| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 188/2020/0034/Э |
| Дугаар | 281 |
| Огноо | 2020-03-05 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 281
Б.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ш.Төгсгэрэл,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Төгсгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б-т холбогдох эрүүгийн 1903 01124 0515 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б-н Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .....................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......................./;
Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цаг 25 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Партизан явах замд “Тоёота приус” загварын, ... УБС улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож, зорчигч Д.Н-н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялын хугацаа дууссан өдрөөс эхлэн тоолж, 388929 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар уламжлан зохих байгууллагад шилжүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие төрийн албанд 36 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт суусан. Одоо зүрх судасны өвчтэй бөгөөд эхнэр, хүүхдийн асрамжид байдаг юм. Би урьд өмнө нь ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж, маш их харамсаж байна. Би хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн ба хэргийн талаар маргах зүйлгүй, хохирол нөхөн төлсөн, хохирогчийн гомдлыг барагдуулсан. Энэ бүгдийг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, 1 жилийн хорих ялыг өөрчлөн, тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Ш.Төгсгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Б.Б-т оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн байдалд тохирсон гэж үзэж байгаа боловч түүний үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, хохирогчийн ар гэрт оршуулгын зардалд таван сая төгрөгийн туслалцаа үзүүлсэн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэсэн, мөн гэмт хэргийг тохиолдлын байдлаар болгоомжгүй үйлдсэн зэрэг, түүнчлэн Б.Б нь өндөр насны тэтгэвэрт байдаг, эрүүл мэндийн хувьд хүнд хэлбэрийн зүрхний өвчтэй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа болно. Иймд дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Б.Б-т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан тэнсэж хянан харгалзаж өгнө үү. Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодоод зургаан сар болж байгаа бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвар муутай байсан нь энэ гэмт хэрэг гарахад зохих ёсоор нөлөөлсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байгаа юм. Шүүгдэгч Б.Б нь хойшид тээврийн хэрэгсэл жолоодохгүй гэж өөрийн гэм буруугаа ойлгон гэмшиж, өөрийн эх шигээ хүний амь насыг хохироосондоо маш их гэмшиж, харамсаж байгаа гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байсан. ... Хохирогч У нь өөрөө жолооч хүн учраас гомдол, саналгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд тодорхой мэдүүлснийг анхаарч үзэхийг хүсэж байна. Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Б-т оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс Б.Б-г “үүргээ биелүүлж чадаагүйн улмаас хүний амь насыг хохироож, хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй хохирол учруулсан” нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулсан. Зам тээврийн осол гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлдөг. Гэтэл энэхүү осол нь 100 хувь жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болж гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цаг 25 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Партизан явах замд “Тоёота приус” загварын, .... УБС улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож, зорчигч Д.Н-н амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У-н “... Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй. Ослын талаар анх Б.С ах над руу залгаж мэдэгдсэн. ... Б.Бт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, жолооч буяны зардалд 5.000.000 төгрөг өгсөн. ...” /хх 25-26/,
гэрч Б.С-н “... Би талийгаач эхнэр Д.Н-н хамтаар Батсүмбэрийн Үдлэг багаас хадам аав, танил Б гэх жолоочтой “Тоёота приус 20” загварын машинд суугаад Улаанбаатар хот орохоор ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байсан. Талийгаач бид хоёр унтаж явсан. Нэг хартал замын голоор явж байсан ба би “чи яаж байна аа” гэж жолоочид хэлсэн. Тэгээд зүүн гар тал руугаа дараад замын хажуу шороон ирмэг дээр хэсэг давхиж яваад жолоо нь ажиллагаагүй болох шиг болсон. Хөндөлдөж нэг чулуу таараад тэрэндээ тээглээд нэг хагас эргээд онхолдсон. Хойш хартал хөгшин байхгүй, баруун хаалга онгорхой, талийгаач гадаа түрүүлгээ хараад гар нь эвгүй байрлалтай хэвтэж байсан. ...” /хх 39/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Талийгаач Д.Н-н цогцост баруун зулай, чамархай яснаас доош суурийн дунд хонхор, турк эмээл рүү үргэлжилсэн шугаман хугарал, тархины суурийн хэсэг болон бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, сээрний 4 дүгээр нугалмын хугарал, нугасны бүрэн тасрал, цээжний олон хавирганы хугарал /цээжний баруун, зүүн хөндий дэх 900 мл цусан хураа/, гол судасны тасрал, зүрхний эдийн няцрал, уушгины эдийн няцрал, авчилт, элэгний эдийн няцрал, язрал, дэлүүний задрал, няцрал, хэвлийн хөндийн цусан хураа /300 мл/, хамар, хацар, эрүү ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацар, шанаа, эрүү, өвчүү, зүүн хөхний хэсэгт цус хуралт, дух, баруун, зүүн шанаа, зүүн хацар, зүүн эгэм, өвчүү, хэвлий бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. ...” /хх 50-51/ гэх 2107 дугаартай дүгнэлт,
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-8/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх 9-15/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Быг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Б-н Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөнөөс хүний амь нас хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Төгсгэрэл нараас “...шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авлаа.
Учир нь, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгожээ.
Шүүгдэгч Б.Б нь анх удаа болгоомжгүйгээр, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хор уршигтай холбоотой гарсан зардлыг нөхөн төлсөн, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У-н “...жолооч Б.Б-т гомдолгүй тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн хүсэлт /хх 30/ зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний биеийн эрүүл мэндийн болон өндөр насны тэтгэвэрт байдаг талаарх хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” гэсэн хэд хэдэн үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Төгсгэрэл нарын гаргасан “... хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.