Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2026/0005

 

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2026/0005

Улаанбаатар хот

 

 

 

Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

17 төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, К.Н нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Одмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа   

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Я.С, К.Ж нар;

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 17 төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, К.Н нар

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар Хуралдааны даргалагч,

Гуравдагч этгээд: Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.З;

 

Нэхэмжлэлийн шаардлага: “...2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр явагдсан Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хууль бус болохыг тогтоож, тус хуралдаанаас гарсан Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаар “Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” тогтоол, мөн өдрийн 03 дугаар “Хурлын даргыг сонгох тухай”, мөн өдрийн 05 дугаар “Хуралдааны дэг батлах тухай” тогтоол, мөн өдрийн 07 дугаар “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулах тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, тус хуралдаанаас баталсан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар “Баян-Өлгий аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай;

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2025/0075 дугаартай;

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Я.С, К.Ж,

Хариуцагч болон гуравдагч этгээд нарын өмгөөлөгч С.Н нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 110/2024/0076/3

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 17 төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, К.Н нараас Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар Хуралдааны даргалагч холбогдуулан “...2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр явагдсан Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хууль бус болохыг тогтоож, тус хуралдаанаас гарсан Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаар “Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” тогтоол, мөн өдрийн 03 дугаар “Хурлын даргыг сонгох тухай”, мөн өдрийн 05 дугаар “Хуралдааны дэг батлах тухай” тогтоол, мөн өдрийн 07 дугаар “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулах тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, тус хуралдаанаас баталсан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар “Баян-Өлгий аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
  2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 75 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарын 17 хүний тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхдугаар хуралдааны Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 дүгээр, Хуралдааны дэг батлах тухай 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтаар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5, 46.7, 46.8, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарын 17 хүний тус шүүхэд гаргасан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг болон уг хуралдаанаас баталсан Баян-Өлгий аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 06 дугаар тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоолгох, Хурлын даргыг сонгох тухай 03 дугаар, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл батлах тухай 07 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

  1. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Я.С шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “…4.2. Улмаар аймгийн Сонгуулийн хороо нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д “Ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна...” гэж зааснаар 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10,00 хуралдуулахаар товлон зарлаж, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 90 дүгээр албан бичгээр дээрх анхдугаар хуралдааныг товлон зарласан тогтоолын хуулбарыг аймгийн Монгол Ардын намын хороонд болон Ардчилсан намын хороонд тус тус хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан аймгийн Сонгуулийн хорооны явуулсан бичгийн бүртгэлийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна” гэж дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь тус аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 90 дүгээр албан бичиг, тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн зарлах тухай тогтоолыг Баян-Өлгий хүлээж аваагүй болох нь аймгийн МАН-ын хорооны бичиг хэргийн ажилтан Х.Ж-ы шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Тухайлбал Х.Ж-ы тус шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт “…Асуулт: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан анхдугаар хуралдааныг товлосон 90 дүгээртэй тогтоол болон Монгол ардын намаас сонгогдсон төлөөлөгчдөд хаягласан урилгыг 2024 оны 10 дугаар сарын 16-ны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албанаас танд хүргүүлсэн үү. Хэрэгт авагдсан явуулсан бичгийн бүртгэлийн дэвтэрт байгаа гарын үсэг мөн үү? /холбогдох баримтыг үзүүлэв./

Хариулт: Явуулсан бичиг дэх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Надад урилгыг болон тогтоолыг хүлээлгэн өгөөгүй. Орон нутгийн сонгуулийн дараа манай нам ялагдсан ажилтнууд амралтад явсан тул би бараг ажилдаа байгаагүй. Урилга болон тов тогтоосон тогтоолын талаар надад мэдэх зүйл байхгүй.

Асуулт: Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?

Хариулт: Байхгүй.

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 З.Г


                                    ГЭРЧ                                 Х.Ж


           ШҮҮГЧИЙН ТУСЛАХ                               М.А /1-р хавтаст хэргийн 201-р талд авагдсан/

3.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...4.6 Аймгийн сонгуулийн хороо нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд анхдугаар хуралдааныг товлон зарласан нь төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийн нэрээр нэг бүрчлэн урилга бичиж, аймгийн Монгол Ардын намын болон Ардчилсан намын хороонд хүргүүлсэн нь төлөөлөгчөөр сонгогдсон 41 иргэний дунд хуралдааны талаарх мэдээллийг хүргэх зорилгоор “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид 2024-2028” гэсэн нэртэй бүлэг үүсгэсэн нь, түүнд нэр бүхий сонгогдсон 41 төлөөлөгчийг гишүүнээр нэмсэн нь, уг бүлэгт 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2.04 цагт “А” нэртэй гишүүнээс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдах анхдугаар хуралдааны дэгийн төслийг болон төлөөлөгч бүрийн нэрийг бичсэн урилгыг, мөн анхдугаар хуралдааны урилгыг 2 намын хороонд хүргүүлсэн мэдээллийг тус тус байршуулсан нь, уг мэдээллийг нэхэмжлэгч Х.Б, М.Г, А.Д, Д.М, С.Е, Х.Н, Ж.А, Д.Е, Ж.А, Б.А, М.Т, А.А, Т.Е, А.Е, З.А нар үзэж харсан нь, нэхэмжлэгч Ж.А-аас “урилгыг хүргэж өгөх үү” гэж асуухад Кһ нэртэй гишүүнээс “Урилгыг намын байранд хүргэж өгсөн, С авсан” гэж хариулсан зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна” гэжээ.

Гэтэл дээр дурдсан мэдээллийг Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 3.О, А.Б, Х.А нар үзэж харсан нь нотлогдоогүй байна. Нөгөө талаас нэр бүхий нэхэмжлэгчдийн урилгыг аймгийн МАН-ын хороонд хүргүүлсэн гэх боловч энэ нь шүүхэд гэрчээр асуугдсан, тус аймгийн МАН-ын хорооны улс төрийн ажилтан М.С-ийн мэдүүлгээр М.С-ийн шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт:

Асуулт: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан анхдугаар хуралдааны тов болон Монгол ардын намаас сонгогдсон төлөөлөгчдөд хаяглагдсан урилгыг аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн М.Н танд хүргүүлсэн үү, хүргүүлсэн бол хэзээ хүргүүлсэн, уг урилгын талаар та төлөөлөгч нарт мэдэгдсэн үү. Энэ талаар мэдэх зүйлээ тодруулж ярина уу? хэрэгт авагдсан аймгийн ИТХ-ын явуулсан бичгийн бүртгэлийн дэвтрийн холбогдох хэсгийг үзүүлэв.

Хариулт: Аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн М.Н-аас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр надад бичиг авчирч өгсөн нь үнэн. Би бичгийг авсан. Энэ нь дэгийн төсөл хүргүүлэх талаар бичиг байсан. Бичиг хүргүүлсэн талаарх дэвтэрт би гарын үсэг зурж авсан байгаа. Тэгээд уг бичгүүдийг би Х.А даргад бичиг ирсэн байна гэж утсаар залгаж хэлсэн. Тэр өдөр нь Х.А дарга уг бичгийг аваагүй. Утсаар залгаж хэлэхэд “за ойлголоо” гэсэн. Х.А дарга уг бичгийн авсан эсэхийг сайн санахгүй байна. Харин явуулсан бичгийн бүртгэлийн дэвтэрт буй аймгийн ИТХ-ын тогтоол хүргүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 90 дүгээр албан бичгийг “Монгол ардын намын хороонд хүргүүлсэн” гэх хэсэг дэх хүлээн авсан хүний гарын үсэг минийх биш байна. Энэ нь манай бичиг хэргийн ажилтан Х.Ж-ы гарын үсэг юм шиг байна. М.Н-ын надад хүлээлгэн өгсөн баримтууд дотор урилга байсан эсэхийг би санахгүй байна. Цааснууд дотор юу байсныг анзаарч нэг бүрчлэн үзээгүй.

Асуулт: Өөр нэмж ярих зүйл байна уу?

Хариулт: Өөр нэмж ярих зүйл байхгүй.

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 З.Г


                                    ГЭРЧ                                 Х.Ж


           ШҮҮГЧИЙН ТУСЛАХ                               М.А /1-р хавтаст хэргийн 197-р талд авагдсан/

 

Ингэхээр анхан шатны шүүхээс нэхэмжлэгч бүрт нь тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны анхдугаар хуралдааны товыг албан ёсоор хэрхэн мэдэгдсэн хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Ер нь анхан шатны шүүх уг маргааныг шийдвэрлэхэд нэхэмжлэгч талаас гарган өгсөн нотлох баримтуудыг үнэлээгүй, зөвхөн хариуцагч нарын эрх ашгийг хамгаалсан буюу нэг талыг барьсан алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Эцэст нэр бүхий төлөөлөгчдөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны товыг мэдэгдээгүй нь аймгийн иргэдийн иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанд тэднийг оролцоогүй явуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 35.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.”, 35.1.2-т “Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах.”, 35.1.4-т “тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх”, мөн хуулийн 51.1-д “Иргэдийн арга хэмжээ зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажил хэсгийн уялдуулан зохицуулах үүрэг бүхий таваас долоо хүртэл төлөөлөгчийн үйл ажиллагааг бүрэлдэхүүнтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл байгуулна. Зөвлөлийг Хурлын дарга тэргүүлнэ” гэж хуулиар заасан төлөөлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн заалтыг хангахгүй байна гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2025/0075 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

  1. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч К.Ж шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: ... Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэргийг хэтэрхий нэг талыг баримталж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Тодруулбал:
    1. Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг болон уг хуралдааны “Баян-Өлгий аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот "Хурлын даргыг сонгох тухай" тогтоолын 1 дэх заалтад Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар А Б-ыг аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсонд тооцсон байх бөгөөд энэ нь хууль бус болох тухайд, Авлигатай тэмцэх газраас 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05/18754 тоот “Хариуцлага тооцуулах тухай” албан бичгийг Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон Монгол Ардын намаас сонгогдсон төлөөлөгч нарт хүргүүлсэн.

Уг албан бичигт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдуулж, хурлаас Хурлын даргын сонгох, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байх бөгөөд төлөөлөгч З.Ж, А.Б нар нь 2011 онд үүсгэн байгуулагдсан “МУ” гэсэн оноосон нэртэй барилгын болон газар тариалан, мал аж ахуй хослон эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, гишүүнчлэлээр 2022 онд 50, 50 хувийн эзэмшигч болж 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл А.Б гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан тул уг нөхцөл байдал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д ““нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг гэсэн ойлголтод хамаарч байх бөгөөд хурлын төлөөлөгч З.Ж өөрийн нэгдмэл сонирхолтой этгээд болох төлөөлөгч А.Б-ыг Хурлын даргаар сонгох санал хураалтад оролцохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасныг, мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт “Хурлын төлөөлөгч эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцохоос татгалзана” гэж заасныг тус тус хэрэгжүүлээгүй байна” гэж нэр бүхий төлөөлөгч нарт хариуцлага тооцохыг үүрэг болгосон.

Авлигатай тэмцэх газраас дээрх шийдвэртэй холбоотойгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Б, З.Ж, Е.З гэдэг хүмүүс ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй, тухайн шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэдгийг шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага нь шалгаад тогтоочихсон. Шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд үүнийг тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.

Гэтэл Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2025/0075 дугаартай шийдвэрийн 4.15- д “... Анхдугаар хуралдаанаар Хурлын даргаар сонгогдсон А.Б болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч З.Ж нар нь 3494047 регистрийн дугаартай “МУ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гишүүнээр бүртгэгдсэн нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан ““нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг” гэсэн ойлголтод хамаарч байна.”, 4.16-д “... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т “Хурлын төлөөлөгч эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцохоос татгалзана”, 53 дугаар зүйлийн 53.2-т “Тухайн Хурлын төлөөлөгч Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлэх эрхтэй. Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нам, эвслийн бүлэг нэр дэвшүүлж болно”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.13-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” гэж тус тус заажээ.” гэж дурдсан боловч Авлигатай тэмцэх газраас 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05/18754 тоот “Хариуцлага тооцуулах тухай” албан бичгийг үнэлж дүгнэлгүй, дээрх хуулийн заалтуудын агуулгыг буруу тайлбарлаж, шийдвэрийн 4.17-д “Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзэхэд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нь өөрийн нэрээ болон бусад төлөөлөгчийн нэрийг Хурлын даргад нэр дэвшүүлэх, санал өгөх эрхтэйг хуулиар олгосон гэж ойлгогдох ба Хурлын даргыг сонгоход санал өгөх энэ тохиолдлыг хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал гэж үзэх боломжгүй байна.”, 4.18-д “Хэрэв Хурлын даргыг сонгох санал хураалтад төлөөлөгч З.Жйн өгсөн саналыг хууль зөрчсөн гэж үзэж түүний өгсөн саналыг нь хассан тохиолдолд ч энэ нь эцсийн үр дүнд нөлөөлөхгүй, 41 төлөөлөгчийн 22 төлөөлөгч буюу олонхийн саналаар сонгогдсон гэж үзэх тул энэ үндэслэлээр Хурлын даргыг сонгосон тогтоолыг хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.” гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт бус шүүгч өөрийн хувийн таамгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй.

    1.  2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01, 03, 05, 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу шууд болон төлөөллийн байгууллагаараа уламжлан нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оролцох эрхтэй” гэж заасан, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Иргэдийн төлөөллийн байгууллагын чиг үүргийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн", 39 дүгээр зүйлийн 39.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч дараах эрх, үүрэгтэй байна”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт “асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох”, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэгт “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна” гэж тус тус зааснаар ард түмнээс сонгуулийн дагуу сонгогдсон иргэдийн төлөөлөгчид нь хуульд зааснаар тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэх бүрэн эрх, үүрэг бүхий субъект бөгөөд иргэдийн төлөөллийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцох, Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах зэрэг нэхэмжлэгч нарын эрхийг хязгаарлаж, хууль бус бүрэлдэхүүнээр хуралдаан зохион байгуулж, чухал шийдвэрүүдийг гаргасан байдаг.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 дахь хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно” гэж зааснаар Монгол Ардын намаас сонгогдсон 18 төлөөлөгчийг оролцуулалгүй, нэг намаас сонгогдсон төлөөлөгчид хуралдааны ирц хүрээгүй байхад үргэлжлүүлэн явуулж, дээрх шийдвэрүүдийг гаргасан нь тус анхдугаар хуралдаан хууль бус гэж үндэслэлтэй бөгөөд тус хуралдаан ирц нэгэнт хүрээгүй, нөгөө бүлгийн төлөөллийг оролцуулалгүй эрхийг хязгаарлан явуулсан хууль бус тул тус хуралдаанаас гаргасан бүх шийдвэр, тогтоолыг хүчингүй болгох нь үндэслэлтэй.

...Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрт Аймгийн сонгуулийн хороо дурдаагүй хэрнээ хуралдаан нь нийтэд илэрхий байх бөгөөд хуралдааны талаарх мэдээллийг хүргэх зорилгоор “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид 2024-2028” гэсэн нэртэй фэйсбүүк бүлэг нээж, түүгээрээ хурлын товыг мэдэгдсэн байна гэж дүгнэсэн нь дэндүү учир дутагдалтай.

Фэйсбүүк орчин нь гэрийн хаяг, и-мэйл хаяг, утасны дугаар шиг дахин давтагддаггүй шинж чанарыг агуулдаггүй, яг ижил нэрээр хэчнээн ч фэйсбүүк хаяг нээж болох боломжтой буюу фэйсбүүк хаяг нь албан ёсны мэдээлэл хүргэх цахим хэрэгсэл биш юм. Хурлын талаарх мэдээллийг нэхэмжлэгч Х.Б, М.Г, А.Д, Д.М, С.Е, Х.Н, Ж.А, Д.Е, Ж.А, Б.А, М.Т, А.Ас, Т.Е, А.Е, Ш.А нар фэйсбүүк орчноос үзэж харсан гэж шүүхээс дүгнэсэн байх бөгөөд тухайн мэдсэн гэж дүгнээд байгаа фэйсбүүк аккаунт нь нэхэмжлэгч нарын жинхэнэ аккаунт мөн эсэхийг ч тодруулалгүй, нэхэмжлэгч нар мэдээллийг харсан гэж нотлох баримтгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2025/0075 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Я.С, К.Ж нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Маргааны үйл баримтын тухайд:

2.1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайх хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-т “Ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна. ...” гэж зааснаар Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 /14:30 хуралдаан орсон/ цагт аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 6 давхрын хурлын танхимд хуралдуулахаар анхдугаар хуралдааны товыг зарлажээ. /1хх-73/

2.2. Ийнхүү 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу анхдугаар хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргасан байна.

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж аймгийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 41 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 дугаар тогтоол,

-дээрх санал хураах зорилгоор тооллогын комиссыг байгуулах тухай 02 дугаар тогтоол,

-Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100%-ийн саналаар А.Б-ыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгох тухай 03 дугаар тогтоол,

-Хурлын даргаар ажиллаж байсан Ш.Х-ыг мөн өдрөөс эхлэн Хурлын даргын албан тушаалаас нь чөлөөлөх тухай 04 дугаар тогтоол,

-Хуралдааны дэг батлах тухай 05 дугаар тогтоол,

-Хуралдаанд оролцсон 23 төлөөлөгчдөөс санал хураалтад оролцсон 23 төлөөлөгчдөөс санал хураалтад оролцсон 22 төлөөлөгчийн 100%-ийн саналаар Е.З-ыг Баян-Өлгий аймгийн Засаг даргаар томилох тухай 06 дугаар тогтоол,

-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулах тухай 07 дугаар тогтоолуудыг тус тус гаргажээ.

2.3. Нэхэмжлэгч ...болон Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 17 төлөөлөгч нараас “...МАН-аас сонгогдсон 18 төлөөлөгчийг оролцуулахгүйгээр зөвхөн нэг намаас сонгогдсон Төлөөлөгчид хуралдааны ирц хүрээгүй байхад үргэлжлүүлэн явуулж, дээрх шийдвэрийг гаргасан нь тус Анхдугаар хуралдаан хууль бус гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдож байна. Уг хуралдаан нэгэнт ирц хүрээгүй, нөгөө бүлгийн төлөөллийг оролцуулалгүй эрхийг хязгаарлан явуулсан нь хууль бус тул тус хуралдаанаас гаргасан бүхий л шийдвэр, тогтоол нь мөн хууль бус ба тэдгээрийг хүчингүй болгох нь зүйтэй” гэсэн үндэслэлээр маргасан байна.

 

3. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

 

3.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдсанаар эхэлж, шинээр сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрх эхэлснээр дуусгавар болно.” гэж зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаар тогтоол, түүний хавсралтаар 41 төлөөлөгч /Ардчилсан намын 23 төлөөлөгч, Монгол ардын намын 18 төлөөлөгч/-ийн буюу нэхэмжлэгч А.Д, Х.Б, А.Е, Ж.А, Ж.А, Б.А, М.Г, Ш.А, Д.Е, А.А, Х.Н, З.О, А.Б, М.Т, С.Е, Т.Е нарын  бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гарснаар тэдгээр төлөөлөгч нар нь мөн хуулийн 39 дүгээр зүйлд заасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн эрх эдэлж, үүрэг хүлээсэн эерэг акт гарсан атал уг тогтоолыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод үл нийцнэ.

3.2. Өөрөөр хэлбэл, дээрх 01 дүгээр тогтоол нь   Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасны дагуу хууль бус захиргааны акт гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

3.3. Энэ талаар анхан шатны шүүхийн ...энэхүү маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчдийн субьектив эрхийг хөндсөн гэж үзэх боломжгүй ба шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд нэхэмжлэгчдийн ямар эрх нь хамгаалагдах, сэргээгдэх гэж буй нь тодорхойгүй тул нэхэмжлэгчдийг уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхтэй этгээдүүд биш...” гэж үзэн “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т заасантай нийцжээ.

 

4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.”, 46.7-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно.”, 46.9-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална.”, 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална.” гэж тус тус зааснаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарчмыг хэрэгжүүлэн ажилладаг нутгийн өөрөө удирдах байгууллага бөгөөд олонхоороо хуралдаж, хамтын шийдвэр /тогтоол/ гаргадаг.

4.1. Өөрөөр хэлбэл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах, биелэлтийг хянаж тайлагнахтай холбоотой дотоод зохион байгуулалтын харилцааг хуралдааны дэгээр зохицуулдгаас үзвэл, дээрх анхдугаар хуралдааны 05 дугаар тогтоолоор хуралдааны дэгийг хэлэлцэн баталсан тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж үзнэ.

4.2. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Хуралдааны дэг батлах тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

5. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцвол зохих нийт 41 төлөөлөгчийн 23 төлөөлөгч оролцсоноор 56.9%-ийн ирцтэй хуралдаж, төлөөлөгчдийн 100%-ийн саналаар 3 дугаар тогтоолоор Хурлын даргаар А.Б-ыг сонгож, 06 дугаар тогтоолоор Е.З-ыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, 07 дугаар тогтоолоор 7 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй зөвлөлийг байгуулахаар шийдвэрлэсэн тогтоолууд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйл “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх”, 46 дугаар зүйлИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан”, 48 дугаар зүйл “Хурлын шийдвэр”, 51 дүгээр зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл”, 51 дүгээр зүйлИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл”,  52 дугаар зүйлИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрх”-тэй нийцсэн бөгөөд уг тогтоолуудыг хууль бус гэж үзэх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

5.1. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хороо нь Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдахаар товлон зарлаж энэ талаар аймгийн Монгол Ардын Намын хороонд болон Ардчилсан намын хороонд хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа энэ тохиолдолд Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр товлосон болох нь нийтэд илэрхий буюу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 41 төлөөлөгч нарын хэн аль нь мэдсэн гэж үзэхээр байна. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5.2. Дээрхээс үзэхэд, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болон тус хуралдаанаар 56.9%-ийн буюу олонхийн ирцтэйгээр  хуралдаж, хуульд заасан бүрэн эрхийн дагуу хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар хурлын даргыг сонгож, аймгийн Засаг даргыг нэр дэвшүүлж, мөн хурлын зөвлөлийг байгуулсан шийдвэрүүд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7, 46.8, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасантай тус тус нийцсэн бөгөөд нэхэмжлэгч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

 

5.3. Аймгийн Сонгуулийн хороо нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаар тогтоолоор анхдугаар хуралдааны товыг зарлаж, мөн өдрийн 34 тогтоолоор 41 нэр бүхий иргэнийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон байх бөгөөд энэхүү үйл баримтын талаар нэхэмжлэгч нар мэдэхгүй байх боломжгүй.

 

6. Түүнчлэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч З.Ж болон анхдугаар хуралдааны Хурлын даргаар сонгогдсон А.Б нар нь “МУ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гишүүнээр бүртгэгдсэн гэх үндэслэлээр хурлын даргыг сонгосон 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй.

 

6.1. Нөгөөтээгүүр, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаар хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, уг хуралдаанд төлөөлөгч З.Ж “...Е З гэдэг хүн миний аав болохоор хурлын дэгийн 5.5 дээр төлөөлөгч шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураараа татгалзах бөгөөд энэ тухай хурлын дарга, эрх бүхий албан тушаалтанд бичгээр урьдчилан мэдэгдэнэ гэсэн байна. Тэгэхээр би өөрийн саналаасаа татгалзаад албан бичгийг хүргүүлсэн байгаа. Иймд санал хураалт явуулах хуралдаанаас түр завсарлуулж, чөлөө олгож өгнө үү” гэсэн саналыг төлөөлөгчид 100%-ийн саналаар дэмжсэн байна.

 

6.2. Хэрэгт авагдсан баримтаар төлөөлөгч З.Ж нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл /1хх-ийн 48, 49/-ийг бичгээр гаргасан байгаагаас үзэхэд, энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т “Хурлын төлөөлөгч эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцохоос татгалзана.” гэж заасныг зөрчөөгүй байна.

 

7. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл анхан шатны шүүхээс маргаан бүхий акт тус бүрт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй, мөн нотлох баримтыг зөв үнэлж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөв тайлбарлан, хэрэглэж нэр бүхий нэхэмжлэгч нар болох Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

7.1. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдсан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд тус хурлын төлөөлөгч нар бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа болохыг дурдах нь зүйтэй.

 

7.2. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2025/0075 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                               Ц.ОДМАА

ШҮҮГЧ                                                              О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                          Т.ЭНХМАА