж асуухад “тэгье” гэж ирсэн. Тэгээд тавуулаа ууж байгаад ******* нөгөө эмэгтэйгээ дагуулаад яваад өгсөн. ******* бид 3 үлдээд нөгөө танихгүй залуу /******* хутгалдаг залуу/ ******* бид хоёрт сайхан танилцсан гээд дахин нэг шил архи авч өгөөд гурвуулаа явж бунхан дотор орж ууж байгаад ******* нөгөө танихгүй залуу 2 маргалдсан. ******* “намайг хутгалчихлаа, ******* гүйгээрэй” гээд бид 2 гүйсээр байгаад цайз 16-н автобусны буудал дээр очоод *******-ийн цус нь тогтохгүй би эмийн сан орж бинт авч боож өгөөд хоёулаа Улиастай ороод ******* гэдэг айлд очиход цус тогтохгүй болохоор ******* эмнэлэгт дуудлага өгөөд эмнэлэг ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /1хх-42/,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 5707 дугаартай дүгнэлтэд:
1. *******-ийн биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, шингэн /700.0 мл/ хуралдалт, уушгины эдийн няцрал, авчилт, зүүн 6 дугаар хавирганы цуурал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1хх-97-98/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Баасанжавын өгсөн: “... дээрх гэмтэл нь хурц, ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн 6 дугаар хавирганы цуурал гэмтэл нь тухайн цаг хугацаанд уг хурц ир бүхий зүйл буюу гэмтээгч багаж зэвсгийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, уг цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /1хх-201-202/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 497 дугаар дүгнэлтэд:
1. ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдах чадвартай байна.
2. ******* нь өөртөө болон орчиндоо харьцаатай, орон зай, цаг хугацаа, өөрийн баримжаалалтай байна.
3. ******* нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэх дүгнэлт /1хх-107-108/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-2-3/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх- 6-12/,
Шүүгдэгч *******-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-81/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Улсын яллагчаас “Шүүгдэгч ******* нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* оршуулгын газрын Бунхны орчим хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн *******-тэй маргалдсаны улмаас ахуйн хэрэглээний хутга буюу зэвсэг хэрэглэн цээжин тус газар нь хутгалж, улмаар эрүүл мэндэд нь цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, шингэн, шингэж /700.0 мл/ хуралдалт уушгины эдийн няцрал, авчилт, зүүн 6 дугаар хавирганы цуурал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иргэдийн төлөөлөгч “гэм буруутай” гэх дүгнэлтийг гаргасан.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг гэдэгт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл. Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалтай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгсэл ашиглаж үйлдсэнийг ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь байж болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч *******-ийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүхээс дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “....Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй...” гэж тус тус хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь эрүүл мэнд, эмчилгээний зардалтай холбогдуулан 1.543.120 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч ******* нь шүүхийн шатанд төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.
Хохирогч ******* нь өөрт учирсан гэм хорын болон хохиролтой холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч *******-ийн гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчийн зүгээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Түүний 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 29 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож өгнө үү” гэх саналыг
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн барьцааны дансанд байршуулсан. Учир нь хохирогч ******* нь оршин суух тодорхой хаяггүй, холбоо барих утасны дугааргүй байсан бөгөөд бид түүний баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...хохирлыг нөхөн төлсөн /1.543.120 төгрөг/-г эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан.
Шүүхээс шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ял шийтгэл оногдуулах шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс *******-д оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон 29 хоногтой, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******-ийн *******-ийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад Ч.Дагвадоржид 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар *******-д оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******-ийн урьд цагдан хоригдсон 29 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******-ийн Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 1.543.120 төгрөгийг хохирогч *******-д шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС
ШҮҮГЧИД Б.БЭЭЖИН
Д.ШИНЭХҮҮ