Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/00871

 

Д.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00510 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.А, А.Б, “К” ХХК нарт холбогдох

 

2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Д.А, Б.А нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчингүйд тооцож, Баянгол дүүрэг, 19-р хороо, 4-р хороолол, 57-р байрны 109 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.Агийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Б.А-д даалгуулах, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Б.А, А.Б болон хариуцагч К ХХК нарын хооронд байгуулагдсан 3004-2015/29 дугаар барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах, уг гэрээгээр барьцаалагдсан Баянгол дүүрэг, 19-р хороо, 4-р хороолол, 57-р байрны 109 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Б.А, А.Б, К ХХК нарт даалгаж, 109 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны эрхийн улсын бүртгэлийн Y-2205001883 дугаарт бүртгэгдсэн ГД000374944 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч, Т.С, хариуцагч К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Б.А, А.Б нар нь PC тоглоомын газар ажиллуулна гэж хуурч мэхлэн Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хорооллын 57 дугаар байрны 109 тоот, 3 өрөө орон сууцыг 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Б ББСБ-д барьцаанд тавиулж 35 сая төгрөг авч, улмаар дээрх  зээлээ К уруу шилжүүлбэл хүү багатай зээл авах боломжтой гэж итгүүлэн, байрны өмчлөх эрхийг 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулах замаар шилжүүлэн авч залилан мэхэлсэн бөгөөд энэ нь Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 05 сарын 03-ны өдрийн 832 тоот Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор тогтоогдож, 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамрагдсан. Мөн Прокурорын тогтоолын тогтоох хэсгийн 4-т хохирогч Д.А нь хохирлоо нөхөн төлүүлэхээр Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсан. Б.Атай 2015 оны 02 дугаар сарын 11-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчингүйд тооцож, Б.Агийн нэр дээр бүртгэлтэй байгаа Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хорооллын 57 дугаар байрны 109 тоот орон сууцны өмчлөх эрхийг Д.Агийн нэр дээр шижлүүлэхийг даалгаж өгнө үү. Б.А, А.Б нар нь 2015 оын 02 дугаар сарын 12-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулан, байрны өмчлөх эрхийг  шилжүүлэн авч, улмаар орон сууц зээлээр худалдан авах нэрийдлээр К ХХК-тай 3004-2015/29 тоот орон сууцны зээлийн гэрээ, 3004-2015/29 тоот орон сууцны барьцааны гэрээг тус тус байгуулж, 77.000.000 төгрөг зээлж авсан. Б.Ад орон сууцаа худалдаагүй, тэрээр зөвхөн зээл авахын тулд эдгээр хэлцлийг хуурамчаар хийсэн. К ХХК нь дээрх нөхцөл байдлыг мэдээгүй байх үндэслэлгүй. Иймд К ХХК нь барьцааны эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй. Ктай байгуулсан 3004-2015/29 тоот орон сууцны барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах, барьцааны гэрээгээр барьцаалагдсан БГД-ийн 19-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 57 дугаар байр, 109 тоот үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг Б.А, А.Б, К ХХК-д даалгуулахаар шаардаж байна. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхний шаардлага нь Иргэний хуулийн 56.1.2-д заасан дүр үзүүлсэн хэлцэл юм. Зээл авахаар барьцаанд тавихын тул худалдах худалдан авах гэрээ хийгээгүй. Уг байрыг зарах үр дүн хүсээгүй. Одоо хүртэл энэ байрандаа амьдарч байгаа. 3 удаа худалдах худалдах авах гэрээ байгуулсан байдаг. 50 000 000 төгрөгийн гэрээг бүртгэлийн албанд бүртгүүлээд Б.Агийн нэр дээр гэрчилгээ гарсан. Улмаар зээл аваад 109 000 000 төгрөг орж ирээд буцаад 105 000 000 сая төгрөг гарсан. Энэ нь дүр үзүүлэн хэлсэн хэлцэл гэдгийг нотолно. Хариуцагч Б.А нь мөн худалдаж авах хүсэл зориг байгаагүй гэжээ.

 

Хариуцагч Б.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А-гийн нэр дээр байсан дээрх байрыг Банк бус санхүүгийн байгууллагад  2013 онд 30 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байсныг 2014 оны 9 сард Х-аас зээл авч хаан мөн улмаар 2015 оны 02 сард энэ маргаж буй байрыг худалдах худалдан авах гэрээ хийж миний нэр дээр шилжүүлэн К-наас зээл авсан.  Б.А нь манай эхнэрийн сайн найз бөгөөд Б  харилцан тохиролцож орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн Кны орон сууцны зээлийн барьцааны гэрээ байгуулсан. Энэ асуудлаар Б.А нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гарган улмаар мөн Дүүргийн прокурорын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 832 тоот эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Банк зөвшөөрсөн тохиолдолд маргаж буй байрны өмчлөлийг Б.А-д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй. Зээлийн төлбөрийг төлж барагдуулсны дараагаар барьцааны хөрөнгийг барьцаанаас чөлөөлөн Б.А-д шилжүүлэх болно гэжээ.

 

Хариуцагч А.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А-тай адил саналтай байна. Зээлийг Б 2 төлнө. Зээлийг төлөөд байрыг шилжүүлж өгнө. Залилах санаа байгаагүй гэжээ.

 

Хариуцагч К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-аас шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я-аас  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К нь 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б.А, Д.А нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдан авах гэрээний дагуу Б.А-тай 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 3004-2015/29 тоот орон сууцны зээлийн гэрээг байгуулж, 77 000 000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэйгээр, 180 сарын хугацаатай зээл олгосон. Мөн Б.А нь 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 3004-2015/29 тоот барьцааны гэрээг  байгуулж, өөрийн өмчлөлийн 09 тоот 40 м.кв сууцыг барьцаалсан. Иймээс нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Б.А, А.Б, К ХХК нарт холбогдуулан 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Д.А, Б.А нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчингүйд тооцож, Баянгол дүүрэг, 19-р хороо, 4-р хороолол, 57-р байрны 109 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.А-гийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Б.А-д даалгуулах, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Б.А, А.Б болон хариуцагч К ХХК нарын хооронд байгуулагдсан 3004-2015/29 дугаар барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах, уг гэрээгээр барьцаалагдсан Баянгол дүүрэг, 19-р хороо, 4-р хороолол, 57-р байрны 109 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Б.А, А.Б, К ХХК нарт даалгаж, 109 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны эрхийн улсын бүртгэлийн Y-2205001883 дугаарт бүртгэгдсэн ГД000374944 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хх–ийн 1,64, 78-79 дүгээр хуудас/

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэснээс зохигчид хэргийн үйл баримтын талаар бүрэн мэтгэлцэж чадаагүй, эрх нь зөрчигдсөн, давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.А-тай байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулна гэсэн бүрхэг шаардлага гаргахдаа үндэслэлээ хууран мэхлэгдсэн, хууран мэхлэгдсэн нь Эрүүгийн хэрэг үйлдсэн этгээдүүдийг  Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөлд хамруулж, ялаас чөлөөлсөн Прокурорын тогтоолоор тогтоогдоно гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нартай Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцлийг байгуулсан тул хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж байгаа эсхүл Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахын аль үндэслэлээр шаардсаныг тодруулах нь зүйтэй юм. Нэхэмжлэгч нь хууран мэхлэгдсэн, эрүүгийн хэргийн гэм хорын хохирол, түүний үр дагаврыг арилгуулах агуулгаар тайлбар гаргасан бол нэхэмжлэгчийн өмгөөлөгч дүр үзүүлсэн хэлцэл гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаарх тайлбарыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дах хэсэгт нийцэхгүй юм.

 

Түүнчлэн бие даасан шаардлагыг шүүхийн шийдвэрээр хүлээн авахаас татгалзаж, хэргийн оролцогчийн гомдол гаргах, шүүхэд мэдүүлэх эрхийг ноцтой зөрчжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч А.Б-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байхад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байтал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулснаар хэргийг шүүгч дангаар, эсхүл бүрэлдэхүүнтэй хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх, хэрэв Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл болох нь тогтоогдбол тэр хэлцлийн үр дагавар буюу гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг хохирол гэж шаардах, гэрээний зүйлийг буцаан авах эрх нээгдэх юм.

 

Мөн хэргийн 2 дугаар хавтасны 56 дугаар хуудсанд нэхэмжлэлийн хувийг гардуулсан гэсэн бичвэртэй баримтаас үзэхэд, хэн гэх хариуцагчид, ямар хувийн мэдээлэлтэй этгээдэд, хэдэн хуудас, ямар баримтыг гардуулсан талаар тусгаагүй учраас нэхэмжлэлийн хувийг зохих ёсоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан гэж үзэхгүй.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.А-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                         Ш.ОЮУНХАНД