Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1136

 

 

 

 

 

 

 

 

 

   2023          9           25                                       2023/ШЦТ/1136

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн эрүүгийн 2308000001474 дугаартай хэргийг 2023 оны 9 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *********************************

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.М 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sweet land” нэртэй бааранд найзыгаа өмөөрч хохирогч Н.Хы толгой руу пивоны шилээр цохиж, биед нь зүүн чамархайн хуйханд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

            1. Хохирогч Н.Хы: “...2023 оны 8 дугаар сарын 05-ны орой өөрийн нөхөр Хишигбилэг болон Билгүүн, Цэрэнжаргал нарын хамтаар гэрээс гарч улмаар Сонгинохайрхан дүүргийн  27 дугаар хороо Sweet land нэртэй бааранд шөнийн 00 цаг өнгөрч байхад орсон. Бааранд ороод юм захиалчхаад бүжиглээд байж байтал манай эмэгтэй найз Цэрэнжаргал нь нэг эмэгтэйтэй маргалдаад хоорондоо үсдэлцээд эхэлсэн. Тэгээд би очоод Цэрэнжаргалыг салгасан ба буцаж сууж байсан ширээн дээрээсээ гар утсаа аваад найз Цэрэнжаргалын хажууд зогсож байтал нэг эмэгтэй миний толгойн зүүн талын хэсэг рүү шилээр цохиж хагалсан. Ингээд бид нар цагдаа дуудаж намайг цохисон хүнийг цагдаа авч явсан. Манай найзын биед гэмтэл бэртэл учраагүй. Би тэр шилээр миний толгой руу цохисон эмэгтэйн биед халдсан зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн  9-10 дахь тал),

 

            2. Гэрч П.Н: “...2023 оны 08 дугаар сарын 05-ны орой 22 цагийн орчимд найз Мын гэрт нь буюу Буянт ухаа 1 хороололд очсон. Улмаар гэрт бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд шөнө 01 цаг өнгөрч байхад яармагаас такси барин СХД-ийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эс эл нэртэй баар луу 2-уулаа ороод бүжиглэсэн ба 2 ширхэг пиво авсан. Тэгтэл надтай нэг өндөрдүү эмэгтэй маргаан үүсгээд түлхээд гөлөг минь асуудал байна уу  гэх зэргээр маргалдаж байгаад намайг үсдээд  авсан. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаж байхад манай найз М нь Хаа гэдэг эмэгтэйг пивоны шилээр толгой руу нь 1 удаа цохисон. Үснээс зулгаахад хуйх их өвдсөн ба  одоо бол  биеийн байдал зүгээр.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн  13 дахь тал),

 

            3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 10217 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “...Н.Хы биед зүүн чамархайн хуйханд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн  17-18 дахь тал),

 

            4. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн  29-32 дахь тал),

 

            5. Шүүгдэгч Д.Мын: “...Миний бие тус өдөр гэртээ амарч байтал манай найз Нямгэрэл манай гэрт ирж бид 1 ойрд уулзаагүй шалтгаанаар хамтдаа нэг газарт орж суухаар болсон. Манай гэрт байхдаа бид 2 тус бүр 1 ширхэг 500 граммтай пиво ууцгаасан ба нэлээн орой болчихсон байсан. 2023 оны 8 дугаар сарын 06-ны 01 цаг өнгөрч байхад бид 2 манай гэрээс гарч такси барин Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эс эл нэртэй бааранд орж ирсэн. Улмаар бид 2 нийт 2 ширхэг пиво захиалаад уусан ба задгай талбайд нь манай найз бүжиглэсэн. Нэг харахад манай найз Нямгэрэлийг үл таних эмэгтэй үсдээд дараад авсан байсан. Би найзыгаа өмөөрч тэр хүмүүс дээр очсон ба очих замдаа ширээн дээрээс нэг ширхэг пивоны шил авч хохирогч буюу цагаан хувцастай эмэгтэйн толгой руу нь цохиж толгойг нь хагалсан. Ингээд бид цагдаа дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн  39 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, нэг талаас  хохирогч Н.Халин нь нөхөр болон найзын эмэгтэйн хамт, нөгөө талаас шүүгдэгч Д.М нь найз П.Нямгэрэлийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sweet land” нэртэй бааранд орж үйлчлүүлж байх явцад хамт явсан найз эмэгтэйчүүд нь бүжгийн талбай дээр бүжиглэж байхдаа хоорондоо маргалдаж үсдэлцсэн  байх бөгөөд уг үйл явдлыг харсан  шүүгдэгч Д.М нь найзыгаа өмөөрч буй нэрийдлээр /найзыгаа салган холдуулах гэж байсан/ иргэн Н.Хы толгойн тус газар пивоны шилээр цохиж гэмтэл учруулсан үйлдэл нь тэдгээрийн  өөрсдийнх нь өгсөн мэдүүлгээр тогтоогдсоноос гадна камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.М нь хохирогч Н.Хы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд: Энэ хэргийн улмаас хохирогч Н.Хы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг гаргаж өгөөгүй , гомдол саналгүй гэх хүсэлтийг бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Д.Мыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Мад Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч Х овогт Д Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мад 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мад оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ