Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 322

 

188/2020/0073/Э

 

 

 

 

  2020             3              19                                       2020/ДШМ/322                                   

 

Г.Е-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Чинбилиг,

шүүгдэгч Г.Е-гийн өмгөөлөгч Ш.Буянжаргал,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Е-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1908055831765 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын  3-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

 

Г.Е- нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Нумтын 2-6 тоотод байрлах иргэн Л.М-ын орон байранд хууль бусаар нэвтрэн 2 ширхэг аккумуляторыг хулгайлан авч, бусдад 105.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Е-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Е-г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 41 /дөчин нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Л.М-т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Е-гээс 10.000 /арван мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Оюунчимэгт олгож, шүүгдэгч Г.Е-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч Г.Е- давж заалдах гомдолдоо: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие хийсэн хэргийнхээ хохирлыг барагдуулж, мөрдөн байцаалтад саад учруулахгүйгээр хэргээ хүлээсэн. Би энэхүү үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа ойлгон ухамсарлаж байна. Мөн тэтгэврийн насны ээж Л.Оюунгэрэлийн хамт амьдардаг. Учир нь, би ээжийнхээ цорын ганц хүүхэд нь юм. Ээж минь эрүүл мэнд муу, 2018 онд нарийн гэдэсний хагалгаанд орсон, нойр булчирхайн өвчтэй, эмнэлгийн хяналтад байнга байдаг. Ээжийг минь асрах хүн надаас өөр байхгүй, ар гэрийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Е-гийн өмгөөлөгч Ш.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Г.Е-гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэгчид 10.000 төгрөг олгохоор заасныг төлсөн, баримтыг гаргаж өгч байна. Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, ээжийнх нь биеийн байдал муу байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв. 

 

Прокурор Б.Чинбилиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцахад “хохирлыг барагдуулсан” гэж бичсэн байна. Тэрээр сайн дураараа хохирлыг барагдуулсан асуудал байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн гэмт хэрэг нь илэрч баривчлагдан, хэрэг тодорхой болсны дараа мөрдөгч эд зүйлийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн. Үүнийг хохирол төлбөр төлөгдсөн гэж тооцсон болохоос биш шүүгдэгч өөрөө санаачлагаараа хохирлыг төлсөн асуудал байхгүй. Шүүгдэгч Г.Е- нь анх удаа гэмт хэрэгт холбогдоогүй. Гэмт хэргийг үйлдэхийнхээ өмнө давж заалдах гомдолдоо дурдаад буй “би ээжийнхээ цорын ганц хүүхэд. Ээжийн минь эрүүл мэнд муу, 2018 онд нарийн гэдэсний хагалгаанд орсон, нойр булчирхайн өвчтэй, эмнэлгийн хяналтад байнга байдаг. Ээжийг минь асрах хүн надаас өөр байхгүй” гэх нөхцөл байдлуудаа ухаарах нь яасан юм бэ. Ээжийнх нь бие муу, өөр асран хамгаалах хүн байхгүй байгаа бол өвчтэй гэдгийг нь нотлох эмчийн дүгнэлт болон холбогдох баримтуудыг нь авчраад өгөхгүй яасан юм бэ. Шүүгдэгч Г.Е- нь өмнө хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлж, хуульд заасан боломжуудыг эдлэж байсан. 10.000 төгрөг төлсөн гэх баримтыг харахад нотлох баримтын шаардлага хангахгүй, нотариатаар батлуулсан тамга, тэмдэг байхгүй байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Г.Е- нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Нумтын 2-6 тоотод байрлах иргэн Л.М-ын гэрт хууль бусаар нэвтрэн 2 ширхэг аккумуляторыг хулгайлан авч, бусдад 105.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Л.М-ын “...цонхыг нь хажуу талд нь аваад тавьчихсан байдалтай байхаар нь хаалгаа онгойлгоод үзтэл хоёр ширхэг суудлын автомашины аккумулятор алга болсон байхаар нь цагдаад мэдэгдсэн. ...”  /хх 16-17/,

иргэний нэхэмжлэгч С.Оюунчимэгийн “...20-28 орчим насны залуу “энэ миний өөрийн аккумуляторууд  байгаа юм, эгчээ та авчихгүй юу” гэж хэлэхээр нь би итгээд хоёр ширхэг 45 болон 60 ампертай аккумуляторыг нэгийг нь 5000 төгрөгөөр бодож нийт 10.000 төгрөгөөр худалдаж авсан. ...” /хх 20-21/,

гэрч Б.Мягмарсүрэнгийн “...М-ын дүүгийн хүүхэд гэх 25-30 орчим насны Е- гэгч нь үүргэвч үүрсэн орж ирсэн. Манай хүү Бямбасүрэн нь “наадах чинь юу байгаа юм бэ” гэхэд Е- үүргэвчнээсээ нэг ширхэг дөрвөлжин суудлын автомашины хар өнгийн аккумулятор гаргаж ирсэн. ... ” /хх 28/,

гэрч Ё.Даваадэмбэрэлийн “...манай гэрт орж ирэхдээ хоёр мөрөвчтэй үүргэвчтэй байсан. Дотор нь хоёр ширхэг суудлын автомашины 60 ампертай хар өнгийн аккумулятор, нөгөө нь жижиг аккумулятор байсан. Е- хэлэхдээ, ах М-ын гаражид байхаар нь унааны мөнгө болгох гээд авчихсан, “баруун салааны эцсийн доохон нь талд байрлалтай түүхий эдийн цэгт тушаая, хамт явъя, хэд болох вэ” гэхээр нь би хамт явсан. Нэг ширхэг 60 ампертай хар өнгийн аккумуляторыг 10.000 төгрөгөөр өгчихлөө гэж хэлээд гарч ирсэн. Нөгөө аккумулятороо үүрээд явсан. ...” /хх 32/,

гэрч М.Бямбасүрэнгийн “...Е- үүргэвчээсээ нэг ширхэг дөрвөлжин суудлын автомашины хар өнгийн аккумулятор гаргаж ирээд “үүнийг зарчих газар байна уу, архи ууя, хоёулаа хамт тушаачихаад ирье” гээд надаас гуйгаад байхаар нь би хамт явсан. ...Түүхий эд авах газар луу яваад 5000 төгрөгөөр тушаасан. ...” /хх 34/,

Г.Е-н яллагдагчаар өгсөн “...М- ах гэртээ байхгүй, гэр нь цоожтой байхаар нь цонхыг рамаар нь салгаж газар тавиад дотогш орж атлас брендийн том жижиг хоёр ширхэг аккумуляторыг авч, нэгийг нь цүнхлээд нөгөөг нь бариад Бямбаа ахын гэрт очоод “2 аккумулятор байна, зараад архи ууя” гэхэд “тэгье” гэсэн. ...Түүхий эд зардаг газар очоод хоёуланг нь 10.000 төгрөгөөр зарчихаад мөнгөөр нь бид хоёр архи уусан. ...” /хх 62-63/ гэх мэдүүлгүүд, алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ, алдагдсан эд хөрөнгийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 44-45, 8-9/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-9/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Г.Е-г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Г.Е-н бусдын орон байранд нэвтэрч, 105.000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгожээ.

 

Шүүгдэгч Г.Е-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон багасгаж, Г.Е-гийн “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Е- нь иргэний нэхэмжлэгч С.Оюунчимэгийн Хаан банкны 5005784142 тоот дансанд хохирлын 10.000 төгрөгийг шилжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Е-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Е-г 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Е-н “хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авсныг дурдсугай.

 

3. Шүүгдэгч Г.Е- нь иргэний нэхэмжлэгч С.Оюунчимэгийн Хаан банкны 5005784142 тоот дансанд хохирлын 10.000 төгрөгийг шилжүүлсэн болохыг дурдсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН