Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/751

 

2023              09           25                                    2023/ШЦТ/751

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Б.Тэгшбаяр

Шүүгдэгч: Д.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн И******* овогт Д******* Б*******д холбогдох 2305014251489 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, Булгийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

И******* овогт Д******* Б******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б******* нь “2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 136 дугаар байрны гадна хохирогч П.Х*******тэй нийтийн эзэмшлийн газар зөвшөөрөлгүй манаачийн байр барьж байна гэх шалтгаанаас болж маргалдан түүний гар руу прүүс модоор 1 удаа цохиж биед нь баруун шуу, бугуйн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Б******* нь “2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 136 дугаар байрны гадна хохирогч П.Х*******тэй нийтийн эзэмшлийн газар зөвшөөрөлгүй манаачийн байр барьж байна гэх шалтгаанаас болж маргалдан түүний гар руу прүүс модоор 1 удаа цохиж биед нь баруун шуу, бугуйн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б******* “...хүний эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2305014251489 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд П.Х*******гийн хохирогчоор өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хороо 136 дугаар байрны талбайд ямар нэгэн зүйлийн суурийг хйиж байсан. Тэр үед би тухайн юм хийж байсан 2 хүн дээр очоод “та нар энд зөвшөөрөлгүй юм барьж болохгүй энэ газар бол нийтийн эзэмшлийн газар” би энэ байрны оршин суугч нь, хоёрдугаарт би энэ байрны СӨХ-г нь аваг гэж байгаа юм гэж хэлээд гадна талаас бичлэг хийх үед хүү болох залуу нь утас авах гэж дайраад, бид хоорондоо зууралдаад намайг чамархай хэсэг рүү цохисон би хойшоогоо 3-4 алхам зууралдаад ухрах үедээ зүүн талын саажилттай хөлөөрөө өвдөглөж унасан. Тэгээд би босоод зугтаасан. Тэгэхэд урд талын байрны тэр хавьд араас тэр хоёр хөөж ирээд хүү нь намайг дэгээдэж унагаагаад нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд хүмүүс ирээд биднийг салгаад тэрний дараа нөгөө хүн надад хандаж “энийг бариулж байгаа хүнтэй нь та нар очоод уулзаад, энийгээ яриа бид нар зүгээр барьж байгаа хүмүүс” гэхэд хариу би “ямар хүн гэж олох юм бэ та нар өөрсдөө дууд” гэх үед аав нь миний толгойн урд хэсэг рүү прүүс модоор нэг удаа цохих үед би баруун гараараа хаасан. Тэгээд цагдаа дуудаад цагдаа нар ирж цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 09 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4106 дугаартай “...П.Х*******гийн биед баруун шуу, бугуйн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүдийг өөрөө өөртөө учруулах боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Ч.Э******* өгсөн “...П.Х*******гийн биед үзлэг хийх үед баруун нүдний зовхи нь үл ялиг хавдсан, хацарт 3х1 см хэмжээтэй буюу жижиг хуралттай байсан. Тэгэхээр эдгээр гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг гарын гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б******* хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 54 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Б*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Д.Б******* нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 136 дугаар байрны гадна хохирогч П.Х*******тэй нийтийн эзэмшлийн газар зөвшөөрөлгүй манаачийн байр барьж байна гэх шалтгаанаас болж маргалдан түүний гар руу прүүс модоор 1 удаа цохиж биед нь баруун шуу, бугуйн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Д.Б******* мэдүүлэг, хохирогч П.Х*******гийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4106 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч Д.Б******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Б******* “2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 136 дугаар байрны гадна хохирогч П.Х*******тэй нийтийн эзэмшлийн газар зөвшөөрөлгүй манаачийн байр барьж байна гэх шалтгаанаас болж маргалдан түүний гар руу прүүс модоор 1 удаа цохиж биед нь баруун шуу, бугуйн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Д.Батсуурыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Д.Б******* нь хохирогч П.Х*******д төлөх төлбөргүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Б******* нь “2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 136 дугаар байрны гадна хохирогч П.Х*******тэй нийтийн эзэмшлийн газар зөвшөөрөлгүй манаачийн байр барьж байна гэх шалтгаанаас болж маргалдан түүний гар руу прүүс модоор 1 удаа цохиж биед нь баруун шуу, бугуйн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Д.Б*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Д.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 99 тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Д.Б*******д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Д.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Д.Батсуурыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, шүүгдэгч нь торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И******* овогт Д******* Батсуурыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батсуурыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүнд оногдуулсан торгуулын ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.  

4. Шүүгдэгч Д.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ