| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0177/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/182 |
| Огноо | 2023-10-17 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/182
2023 10 17 2023/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Я.Ш,
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Бийн Бт холбогдох эрүүгийн 2335000000214 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19..... оны 3 дугаар сарын 20-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин, цахилгаанчин мэргэжилтэй, “МД Топ” ХХК-д .............. ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 27-р хороо дунд дарь эх ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй У овогт Бийн Б /РД:......................./,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ундарга Увс” ХХК-н шатахуун түгээх станцад ээлжийн түгээгчээр ажиллаж байхдаа тус компанийн түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу шатахуун түгээх станцын борлуулалтын орлогоос 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 1.471.756 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 1.657.228 төгрөг нийт 3.128.984 төгрөгийг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ундарга Увс” ХХК-н шатахуун түгээх станцад ээлжийн түгээгчээр ажиллаж байхдаа тус компанийн түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу шатахуун түгээх станцын борлуулалтын орлогоос 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 1.471.756 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 1.657.228 төгрөг нийт 3.128.984 төгрөгийг хувьдаа авсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),
"Ундарга Увс"ХХК-ний ерөнхий захирлын 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 23/14 дугаартай Б.Быг Улаангом сумын ШТС1-ын оператороор түр томилон ажиллуулах тухайн тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт (хавтаст хэргийн 5-6 дахь тал),
Шүүгдэгч Б.Бын Хаан банкны 58...........71 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, мөрдөгчийн уг дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 26-28, 30-35 дахь тал),
Шүүгдэгч Б.Бын ажлын байрны анкет (хавтаст хэргийн 11-13 дахь тал),
“Ундарга Увс” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам (хавтаст хэргийн 14-24 дэх тал),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Шын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2023 оны 06 дугаар сарын 20-ны үед Улаангом сумын 7 дугаар багт оршин суух Б.Б нь манай байгууллагад түгээгчийн ажилд орохоор ирж анкет бөглөсөн. Тухайн хүний анкет болон ажпын туршлагыг нь харгалзан үзэж Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах 1 дүгээр салбарт түгээгчээр 2023 оны 06 дугаар сарын 29- ний өдөр түр ажилд томилох тушаал гаргаж ажиллуулж эхлүүлсэн. Тухайн түгээгч нь байгууллагын дотоод журамд заасны дагуу 12 цагаар үүрэг гүйцэтгэдэг. Үүрэг гүйцэтгэхдээ тухайн өдрийн үйл ажиллагааг өөрөө хариуцаж явуулдаг мөн орсон орлого зарлагыг буух болон гарах үедээ солилцож ээлжийн ажилтандаа хүлээлгэн өгч тооцоогоо хийдэг. Тэгэхдээ бол тооцооны хуудас бөглөж тооцоогоо тулгадаг бөгөөд тухайн өдөр нь тооцооноос дутвал түгээгч өөрөө төлдөг журамтай. Харин Б.Бын хувьд гэвэл 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр туслах ажилтан Нийн хамт ээлжинд гарсан бөгөөд ээлжнээсээ 20 цагийн үед бууж тооцооны хуудас бөглөхдөө тухайн өдрийн нийт орлого 3.242.924 төгрөг орсноос байгууллагын данс руу шууд 1.230.168 төгрөг орсон. Харин бэлэн мөнгөөр 1.918.256 төгрөгийн орлого орсон байсан. Тухайн өдөр орой буусан хүн нь маргааш өглөө нь ирж тооцоо хийдэг тул үүний дагуу Б.Б нь 07 дугаар сарын 04-ний өдөр ирж тооцоо хийхдээ бэлэн 446.500 төгрөгийг өгч үлдэгдэл 1.471.756 төгрөгийг дансаар шилжүүлнэ гэж манай байгууллагын кассчинд хэлсэн байсан. Дахин 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ээлжинд туслах ажилтан Нийн хамт гарахдаа 2.432.556 төгрөгийн орлого авснаас байгууллагын данс руу 745.328 төгрөгийг шууд картаар уншуулж оруулсан байсан. Харин бэлэн орлого болох 1.657.228 төгрөг орсныг маргааш өдөр нь ирж тооцоо хийхгүйгээр шууд аваад явсан байсан. Б.Б нь тооцоо хийх өдрөө ирэхгүй болохоор нь утас руу нь холбогдох гэхэд утас холбогдохгүй байсан тул хуулийн зөвлөх ажилтан Дын хамт 07 дугаар сарын 08-ны өдөр гэрт очиж уулзахад байгууллагын хоёр өдрийн орлогыг өөрөө авсан байхдаа архи ууж мөрийтэй тоглоом тоглож алдсан гэдгээ хэлж хохирол барагдуулах талаар өөрийн биеэр бичиг хийж өгсөн боловч одоог хүртэл барагдуулаагүй байгаа. Тухайн Б.Б нь одоог хүртэл хохирол төлөөгүй байгаа хохирлыг бол төлөхөө илэрхийлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38, 40 дэх тал),
Гэрч Л.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Б.Б нь өглөөний 08 цагаас орой 20 цаг хүртэл туслах ажилтан Нарангэрэлийн хамт гарсан бөгөөд тухайн орой ээлж нь би гарах байсан тул 20 цагт ирж ээлжээ хүлээн авсан. Тэгэхдээ зөвхөн зарцуулалтын тооцоог бичгээр хүлээлцсэн буюу тухайн баримт байгууллага дээр байгаа. Харин Б.Б нь тухайн өдрийн орлогыг өөрөө хариуцаж маргааш өглөө нь тооцоо хийх журамтай. Мөн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр бас өдрийн ээлжинд гарч би оройн ээлжийг нь хүлээн авсан. Ер нь би Б.Баас ээлж хүлээн авахдаа зөвхөн зарцуулалтын тооцоог хүлээн авдаг учраас тухайн өдөр хичнээн төгрөгийн орлого орсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),
Гэрч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Б.Б гэх хүнийг таньдаг бөгөөд тухайн хүн 2023 оны 06 дугаар сарын 29-нээс 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл “Ундарга Увс” ХХК-ний төв салбарт түгээгчээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ээлжинд гарч маргааш өглөө нь тооцоо хийхдээ нийт 3.242.924 төгрөгийн орлого орсноос шууд бус буюу тухайн өдөр кампаний данс руу 1.230.168 төгрөг орсон. Бөөний борлуулалтын зөрүү 94.500 төгрөгийг хасаж 1.918.256 төгрөгийг тушаах ёстой байснаас бэлэн мөнгөөр 446.500 төгрөг өгч түгээгчийн өөрийнх нь дансаар орсон 1 471.756 төгрөг шилжүүлэх байснаас шилжүүлээгүй тул яагаад дутуу тооцоо хийж байгаа талаар тодруулж асуухад миний өөрийн данс руу орсон орлогоос зээл татаад явчихсан тул үдээс хойш эхнэрээс аваад өгнө гэдэг зүйлийг хэлсэн. Түүний дараа 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ээлжинд гарч нийт орлого болох 2.432.556 төгрөг орсноос картаар байгууллагын данс руу 745.328 төгрөг, бөөний үнийн зөрүү 30.000 төгрөгийг хасаж 1.657.228 төгрөгийн тооцоог хийгээгүй бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 08-ны өглөө ирж тооцоо хийх байсан боловч огт ирээгуй. Тухайн Б.Б нь 2 удаа ээлжинд гарахдаа нийт 3.128.984 төгрөгийг дутаасан тул энэ талаар удирдлага болон менежерт мэдэгдсэн. Үүний дагуу менежер очиж уулзахад тухайн мөнгөөр мөрийтэй тоглосон гэдэг зүйлийг хэлсэн байсан. Ундарга Увс ХХК шатахуун түгээх станц нь 24 цагаар ажилладаг бөгөөд тухайн үед хоёр түгээгч 12 цагаар ээлжилж гардаг. Ээлж хүлээлцэхдээ тоолуурыг заалтыг тулгаж хүлээлцдэг. Хүлээлцэх үед хүлээлгэн өгч байгаа түгээгч өөрийн буруутай болон болгоомжгүй үйлдлийн улмаас орлого дутаавал өөрөө хариуцаж төлдөг. Мөн өглөө 08 цагаас 20 цаг хүртэл гарсан түгээгч нь өдрийн бэлэн мөнгө, байгууллагын бичгийг заалтын дагуу дараачийн түгээгчид хүлээлгэн өгдөг. Харин өөрийн данс руу орсон мөнгийг маргааш өглөө ажил эхлэхээр бэлэн мөнгө, байгууллагын бичгийг хамт ажил хүлээлцэх хуудастай тулгаж тооцоо хийдэг. Увс аймагт олон салбар байдаг учраас шууд байгууллагын данс руу шилжүүлж авах боломжгүй учраас тухайн түгээгч нь өөрийн данс руу хийлгэн авч тооцоо хийдэг. Мөн адил дансаар орсноос мөнгөнөөс дутаасан тохиолдолд түгээгч нь өөрөө нөхөн төлдөг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),
Гэрч Д.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тухайн хүнийг зүс таньдаг болсон бөгөөд хэрхэн яаж таньдаг болсон гэвэл 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ундарга Увс ХХК-ний кассчин Г нь түгээгчээр ажиллаж байсан Б.Баас ажил хүлээж авсан бөгөөд тухайн үед надад Г нь Б.Б нэг сая гаруй төгрөгийг дутуу тооцоо хийсэн гэж хэлэхэд нь би Б.Быг дуудаж уулзахад уг мөнгөөр банкны зээл хаасан бөгөөд үдээс хойш тооцоо хийнэ гэж хэлсэн. Би тухайн үед манай байгууллагын удирдлагууд нь Улаанбаатар хот явсан учраас би хариуцаж байсан. Түүнээс хойш буюу 2023 оны 07 дугаар сарын 04- нөөс хойш Б.Бтай уулзаагүй байж байгаад 07 дугаар сарын 07, 08-ны үед Г нь дахин уулзаж Б.Б гэх залуу ээлжийн орлогыг аваад алга болчихлоо гэж хэлсний дагуу байгууллагын нягтлан болох Огийн хамт Б.Быг хайж гэрт нь очиход эхнэр нь байсан бөгөөд хаана байгаа талаар асуухад гэртээ байхгүй ойр зуур гарсан гэж хэлсэн тул эхнэрт нь хандаж Б.Б нь хоёр удаагийн үйлдлээр тооцоо хийхгүйгээр 3 сая гаруй мөнгийг аваад алга болчихсон байна гэж хэлэхэд эхнэр нь ямар нэгэн юм хэлээгүй. Тухайн өдрийн үдээс Я.Шын хамт Б.Бын гэрт очиход гэртээ байсан бөгөөд уулзаж ярилцахад тухайн мөнгөөр мөрийтэй тоглоод алдсан удалгүй төлж өгнө хэлээд одоог хүртэл төлөөгүй байгаа. Б.Б нь Ундарга Увс ХХК-д 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн захирлын тушаалын дагуу оператор буюу түгээгчээр түр ажиллах тушаалын дагуу ажиллаж байсан. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ээлжинд гарахдаа 1.471.756 төгрөгийг дутаасан. 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн орлого болох 1.657.228 төгрөгийг дутаасан. Хоёр удаа ээлжинд гарахдаа нийт 3.242.924 төгрөгийг дутааж өөртөө ашигласан үйлдэл гаргасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
Гэрч Д.Огийн мөрдөн байцалтын шатанд өгсөн: “Д гэх залуугийн хамт 7 дугаар сарын 08-ны өдөр гэрт нь очиход эхнэр нь байсан бөгөөд Б.Быг гадагш гараад явчихсан гэсэн тул тухайн хүний орлогын тооцоо хийхгүйгээр явчихсан гэж хэлэхэд ямар нэгэн зүйл мэдэхгүй байна гэж хэлсэн тул тухайн айлаас гарч яваад би өөрөө дахин очоогүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дэх тал),
Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Би сонсгосон ял болон яллагдагчийн эрхийг ойлгосон. Би 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “Ундарга Увс”ХХК-ийн төв салбарт түгээгчээр түр ажилд орсон. Ажилд орсноос хойш 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ээлжинд гарч байхдаа шатахуун болон бусад зүйл борлуулсны төлбөрийг өөрийн данс руу шилжүүлгэн авдаг буюу тухайн үйлчлүүлэгч нь дансаар шилжүүлнэ гэсэн тохиолдолд өөрийн данс руу хийлгэдэг. Тухайн орсон мөнгөнөөс онлайн покер тоглодог байсан. Уг тоглоомыг тоглохдоо нандин гэх утгатайгаар дансыг нь цэнэглэж тоглодог. Энэ байдлаар болон мөн орлогын бэлэн мөнгийг өөр дээрээ хадгалдаг байсан тул АТМ-ээр цэнэглэж тоглодог байсан. 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ээлжинд гарч буухдаа би дансаар орсон мөнгө болон бэлэн мөнгөний орлогыг авч нийт 1.657.228 төгрөгийн тооцоо хийхгүйгээр уг тоглоом тоглож мөнгийг нь дуусгасан. Үүнээсээ болоод ажил дээрээ очихгүй байхад инженер Я.Ш нь ирсэн тул үнэн учраас хэлж бичгээр тайлбар гаргаж өгсөн. Би тухайн үед хохирол барагдуулах талаар хэлсэн боловч тодорхой эрхэлсэн ажил байхгүй учраас өгч чадаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэргийг үйлдэх үедээ хохирогч “Ундарга Увс” ХХК-ийн шатахуун түгээх станцад ээлжийн түгээгчээр түр ажиллаж байсан болох нь “Ундарга Увс”ХХК-ийн Ерөнхий захирлын 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 23/14 тоот тушаалаар тогтоогдож байна.
“Итгэмжлэн хариуцсан этгээд” гэж иргэн, хуулийн этгээдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б хохирогчтой байгуулсан гэрээний дагуу ээлжинд гарах үедээ агуулах саванд байгаа шатах, тослох материал, түүнийг худалдан борлуулсан үнийг итгэмжлэн хариуцсан этгээд байна.
Хөрөнгө завших гэдэг нь хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хувьдаа авч, захиран зарцуулах үйлдэл юм.
Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ундарга Увс” ХХК-д ээлжийн түгээгч албан тушаал эрхэлж байх хугацаандаа тус компанийн түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу шатахуун түгээх станцын борлуулалтын орлогоос 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 1.471.756 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 1.657.228 төгрөг нийт 3.128.984 төгрөгийг өөрийн харилцах дансаар шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ болон цахим мөрийтэй тоглоом тоглоход ашигласан үйлдэл нь бусдын хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б: “Эрүүгийн хэргийн гэм буруугийн хуралдаанаар 3.128.984 /гурван сая нэг зуун хорин найман мянга есөн зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж “Ундарга Увс”ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг хохирлыг төлөхөө илэрхийлэх хугацаа олгож шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү гэх шүүгдэгчийг хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Штой хохирол төлөх талаар ярьж тохиролцсон” гэх тайлбар,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Ш “Б.Б бид хоёр ярилцаад 2023 оны 11 дүгээр сарын 10-нд 1.500.000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 10-нд 1.628.000 төгрөгийг төлж барагдуулах талаар тохиролцсон. Өр төлбөр төлөх графикийн дагуу барагдуулахаар тохиролцсон” гэх тайлбар тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.Б нь хохирол төлөхөө илэрхийлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Штой хохирол төлөх талаар тохиролцсон байх тул түүнийг хохирол төлөхөө илэрхийлсэн гэж үзэх бөгөөд тохиролцсон хугацаанд хохирлоо төлөөгүй бол албадан гүйцэтгэхийг дурдаж, шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь бусдын эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасаар (хавтаст хэргийн 69 дэх тал)-аар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ
Шүүгдэгч Б.Бын хувийн байдал, зан төлөвийн талаар Гэрч Н.Сгын өгсөн : “Би өөрийн нөхөр Б.Бтай 2016 онд гэр бүл болсон. Б.Б нь тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, манайх ам бүл 5, аж амьдарлын хувьд аавын хашаанд монгол гэрт амьдардаг. Одоогоор ямар нэгэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө байхгүй. Төлөв даруу өөрийн хүүхэд болон хүмүүстэй нөхөрсөг харилцаатай, Архи тамхи хэрэглэдэг боловч хэтрүүлэн хэрэглэдэггүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал) хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, хохирол төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Бт 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Бийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Бт 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь хохирлоо төлөхөө илэрхийлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Штой эвлэрсэнийг дурдаж, тохиролцсон хугацаанд хохирлоо төлөөгүй бол албадан гүйцэтгэхийг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ