Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 188/2022/1268/Э |
Дугаар | 2023/ШЦТ/1134 |
Огноо | 2023-09-25 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1134
2023 9 25 2023/ШЦТ/1134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Сийн О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308016711319 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 10 дугаар сарын 01-ний өдөр *** аймгийн ***** суманд төрсөн ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ***** мэргэжилтэй, хувиараа ********* ажилладаг, ам бүл *, ***** хамт Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, ***** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:
- Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны *** дүгээр сарын 17-ны өдөр *** дугаар шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.3-г журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийн 2,2 4 дэх хэсгүүдэд зааснаар нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 30 хоногоор тогтоож, 2018 оны *** дүгээр сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны *** сарын 04-ний өдрийн *** дугаар шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ял дуусгавар болсон, Б овогт Сийн О /РД: ФМ88100176/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.О нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 69 дүгээр гудамжинд шалтгаангүйгээр иргэн А.Тгийн хүзүүг хутгаар зүсэж, хүзүүнд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг авга ахын гэрт унтаж байхад Баатар гэж залуу хаалга нүдэж орж ирсэн. Би яаж байгаа юм бэ гэхэд над руу дайраад байхаар нь алгадсан. Тэгсэн чинь “би хүн дагуулж ирж чамайг алуулна” гэж хэлээд гарсан бөгөөд удалгүй хэсэг хүүхдүүд ирэхээр нь хүн дагуулж ирж байна гэж ойлгоод ийм асуудал гаргасан” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч С.О нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 69 дүгээр гудамжинд шалтгаангүйгээр иргэн А.Тгийн хүзүүг хутгаар зүсэж, хүзүүнд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн “3 согтуу хүн миний хүзүүг хутгаар зүсчихлээ” гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 6 дахь тал),
2.Хохирогч А.Тгийн: “...2023 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах сагсны талбай дээр Хатансайхан, Буянжаргал, Манал бид хэд тоглож байгаад орой 00 цаг өнгөрч байх үед найзуудын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 39 хороо 67 дугаар гудамжинд явж байтал танил дүү Монхооноо “ээжтэй хамт архи уусан хэдэн хүмүүс гэрээс гаргахгүй байна” гээд уйлаад ирсэн. Тэгэхээр нь 69 дүгээр гудамжинд байрлах төмөр хашаа руу манай гурав найз орсон. Тэгтэл тухайн хашаанд байсан гэрээс нэг нь ахимаг насны, нөгөө нь 30-40 орчим насны хоёр хүн гартаа хутга барьж гарч ирээд манай найзуудыг араас нь хөөгөөд гудамжны үзүүр хэсэг рүү орчихоор нь би араас нь яваад гудамжны булан эргэх гэж байтал өөдөөс нөгөө хутга барьсан ах гараад ирсэн. Тэгээд би эргээд зугтах гэтэл бүдрээд газарт унасан. Тэр үед тэр ах миний дээр гарч суугаад хутгаараа хоолойг хоёр удаа зүссэн. Тэр үед хоолойноос их хэмжээний цус гарсан. Тэр үед Хатансайхан цагдаа дуудсан байсан. Тухайн хүнтэй би огт маргалдаагүй, зүгээр хараад байж байтал манай найзуудыг хутга бариад гудамжны үзүүр лүү хөөгөөд орчихоор нь би араас нь яваад гудамжинд эргэх гэж байтал урдаас гарч ирсэн. Би тухайн хүнийг харвал царайгаар нь танина. Би тухайн өдөр Гэмтэл согог судлалын төвд очиж 9 оёдол тавиулсан. Өөр эмнэлгийн байгууллагад хандаагүй. Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн 14 дүгээр төвд 4-5 удаа боолт хийлгэсэн. Ойролцоогоор 80.000 төгрөгийн эм тариа авсан. Баримт нь одоо гэрт байгаа. гомдолтой байна. Гоо сайхан эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд сорив арилгахгүй бол миний хүзүүнд маш муухай сорив тогтчихсон байгаа. Тухайн сорвыг арилгахад нийт 1.400.000 төгрөг болно гэж хэлсэн. Надад ямар нэгэн баримт байхгүй ч эмчилгээ хийлгэсэн болон одоо сорвоо арилгуулах мөнгөн нэхэмжлэл байна. Би хойш ухрахдаа нуруу хэсгээрээ газарт унасан. Энэ үед миний биед учирсан баруун тохой, зүүн сарвуу, зүүг далны хэсэгт зулгаралт гэмтэл учирсан. Харин хүзүүнд учирсан гэмтлийг тэр ах учруулсан. Тухайн хүн миний хохирлыг барагдуулсан тохиолдолд ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27, 30 дахь тал),
3. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 6359 дугаартай ....А.Тгийн биед хүзүүнд зүсэгдсэн шарх, баруун тохой, зүүн сарвуу, зүүн далны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэж боломжтой. А.Тгийн биед учирсан хүзүүний зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун тохой,зүүн сарвуу, зүүн далны хэсгийн зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийн сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
4.Насанд хүрээгүй гэрч У.Х: “ Би 2023 оны 05 дугаар сарын 12-оос 13-ны өдөрт шилжих шөнө Т болон өөр Буянжаргал, Марал, Пүрэвжамц, Мөнхжин нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоглоомын талбай дээр орой 23 цагаас 00 цаг хүртэл тоглочхоод гэр лүгээ харих гээд 67 дугаар гудамжинд явж байтал Энхсайхан гэх зүс таних хүүхэд “гудамжны айлд ээжтэй хамт архи уусан хэдэн хүмүүс гэрээс гаргахгүй байна” гээд уйлаад ирсэн. Тэгээд бид нар хашаан дотор бөөнөөрөө байж байтал нэг ах гарч ирсэн. Тухайн ахаас бид нар юу болсон талаар асуухад араас нь нэг ах гарч ирсэн ба тэр ах баруун гартаа хутга барьсан байсан ба “та нар яах гэж байгаа юм бэ” гэж хэлээд бид нар луу дайрсан. Тэр үед хүүхдүүд хашаа даваад зугтаасан бөгөөд би дүүгээ аваад зугтаасан. Тэгтэл гэрээс нь залуухан ах гартаа хутга барьж гарч ирээд бид нарын араас хөөсөн. Тэр үед Тэмүүжин гэх хүүхэд халтирч унасан чинь тэр хүн Тгийн дээр нь гарч суугаад хутгаараа хоолойг нь хоёр удаа зүсчхээд тэгээд өөрөө дээрээс нь босох үед Т зугтаасан. Би ямар шалтгаанаар зүссэнийг мэдэхгүй байна. Тэр үед Тгийн хоолойноос нэлээн цус гарсан. Тухайн ах нэлээд согтуу байсан...” (хавтаст хэргийн 41 дэх тал)
5.Шүүгдэгч С.Оын: “...Би тэр өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо Овоотын 13 тоотод байрлах авга ах Батжаргалын гэрт 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр түүний хамтаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгтэл бид хоёрыг архи согтууруулах ундаа хэрэглэж байхад Энхээ гэх эгч орж ирж архинаас хэд хэдэн удаа ууж дуусгаад бид нар орой 23 цагийн үед унтаж байтал гэнэт хаалга татаад дотор талын замган түгжээг эвдээд Баатар гэх хүн орж ирээд Энхээг Батжаргал ахтай хардаад маргалдсан. Тэр үед би чи айлын гэрийг цоожийг эвдэж орж ирдэг нь яаж байгаа юм бэ? гэхэд над руу уурлаад маргалдаж байгаад би Баатарыг нэг удаа алгадаж, түлхэж унагаахад хүн авч ирж чамайг алуулна гээд гарсан бөгөөд удалгүй нэлээд олон хүмүүс манай гадна ирсэн. Тэгээд ах бид хоёр луу мод чулуу шидээд байхаар нь би гэрээсээ гараад тэдгээр хүмүүсийг хөөсөн. Авга ах Батжаргалыг хэдэн хүмүүс зодох гээд байхаар нь би гэр лүү орж хутга авч гарж ирээд айлгаад хөөсөн бөгөөд нэг өндөр залуу бүдэрч унахаар нь дээр нь гарч суугаад хутгаараа та нар яах гээд байгаа юм бэ гэж хэлээд хүзүү хэсэг рүү ойртуулахад хүзүү нь жаахан зүсэгдсэн. Тухайн үед би залуучууд байна гэж бодсон боловч жаахан хүүхдүүд байсан байна лээ. Тухайн үед харанхуй болж байсан болохоор том хүн, хүүхэд эсэх нь мэдэгдэхгүй байсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Би хутгаа буцаагаад Батжаргал ахын гэрт оруулсан байх. Би хутгаа яасан талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хүний Эрхийн түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан ба Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” хэмээн тунхаглан заасан байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, шүүгдэгч С.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Т, түүний найз нарын араас шалтгаангүйгээр хутга барин хөөсөн байх бөгөөд улмаар хохирогчийг газарт бүдэрч унасан байх үед нь түүний хүзүү тус газарт нь өөрийн барьж явсан хутгаар зүсэж гэмтэл учруулсан болох нь хохирогч А.Тэмүүжин, насанд хүрээгүй гэрч У.Хатансайхан нарын мэдүүлгээр нотлогдсоноос гадна шүүгдэгч С.Оын өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдсон байна.
Эндээс үзвэл, шүүгдэгч С.Оын хохирогчийн эсрэг хийсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч С.Оын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд:
Харин хохирогч А.Тэмүүжин нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Оаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Мөн иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагийн “А.Т нь 2023 оны 05 дугаар сард гэмтэл согог судлалын төвд 1 удаа үзүүлж эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангаас 176.000 төгрөг гарсныг яллагдагч С.О гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 37 дахь тал), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 04/2219 дугаартай албан бичиг, түүний хавсралт (хавтаст хэргийн 32-33 дахь тал) зэрэг баримт, мэдүүлэг авагдсан байх бөгөөд хохирогчид учирсан тус гэмтэл нь шүүгдэгч С.Оын үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул уг зардлыг шүүгдэгч С.Оаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.О нь “...прокурорын санал болгосон ялыг өөр төрлийн ялаар буюу торгох ялаар сольж өгнө үү” гэсэн саналыг гаргасан.
Шүүгдэгч С.Оын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрээр хутга барин бусад руу дайрсан, улмаар бусдын бие махбодод халдсан нь нийгмийн аюулын шинжийг ихэсгэсэн, тус үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, хор уршгийн шинж, шүүгдэгч нь хохирогчид хохирол төлсөн зүйлгүй, мөн шүүгдэгч С.О нь удаа дараа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ч засарч хүмүүжээгүй дахин үйлдсэн түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Шүүгдэгч С.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч С.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Сын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Оаас 176.000 (нэг зуун далан зургаан мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
5. Хохирогч А.Тэмүүжин нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Оаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ