Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/752

 

2023              09             25                                         2023/ШЦТ/752

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

улсын яллагч: Г.Онон

шүүгдэгч: Б.У******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч И******* овогт Б******* Урантогост холбогдох эрүүгийн 2305012840979 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймагт төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, зүтгүүрийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүгийн хамт Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, Эрин хороолол ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

            И******* овогт Б******* Урантогос /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч Б.Урантогос нь “...Төмөр замын туслах машинистын үнэмлэ гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрин хороололд хохирогч Э.Э*******гээс 1,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар шилжүүлэн авч залилсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Урантогос нь “...Төмөр замын туслах машинистын үнэмлэ гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрин хороололд хохирогч Э.Э*******гээс 1,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар шилжүүлэн авч залилсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Урантогосын “...гэм буруу дээр маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2305012840979 хэргээс шинжлэн судалсан:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Э*******гийн хохирогчоор өгсөн “...Би 2022 онд Төмөр замд ажилладаг найз О*******ээс төмөр замын туслах машиныстын үнэмлэх гаргаж өгөх хүн таних уу гээд асуутал за би хүнээс асуугаад байвал чамд хэлье гээд дараа нь надад нэг утасны дугаар өгсөн. Тэгээд би тэр дугаар руу холбогдоод үнэмлэх гаргах юм уу гэхэд болно, 14 хоногийн дараа гаргаж гөч болно гэхээр нь би эхлээд тал мөнгөө өгөөд үлдсэнийг нь дараа өгч болох уу гэтэл болохгүй, заавал бүтнээр нь авна гэхээр нь би тэгвэл мөнгөө уулзаж байгаад өгнө гээд Дарханаас хот руу орж ирээд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрин хороололд очиж уулзсан. Тэгэхэд асуудалгүй 14 хоногийн дараа гаргаж өгнө, надад итгэж болно гэхээр нь би итгээд шууд 1,500,000 төгрөг шилжүүлээд овог, нэр, регистрийн дугаараа үлдээгээд явсан. Дараа нь 14 хоногийн дараа утсаар холбогдоход одоо 2 хүний гарын үсэг нь дутуу байна, тэр зурагдчихвал удахгүй гэсэн. Тэгээд би нэг сарын дараа холбогдоход нэг хүн нь Орос руу явчихсан байна, ирэхээр нь зуруулууд үнэмлэхийг чинь дуусгаад өгнө гэсэн. Тэрнээс хойш нэг сарын дараа би дахиад холбогдоход би нэг хүнд гаргуулахаар өгсөн юм, тэр хүн маань утсаа авахгүй байна гэхээр нь би мөнгөө буцаагаад авья гэтэл за би тэгвэл мөнгийг чинь аваад өгье, чи над руу дансаа явуулчих гэсэн. Тэгээд дараа нь утсаа авахгүй болно. Би мөнгөө Эрин хороололд Урантогосын ******* гэх данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанын шатанд Ж.Гийн гэрчээр өгсөн “...Би Урантогос гэх хүнийг танина. Урьд нь депод ажилладаг байсан. Урантогос гэх хүн надаар дамжуулаад ямар нэгэн хүнтэй танилцаад үнэмлэх гаргуулах талаараа ярьсан асуудал ерөөсөө байхгүй. Үнэмлэх гаргах талаар надад хэлж байсан зүйл байхгүй. Би Б гэх хүнийг танихгүй. Урантогос надаас машиныстын үнэмлэх гаргаж өгөх хүн байна уу гэж огт асууж байгаагүй. Би ч үнэмлэх хэн, хэрхэн яаж гаргадаг талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 тал/,

 

Голомт банкны дугаартай Э.Э*******гийн эзэмшлийн депозит дансны хуулга /хх-ийн 46 тал/,

 

Хаан банкны *******/4941 дугаартай албан бичгийн хариу /хх-ийн 12-13 тал/,

 

Хаан банкны ******* дугаартай Б.Урантогосын эзэмшлийн депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-25 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Урантогосын яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Э.Э*******гийн хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Урантогосын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 39 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б.Урантогосыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтай оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Б.Урантогос нь Төмөр замын туслах машинистын үнэмлэ гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрин хороололд хохирогч Э.Э*******гээс 1,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Голомт банкны дугаартай Э.Э*******гийн эзэмшлийн депозит дансны хуулга, Хаан банкны *******/4941 дугаартай албан бичгийн хариу, Хаан банкны ******* дугаартай Б.Урантогосын эзэмшлийн депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.Урантогос нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Урантогос нь Төмөр замын туслах машинистын үнэмлэ гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрин хороололд хохирогч Э.Э*******гээс 1,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар шилжүүлэн авч залилсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Урантогосыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Шүүгдэгч Б.У******* нь хохирогч Э.Э*******д төлөх төлбөргүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгч Б.Урантогос нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч залилах гэмт хэргийг үйлдэж хохирогч Э.Э*******д 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Урантогост ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Б.Урантогост эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүх гэмт хэргийг шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт  дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Урантогосыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Урантогост шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Урантогос нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол төлөгдөөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Урантогост урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И******* овогт Б******* Урантогосыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч” Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Урантогосыг 1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Урантогост оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй даалгасугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Урантогос нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5 Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөр төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Урантогост авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ЭРДЭНЭЧИМЭГ