| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 136/2017/0008/э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2017-01-20 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б, Д.Н, С.М нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2017 оны 01 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ц.Б
Шүүгдэгч: Д.Н
Шүүгдэгч: С.М
Шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.М нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө ...... нутагт үйл ажиллагаа явуулдаг иргэн Ё.Эийн ... ХХК-ны тариан талбай дээрээс .... ХХК-ний эзэмшлийн ... улсын дугаартай Ниссан экстриал маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 400 кг тарвас хулгайлж, 800,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтэнд уншигдсан зүйл бүгд үнэн зөв, ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч С.Мын шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтэнд уншигдсан зүйл бүгд үнэн зөв, ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ё.Эээгийн мөрдөн байцаалтад өгсөн: “.. 2016 оны 09 дүгээр сарын 07-ны 05 цагийн орчимд талбай дээр харуул хийж байсан манай эхнэр С яриад “талбайн урд хашааны гадаа машин ирээд талбай дээр хүмүүс бүдэг гэрэл тусгаад тарвас хулгай хийж байна, би айгаад очиж чадахгүй байна, чи яаралтай ир” гэж хэлсэн. Тэр үед би талбайн төвд байсан учир ганцаараа машинаа унаад талбайн хойд талаар тойроод зүүн тийш давхисан, гэтэл талбайн урд талаас ойрын гэрлээ тусгасан машин талбайн урд талаас зүүн тийш хөдөлсөн. Тэгэхээр нь би талбайн зүүн хойгуур тойроход нөгөө машин зүүн хойшоо эргэснээ намайг харсан бололтой, зүүн хойш эргэх гэснээ болиод гол уруудаад урагш зүгтээ зугтсан. Тэгээд би араас нь хөөгөөд гүйцэж очоод машиных нь араас нь мөргөөд зогсоосон. Тэгээд би шууд эхнэр С рүү яриад цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн. Уг машин нь улаан өнгийн жийп машин байсан ба марк болон улсын дугаарыг нь анзаарч хараагүй. Цагдаа нар ч ирж хэргийн газар дээр үзлэг хийгээд нөгөө машины арын багажиндаа ачсан байсаныг гаргаж хиллэж үзэхэд 440 кг байснаас 90 кг нь хагарсан, 200 кг тарвас нь түүхий, харин тарвасны талбайд 150 кг орчим тарвас гишгэгдэж хагарсан байсан... Манай тариан талбай их том ба нийт 13 га талбай байдаг юм. Бид нар тарвасны талбайгаа өөрсдөө манадаг ба тухайн үед манай эхнэр С, охин Х, хүү М нар манаж байсан. Ер нь зөөврийн пүүтэг байдаг учир талбайныхаа 2 талд нь сөөлжилж гарч манадаг юм. Тэгээд тухайн үед манай эхнэр надруу утасдаж хэлсэн....Надад нийт 800,000 төгрөгний хохирол учирсан байсан. Харин миний хохирлыг Б гэгч эмэгтэй бүрэн гүйцэд барагдуулж өгсөн. ....Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд гомдолгүй байна....” гэсэн мэдүүлэг
Гэрч М.Сийн мөрдөн байцаалтад өгсөн:“... Манай нөхөр Эээ бид 2 хамтарч Сайншанд сумаас баруун урагш 4 км газарт 1 га тариан талбайд тарвас тарьсан байсан юм. Бид нар уг талбайгаа өөрсдөө манаж хонодог юм. Тухайн хэрэг болсон өдөр гэвэл 2016 оны 09 дүгээр сарын 07-ны үүрээр ...05 цаг 20 минутын үед ... талбай дээр 2 ёлтойсон гэрэл харагдахаар нь бүр босоод харсан чинь замын урд тал нэг машин харагдсан. Тэгэхээр нь би нөхөр Эээ рүү утсаар яриад “талбай дээр машинтай хүн ирчихсэн, талбай дээр 2 гэрэл ёлтойж харагдаад байна” хурдан хүрээд ир гэж хэлсэн. Тэгсэн Эээг ирээгүй байх үед нь нөгөө машин хашааны урдуур зүүн тийш хөдлөөд явсан. Тэр үед Эээ рүү би залгаад хурдан яв, нөгөө машин чинь хөдлөөд явлаа гэж хэлтэл, Эээ машинаа асаагаад хашааны гадна талаар араас нь явсан. Тухайн үед надтай хамт манаж хоносон төрсөн охин Х араас нь явсан .... Тухайн үед үүр цайж байсан ба харий бүрий болж байсан. Тухайн үед талбайн гадна ямар өнгийн машин байгаа нь мэдэгдэхгүй, мөн талбай дээр 2 хүн л яваад байгаа нь мэдэгдээд байсан боловч эр эм нь мэдэгдэхгүй байдалтай байсан....” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Иын мөрдөн байцаалтад өгсөн: “....Мтай би хамтран амьдраад 1 жил 7 сар болж байна... 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө 10 цагийн үед байх Н эгч манай гэрт ирээд хамтран амьдрагч Маар халуун усныхаа хаалтыг засуулна гэж хэлээд аваад явсан. Тэгээд би 16 цаг өнгөрч байх үед Н эгчийн ажиллуулдаг Шүүхийн баруун талд байдаг халуун усны газарт нь ирсэн. Тэр үед Н, М2 байж байсан ба ... гаднаас Б эгч 19 цагийн орчимд ганцаараа орж ирсэн....Тэгээд хөзөр үргэлжлүүлээд тоглосон шөнө ч болсон ...тэгтэл Б эгч ... хэдүүлээ тарвас авчирч идэх үү гэж байсан. Тэгэхээр нь би та 3 яваад аваад ирээ, би ядраад байна, хэвтэж байя гэж хэлсэн. Тухайн үед яг хаанаас очиж тарвас авчрах гэж байгааг нь ч асуугаагүй, тэр үед гэрээсээ л авчрах гэж байгаа юм байх л гэж бодоод үлдсэн. Тэгсэн Мчи хэвтэж бай удах юм биш бид 3 яваад ирье гэж хэлээд гараад явцгаасан... тэгсэн өглөө 07 цаг өнгөрч байх үед Б эгч над руу яриад “эзэнд нь баригдчихаад, эзэн нь цагдаа дуудаад бид нар хүлээж байна” гэж ярихаар нь би гайхаад “юу болсон талаар асуухад” тарвас авч байгаад эзэн нь ирээд цагдаа дуудчихсан” юм гэж байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Т.Бийн мөрдөн байуаалтад өгсөн: “...М, Н гэдэг хүмүүсийг танихгүй. Б гэдэг хүн нь 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр манай “....” ХХК-ниас зээл авахаар ирж байсан юм. Тэрнээс сайн танихгүй. ....Тухайн өдөр Б гэгч эмэгтэй манай “....” ХХК-ниас өөрийн эзэмшлийн Ниссан Экстрайл маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээ авто машин унаж явахаар 2.500.000 төгрөгөөр барьцаалдан зээлдүүлье гэж ирсэн. Энэ асуудлын дагуу 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж 2.500.000 төгрөг зээлж авсан. Одоо уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь “....” ХХК-ний нэр дээр албан ёсоор шилжүүлсэн байгаа... Б гэх хүнийг хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ....мэдсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Э.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Эээ нь миний аав байгаа юм... Тухайн өдөр 2016 оны 09 дүгээр сарын 06-ны орой Манай аав Эээ болохоор яг худаг болон гэр байдаг газартаа хонодог, үлдсэн 1 га талбайн 2 талд нь буюу зүүн хойно нь ах М, эхнэр Г нарын хамт, баруун хойд талд ээж С, 4-6 насны 2 охиныхоо хамт бид 4 манаж хоносон. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны үүрээр 05 цагийн орчимд ээж С аавтай утсаар ярихдаа “хурдан ирээ, талбай дээр хулгайч явж байна, хурдан машинаа унаад хүрээд ир” гээд ярьж байхыг нь сонсоод сэрсэн. Тэгээд би өндийгөөд харсан чинь талбай дээр бүдэг гэрэл асаачихсан 2 хүн явж байгаа харагдсан. Тэгээд удаагүй машиндаа сууцгааж гэрлээ асаагаад зүүн тийш зөөлөн явж байсан. Гэтэл аав Эээ машинтайгаа баруун талаар нь буюу хашааны хойд талаар ирж байсан ....улаан өнгийн, Ниссан Экстрайл маркийн, ... улсын дугаартай, тээврийн хэрэгсэл байсан, арын багажинд нь тарвас их хэмжээгээр ачсан байсан ба аав Эээ өөрийнхөө унаж явсан Ниссан сапари маркийн .... улсын дугаартай, тээврийн хэрэгслээрээ араас нь болон урдаас нь мөргөж зогсоосон гэж байсан. Тэгээд цагдаа нар ирсэн.....” гэсэн мэдүүлэг,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 12, 14, 18, /
Шинжилгээ хийж шинжээч томилох тухай /хх-ийн 49-50, 57/
Ашид билгүүн ХХК-ний хохирлын үнэлгээ /хх-ийн 52/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112,116, 120/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.Мнар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө ... нутагт үйл ажиллагаа явуулдаг иргэн Ё.Эий ... ХХК-ны тариан талбай дээрээс .... ХХК-ний эзэмшлийн ... улсын дугаартай Ниссан экстриал маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 400 кг тарвас хулгайлж 800,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс бүхэлд нь үнэлсэн дараах нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.
Үүнд Хохирогч Ё.Эээгийн мөрдөн байцаалтад өгсөн: “....2016 оны 09 дүгээр сарын 07-ны 05 цагийн орчимд талбай дээр харуул хийж байсан манай эхнэр С яриад “талбайн урд хашааны гадаа машин ирээд талбай дээр хүмүүс бүдэг гэрэл тусгаад тарвас хулгай хийж байна, би айгаад очиж чадахгүй байна, чи яаралтай ир” гэж хэлсэн. Тэр үед би талбайн төвд байсан учир ганцаараа машинаа унаад талбайн хойд талаар тойроод зүүн тийш давхисан, гэтэл талбайн урд талаас ойрын гэрлээ тусгасан машин талбайн урд талаас зүүн тийш хөдөлсөн. Тэгэхээр нь би талбайн зүүн хойгуур тойроход нөгөө машин зүүн хойшоо эргэснээ намайг харсан бололтой, зүүн хойш эргэх гэснээ болиод гол уруудаад урагш зүгтээ зугтсан. Тэгээд би араас нь хөөгөөд гүйцэж очоод машиных нь араас нь мөргөөд зогсоосон....Надад нийт 800,000 төгрөгний хохирол учирсан байсан. Харин миний хохирлыг Б гэгч эмэгтэй бүрэн гүйцэд барагдуулж өгсөн. ....Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд гомдолгүй байна....” гэсэн мэдүүлэг, Гэрч М.Сийн мөрдөн байцаалтад өгсөн:“... 2016 оны 09 дүгээр сарын 07-ны үүрээр ...05 цаг 20 минутын үед ... талбай дээр 2 ёлтойсон гэрэл харагдахаар нь харсан чинь замын урд тал нэг машин харагдсан. ...тэгэхээр нь би Эээ рүү залгаад хурдан оч, нөгөө машин чинь хөдлөөд явлаа гэж хэлтэл, Эээ машинаа асаагаад хашааны гадна талаар араас нь явсан. Тухайн үед надтай хамт манаж хоносон төрсөн охин Х араас нь явсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...эхлээд тарвасны талбайн хэсэгт үзлэг хийх үед дотор нь хагарсан байсан тарвасыг цуглуулж хиллэх үед 40 кг болсон. Дараа нь тарвас ачсан гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн ба ачсан байсан тарвасыг нь гаргаж ирээд хиллэх үед хагараагүй тарвас 310 кг, хагархай тарвас 90 кг байсныг хураан авсан. Тэгээд дараа нь хохирогч Эээд нийт 400 кг тарвас хүлээлгэн өгсөн. харин талбай дээр хагарсан байсан 40кг тарвасыг тэнд нь үлдээсэн гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.Мнарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Ё.Эээгийн мөрдөн байцаалтанд өгсөн “Надад нийт 800,000 төгрөгний хохирол учирсан байсан. Харин миний хохирлыг Б гэгч эмэгтэй бүрэн гүйцэд барагдуулж өгсөн. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.Мнараас гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.Мнар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.Мнарын хувийн байдал, хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн тул шүүгдэгч Ц.Бгийн 360,000 төгрөгний үнэ бүхий 32 инчийн Samsung маркийн хавтгай дэлгэцтэй зурагт, шүүгдэгч Д.Нгийн 350,000 төгрөгний үнэ бүхий 42 инчийн SONY маркийн хавтгай дэлгэцтэй зурагт, шүүгдэгч С.Мын 100,000 төгрөгний үнэ бүхий Акира маркийн угаалгын машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн ... улсын дугаартай Ниссан экстриал маркийн тээврийн хэрэгсэл нь одоо ... ХХК-ны өмчлөлд байгаа болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийн үнийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон эд хөрөнгийн бодит байдлыг харгалзан ... ХХК-ний үнэлсэн үнэлгээгээр буюу 3500000 төгрөгөөр тооцон гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.М нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.М нарыг бүлэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.Мнар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.Мнарт оногдуулсан хорих ялуудыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзах хугацааг тус бүр 1 жилээр тогтоож, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн ... улсын дугаартай Ниссан экстриал маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3500000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс 1166666 төгрөгөөр тооцон гаргуулж улсын орлого болгосугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай Мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 05, 06, 08-ны өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б, Д.Н, С.М нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН