Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Уранбилэг

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч

Хохирогч Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун

Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ад холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2017 оны 01 сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Адъяасүрэнгийн хэлэлцүүлснээр хянан хэлэлцэв

М.А

Шүүгдэгч М.А нь 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ... багийн нутагт өөрийн гэртээ бусдыг илтэд үл хүндэтгэн мал усалсангүй гэх ялимгүй зүйлээр шалтаглан заазуурыг зэвсгийн чанартай ашиглан иргэн Б.Бын зүүн шууг зүсч, бөгс рүү нь 2 удаа өшиглөж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би тэр өдөр Шандаас хүн аваад мал ачих гээд хөдөө хүрээд очсон юм. Усан дээр мал овоорчихсон байсан. Тэгээд гэрт хүрээд очсон чинь Б хоол хийгээд сууж байсан. Би Бт чи яагаад малаа усалдагүй юм бэ орой болчихсон байхад гэж хэлсэн. Урьд нь 2 ч удаа мал услаагүй байсан юм. Тэгээд би чи малаа сайн усалж бай, орой үдэш мал усан дээр сахиулаад гэж хэлсэн. Тэгээд орж ирээд би нуруу руу нь хоёр удаа өшиглөсөн. Тэгээд тэнд байсан заазуурыг аваад чичтэл Б гараараа хаагаад, тэгээд гарыг нь эсгэчихсэн. Гарнаас нь цус гоожоод тэнд байсан хүн гарыг нь даавуугаар боогоод аймаг яваад, аймаг дээр ирж эмнэлэгт оёдол тавиулсан. Тэгээд бид хоёр хамт буцаад харьчихаад хэдэн хонь мал ачиж ирж энд зарчихаад Быг энд эмнэлэгт орхичихоод би буцаад харьсан. Ийм л юм болсон гэв. ” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “5 сарын 27-нд үдээс хойш 16 цагийн үед А аймаг явчихаад ирсэн. Гаднаас орж ирээд мал усан дээр овоорчихсон байна гээд хэлсэн. Би уг нь хоол унд хийчихээд явах санаатай байсан юм. Уг нь өглөө услах ёстой байдаг юм. Би харахгүй байж байгаад овооруулчихсан байсан. Тэгээд А орж ирээд сандал руу хоёр өшиглөсөн. Би баруун орон дээр нь суух гээд явж байтал А араас ирээд гараа өргөхөөр нь гараараа хаагаад зүсүүлчихсэн юм. Тэр дор нь цуг явсан хүн нь боож өгөөд, аймаг дээр ирж эмнэлэгт боолгуулаад, оёулчихаад А бид хоёр буцаад хөдөө гэртээ очиж хоночихоод маргааш нь буцаад аймагт ирсэн. Одоо гомдол санал байхгүй, өвдсөн зүйл байхгүй, гар маань эдгэрсэн. 5 оёдол тавиулсан гэв.” гэсэн мэдүүлэг

Гэрч С.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр би адуу мал хариулж яваад эргээд гэрт ирэхэд А аймгийн төвөөс нэг хүнтэй хамт гэртээ ирсэн. Би гэрээс гараад малд тэжээл өгчихөөд удаагүй яваад гэрт ортол Бын зүүн гарнаас нилээн цус гарчихсан байсан ба яасан бэ гэтэл А зүсчихсэн гэсэн, яасан учрыг нь мэдэхгүй нөгөө хэд цус нь тогтохгүй нь аймаг явлаа гээд яаруу сандруу явцгаасан... Архи уусан согтуу хүн байгаагүй бүгд л эрүүл байсан... Намайг байхад л хэрүүл маргаан зодоон цохион болоогүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Эын мөрдөн байцаалтад өгсөн: "... 2016 оны 05 сарын 27-ны өдөр намайг Сайншандад гэртээ байхад М.А ирээд хөдөөнөөс мал ачиж ирэх гэсэн юм хамт яваад өгөөч гэхээр нь зөвшөөрөөд М.Агийн машинаар ... сумын хөдөө гэрт нь очсон. Гэрт нь очиход М.А гэртээ түрүүлээд орсон ба би бие засчихаад гэрт нь яваад ортол бөөн цус нөж болчихсон гэрт байсан ба нэг залуугийн зүүн гар нь зүсэгдчихсэн А үг дуугүй зогсож байсан тэгээд би тэр залуугийн гарыг дээлийн бүс цуулж байгаад булчингаар нь чангахан боогоод Атэй хамт аймгийн төв рүү давхиад эмнэлэг дээр очиж оёдол тавиулж боолгосон... Машинтай гэрийнх нь гадаа очиход л пизданууд мал усалсангүй гэж хэлээд машинаас буугаад гэртээ орсон тэгтэл ийм зүйл болсон байсан... Гэрт нь хутгалуулсан залуу, М.А өөр нэг хүн байсан шиг санагдаж байна...” гэсэн мэдүүлэг,

Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн ... дугаартай дүгнэлтэнд: "... Б.Бын биед зүүн шууны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт

Шинжилгээ хийж шинжээч томилох тогтоол /хх-ийн 19/

Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/ зэрэг болно.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Аг 2016 оны 05 дугаар сарын 27 ны өдөр ... багийн нутагт өөрийн гэртээ бусдыг илтэд үл хүндэтгэн мал усалсангүй гэх ялимгүй зүйлээр шалтаглан заазуурыг зэвсгийн чанартай ашиглан хохирогч Б.Бын зүүн шууг зүсч, бөгс рүү нь 2 удаа өшиглөж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Харин шүүгдэгч М.А нь хохирогч Б.Бын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл нь танхайрах гэмт хэргийн шинжгүй тодорхой сэдэлттэй, мал усалсангүй гэсэн хоорондын таарамжгүй харьцаанаас үүдэн энэ гэмт хэрэг гарсан болох нь шүүгдэгч М.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Усан дээр мал овоорчихсон байсан. Урьд нь 2 ч удаа мал услаагүй байсан юм. Тэгээд орж ирээд би сууж байсан сандал руу нь хоёр удаа өшиглөсөн. Тэгээд тэнд байсан заазуурыг аваад чичтэл Б гараараа хаагаад, тэгээд гарыг нь эсгэчихсэн. Гарнаас нь цус гоожоод тэнд байсан хүн гарыг нь даавуугаар боогоод аймаг яваад, аймаг дээр ирж эмнэлэгт оёдол тавиулсан гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “5 сарын 27-нд үдээс хойш 16 цагийн үед А аймаг явчихаад ирсэн. Гаднаас орж ирээд мал усан дээр овоорчихсон байна гээд хэлсэн. Би уг нь хоол унд хийчихээд явах санаатай байсан юм. Уг нь өглөө услах ёстой байдаг юм. Би харахгүй байж байгаад овооруулчихсан байсан. Тэгээд А орж ирээд сандал руу хоёр өшиглөсөн. Би баруун орон дээр нь суух гээд явж байтал А араас ирээд гараа өргөхөөр нь гараараа хаагаад зүсүүлчихсэн юм...Намайг мал усалсангүй гэж л бухамдсан байх. Одоо гомдол санал байхгүй, өвдсөн зүйл байхгүй, гар маань эдгэрсэн” гэсэн мэдүүлэг, Гэрч С.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...гэрт ортол Бын зүүн гарнаас нилээн цус гарчихсан байсан ба яасан бэ гэтэл А зүсчихсэн гэсэн, яасан учрыг нь мэдэхгүй... Архи уусан согтуу хүн байгаагүй бүгд л эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 05 сарын 27-ны өдөр намайг Сайншандад гэртээ байхад М.А ирээд хөдөөнөөс мал ачиж ирэх гэсэн юм хамт яваад өгөөч гэхээр нь зөвшөөрөөд М.Агийн машинаар Сайхандулаан сумын хөдөө гэрт нь очсон.... Машинтай гэрийнх нь гадаа очиход л пизданууд мал усалсангүй гэж хэлээд машинаас буугаад гэртээ орсон тэгтэл ийм зүйл болсон байсан ...” гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Аг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөх үндэслэл тогтоогдож байна. Дээрх гэмт хэрэг нь 2016 оны 05 сарын 27-ны өдөр үйлдэгдсэн ба гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч М.Аг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон шүүгдэгчийн бичиг баримт хураагдан ирээгүй болно. Хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх зүйлгүй, хохирол бүрэн төлөгдсөн, увуулж цувуулаад 2000000 төгрөг авсан” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч М.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1, 283, 284, 290-р зүйлийн 290.3,  294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                

1.Аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

           2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           3.Шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

          4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.ГАНБОЛД

                           ШҮҮГЧИД                                                        Н.АДЪЯА

                                                                                                    Д.АДЪЯАСҮРЭН