Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1107

 

 

 

 

 

 

 

 

 

   2023          9           13                                       2023/ШЦТ/1107

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч Л.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн эрүүгийн 2308022491431 дугаартай хэргийг 2023 оны 9 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******************************************,*

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Ч нь 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Чулуутын 3-1 тоотод эхнэр Цийгээ “архи уулаа” гэх шалтгаанаар цахилгааны утсаар нуруу, гар хэсэгт цохиж биед зүүн болон баруун бугалга, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

1.Хохирогч Х.Цийн:  “...2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед ажлаасаа тараад Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 3-1 тоотод байрлах гэртээ орохдоо архи согтууруулах ундаа хэрэглээгүй орсон. Гэртээ ороход манай нөхөр ганцаараа байсан ба намайг архи уусан байна, чи хэнтэй хамт архи уусан юм гээд байсан. Тухайн үед би гадаа наранд яваад нүд улайчихсан байсан юм. Тэгээд би архи уугаагүй гэж хэлсэн чинь нөхөр намайг архи уулаа гэж уурлаад гэрээс гараад хашааны дотор сул байсан цахилгааны утас гэрт авч орж ирээд нуруу баруун гар хэсгийг дамжуулж 3 удаа ороолгосон. Тэгээд би гэрээсээ гарч хойшоо яваад хөрш айлын эмэгтэйд очиж хэлэхэд тухайн эмэгтэй дуудлага өгсөн. Бид хоёр 1992 онд гэр бүл болж гэр бүлээ батлуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

 

2. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 21-ний  өдрийн 9067 дугаартай “:..Х.Цийн биед зүүн болон баруун бугалга, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал)

 

3. Шүүгдэгч Л.Чын “...2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр  эхнэр орой 19  цагийн үед гэгтээ ирэхэд  нүд нь улайсан байдалтай ирсэн. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар асуухад ямар нэгэн зүйл хэлээгүй. Би хэсэг асууж байгаад хариулахгүй болохоор нь гэрээсээ гараад  хашаанд байсан цахилган утсыг авч  гэрт ороод  эхнэрийн зүүн талаас нь  2 удаа ороолгосон. Тэгээд  хэсэг байж байтал эхнэр гараад цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Өөрөөр хэлбэл,

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Л.Ч, хохирогч Х.Ц нар нь 1992 онд гэр бүл болсон нь  гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон ба дундаасаа 2 хүүхэдтэй болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу эхнэр, нөхөр гэж үзнэ.

Хүний Эрхийн түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан ба Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” хэмээн тунхаглан заасан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ энэ хуулийн  тусгай ангид заасан нийгэмд  аюултай  гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүйг  гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “ энэ хуулийн  тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай  үйлдэл, эс үйлдэхүйн  улмаас хохирол,  хор уршиг  учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Хүн бүр эрхзүйн этгээд байх ба хохирогч Х.Ц нь аливаа хүчирхийллээс ангид байх, хамгаалуулах эрхтэй хүн байх атал шүүгдэгч Л.Ч нь  эхнэр Х.Цийгээ архи уулаа гэх шалтгаанаар зодож буй үйлдэл нь хүчирхийллийн шинжтэй байх тул түүний энэ үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжээр үйлдэгдсэн байна гэж дүгнэхээр байна.

Иймд шүүгдэгч Л.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.   

 

Шүүгдэгч Л.Ч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгийн харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд: Энэ хэргийн улмаас хохирогч Х.Цийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг гаргаж өгөөгүй, гомдол саналгүй гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй. (хавтаст хэргийн 76 дахь тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Л.Чт Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Ч нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Л.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч Б овогт Л-н Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Чт 600 (зургаан зуу) нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Чт оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ч нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ