Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 119/ШШ2022/0019

 

 

                                                        Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                                                                                         баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Б, О.Ц, Г.У нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ОАИТХ, ОАЗД-д холбогдох

“ОАИТХ-ын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтын: “Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийн дахин төлөвлөн барилгажуулах газрын байршил Уурхайчин баг” гэсний Т зочид буудлын хашаанд байрлах С.Б-ын эзэмшлийн Уурхайчин баг Т зочид буудлын урд байрлах 18 мкв газар, үл хөдлөх хөрөнгө, О.Ц Уурхайчин баг Т зочид буудлын урд байрлах 18 м.кв газар үл хөдлөх хөрөнгө, Г.У Уурхайчин баг Т зочид буудлын урд байрлах 36 м.кв газар, үл хөдлөх хөрөнгө байрлах талбайн орсон хэсгийг хүчингүй болгуулах”,

“ОАЗД-ын С.Б, О.Ц, Г.У нарын гражийн зориулалтаар эзэмшиж байгаа “газрыг нь хураан авч чөлөөлүүлэх ажлыг зохион байгуул” гэж Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын мэргэжилтэн Ө.Д-т үүрэг болгосон ам шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн үндсэн шаардлага,

“О.Ц-ын Уурхайчин баг Т зочид буудлын урд байрлах 18 мкв газрын эзэмших эрхийн хугацааг хуулийн дагуу 15 жилийн хугацаагаар сунгаж өгөхийг ОАЗД-д даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай 119/2022/0021/З/Т дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч ОАИТХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.БулганТ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.Б, О.Ц, Г.У нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Т” ХХК-ийн Т зочид буудлын хашаанд байрлах 10 гражийг анх тус компанид төрөөс эзэмшүүлсэн газар дээр баригдсан байхад нь бид өөрсдийн эзэмшилд газрын хамт шилжүүлж авсан байдаг ба анх тус компанийн захирал Л.О-ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь 2003 онд, газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2008 онд тус тус гарсан байдаг. Бидний зарим нь тус гражийг газрын хамт Л.О-ээс, зарим нь Л.О-ээс шилжүүлж авсан иргэдээс дамжуулан шилжүүлж авсан газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, гражийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй болно.

Гэтэл 2022 оны 01 сарын 17-ны өдөр бидний эзэмшлийн газар дээрх бидний өмчлөлийн гражуудын хаалган дээр “ОАИТХ-ын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтын: Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийн дахин төлөвлөн барилгажуулах газрын байршил, талбайн хэмжээ, хил заагийг Уурхайчин багийн нутаг дэвсгэр 1.3 га газарт баталсан болно.

Таны эзэмшлийн тус граж нь Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хил заагт хамрагдсан байна. Иймд Аж ахуйн нэгж болон иргэн та холбогдох доорх дугаарт холбогдоно уу. Хаяг: Захиргааны 3-р байр 2 давхар 208 тоот Утас: 99635010, 99215457 ХОТ БАЙГУУЛАЛТ БАРИЛГА ЗАХИАЛАГЧИЙН АЛБА ОНӨААТҮГ” гэсэн мэдэгдлийг наасан байсан. Иймд Хот байгуулалт барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын мэргэжилтэн Д-тай 2022 оны 01 сарын 22, 24-ний өдрүүдэд очиж уулзахад “Аймгийн Засаг даргаас үүрэг өгсөн. Аймгийн иргэдийн хурлын шийдвэрийн дагуу та нартай уулзаж газрыг нь хураан авч чөлөөлүүлэх ажлыг зохион байгуул гэсэн учраас газраа чөлөөлж өг” гэж хэлсэн болно.

Бид Аймгийн Засаг даргын газрыг нь хураан авч чөлөөлүүлэх ажлыг зохион байгуул гэсэн энэ ам шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч байна. Яагаад гэхээр бидний газар эзэмших эрх дуусгавар болоогүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гражийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд хүчин төгөлдөр байгаа ба цаашид газар эзэмших эрхээ хуулийн дагуу сунгуулж эзэмших хүсэлтэй байгаа болно. Бидний ойлгож байгаагаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтын: Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийн дахин төлөвлөн барилгажуулах” газрын байршил Уурхайчин баг гэсэн хэсэгт бидний өмчлөлийн Т зочид буудлын хашаанд байрлах гражуудын байрлах эзэмших эрх бүхий газрын талбай орсон байна гэж ойлгосон. Эдгээр гражуудын тухайд анх 2000-2003 онд барьж байгуулсан гэдэг. Гражийн газрыг анх 2008 онд Л.О-д олгосон, ингэхдээ 20 жилийн хугацаатай олгосон ба хугацаа нь 2028 онд дуусахаар олгогдсон байжээ. Бидэнд гэрчилгээ олгохдоо ихэвчлэн 4-5 жилээр олгож түүнийгээ байнга сунгаад яваад байна санаа зоволтгүй гэж ойлгуулдаг байсан. Бид ч гэрчилгээгээ хугацаанд нь сунгуулсаар газраа болон гражаа зориулалтын нь дагуу ашигласаар ирсэн ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. 

С.Б нь Уурхайчин баг Т зочид буудлын урд байрлах 18 м.кв газрыг гражийн хамт 2009 оны 11 сарын 03-ны анхны өдөр эзэмшигч Л.О-ээс шилжүүлэн авсан байх ба газар эзэмших гэрээг 2009 оны 11 сарын 23-ны өдөр 15 жилийн хугацаатай байгуулж, О.Ц нь Уурхайчин баг Т зочид буудлын урд байрлах 18 м.кв газрыг гражийн хамт Л.О-ээс О.А шилжүүлэн авсныг 2017 оны 01 сарын 12-ны өдөр О.А-аас шилжүүлэн авсан байх ба газар эзэмших гэрээг 2017 оны 03 сарын 31-ний өдөр 5 жилийн хугацаатай, Г.У нь Уурхайчин баг Т зочид буудлын урд байрлах 36 м.кв газрыг гражийн хамт 2009 оны 01 сарын 06-ны өдөр анхны эзэмшигч Л.О-ээс шилжүүлэн авсан байх ба газар эзэмших гэрээг 2009 оны 10 сарын 19-ний өдөр 15 жилийн хугацаатай хийсэн байдаг. Уг нь бол бидэнд газрын гэрчилгээг олгохдоо анх тухайн газрыг анхдагч эзэмшигчид олгож байсан хугацаагаар олгох байсан боловч мөн л хугацааг багасгаж олгосон байдаг. Эдгээр газрууд нь одоо Т зочид буудлын хашаанд байрладаг бөгөөд Хот төлөвлөлт, өнгө үзэмжид харшлаад байх зүйлгүй болно” гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ОАИТХ-ын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтын: “Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийн дахин төлөвлөн барилгажуулах газрын байршил Уурхайчин баг” гэсний Т зочид буудлын хашаанд байрлах С.Б-ын эзэмшлийн Уурхайчин баг Т зочид буудлын урд байрлах 18 мкв газар, үл хөдлөх хөрөнгө, О.Ц Уурхайчин баг Т зочид буудлын урд байрлах 18 м.кв газар үл хөдлөх хөрөнгө, Г.У Уурхайчин баг Т зочид буудлын урд байрлах 36 м.кв газар, үл хөдлөх хөрөнгө байрлах талбайн орсон хэсгийг хүчингүй болгуулах”, “ОАЗД-ын С.Б, О.Ц, Г.У нарын гражийн зориулалтаар эзэмшиж байгаа “газрыг нь хураан авч чөлөөлүүлэх ажлыг зохион байгуул” гэж Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын мэргэжилтэн Ө.Д-т үүрэг болгосон ам шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзаж байна.

“О.Ц-ын Уурхайчин баг Т зочид буудлын урд байрлах 18 мкв газрын эзэмших эрхийн хугацааг хуулийн дагуу 15 жилийн хугацаагаар сунгаж өгөхийг ОАЗД-д даалгах” нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа. Одоо “С-ийн Б, О-ын Ц, Г-ын У нарын эзэмшлийн газарт дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжиж газар чөлөөлүүлэх тохиолдолд хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу газар, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч болох С-ийн Б, О-ын Ц, Г-ын У нар болон төсөл хэрэгжүүлэгчтэй Гурван талт гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах“ гэсэн нэхэмжлэлийг гаргаж байна”  гэв.

Хариуцагч ОАИТХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “1. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг баримтлах шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8-д заасан ба уг хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-өөр зохицуулжээ. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуульд заасан зохих журмаар мэдэгдэх ажиллагааг хийсэн. Нэхэмжлэгч тал 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан захиргааны актын талаар 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаар нэхэмжлэлийн буцаах хугацааг баримтлаагүй хэтрүүлсэн нь нэхэмжлэлийг буцаах буюу хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж болзошгүй үндэслэлээр нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс маргаан бүхий актыг хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан. Уг акт гарснаас хойш өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч нар гражийн зориулалттай газар эзэмших эрхийг гэрээний дагуу хэвийн үргэлжилж, граж нь нэхэмжлэгч нарын өмчлөлд байна. Нэхэмжлэгч С.Б-ын газар эзэмших эрх 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, О.Ц-ын газар эзэмших эрх 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр, Г.У-гийн газар эзэмших эрх 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус тус дуусгавар болно.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд “Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нийтлэг бүрэн эрх”-ийг хуульчилсан. 20.1.4-т “Бусдын эзэмшил газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах" гэж заасны дагуу нэхэмжлэгч нарын гражийн зориулалтаар эзэмшиж буй газрыг солих буюу эргүүлэн авах, чөлөөлөх, нүүлгэх эсэх асуудлыг зохицуулахыг хуулиар гүйцэтгэх засаглал буюу аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байна. Нутгийн өөрөө удирдах байгууллага болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд иргэдийн газар эзэмших эрхийг цуцлах, өөрчлөх эсэх бүрэн эрх хуулиар олгогдоогүй болно.

Ирээдүйд ямар субъект, ямар шийдвэр гаргасны үндсэн дээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг цуцлах, гражийг нураах, шилжүүлэх зэрэг нь тодорхойгүй байна. Хөндөж болзошгүй гэж ирээдүйд болох үйл явдлыг урьдчилан хийсвэрээр харж, газар эзэмших эрх болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг Хурлын байгууллагаас гарсан захиргааны акт хөндөөгүй байхад шүүхэд нэхэмжлэл гарган хянуулж байгаа үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 “Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, мөн зүйлийн 40.3 дахь хэсэгт “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалтыг тодорхой заана” гэсний дагуу маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын зүгээс орон нутгийн иргэдийн нийтлэг эрх ашиг, эрүүл аюулгүй таатай орчинд амьдрах эрхийг хангах, хот суурин газарт экологи, эдийн засаг, нийгмийн хөгжил, дэд бүтцийн зөв зохистой үйлчилгээг бий болгох, иргэдийг тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэх зорилгын хүрээнд хот суурин газрын ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баримтлан бодит нөхцөл байдлыг судлан үзэж төсөл хэрэгжүүлэх хот, төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах төслийн талбайн хэмжээ, хил заагийг тогтоосон. Захиргааны шийдвэр гаргахдаа хууль зүйн үндэслэлийг судлан үзэж Хот, суурин газрыг сахин хөгжүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баримтлан төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоож, шийдвэр гаргах” гэж заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд уг захиргааны акт гаргасан болно.

Маргаан бүхий акт нь захиргааны бичмэл актад тавигдах эрх зүйн шаардлагуудыг бүрэн хангасан хуульд нийцсэн хүчин төгөлдөр төдийгүй уг актын улмаас нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй болно. Энэхүү захиргааны акт нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг зөрчих эрх зүйн хувьд шууд үр дагавар үүсгэхгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагаас гарсан захиргааны актаар нэхэмжлэгч нарын эрх ашигт нөлөөлсөн, эрх зүйн үр дагавар шууд хүрсэн, хохирол учирсан, зөрчигдсөн зүйл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд дээрх гурван үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч ОАИТХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар, санал байхгүй” гэв.

Хариуцагч ОАЗД шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргана” гэж заасан бөгеөд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдаж буй “газрыг хураан авч чөлөөлүүлэх ажлыг зохион байгуулах” утга бүхий аман шийдвэр өгсөн гэх нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй болно.

“Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” ОНӨААТҮГ-ын Хот дахин хөгжүүлэх, орон сууцны хэсгийн Эзлэхүүн төлөвлөлтийн архитектор Ө.Д нь Уурхайчин баг, Т зочид буудлын урд байрлах гражуудын хаалган дээр мэдэгдэл нааж гражийн эзэмшигч, өмчлөгч нартай уулзаж байгаа нь тухайн гражуудын эздийг тодорхой болгох, бүртгэлжүүлэх зорилгоор хийгдэж буй ажиллагаа юм.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйл “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нийтлэг бүрэн эрх” гээд 20.1.4-т “бусдын эзэмшил аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах” гэж заасны дагуу Уурхайчин баг Т зочид буудлын урд байрлах гражуудын газрыг солих буюу эргүүлэн авах, чөлөөлөх талаар өнөөдрийн байдлаар ямар ч шийдвэр гараагүй” гэжээ.

Хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нэхэмжлэгч О.Ц-ын нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтаар хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах газрын байршлыг баталсан.

Тухайн батлагдсан байршилд нэхэмжлэгч нарын эзэмшиж буй авто гражийн зориулалттай газар багтсан бөгөөд нэхэмжлэгч О.Ц-ын эзэмшиж байсан 18 мкв гражийн зориулалт бүхий газрын газар эзэмших эрхийн хугацаа 2022 оны 03-р сард дууссан. Нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргаж, хариуг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 104 тоот албан бичгээр хүргүүлсэн байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т “төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй” бол өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах хуулийн зохицуулалттай тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдаж буй асуудал нь хуулийн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шинээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргах хүсэлт гаргаж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б, О.Ц, Г.У нар нь ОАИТХ, ОАЗД нарт холбогдуулан “ОАИТХ-ын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтын: “Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийн дахин төлөвлөн барилгажуулах газрын байршил Уурхайчин баг” гэсний Т зочид буудлын хашаанд байрлах С.Б-ын эзэмшлийн Уурхайчин баг Т зочид буудлын урд байрлах 18 мкв газар, үл хөдлөх хөрөнгө, О.Ц Уурхайчин баг Т зочид буудлын урд байрлах 18 м.кв газар үл хөдлөх хөрөнгө, Г.У Уурхайчин баг Т зочид буудлын урд байрлах 36 м.кв газар, үл хөдлөх хөрөнгө байрлах талбайн орсон хэсгийг хүчингүй болгуулах”, “ОАЗД-ын С.Б, О.Ц, Г.У нарын гражийн зориулалтаар эзэмшиж байгаа “газрыг нь хураан авч чөлөөлүүлэх ажлыг зохион байгуул” гэж Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын мэргэжилтэн Ө.Д-т үүрэг болгосон ам шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг;

мөн нэхэмжлэгч О.Ц-аас “ О.Ц-ын Уурхайчин баг Т зочид буудлын урд байрлах 18 мкв газрын эзэмших эрхийн хугацааг хуулийн дагуу 15 жилийн хугацаагаар сунгаж өгөхийг ОАЗД-д даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0204 дугаартай итгэмжлэлээр олгогдсон “Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах” бүрэн эрхийн дагуу “ОАИТХ-ын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтын: “Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийн дахин төлөвлөн барилгажуулах газрын байршил Уурхайчин баг” гэсний Т зочид буудлын хашаанд байрлах С.Б-ын эзэмшлийн Уурхайчин баг Т зочид буудлын урд байрлах 18 мкв газар, үл хөдлөх хөрөнгө, О.Ц Уурхайчин баг Т зочид буудлын урд байрлах 18 м.кв газар үл хөдлөх хөрөнгө, Г.У Уурхайчин баг Т зочид буудлын урд байрлах 36 м.кв газар, үл хөдлөх хөрөнгө байрлах талбайн орсон хэсгийг хүчингүй болгуулах”, “ОАЗД-ын С.Б, О.Ц, Г.У нарын гражийн зориулалтаар эзэмшиж байгаа “газрыг нь хураан авч чөлөөлүүлэх ажлыг зохион байгуул” гэж Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын мэргэжилтэн Ө.Д-т үүрэг болгосон ам шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсан.

Ийнхүү нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь С.Б, О.Ц, Г.У нарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс сайн дурын үндсэн дээр татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлж, шүүх хуралдаанд тайлбарлан тэмдэглэлд тусгуулсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзсан бөгөөд үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэх тул нэхэмжлэгч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн асуудал нь үлдсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэгтэй хамт шийдвэрлэгдэх болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч С.Б, О.Ц, Г.У нарын ОАИТХ, ОАЗД-д холбогдуулан гаргасан “ОАИТХ-ын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтын: “Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийн дахин төлөвлөн барилгажуулах газрын байршил Уурхайчин баг” гэсний Т зочид буудлын хашаанд байрлах С.Б-ын эзэмшлийн Уурхайчин баг Т зочид буудлын урд байрлах 18 мкв газар, үл хөдлөх хөрөнгө, О.Ц Уурхайчин баг Т зочид буудлын урд байрлах 18 м.кв газар үл хөдлөх хөрөнгө, Г.У Уурхайчин баг Т зочид буудлын урд байрлах 36 м.кв газар, үл хөдлөх хөрөнгө байрлах талбайн орсон хэсгийг хүчингүй болгуулах”, “ОАЗД-ын С.Б, О.Ц, Г.У нарын гражийн зориулалтаар эзэмшиж байгаа “газрыг нь хураан авч чөлөөлүүлэх ажлыг зохион байгуул” гэж Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын мэргэжилтэн Ө.Д-т үүрэг болгосон ам шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, 119/2022/0021/З/Т дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.УУГАНЦЭЦЭГ