Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2020/01528

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,                                                              

Нэхэмжлэгч: Л.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БХЗХӨБАА холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдолтой иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101\ШШ2016\05234 дугаар захирамжаар Л.Ааас 322,618,304 төгрөгийг гаргуулж Капитал Банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, К******* ******* дугаар байрны ******* тоотод байрлах 79,56 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 196,500,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3/2034 дүгээр мэдэгдлээр мэдэгдсэн. Миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, К******* ******* дугаар байрны ******* тоотод байрлах 79,56 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий багаар буюу 196,500,000 төгрөгөөр үнэлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдлын шаардлага гаргаж байна.

Иймд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “М*******” ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч БХЗХТБАА, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/05234 дүгээр шийдвэрээр Лантуугийн Ааас 322,618,304.29 төгрөгийг гаргуулах, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар “К*******” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу тус алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэрт албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан эрхийн улсын бүртгэлийн Y-2204032536 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо /хуучнаар 12 хороо/ К******* хотхон ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлах 79,56 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоосон.

Дээрх ажиллагааг Иргэний хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул Л.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч БХЗХТБААнд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан “М*******” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 25/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө үнэлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ бодитой хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/05234 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар нэхэмжлэгч “К*******” ХХК-ийн нэхэмжилсэн 321,734,991.79 төгрөгийг хариуцагч Л.А хуваарь гаргаж төлж барагдуулахаар, төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Энэхүү шүүгчийн захирамжид тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 101/ШЗ2016/29717 дугаартай “Шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж гарч,  гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Л.Ат хүргүүлж байсан байна.

БХЗХТБАА нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагаануудыг хийж, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг үйлдэж, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо /хуучнаар 12 дугаар хороо/, К******* хотхон, ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлах, 79,56 мкв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор уг орон сууцыг хураан авах ажиллагааг явуулжээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

БХЗХТБААнаас 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 3/1370 дугаартай “Үнийн санал ирүүлэх тухай” албан бичгийг Л.Ат хүргүүлсэн ба 02 дугаар сарын 03-ны өдөр уг албан бичгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал хүлээн авсан боловч тодорхой санал гаргасан эсэх талаарх баримт хэргийн материалд авагдаагүй.

“К*******” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 454 дугаартай албан бичгээр дээрх хураан авсан Л.Аийн өмчлөлийн 3 өрөө орон сууцанд шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох хүсэлтийг БХЗХТБААнд ирүүлсэн байна.

Эдгээрээс үзвэл төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохироогүй гэж үзэх тул БХЗХТБАА нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2/38 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор “М*******” ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр томилж, эрх, үүргийг нь тайлбарласан байна. 

“М*******” ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 25/Ш дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-г гаргаж, БХЗХТБААнд 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэн өгсөн, улмаар хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 3 дугаар сарын 02-ны өдөр төлбөр төлөгч Л.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалд үнэлгээний тайланг хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан бөгөөд төлбөр төлөгч Л.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал нь энэхүү хуульд заасан хугацааны дотор буюу 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр баталгаат шуудангаар гомдлын шаардлагаа шүүхэд хүргүүлж, шүүх 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан байна.

“М*******” ХХК-ийн үнэлгээгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, К******* /13311/, Их Монгол Улсын гудамж, ******* дугаар байрны ******* тоотод байрлах, 2013 оны үед ашиглалтад орсон, 16 давхар орон сууцны зориулалттай бүрэн цутгамал каркасан барилгын 10 дахь давхрын 79,56 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар өртөгийн хандлагын үнэлгээ (PV1)-122,8 сая төгрөг, зах зээлийн харьцуулалтын үнэлгээ (PV3)-196,5 сая төгрөг, уг 2 аргын үнэлгээний дүнг харьцуулан судалж үзээд зах зээлийн харьцуулалтын үнэлгээнд 100,0 хувийн ач холбогдол өгч эцсийн үнэлгээг 196,500,000 төгрөгөөр тодорхойлов гэжээ.

Нэхэмжлэгч нь дээрх “М*******” ХХК-ийн орон сууцыг үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн үнээс хэтэрхий багаар үнэлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Эдгээрээс үзвэл хариуцагч БХЗХТБАА нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан арга, журмаар явуулаагүй гэх, “М*******” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Л.Аийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

           Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан БХЗХТБААнд холбогдуулан гаргасан “М*******” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 25/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л.Аийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Л.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

          

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2020/06840 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

                       

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ