Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2020/01996

 

                                         

 

 

 

                                2020         05          25  

   101/ШШ2020/01996

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ХБ ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Ц

 

Хариуцагч: И.З нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 14,638,081 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнэ, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Адалбек /№1503/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч “ХБ” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Б.Ц, И.З нар нь ХБнаас 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай цалингийн зээлийн нөхцлөөр зээлсэн. 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 9,170,000 төгрөгийг нэмж олгон, зээлийн хүүгийн хэмжээг 18 хувь, зээлийн хугацааг 57 cap болгон нэмэлт өөрчлөлт оруулсан. Нийт авсан зээлийн хэмжээ 15,170,000 төгрөг болно. Зээлдэгч үндсэн зээлд 9,324,511 төгрөг, зээлийн хүүнд 2,386,360 төгрөг, нийт 11,710,871 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Иймээс дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

Иймд 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт үндсэн зээлийн үлдэгдэл 5,845,490 төгрөг, зээлийн хүү 7,607,436 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,185,155 төгрөг, нийт 14,638,081 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын 5,845,490 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн хүү 7,607,436 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,185,155 төгрөгийг төлөх боломжгүй болоод байна. Би ажилгүй, орлогогүй болсон. Б.Ц нь 2012 оны 12 дугаар сард зам тээврийн осолд гаргаж, улмаар ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг бөгөөд энэ талаараа ХБинд мэдэгдсэн байдаг. Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д зааснаар нэхэмжлэгч нь зээлийг нэн даруй шаардах эрхтэй байсан. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг багасгаж өгнө үү. Мөн 4 хүүхдийн мөнгийг зээлд татан суутгал хийсэн байдаг. Иймд нэхэмжлэлээс үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч И.З, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

И.З би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Б.Ц төлнө. Би зээл аваагүй тул надад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хариуцагч Б.Ц, И.З нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 5,845,490 төгрөг, зээлийн хүү 7,607,436 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,185,155 төгрөг, нийт 14,638,081 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.Цийн хувьд үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдлийг төлөхийг зөвшөөрч, хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй байсан гэдэг үндэслэлээр төлөхгүй гэж, хариуцагч И.Згийн хувьд зээлийг би аваагүй тул өөрт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар маргаж байна.

 

“ХБ” ХХК нь Б.Ц, Б.******* /хамтран үүрэг гүйцэтгэгч/ нартай 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ЗГ-1502 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж, 6,000,000 төгрөгийг, хувийн хэрэглээний зориулалтаар, жилийн 21,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж, хариуцагч Б.Ц нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж, улмаар 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 5,170,000 төгрөг, хүүд 2,184,005 төгрөгийг тус тус төлж, үндсэн зээлийн үлдэгдэл нь 830,000 төгрөг үлдсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Ийнхүү Б.Ц нь дээрх гэрээний үлдэгдэл төлбөр 830,000 төгрөг дээр нэмж 9,170,000 төгрөгийг 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ХБнаас зээлж, нийт 10,000,000 төгрөгийг, жилийн 18 /өмнөх зээлийн гэрээгээр тохирсон хүүнээс хувь буурсан/ хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар ЗГ-1502-1 дугаартай “Нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г байгуулж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр И.З орсон байна.   

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулагджээ.

 

Дээрх нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ байгуулагдсанаас хойш 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл тодорхой хэмжээний төлөлтийг хариуцагч нар нь төлж байсан байна.

 

Хариуцагч Б.Ц нь 2014 оны сүүлээр зам тээврийн осол гаргаж, улмаар ажлаасаа чөлөөлөгдөж, эрүүгийн хэрэгт шалгагдаж, зээлээ төлөх боломжгүйгээ, төлөх хугацааг хойшлуулах талаарх хүсэлтийг хариуцагч нар зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө 2014, 2015 онд ХБинд гаргаж байсан байх бөгөөд үүний дагуу ХБ тодорхой арга хэмжээ авсан нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Харин хариуцагч нарын хүүхдүүдэд төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмж нь ХБны *******, *******, *******, ******* тоот дансанд хуримтлагддаг ба ХБ нь эдгээр данснаас 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд таталт хийн зээлдэгч нарын үндсэн зээлээс хасалт хийж байсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Энэхүү хүүхдийн мөнгө нь тухайн хүүхдүүдийн өдөр тутамын хэрэгцээнд зориулагдах атал ХБны зүгээс эдгээр хүүхдүүдийн хууль ёсны асран хамгаалагч нараас тодорхой нөхцлөөр зөвшөөрөл авсан эсэх нь баримтаар тогтоогдохгүй боловч хүүхдүүдийн эцэг болох хариуцагч Б.Ц нь уг мөнгөн тэтгэмжийг зээлд суутгагдан, үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 5,845,490 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагч Б.Ц, И.З нар нь ХБны дээрх үйлдэлтэй холбоотойгоор эрх бүхий албан тушаалтанд зохих гомдлыг гаргаагүй, энэ талаарх баримт хэргийн материалд авагдаагүй тул хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зээлд суутгасныг буруутгах боломжгүй байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.12-т “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заажээ.

 

Энэхүү гэрээний заалт нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан зохицуулалтад нийцсэн ба нэхэмжлэгч “ХБ” ХХК нь үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нараас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.  

 

Хариуцагч И.Згийн би зээл аваагүй тул өөрт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгуулахаар тайлбарлаж байгаа нь дээр дурьдсанаар үгүйсгэгдэж байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно…”, 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд дээрх зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцжээ.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй байх ба гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсон боловч тэдний хүүхдүүдийн данснаас 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл таталт хийсэн байх тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.

 

Хэдийгээр хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ тодорхой шалтгааны улмаас зөрчсөн боловч гэрээний үндсэн хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч нь 3 жил гаруй хугацааны дараа зээлийн гэрээний үүргийг шүүхээр шаардаж байгаа нь тухайн хугацаагаар зээлдэгч нарын хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэхээр байна. 

 

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь гэрээний үүргээ шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ зээлдэгчийн эрхийг зөрчихгүйгээр, үнэнч шударгаар хэрэгжүүлэх ёстой ба зээлдүүлэгч нь зээлийн гэрээний 7 дугаар зүйлд зааснаар үүргийн зөрчил гарсан даруйд 7.3-т заасан үндэслэлд хамааруулан тодорхой арга хэмжээг аваагүйгээс хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдсэн байна.  

 

Мөн Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.6-д “Үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон буюу үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийн хэмжээ багассан, эсхүл эд хөрөнгөгүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ хуулийн 208.4-т заасан хугацаанаас өмнө үүргээ нэн даруй гүйцэтгэхийг түүнээс шаардах эрхтэй” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь дээрх гэрээ болон хуульд заасан зохих арга хэмжээг аваагүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл болон гэрээний хугацаа дууссан 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны хүү болох 3,855,988 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, энэхүү хүүд тохирсон нэмэгдүүлсэн хүүг тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын Иргэний хуулийн 281, 284 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх бөгөөд энэхүү зохицуулалт нь иргэд, хуулийн этгээд хоорондын зээлийн харилцаанд хамааралтай бөгөөд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй зохицуулалт юм.

 

Мөн нөгөөтэйгүүр хариуцагч нар нь зээлийн төлбөрийг төлөх боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

 

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 5,845,490 төгрөг, хүүд 3,855,988 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 771,197.6 төгрөг, нийт 10,472,675.6 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 4,165,405.4 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.    

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Ц, И.З нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 10,472,675.6 /арван сая дөрвөн зуун далан хоёр мянга зургаан зуун далан таван төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 4,165,405.4 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц, И.З нараас улсын тэмдэгтийн хураамжид 182,513 /нэг зуун наян хоёр мянга таван зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ