Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 188/2022/1268/Э |
Дугаар | 2023/ШЦТ/1068 |
Огноо | 2023-09-04 |
Зүйл хэсэг | 17.5.1., |
Улсын яллагч | П.Эрдэнэбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1068
2023 9 04 2023/ШЦТ/1068
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч П.Эрдэнэбат,
шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Л.Дашравдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308003441305 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 11 дүгээр сарын 26-ны өдөр **** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, ***** тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А овогт Дын Э /РД:ИЙ87112614/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Эталон төвийн Энхүүш салоны 00-н өрөөнд мартаад гарсан иргэн Б.Аийн эзэмшлийн Рэдми маркийн нөт 8 про загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч Б.Аийн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эталон төвийн Энхүүш салонд 00 ороод утсаа мартаж гарсан байсан. Тэгээд хамт ажилладаг хүний найз болох Э гэгч нь намайг 00-н өрөөнөөс гарсны дараа 00-д орсон юм. Тэгээд 00-н өрөөнөөс миний утсыг авч гарсан байсныг хяналтын камер шүүж үзсэн юм. Миний утас Realmi pro 8 загварын утас байсан. Би 2021 онд Сайн электрониксоос 1.350.000 төгрөгөөр лизингээр авч байсан. Миний гар утсыг буцааж өгөөгүй, миний утсыг хөрөнгийн үнэлгээний төв 600.000 төгрөгөөр үнэлсэн, Д.Энхжаргал нь 2023 оны 3 дугаар сараас 5 сарын хооронд хохирол болох 600.000 төгрөгийг миний хаан банкны 5025233034 тоот данс руу хийж барагдуулсан. Одоо надад тухайн хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолгүй, цаашдаа цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлгүй байгаа тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22, 25-26 дахь тал),
2. Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Бичлэг эхлэхэд Э 00-н өрөөнөөс гараад алхаж байгаа нь харагдав. Камерын бичлэгийн 00:00:01 секундэд иргэн Э нь 00-н өрөөнөөс гарч коридороор алхаж байхдаа зүүн гартаа утас барьсан байгаа нь харагдаж байв. Камерын бичлэгийн 00:00:05 секундэд иргэн Э нь тухайн үсчний газрын хана дагуу байрласан хүрэн өнгийн сандал дээр сууж байгаа харагдах бөгөөд 2 гартаа утас барьж байгаа нь харагдаж байлаа. 00:00:13 секундэд иргэн Э нь гартаа барьсан гар утсаа эргүүлж тойруулж харж байгаа, 00:01:16 секундэд иргэн Э нь гар барьсан гар утсаа өмднийхөө зүүн талын хармаанд хийж байгаа, 00:01:20 секундэд иргэн Э нь гадуурх хувцсаа өмсөж сууж байсан сандлаасаа босож явж байгаа нь харагдав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-17 дахь тал),
3. “Тэнцвэр эстимейт” ХХК-н 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 2502 дугаартай: “...Reaimi pro 8 маркийн гар утасны үнэлгээг 600.000 төгрөгөөр тогтоож байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал)
4. Шүүгдэгч Д.Эын “..2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр найз олох Эгиймаатай уулзах гэж Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо Эталон төвийн Энхүүш салонд оройн 20 цагийн үед очсон. Би найзыгаа хүлээж байгаад ус уух гээд 00-н өрөө ороход угаалтуурын хажууд 1 утас байхаар нь аваад үүдэнд байх сандал дээр очиж эргүүлж тойруулж харж байгаад хар өнгийн куртикны баруун талын халаасанд хийгээд тухайн салоноос гарч гэр үүгээ харьсан. Тухайн үед Эгиймаа над руу залгаж чи Аийн гар утсыг авсан уу гэж асуухад нь би аваагүй гэж худлаа хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирж намайг авч явсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйл нь “...төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан бол...” гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... энэ хуулийн тусгай ангийнд заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 4 дэх хэсэгт “...бага хэмжээний хохирол гэж” гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хэлэхээр заасан байна.
Дээрх байдлаас дүгнэвэл, шүүгдэгч Д.Э нь гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд буйг мэдсэн ч буцааж өгөхийн оронд завшсан, өөртөө захиран зарцуулсан, түүний үйлдлээс үүдэлтэйгээр бага хэмжээнээс дээш хохирол хохирогчид учирсан энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Д.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгийн харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн тухайд: Энэ хэргийн улмаас хохирогч Б.Ат 600.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх бөгөөд уг хохирлыг шүүгдэгч нь төлсөн, хохирогч гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Дын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ